Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Узбекстаны батлан хамгаалах салбарын шинэчлэлийн гол зорилгыг шинжлэх нь

Төв азийн орнуудаас хамгийн хожуу боловч идэвхтэй реформ хийж буй Узбекстаны шинэчлэл нь эдийн засгаа либералчилж, хувийн хэвшлийн хөгжлийг хадгалах замаар улс төр, нийгэм, эдийн засгийг бүхэлд нь хамарсан цогц шинэчлэл хийхэд оршиж байна. Эрчимтэй реформууд өгөөжөө өгч 2017 оноос хойших ДНБ-ий жилийн дундаж өсөлт 5.3%-д хадгалагдсаар Узбекстан бага орлоготой улс байхаа нэгэнт  больж доогуур дунд орлоготой улс болов[1]. Мөн реформист Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн засгийн газар “Шинэ Узбекистаны 2022-2026 оны хөгжлийн стратеги”-аа 2026 он гэхэд хууль дээдлэх ёс бэхэжсэн, иргэний чөлөөт нийгэм хөгжсөн, хувийн хэвшлийг дэмжсэн, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоо сайжирсан цоо шинэ тогтолцоог бүрдүүлнэ хэмээн тодорхойлжээ[2].

Бүхий л салбарт өрнөж буй реформууд дундаас цэргийн технологийн шинэчлэл бүс нутгийн хүчний тэнцвэрт хамгийн их өөрчлөлт авчрах төлөвтэй байна. Тодруулбал, 2025 оны 2-р сарын 21-ний өдөр Мирзиёев Үндэсний аюулгүй байдлын хурлын үеэр “Цэрэг армийн шинэчлэлийг хийх иж бүрэн төлөвлөгөө” боловсруулснаа тунхаглаж, энэ шинэчлэлд робот системүүд, нисгэгчгүй агаарын техник хэрэгслүүд, хиймэл оюун ухаан гол байр суурь эзэлнэ гэдгийг онцолсон[3]. Эдгээр шинэчлэлүүдийг хийснээр угаас Төв азийн бүс нутагт батлан хамгаалахын чансаагаараа 2-р байранд (дэлхийд 58-р байр[4]) буй Узбекстан цаашид орчин цагийн байлдааны чадавхаараа тэргүүлэгч болох ажээ.

 Хүснэгт 1: Төв азийн орнуудын батлан хамгаалах чансаа

Чансаа Улс Дэлхийн чансаа PowerIndex оноо
1 Казахстан 57 1.1016
2 Узбекистан 58 1.1121
3 Туркменистан 77 1.6512
4 Киргизстан 105 2.2543
5 Тажикстан 108 2.3049

Эх cурвалж: Global Fire Power[5]

“Цэрэг армийн шинэчлэлийг хийх иж бүрэн төлөвлөгөө”-ий хүрээнд хийгдэх армийн шинэчлэл зүгээр нэг мэдэгдэл биш харин бодитоор хэрэгжиж байгаа гэдгийг батлан хамгаалах салбарын төсөв нотолно. 2025 онд Узбекстаны батлан хамгаалах салбарын нийт төсөв 2.8 тэрбум ам.долларт хүрсэн нь бусад Төв Азийн 4 улсаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Батлан хамгаалахын төсөв ердөө 7 жилийн хугацаанд 94.6 хувь буюу бараг 2 дахин өссөн байна.

График: Узбекстаны батлан хамгаалах салбарын төсөв, сая ам.доллар

 

 

 

 

 

Эх сурвалж: Microtrends[6], Global Fire Power[7]

Албаны мэдээлэлд онцолж буйгаар Узбекстаны реформуудын гол зорилго нь 1-т терроризмын сүлжээ, болзошгүй халдлагын эсрэг чадавхтай байх; 2-т орчин үеийн байлдааны ажиллагааны нисгэгчгүй агаарын техник хэрэгслийн хэрэглээг бэлэн байлгах ажээ. Мөн уг төлөвлөгөөнд өндөр технологийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай цэргийн ангиудыг байгуулж, аливаа аюул заналхийллийн үед шийдвэр гаргах, зохицуулалт, шуурхай хариу арга хэмжээг оновчтой болгохын тулд автомат удирдлага, удирдлагын (С2)[8] системийг бий болгох зэрэг ажлууд багтсан. Мөн реформын хүрээнд үндэсний аж үйлдвэрийн салбарыг төрийн батлан хамгаалахын татаасаар шинэ шатанд гаргах стратеги ч батлагдсан.

Тодруулбал шинэчлэлийн хүрээнд цэргийн техник хэрэгслийн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар гадаадын ханган нийлүүлэгчдээс хараат байдлыг бууруулах, ялангуяа нисгэгчгүй онгоц, хуягт машин зэрэг гол салбаруудад үйлдвэрийн бүтээмжийг огцом нэмэгдүүлж шинэ технологийг нутагшуулах ажлуудыг төлөвлөжээ. Эл чиглэлээр Инновацын технологийн төвийг байгуулсан ба тус төвд өдгөө 80 орчим төрлийн цэргийн техник үйлдвэрлэж байгаа гэх мэдээлэл байна.

Жишээлбэл, тус төвийн оролцоотойгоор Узбекистанд үйлдвэрлэсэн цэргийн техникүүд болох “Арслон 8×8”, “Арслон 6×6” хуягт тээвэрлэгч, мөн “Тарлон” хуягт машинуудыг 2025 оны 2-р сарын 17-ноос 21-ний хооронд Абу Даби (АНЭУ) хотод болсон “IDEX-2025” цэргийн төрөлжсөн үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан[9].

Зураг: Арслон хуягт тээвэрлэгч Арслон, Тарлон хуягт машин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: VPK news[10]

Узбекстаны хувьд Төв азийн бусад хөршүүдтэйгээ харьцуулахад Туркменистантай төстэй гадаад бодлоготой ба аливаа цэргийн эвслээс ангид байхыг эрмэлздэг. 2012 онд ОХУ-ын тэргүүлдэг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас гарсан бөгөөд геополитикийн хурцадмал байдалд аль нэг талаас шууд аюулгүй байдлын дэмжлэг авах эвслийн байгууллага Узбекстанд байхгүй. Иймд батлан хамгаалах салбарын шинэчлэлийн хүрээнд олон түншүүдтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна.

Олон нийтэд нээлттэй эх сурвалжаас харахад Батлан хамгаалах салбарын реформын хүрээнд Узбекстан нь  ОХУ-тай түлхүү хамтран ажиллах бол НАТО стандартад нийцсэн нисгэгчгүй нисэх төхөөрөмж, хуягт машин үйлдвэрлэл чиглэлээр Бүгд Найрамдах Турк Улстай хамтран ажиллахаар гэрээ хэлцэл хийж, томоохон стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж байгаа ажээ.

 ЦЭРГИЙН РЕФОРМЫН ЗОРИЛГО: ТӨВ АЗИЙН АГААРЫН ОРОН ЗАЙД ГОЛ ТОГЛОГЧ БОЛОХ

 Албаны мэдээллүүдэд Узбекстаны цэргийн реформын нэн тэргүүний зорилго нь терроризмтой тэмцэх, дотоод аюулыг саармагжуулах хэмээн тодорхойлжээ. 2005 оны Андижаны бослого, 2022 оны Каракалпакын хямрал, Афганистантай хиллэдэг геополитикийн онцлог, одоо ч хэвээр буй дотоодын шашны хэт радикал бүлэглэлүүдийн асуудлууд нь үнэхээр энэхүү цэргийн шинэчлэл нь дотоодын аюулыг саармагжуулахад чиглэсэн гэх дүгнэлтийг дэмжигч суурь нөхцөл мөн. Гэхдээ терроризмтой тэмцэх тэмцэлд багагүй туршлага хуримтлуулсан, өдгөө амжилттай тэмцсээр буй Узбекстаны хувьд батлан хамгаалах зардлаа 2.8 тэрбум ам.доллар хүртэл өсгөж, цэргийн үйлдвэрлэлээ иж бүрнээр шинэ шатанд гаргах яаралтай хэрэгцээ шаардлага бий эсэх нь эргэлзээтэй.

Уг шинэчлэлийн тэргүүн зорилго нь сүүлийн жилүүдэд өрнөж буй геополитикийн нөхцөл байдалд бэлтгэх гэвэл илүү үнэнд нийцнэ. Украины хямралд сөргөлдөгч талууд нисгэгчгүй агаарын техник төхөөрөмжийг түлхүү ашиглаж байгаа, Киргизстан, Тажикстаны хил орчимд үе үе үүсдэг үндэстэн хоорондын мөргөлдөөн, хилийн маргаан, Армени улс Карабахын асуудалд эвслүүдийн тус дэмжлэггүй хоцорч өөртөө найдах болсон зэрэг нөхцөл байдлууд Узбекстаны цэргийн реформын цар хүрээг тогтоож байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзвэл Узбекстан улс:

  • Агаарын орон зайд маневр хурд сайтай нисгэгчгүй төхөөрөмжүүдээр бүс нутагт хилийн маргаанууд, аюулгүй байдлын асуудал дээр ашиг сонирхлоо тулгаж чаддаг давуу эрхтэй хүчин болно. Ингэснээр наанадаж Киргизстан, Тажикстантай Хужанд хотноо эцэслэн баталсан хилийн заагийг албажуулах гэрээнд өөрийн ашиг сонирхлоо урт хугацаанд баталгаажуулах хүчтэй болох юм.
  • Цаашид бүс нутгийн хүчний тэнцвэр өөрчлөгдөх магадлалтай тул аливаа нэг бүс нутгийн аюулгүй байдлын эвсэлд найдалгүйгээр өөрийн хүчин чадалдаа найдах хэрэгтэй гэх шийдэлд хүрсэн бололтой.

[1] Uzbekstan, https://www.worldbank.org/en/country/uzbekistan/overview

[2] Ambitious reforms after a long period of standstill, Federal Ministry for Economic Cooperation and Development of Germany, https://www.bmz.de/en/countries/uzbekistan/political-situation-56044

[3] Модернизация вооруженных сил Узбекистана: курс на инновации и безопасность — дроны и ИИ, Euraisa Today, 2025.02.24, https://eurasiatoday.ru/modernizatsiya-vooruzhennyh-sil-uzbekistana-kurs-na-innovatsii-i-bezopasnost-drony-i-ii/

[4] https://www.globalfirepower.com/country-military-strength-detail.php?country_id=uzbekistan

[5] Global Fire Power, https://www.globalfirepower.com/countries-listing.php

[6] Macrotrends, https://www.macrotrends.net/global-metrics/countries/uzb/uzbekistan/military-spending-defense-budget

[7] Global Fire Power, https://www.globalfirepower.com/countries-listing.php

[8] Command and Control (C2) Systems, https://missiledefenseadvocacy.org/integrated-battle-networks/command-and-control-c2-systems/

[9] Армию Узбекистана готовят к войне дронов, Независимая газета, 2025.02.23, https://www.ng.ru/cis/2025-02-23/5_9198_army.html

[10] https://vpk.name/en/891659_uzbek-armoured-personnel-carrier-arslon.html