Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Крипто Hub-аар дамжуулан Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах боломж

Криптовалют болон түүнийг дэмжих дижитал санхүүгийн экосистем сүүлийн арван жилд дэлхий даяар хурдацтай тэлж, зах зээлийн хэмжээ, хөрвөх чадвар, хэрэглээний хүрээ өсөхийн хэрээр макро болон микро түвшинд эдийн засгийн өгөөж, санхүүгийн шинэчлэлийн боломжуудыг нэмэгдүүлсээр байна. Ийнхүү дэлхийн эдийн засагт өөрийн байр сууриа бэхжүүлж, бие даасан санхүүгийн хэлбэр болон төлөвшиж буй криптовалют нь улс орнуудын хувьд үндэсний аюулгүй байдлын шинэ сорилт болохын сацуу асар их боломжийг дагуулж байна.

Сүүлийн жилүүдэд Монголд гадаадын хөрөнгө оруулалтад үл итгэх хандлага газар авч, иргэдийн дунд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өндөр эрсдэл, аюултай мэтээр харах болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдыг “үргээх” нэг хүчин зүйл болж байна. Мөн Монгол орны эдийн засгийн өсөлт уул уурхайгаас хэт хамааралтай байгаа нь түүхий эдийн үнийн савлагаанд хэт мэдрэг болгох зэрэг эрсдэлийг нэмэгдүүлсээр буй. Иймд дээрх эдийн засгийн аюулгүй байдлын сорилтуудыг шийдэх олон арга замуудын нэг нь криптовалют байх боломжтой юм.

2025 оны байдлаар Монгол Улсад криптовалют эзэмшдэг иргэдийн тоо 49.6 мянга буюу нийт хүн амын 1.5 хувь, мөн “Global Crypto Adoption Index 2024” судалгаагаар манай улс 154 орноос 124-т бичигдсэн бөгөөд Монгол улсыг криптовалютыг хүлээн авсан байдлаар “өсөж буй” ангилалд оруулсан байна. 2022 онд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль батлагдсан ба 2024 оны байдлаар Монгол улсад эргэлдэх нийт криптовалютын дүн 77.9 тэрбум төгрөг гэж бүртгэгдсэн байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооны тайланд 2025 оны 1-р улирлын байдлаар виртуал хөрөнгийн үнэлгээ нийт 167-168 тэрбум төгрөг хүрсэн мэдээлэл байдаг. Үүнээс харахад Монголд криптовалют, виртуал хөрөнгийн хэмжээ өндөр байгаа бөгөөд үүнээс улбаалан эдгээр харилцааг зохицуулах, хамгаалах шаардлага үүсэж буй.

Криптовалютыг нээлттэй болгосон гадаад орнуудын туршлага

Дэлхийн олон улс орнууд криптовалютын хууль бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зохицуулалт хийж, олон улсын санхүүгийн байгууллагуудын хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрээр гаднаас криптовалютаар дамжуулан олон тооны хөрөнгө оруулалт татсан байдаг. Зарим жишээнүүдээс тоймлон хүргэвэл:

  • Арабын Нэгдсэн Эмират улс 2023 онд “Virtual Assets and Related Activities Regulations” буюу VARA гэх нэрт зохицуулалтыг баталж бирж, брокер зэрэг криптовалютын үйл ажиллагааг нэг бүрчлэн эрх зүйгээр зохицуулж, тухай бүрд нь баталгаажуулж, олон нийтэд нээлттэй бүртгэлийн систем ажиллуулснаар гадаадаас криптовалютаар хөрөнгө оруулалт татах нэг том боломж нээв. Үүний үр дүнд “FATF” АНЭУ-ыг саарал жагсаалтаас хасаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийг ихэд бууруулсан байна. VARA нь өөрөө нэг талаараа бие даасан үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалт татдаг, лиценз олгож баталгаажуулалт хийдэг олон нийтэд нээлттэй байгууллага юм.
  • Сингапур Улсын Мөнгөний зохицуулах хороо (MAS) 2023 оны 8-р сард “Стейблкойн”-ыг зохицуулах механизмыг баталсан. Стейблкойн гэдэг нь ханшийн хувьд амархан өсөж, буурдаггүй бөгөөд 1:1 буюу нэг Сингапур доллар, нэг стэйблкойнтой тэнцүү байхаар тохируулсан. Энэхүү стейблкойны үнэ цэнийг нь хамгаалахын тулд хөрөнгөөр баталгаажуулсан. Ингэснээр валютын савлагаа, үнэ цэнийн бууралтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр батлан даах боломж бүрдсэн.
  • Швейцар Улсын хувьд 2018 онд гурван төрлийн токеныг хууль ёсоор баталсан. Үүнд төлбөр тооцооны токен буюу “Payment token”, үйлчилгээ авахдаа ашиглах токен буюу “Utility token”, хөрөнгө, үнэт цаас болгон ашиглах “Asset token” хэмээн ангилсан байдаг. 2021 оноос Швейцар татварыг Bitcoin, Etherium-аар төлөхийг албан ёсоор зөвшөөрч, нэг удаагийн гүйлгээний дээд хэмжээг 1.5 сая CHF-тай дүйх хэмжээний койн ашиглахыг хуульчлав. Ингэснээр Швейцарт гаднын хөрөнгө оруулагч нар хуулийн дагуу өөрсдийн хөрөнгөө хамгаалуулах боломж бүрдсэн.
  • Европын Холбооны крипто хөрөнгийн нэгдсэн зохицуулалт буюу MiCA (Markets in Crypto-Assets Regulation) нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, зах зээлийн ил тод, шударга байдлыг хангаж, луйвраас сэргийлэх зорилготой нэг лицензээр Европын Холбооны бүх оронд жигд үйлчилдэг. 2023 оны 6-р сараас хүчин төгөлдөр болсон бөгөөд хуулийн хүрээнд ил тод байдлаа баталгаажуулсан тул хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтын урсгал, төвлөрөл нэмэгдэх хандлага илт нэмэгдсэн. Иймд Европын Холбоонд криптовалютаар үйл ажиллагаа явуулах гэж байгаа аливаа аж ахуй нэгжүүд юуны түрүүнд MiCA лиценз авдаг байна.
  • Их Британы хувьд санхүүгийн гол эрх зүйн суурь нь FSMA буюу “Financial Services and Markets” нь 2023 онд батлагдаж, крипто хөрөнгийг чөлөөтэй зохицуулах эрх зүйн орчин болсон байдаг. Энэ хууль нь хэрэглэгчийн эрхийг хамгаалалх, зах зээлийн ил тод, шударга байдлыг бэхжүүлэх, учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм. Энэхүү хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалтыг ил тод болгосноор хөрөнгө оруулалтын аливаа эрсдэлийг бууруулж чадсан байдаг.
  • Япон Улсад PSA буюу “Payment Services Act”-ийг 2023 онд баталж, стейблкойныг цахим төлбөр тооцооны хэрэгсэл гэх ангилалд оруулсан байдаг. Энэхүү хуулийн зорилго нь стэйблкойн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, төлбөрийн тогтвортой байдал, терроризм, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хяналтыг чангатгах юм. Хууль, эрх зүйн таатай байдал нь гадаадын хөрөнгө оруулагч нарыг Японд татаж, хөрөнгө оруулагчийн аюулгүй байдлыг сайтар хангасан байдаг.

Дээрх жишээнүүдээс харахад улс орнууд криптовалютын төрөл бүрийн зохицуулалтыг өөр өөрийн эрх зүйн хүрээнд боловсруулж байна. Криптовалютын зах зээлийн савлагаа хэдий өндөр ч эдгээр орнууд биткойн тэргүүтэй бусад криптовалютыг бус стэйблкойныг ашиглан дотоодын төлбөр тооцооны хэрэгсэл болгох аргыг идэвхтэй эрэлхийлж буй. Мөн ил тод байдлыг хангахын зэрэгцээ хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлж, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан хуулийг боловсруулж байна. Криптовалютын хамгийн том сорилтуудын нэг болох терроризмыг санхүүжүүлэх болон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх нь эдгээр хуулиудын хамгийн чухал зорилгуудын нэг юм.

Дээр жишээ авсан орнуудад криптовалютаар хөрөнгө оруулалт хийх боломжийг нээхэд хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл бол Крипто-HUB (CIH – Crypto-Institution-HUB) юм. Крипто хөрөнгийн HUB нь тухайн орны эдийн засгийн онцлог, санхүүгийн урсгалын нөхцөл байдалд тохирсон байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ийм төрлийн КриптоHUB Монголд үйл ажиллагаа явуулдаггүй учраас нийгэм, эдийн засгийн орчинд үүсэж болох үр нөлөөллийн талаар гадаад орчны үнэлгээ буюу PESTLE шинжилгээг хийв. (Хүснэгт 1.)

Хүснэгт 1. Монголын криптоHUB байгуулах боломжид хийсэн гадаад орчны шинжилгээ

  Гол эрсдэл, сорилт Үр нөлөө
P – Улс төр Улс төрийн тогтворгүй байдал өндөр, бодлогын залгамж халаа сул. Төрийн тогтворгүй байдлаас үүдэн гаднын хөрөнгө оруулагчийн итгэл сулрах эрсдэлтэй
E – Эдийн

засаг

Түүхий эдийн үнийн савлагаа эдийн засагт үзүүлэх нөлөөлөл өндөр Хөрөнгө оруулалт, санхүүжилт хумигдаж, эдийн засгийн мөчлөгт оруулна.
S – Нийгэм Крипто = Луйвар буюу хэрэглэгчид болон олон нийтийн хандлага сөрөг, айдас нэмэгдэнэ. Олон нийтийн дэмжлэг үгүй бол крипто зах зээл хумигдаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй.
Т – Технологи Кибер халдлага, системийн саатал үүсэх эрсдэлтэй. Хөрөнгө агших, мэдээлэл алдагдвал нэр хүндэд муугаар нөлөөлнө.
L – Хууль Хууль эрх зүйн хувьд зөвхөн бирж, арилжаа, шилжүүлэгч, хадгалалтыг зохицуулсан боловч гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамгаалах тухай төдийлөн сайн тусгаж чадаагүй. Криптовалютын биржийн хөрөнгө оруулалт, гүйлгээ зогсож, бизнес нүүх эрсдэлтэй.
E – Хүрээлэн буй орчин Сүлжээний ачаалал нэмэгдэх, эрчим хүчний хангамж доголдох, орон нутгийн иргэдийн эсэргүүцэл өндөр Эрчим хүчний тасалдал үүсэх нь криптовалютын эргэлтэд бүхэлд нь нөлөөлөх эрсдэлтэй.

Дээрх PESTLE шинжилгээнээс харахад Монголд КриптоHUB буюу бие даасан институц байгуулахад нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг нь хууль эрх зүйн орчин байна. Түүнчлэн койн ангилах, стейблкойны стандарт боловсруулах, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах, аудитын тогтолцоог боловсруулах, нээлттэй лицензжүүлэх, мөн Монгол орны улс төрийн тогтвогүй байдлыг (засгийн газрын дундаж хугацаа 1.8 жил) хөрөнгө оруулалтын урсгалаас холдуулах зэрэг шаардлагууд урган гарна.

Эдийн засгийн талаас хөрөнгө оруулалтын эрсдэлийг зөв удирдаж чадвал, хувь хүний болон олон улсын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн өсөлтийн суурь тавигдах боломжтой. Гэвч нөгөө талд олон нийтийн дунд криптовалютыг луйвар гэж харах хүмүүс олон тул иргэд, олон нийтийн итгэлцлийг нэмэгдүүлэх (жишээлбэл тогтмол тайлан гаргах гэх мэт) цаашлаад дунд хугацаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал юм.

Дүгнэлт

Монголд стэйблкойныг төлбөр тооцооны хэрэгсэлд ашиглахгүй байгааг хэд хэдэн хүчин зүйлээр тайлбарлаж болно. Үүнд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол ханшийн савлагаа юм. Тухайлбал Монголд эргэлддэг койны үнэ анх олон нийтэд нээлттэй болж байсан үеэсээ хэд дахин өндөр, эсвэл хэд дахин унасан байгаа нь ханшийн тогтворгүй байдлыг илтгэнэ. Мөн сүүлийн жилүүдэд Монгол улс авлигын индексээр Азийн хамгийн авлигал өндөртэй орнуудын тоонд орохын сацуу иргэдийн дунд гадаадын хөрөнгө оруулагчдыг үл таашаах хандлага нэмэгдэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын “дайжих” шалтгаануудын нэг болж байна. Иймд хөрөнгө оруулалт татах, түүний ил тод байдлыг хангах, ханшийн уналт, зах зээлийн огцом савлагаанд тэсвэртэй байдлыг бүрдүүлэх аргуудын нэг бол КриптоHUB-аар дамжуулан санхүүгийн чадамжаа сайжруулах явдал хэмээн судлаачид үзсэн байна.

Монгол улсын хувьд криптоHUB байгуулах нь эдийн засгийн төрөлжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дижитал санхүүгийн аюулгүй байдлыг хангах стратегийн томоохон алхам болно. Олон улс орнуудын жишгээс үзэхэд эдгээр КриптоHUB-уудыг байгуулахад 3-4 жилийн шат дараалсан аргуудыг ашигладаг байна. Үүнд:

1-р үе (1 жил): Хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлж, төр-хувийн хэвшлийн хамтарсан хэсэг байгуулж, КриптоHUB-ийн бүтэц, үйл ажиллагааг тодорхойлох.

2-р үе (1.5 жил): Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж, лицензтэй биржүүдийг бүртгэж, блокчейн аудит болон түүний ил тод байдлыг нэвтрүүлэх.

3-р үе (2 – 3 жил): Олон улсын түвшинд гарч, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, гадна болон дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх.

Монгол улсын хувьд КриптоHUB байгуулахад хамгийн чухал хэсэг бол хууль, эрх зүйн суурь юм. Криптовалютын зохистой менежмент, түүний ил тод байдлыг хангаж өгөх нь тун чухал болно. Үүний дараа технологийн буюу кибер аюулгүй байдлын асуудал тул технологи талаасаа аюулгүй байдлаа хангах, цаашлаад иргэдийн итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд ил, тод байдлыг хангах шаардлага буй. Тиймээс Монголд КриптоHUB байгуулахад хууль-технологи-иргэдийн аюулгүй байдал гэсэн гурван талын огтлолцлыг хангаж чадвал боломж бий болох нь гарцаагүй.

Эх сурвалж

  1. Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгчийн Тухай Хууль, https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390242606091
  2. Baasankhuu Sumiya, “Why Mongolia Needs Cybersecurity Literacy?”, Institute of Strategic Studies, https://en.iss.gov.mn/?p=1687&utm
  3. Financial Regulatory Commission, “Financial Market Review”, https://www.frc.mn/resources/Image/Document/202506/ftMDd/Financial-Market-Review-First-Quarter-of-2025.pdf
  4. Transparency International, “Mongolia”, https://www.transparency.org/en/countries/mongolia
  5. European Union, “EUR-LEX” , https://eur-lex.europa.eu/eli/reg/2023/1114/oj/eng
  6. UK, “Financial Services and Markets Act 2023”, https://www.legislation.gov.uk/ukpga/2023/29
  7. UK, “Future financial services regulatory regime for cryptoassets”, https://www.gov.uk/government/publications/regulatory-regime-for-cryptoassets-regulated-activities-draft-si-and-policy-note/future-financial-services-regulatory-regime-for-cryptoassets-regulated-activities-policy-note-accessible
  8. Financial Conduct Authority, “CP25/25: Application of FCA Handbook for Regulated Cryptoasset Activities”, https://www.fca.org.uk/publications/consultation-papers/cp25-25-application-handbook-regulated-cryptoasset-activities
  9. Japan Financial Services Agency, “FSA Weekly Review No.540”, https://www.fsa.go.jp/en/newsletter/weekly2023/540.html
  10. Australian Government Treasury, “Token Mapping consultation paper”, https://treasury.gov.au/sites/default/files/2023-02/c2023-341659-cp.pdf
  11. Australian Goverment, “Digital currency exchange providers”, https://www.austrac.gov.au/business/your-industry/digital-currency-cryptocurrency/digital-currency-exchange-providers
  12. UAE government, “VARA regulatory”, https://rulebooks.vara.ae/rulebook/regulations
  13. Monetary Authority of Singapore, “MAS Finalises Stablecoin Regulatory Framework”, https://www.mas.gov.sg/news/media-releases/2023/mas-finalises-stablecoin-regulatory-framework?
  14. FINMA, “FINMA publishes ICO guidelines”, https://www.finma.ch/en/news/2018/02/20180216-mm-ico-wegleitung/
  15. FINMA, “Innovation 2021”, https://www.finma.ch/en/documentation/dossier/dossier-fintech/innovation-2021
  16. Global Legal Insight, “Blockchain and Cryptocurrecy Laws and Regulations 2025”