Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Казахстаны атомын цахилгаан станцын төслийн эргэн тойронд

Казахстаны Засгийн газар атомын цахилгаан станц (АЦС) барих төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Анх 2021 онд ээлжит илгээлтийнхээ үеэр Ерөнхийлөгч К.К.Токаев нүүрсний эрин үе өндөрлөх дөхөж байгаа тул өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах найдвартай эх үүсвэр олох шаардлагатай тухай мэдэгдэж байв.[1] Түүний мэдэгдлээс хойш Казахстанд АЦС барих тухай асуудал тус улсын дотоодод болон олон улсын түвшинд анхаарал татсан сэдэв болоод байна. Энэхүү танилцуулгаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой хийгдсэн ажил, цаашдын чиг хандлага болон бусад онцлох үйл явдлуудыг нэгтгэж цаг хугацааны хроникт оруулан тоймлон хүргэж байна.

Төслийн хүрээнд хийгдээд буй ажлууд:

Ерөнхийлөгч К.К.Токаевын илгээлтийн дараа Казахстаны төрийн өмчит мэдээллийн хэрэгслүүдээр эрчим хүчний хомсдолын талаар “эрчимтэй” мэдээлэх болов. Зарим тооцоогоор өсөн нэмэгдэж буй хэрэглээнээс хамаарч 2030 он гэхэд эрчим хүчний хомсдол 6.2 ГВт хүрэх магадлалтай гэж үзсэн.[2] Улмаар төрөөс ард түмэнд эрчим хүчний хомсдол ирээдүйд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулахын зэрэгцээ, АЦС барих нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх оновчтой гарц мөн болох тухай сурталчлах болсон.

ЗХУ-ын үед цөмийн зэвсгийн туршилтын талбай болж байсан гашуун туршлагатай тул Казахстаны удирдагчид уг асуудалд болгоомжтой хандаж, бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр тогтсон. 2024 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан санал асуулгад сонгуулийн насны 12.3 сая иргэн оролцох байснаас 7.8 сая хүн саналаа өгч, тэдгээрийн 5.6 сая буюу 71.12 хувь нь дэмжсэн байна.[3] Ийнхүү төр, ард түмэн АЦС барих асуудлаар нэгдмэл ойлголтод хүрснээр төслийг хэрэгжүүлэх ажил эрчимтэй урагшилж эхлэв. Доорх хүснэгтэд АЦС байгуулах асуудлаар өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон харуулав.

Хүснэгт 01.

Онцлох үйл явдал Огноо

Тайлбар

1. Ерөнхийлөгч цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийг судлах ёстой гэв. 2021.9.02
2. Ерөнхийлөгч АЦС барих асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулах ёстой гэв. 2023.9.01
3. Бүх нийтийн санал асуулга зохион байгуулах товыг зарлав. 2024.9.02
4. Бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдав. 2024.10.06 Санал асуулгын албан ёсны дүн зарлагдаж, ард түмний 71.12 хувь дэмжив.
5. АЦС барих асуудлаарх Засгийн газрын тусгай хороо байгуулагдав. 2024.10.30 Тус хороо нь АЦС-ын төсөлд хамтрах хүсэлтэй гадаадын түншүүдтэй яриа хэлэлцээ явуулах үндсэн үүрэгтэйгээр байгуулагдав.
6. Ерөнхийлөгч Засгийн газарт цөмийн аж үйлдвэрийн кластер байгуулах үүрэг өгөв. 2025.01.28 Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр цөмийн аж үйлдвэрийн кластер байгуулах, баруун бүсийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох үүрэг өгөв.
6. Цөмийн эрчим хүчний агентлаг байгуулагдав. 2025.3.18 Ерөнхийлөгчийн шууд удирдлагад байгуулагдсан тус агентлаг ураны олборлолт, цөмийн эрчим хүчний ашиглалт, цацрагийн аюулгүй байдал, мөн Семипалатинскийн цөмийн аюулгүй байдлын бүсэд хяналт тавих чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр болсон.
7. АЦС барих төслийг хэрэгжүүлэгчид сонгогдов. 2025.6.14 ОХУ-ын Росатом компани эхний АЦС-ыг барих гүйцэтгэгчээр сонгогдов. Хоёр дахь станцыг БНХАУ-ын CNNC компани барихаар төлөвлөж байна.
8. Казахстаны цөмийн эрчим хүчний агентлаг, Росатом компанийн төлөөллүүд АЦС барих төслийн замын зураг, үе шатуудыг тохирсон баримт бичигт гарын үсэг зурав. 2025.6.20
9. АЦС барих төслийн ажил албан ёсоор эхлэв. 2025.8.08 Росатом төслийг 2035-2036 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн.
10. Хоёр дахь АЦС барих газрыг тодорхой болгов. 2025.10.01 Хоёр дахь АЦС-ыг эхнийхтэй мөн адил Алматы мужийн Жамбыл дүүрэгт байгуулахаар тогтов.

Ерөнхийлөгч К.К.Токаев эрчим хүчний найдвартай эх үүсвэр олох шаардлагатай хэмээн мэдэгдсэнээс хойш 4 жилийн дараа АЦС барих төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэв. Төслийн сонгон шалгаруулалтад ОХУ-ын Росатом, БНХАУ-ын CNNC, БНФУ-ын EDF, БНСУ-ын KHNP компаниуд оролцсон бөгөөд Казахстаны тал төслийг олон улсын консорциум хэрэгжүүлэх ёстой хэмээн удаа дараа мэдэгдсэн.

Засгийн газраас 2025 оны 6 дугаар сарын 14-нд ОХУ-ын Росатом компани Казахстан Улсад эхний АЦС барих олон улсын консорциумыг тэргүүлэхээр шалгарсан болохыг зарлав. Мөн хоёр дахь АЦС барих төслийн консорциумыг БНХАУ-ын CNNC тэргүүлнэ хэмээн мэдээлэв.[4]

Казахстаны тал АЦС барих төслийг олон улсын консорциум байгуулж хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн атал Росатомыг үндсэн гүйцэтгэгчээр шалгаруулсан нь сонирхол татаж байна. Тодруулбал, өнөөгийн геополитикийн өнцгөөс харахад дээр нэр дурдагдсан компаниуд Росатомтай хамтарч консорциум байгуулах эсэх нь эргэлзээтэй юм.

Хоёр дахь АЦС барих консорциумыг БНХАУ-ын CNNC компани тэргүүлнэ хэмээн мэдэгдсэн боловч одоогийн байдлаар ямар нэгэн албан ёсны хэлэлцээр байгуулагдаагүй болох нь тодорхой болов. Тухайлбал, Цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Алмасадам Саткалиев 2025 оны 10 дугаар сарын 01-нд Мажлист товч мэдээлэл өгөх үедээ “… Хятадын CNNC компанийн талд эцсийн шийдвэр гараагүй байна. Гэхдээ бидэнд ирсэн саналуудад үндэслэн тус компанийг чухалчилж авч үзэж байна” гэв.[5] Түүний мэдэгдлээс харахад Казахстаны тал хоёр дахь АЦС барих төсөлд бусад тоглогчдыг оролцуулж олон улсын консорциум байдлаар хэрэгжүүлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна гэж таамаглаж болохоор байна.

Эрчим хүчний салбарын төлөв байдал:

Казахстан Улсын эрчим хүчний хэрэглээ дотоодын нийлүүлэлтээс жил бүр давж, алдагдлыг хойд хөршөөсөө нөхөж байна. 2024 онд тус улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадал (installed capacity) 20.4 ГВт хүрсэн бөгөөд үүнээс эрчим хүч ашиглалтын хүчин чадал (operational capacity) 15.4 ГВт, үйлдвэрлэх хүчин чадал (generating capacity) 15.1 ГВт байна. Оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 16.6 ГВт хүрсэн бөгөөд 1.5 ГВт чадлын дутагдалд орсон.[6]

Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр тус улсын Эрчим хүчний яам 2024 онд “Цахилгаан эрчим хүчний аж үйлдвэрийг 2035 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө” гэх бодлогын баримт бичгийг батлав.[7] Тус баримт бичигт одоо байгаа дэд бүтцүүдэд шинэчлэл хийх, шинээр цахилгаан станц барих замаар эрчим хүч ашиглалтын хүчин чадлыг 2035 он гэхэд 26 ГВт-аар нэмэгдүүлэх “мега” төлөвлөгөө тусгагдаад байна. Өөрөөр хэлбэл, баримт бичигт тусгагдсан төсөл хөтөлбөрүүд төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн тохиолдолд Казахстаны эрчим хүчний нэгдсэн сүлжээний суурилагдсан хүчин чадал ойролцоогоор 54 ГВт, ашиглалтын хүчин чадал 41-42 ГВт болж нэмэгдэнэ. Ингэснээр 30-32 ГВт хүрэх төлөвтэй байгаа эрчим хүчний хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж, улмаар экспортын зах зээлд өрсөлдөгч болж орж ирэх магадлалтай.

Казахстан Улс 2024 онд 120.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэж, үүнээс 117.9 тэрбум кВт.ц-ийг дотооддоо үйлдвэрлэж, дутагдалд орсон 2.5 тэрбум кВт.ц цахилгааныг Москвагаас, мөн багахан хэсгийг Бишкекээс худалдан авч нөхсөн байна.[8]  Тус улсын цахилгаан эрчим хүчний тэнцлийг доорх графикт харуулав.

График 01.

Эх сурвалж: https://energyprom.kz/

 График 02.

Эх сурвалж: https://energyprom.kz/

2024 онд нийт үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг эх үүсвэрийн хувьд авч үзэхэд нүүрсэн галлагаатай цахилгаан станцууд тэргүүлж байна. Эрчим хүчний сайд асан Алмасадам Саткалиев 2035 он хүртэл хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл нийт суурилагдсан хүчин чадлын 24.4%-ийг сэргээгдэх эрчим хүч, 10.4%-ийг усан цахилгаан станц, 25.8%-ийг байгалийн хий, 34.3%-ийг нүүрс, 4.7%-ийг АЦС зэрэг эх үүсвэрүүдээс бүрдүүлнэ хэмээн мэдэгдсэн. Энэ нь цаашид Казахстан АЦС-аас гадна сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт татахад анхаарна гэсэн үг юм.

АЦС-ын төсөл ба хүчний тэнцвэрийг хангах стратеги:

Хоёр улс хамтарч АЦС барина гэдэг нь ердийн эрчим хүчний хамтын ажиллагаа бус хавьгүй өргөн утга агуулгатай геополитикийн ач холбогдолтой төсөл байдаг. Талууд барилга байгууламж барих, түлш нийлүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх, аюулгүй байдалд хяналт тавих зэрэг асуудлуудыг хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай болдог тул урт хугацааны хамтын ажиллагаа үүснэ гэсэн үг. Энэ ч утгаар их гүрнүүдийн хувьд цөмийн эрчим хүчний компаниудаа аль нэг улсад хүч нөлөөгөө тэлэх гадаад бодлогын хэрэгсэл болгон ашигладаг.

Казахстаны хувьд сонгон шалгаруулалтын дүнг зарлахдаа Москва болон Бээжинг хамтад нь зарласан үйл явдлыг судлаачид хүчний тэнцвэрийг хангах стратеги байсан хэмээн дүгнэсэн. Росатомтай хамтарч хэрэгжүүлэх төслийн барилгын ажил 2025 оны 8 дугаар сарын 08-нд Казахстаны өмнөд хэсэгт байрлах Алматы мужийн Жамбыл дүүргийн Үлкен тосгоны ойролцоо эхэлсэн.[9] Хоёр дахь АЦС-ыг мөн адил Алматы мужийн Жамбыл дүүрэгт байгуулах шийдвэр гарсан хэдий ч Хятадын CNNC-тэй албан ёсны гэрээ хэлэлцээр хийгдээгүй байна. Гэсэн хэдий ч хоёр дахь АЦС-ыг барих консорциумыг Хятад тэргүүлнэ хэмээн мэдэгдсэн тул Москва болон Бээжингээс Казахстанд санал болгож буй технологи, бусад нөхцөлүүдийн тухай нээлттэй эх сурвалжуудад дурдагдсан мэдээллүүдийг тоймлон авч үзье.

Росатомын хувьд Казахстанд өөрсдийн хамгийн орчин үеийн буюу VVR-1200 загварын 2 блок реактор санал болгосон. Унгар, Египет, Турк, Бангладеш, Хятад болон бусад улс орнууд оросын технологийг ашиглаж байна. Хятадын хувьд 1000-1100 МВт хүчин чадалтай Хвалонг-1 загварын реакторыг санал болгосон. Тус реакторыг Хятадууд 2020 оноос эхлэн дотооддоо ашиглаж байгаа бөгөөд, 2022 онд Пакистанд хоёр блок ашиглалтад оруулаад байна.

Ерөнхийлөн үзвэл, хүчин чадал, пост-фукушима стандартуудад нийцсэн аюулгүй ажиллагааны механизм, ажиллах хугацаа зэрэг үзүүлэлтүүдээр Москва болон Бээжингийн реакторууд төстэй байна. Харин технологи дамжуулах, мэргэжилтэн бэлтгэх, аюулгүй байдлын стандарт, үнэ өртөг, бүтээн байгуулалтын хугацаа зэрэг нөхцөлүүдэд тодорхой ялгаа байна.

Хятадын хувьд Казахстанд өөрсдийн технологийг эзэмшүүлж сургах, цөмийн түлш хамтран үйлдвэрлэх, боловсон хүчнийг бэлтгэх санал тавьсан. Үнийн хувьд хямд бөгөөд хоёр блокийг 7 орчим тэрбум ам.долларт багтааж 6-аас 8 орчим жилийн хугацаанд барина. Төслийг өөрсдийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх ба станц ашиглалтад орсны дараа ямар нэгэн хувь эзэмшихгүй зэрэг давуу талтай. Хятадуудын хувьд цөмийн эрчим хүчний салбарт олон улсад төдийлөн танигдаж амжаагүй, аюулгүй байдлын стандартууд нь барууны орнуудад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа зэрэг нь саад болж байна. Түүнчлэн хэрэглэж дууссан түлш буюу цөмийн хог хаягдлыг устгах асуудалд хариуцлага хүлээдэггүй нь хамгийн гол сул тал юм.

Оросын хувьд олон улсад АЦС-ын төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, ирээдүйд цөмийн хог хаягдлыг өөрөө буцааж авах үүрэг хүлээдэг зэрэг нь давуу тал болдог. Гэхдээ станцыг ажиллуулах чадвартай боловсон хүчин бэлтгэх үүрэг хүлээдэггүй, өөрөө бэлэн түлш нийлүүлдэг зэрэг нь Казахстаны технологи эзэмших, нарийн мэргэжлийн хүний нөөцтэй болох боломжийг хааж байгаа юм. Өөрөөр хэлбэл станцыг ажиллуулахын тулд Казахстан Оросуудаас хамааралтай болж байгаа юм. Хятадтай харьцуулахад төслийн өртөг ойролцоогоор 14 тэрбум ам.доллар, ашиглалтад орох хугацаа нь 10-11 жил буюу үнэтэй бас удаан байгаа нь сул тал болж байна. Москва төслийг Засгийн газрын кредит зээлээр санхүүжүүлдэг ба мөнгөн хэлбэрээр эсвэл станцад хувь эзэмших замаар төлбөрөө авдаг.

***Казахстаны Засгийн газар Орос, Хятадын тавьж буй саналуудыг олон нийтэд ил зарлаагүй. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авсан зарим тоон мэдээлэл, тавьсан нөхцөлийн талаарх таамаглалууд бодит байдлаас зөрөх магадлалтай.

Дүгнэлт:

Казахстан Улсын цахилгаан эрчим хүчний салбар, АЦС-ын төслийн эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудад тулгуурлан дүгнэхэд:

Нэгдүгээрт, Казахстан АЦС-ын төслөөр дамжуулан эрчим хүчний бие даасан байдлаа хангах оролдлого хийж байгаагаас гадна Москва болон Бээжингийн хооронд хүчний тэнцвэрийг хадгалах стратегидаа хөзөр болгон ашиглаж байна. Нөгөө талд, Орос, Хятадын аль аль нь Казахстаны АЦС барих төсөлд оролцох сонирхол нэн өндөр. Учир нь Казахстан бүс нутагтаа стратегийн тэнцвэржүүлэгч гэж хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрсэн тул Төв Азид нөлөөгөө хадгалахыг хүссэн ямар ч тоглогч Астанаг талдаа татах шаардлагатай.

Хоёрдугаарт, Төв Азийн орнуудад бодлогын баримт бичгүүддээ зорилго, зорилтуудаа дөвийлгөн оруулдаг түгээмэл жишиг бий. Казахстан цахилгаан эрчим хүчний дунд хугацааны батлагдсан төлөвлөгөөндөө заасан шиг 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний дэд бүтцийн ашиглалтын хүчин чадлыг 26 ГВт-аар нэмэгдүүлж чадах эсэх нь эргэлзээтэй. Дэд бүтэц шинээр барих, хуучин дэд бүтцүүдийг засварлах, өргөтгөх ажлуудад их хэмжээний капитал шаардагдана. Үүнийг тэд дотоод нөөц, гадаадын хөрөнгө оруулалт, дуудлага худалдаа гэсэн үндсэн гурван арга замаар шийднэ гэв. Сонгодог утгаар эрчим хүчний хараат бус улс болох зорилгодоо хүрэхийн тулд дотоод улс төржилт, гадаад орчны нөлөө зэргийг тэсэж гарах, шаардлагатай хөрөнгийг босгох зэрэг сорилтууд хүлээж байна.

Гуравдугаарт, Казахстан, Хятад хоёр албан ёсны гэрээ байгуулж чадахгүй байгаагийн цаана Казахстаны тал “Хятад тэргүүлсэн олон улсын консорциум” байдлаар бусад тоглогчдыг татан оролцуулах, харин Хятадын тал дангаараа төслийг хэрэгжүүлэх гэсэн харилцан ялгаатай ашиг сонирхол байх магадлалтай.

Монгол Улсын хувьд Казахстаны хүчний тэнцвэрийг хадгалах оролдлогыг анхааралтай ажиглахын зэрэгцээ хөрш орнуудын харилцааны динамикийг мэдэрч эрчим хүчний салбарын бие даасан байдлыг бий болгох чиглэл рүү бодлоготойгоор нүүдэл хийх ёстой.

 Эх сурвалж

  1. Akorda (2021). Memleket basshysy Kasym-Zhómart Tokaevtyn Qazaqstan halqyna zhóldauy. https://www.akorda.kz/kz/memleket-basshysy-kasym-zhomart-tokaevtynkazakstan-halkyna-zholdauy-183555
  2. Eurasian Research (n.d.). Kazakhstan’s energy future: The role and importance of nuclear power plants. https://www.eurasian-research.org/publication/kazakhstans-energy-future-the-role-and-importance-of-nuclear-power-plants/
  3. Satubaldina, A. (2024, October 8). Kazakhstan’s official referendum results out: 71 % back nuclear power plant proposal. The Astana Times. https://astanatimes.com/2024/10/kazakhstans-official-referendum-results-out-71-back-nuclear-power-plant-proposal/
  4. (n.d.). China’s SNNC to lead construction of Kazakhstan’s 2nd nuclear power plant. Qazinform. https://qazinform.com/news/chinas-snnc-to-lead-construction-of-kazakhstans-2nd-nuclear-power-plant-9d13b5
  5. Satubaldina, A. (2025, October). Almaty region chosen for Kazakhstan’s second nuclear power plant. The Astana Times. https://astanatimes.com/2025/10/almaty-region-chosen-for-kazakstans-second-nuclear-power-plant/
  6. kz. Энергетика министрлігі электр энергетикасы саласын дамыту жөніндегі іс-шаралар жоспарын әзірледі; 26 ГВт және өндірiшi қуаттар іске қосылмақ PrimeMinister.kz. https://primeminister.kz/news/energetika-ministrligi-elektr-energetikasy-salasyn-damytu-zhonindegi-is-sharalar-zhosparyn-azirledi-26-gvt-zhana-ondirushi-kuattar-iske-kosylmak-26978
  7. Government of Kazakhstan. (n.d.). Документы — Энергетика. https://www.gov.kz/memleket/entities/energo/documents/details/611688?lang=kk
  8. kz. (n.d.). В Казахстане увеличился разрыв между производством и потреблением электроэнергии Energyprom.kz. https://energyprom.kz/articles-ru/industries-ru/v-kazahstane-uvelichilsya-razryv-mezhdu-proizvodstvom-i-potrebleniem-elektroenergii/
  9. Anadolu Agency. (n.d.). Kazakhstan starts construction of first nuclear power plant. com.tr. https://www.aa.com.tr/en/world/kazakhstan-starts-construction-of-first-nuclear-power-plant/3653854