Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

ОХУ-ын эдийн засаг ба хориг арга хэмжээний үр нөлөө

Украины дайн эхэлснээс хойш 2025 оны хагас жилийн байдлаар ОХУ-ын эсрэг 25 мянга гаруй хориг арга хэмжээ үйлчилж байна. Энэ он гарснаар Оросын эдийн засаг болон аж ахуйн нэгжийн эсрэг шинээр 450 хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээний зорилго нь эрчим хүч, банк санхүү, батлан хамгаалах болон технологийн салбарын стратегийн хөгжлийг сааруулах замаар Оросын эдийн засгийг сулруулж улмаар дайны санхүүжилтийг зогсоох явдал юм.

Зөвхөн АНУ-ын хувьд гэхэд л 2022-2024 онд Оросын иргэд, аж ахуйн нэгж, агаарын тээврийн болон усан онгоцнуудыг хамруулсан нийт 6200 гаруй хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Ж.Байдены засаг захиргаа сард дунджаар 170 гаруй хориг шинээр баталж байсан бол Д.Трамп энэ оны нэгдүгээр сард ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш шинэ хориг арга хэмжээ аваагүй юм.

Хэдий хориг арга хэмжээнүүд ОХУ-ын эдийн засгийг богино хугацаанд сулруулж чадаагүй ч дунд хугацаанд буюу энэ жилээс зарим үр нөлөө ажиглагдаж эхэлж байна гэж зарим шинжээчид үзжээ. 2025 оны дундуур тус улсын сангийн сайд А.Силуанов 2024 онд 4%-ийн өсөлт үзүүлсэн Оросын эдийн засаг энэ онд 1,5-2%-ийн өсөлттэй байх төлөвтэй хэмээн мэдэгдсэн юм. Мөн В.Путин 9 дүгээр сарын 15-нд эдийн засгийн асуудлаар Кремльд зохион байгуулагдсан хуралд “Сүүдрийн эдийн засаг болон татвараас зайлсхийх явдлын эсрэг эрчимтэй тэмцэх шаардлагатай. Энэ нь шударга, эрүүл өрсөлдөөн бий болгохоос гадна улсын төсөвт нэмэлт орлого болно” хэмээсэн нь Оросын эдийн засагт хориг арга хэмжээ нөлөөлж байгаагийн илрэл гэж ажиглагчид үзсэн байна. Барууны судлаачид Оросын эдийн засаг тоон үзүүлэлтээрээ харьцангуй тогтвортой мэт харагдаж байгаа ч эдийн засаг нь хямралд орсон нь тодорхой бөгөөд төсвийн алдагдал сүүлийн 30 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн гэв. Хэдийн оросын эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч энэ онд ОХУ батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарт улсын нийт төсвийн 40 хувь буюу 166.6 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна.

Нефтийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ энэ оны 8 дугаар сарын байдлаар 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 8% буурсан үзүүлэлттэй байна. Цаашид нефтийн үнэ дахин буурах магадлалтай ба үүнд олон улсын зах зээлд эрэлт нийлүүлэлтийн харьцаа суларсан мөн ОПЕК-ийн гишүүн бусад орнуудын олборлолтын хэмжээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байна.

Дээрх хүчин зүйлүүдээс гадна Европын холбооноос (ЕХ)7-р сарын 18-ны өдөр баталсан багц хориг арга хэмжээгээр нэг баррель Оросын газрын тосны үнийн таазыг 60 ам.доллароос 47.6 ам.доллар хүртэл бууруулсан. Мөн Кремлийн ашиглаж буй сүүдрийн схем буюу хориг арга хэмжээг “тойрч” далайгаар экспорт хийх явдлыг таслан зогсоох зорилгоор хоригт хамрагдсан тээврийн хөлөг онгоцны тоог 447 болгон нэмэгдүүлсэн байна. Уг хоригийг Оросын эсрэг хэрэгжүүлсэн хамгийн “хатуу” хоригийн нэг ба эдийн засгийг сулруулах нь тодорхой хэмээн тайлбарлаж байсан ч шинжээчид уг хоригийг төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм. Учир нь хамрах хүрээ бага, шилжилтийн үе нь урт, Европын зарим улсад зориулсан тусгай чөлөөлөлттэйгээс гадна ОХУ хориг арга хэмжээнд хурдан дасан зохицож байгаа аж. Оросын нефтийн экспорт Энэтхэг, Хятад, Ойрх дорнод руу шилжсэн бол, цэргийн болон иргэний зориулалттай технологийг Төв Ази, Турк болон АНЭУ-аар дамжуулан авч байна.

ЕХ Оросын зарим шингэрүүлсэн байгалийн хийд (LNG) хориг тавьсан ч Унгар зэрэг улс руу хоолойгоор дамжуулах байгалийн хийд ямар нэгэн хориг тавиагүй юм. Шинжээчид үүнийг ЕХ дотоод эв нэгдлээ хадгалахын тулд эмзэг салбар болох газрын тос, байгалийн хий зэрэг салбарыг хөндөхөөс зайлсхийсэн гэж үзжээ. Иймд хоригийн хүрээ тэлж, жагсаалт урт болсон ч хэрэгжилтийг гүнзгийрүүлж чадаагүй байна.

Хятад болон Энэтхэг улсад нийлүүлж буй газрын тосны орлого нь Оросын төсвийн жин дарахуйц хэсгийг бүрдүүлдэг. 2021-2024 онд Энэтхэгийн ОХУ-аас авсан газрын тосны импорт өдөрт 0,1 сая баррелиас 1,9 сая болсон бол Хятад улс өдөрт 2,4 сая баррель нефть Оросоос импортолж байна. Америкийн зүгээс Хятадын бүтээгдэхүүнд  татвар нэмэгдүүлэх магадлал бага гэж барууны шинжээчид үзсэн бол Энэтхэгийн экспортод Д.Трамп нэмэлт 25%-ийн татвар ногдуулах зарлиг гаргасан ба уг зарлиг нь 8 дугаар сарын 27-оос хэрэгжиж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн газрын тосны импортын зардал 7-11 тэрбум ам.доллароор өсөх төлөвтэй байгаа ч Энэтхэг Оросоос газрын тос худалдаж авахаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн.

Хориг арга хэмжээтэй холбоотойгоор ОХУ-д 1990-ээд оны үед ашиглагддаг байсан бараа солилцооны механизм сэргэж байна. Бараа солилцооны механизм цаашид улам тэлэх төлөвтэй байгаа ба Төв банкны гадаад худалдааны статистик болон гаалийн албаны мэдээллийн зөрүү нэмэгдсэн байдал үүнийг баталж байна. Зөвхөн 2025 оны эхний хагас жилд гэхэд 7 тэрбум ам.долларын зөрүү гарчээ. Орос улаан буудай, маалингын үрийг Хятадын автомашин, барилгын материал, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнээр солилцож байна.

2025 оны байдлаар ОХУ-ын эдийн засаг тоон үзүүлэлтээр харьцангуй тогтвортой мэт харагдаж байгаа ч бодит байдалд өндөр алдагдалтай хэвээр байна. Инфляцыг тогтоон барихын тулд Төв банк өндөр хүүтэй бодлого баримталж байна. Мөн хориг арга хэмжээ болон Европын зах зээлийн хараат байдал багассаны улмаас эрчим хүчний орлого буурсаар байна. ОХУ нефть, байгалийн хийн экспортоо Хятад, Энэтхэг рүү чиглүүлж, харин машин механизм, хэрэглээний бараагаа Хятадаас импортолж байгаа нь тус улсаас улам бүр хамааралтай болгож байна.

Эх сурвалж:

[1] https://www.vedomosti.ru/economics/news/2025/07/06/1122430-siluanov-sprognoziroval-rost

[2] http://www.kremlin.ru/events/president/news/77997

[3] https://tvpworld.com/87901420/eu-approves-18th-sanctions-package-against-russia

[4] https://www.reuters.com/business/finance/wheat-chinese-cars-russia-turns-barter-skirt-sanctions-2025-09-15/