Ойрх Дорнодын бүс нутагт 2026 оны 2 дугаар сарын 28-нд эхэлсэн АНУ болон Израилийн Ираны эсрэг цэргийн ажиллагаа нь дэлхийн эдийн засагт богино хугацаанд хүчтэй доргилт авчирч, дунд болон урт хугацаанд тогтворгүй байдлыг гүнзгийрүүлэх өндөр эрсдэлтэй үйл явдал болж байна. Энэхүү дайн нь зөвхөн оролцогч орнуудын эдийн засагт бус, дэлхий даяар эрчим хүч, санхүүгийн зах зээл, тээвэр, аялал жуулчлал зэрэг олон салбарт шууд болон шууд бус нөлөөллийг үзүүлж эхэлсэн нь Монголын эдийн засагт ч дам нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Ормузын хоолой хаагдаж, Саудын Арабын нефть боловсруулах үйлдвэрүүд пуужингийн дайралтад өртсөнөөр дэлхийн нефтийн нийлүүлэлт тасалдаж, үнэ богино хугацаанд огцом өссөн нь Монголын гол худалдааны түншүүд болох БНХАУ, Япон, Өмнөд Солонгосын эдийн засагт дарамт учруулж байна. Эдгээр улсуудын инфляцын өсөлт нь манай улсын импортын барааны өртөг, шатахууны үнэ, өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд дам нөлөө үзүүлж, инфляцын түвшинг огцом нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Богино хугацаанд шатахууны үнэ өсөх нь тээврийн зардлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн өртгийг өсгөх бол дунд хугацаанд экспортын өрсөлдөх чадвар буурах, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Монголын хувьд нефтийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэггүй, шатахууны импортын хамаарал өндөр тул дэлхийн зах зээлийн савлагаа шууд болон дам нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, валютын ханшийн савлагаа, хөрөнгө оруулалтын урсгалын бууралт зэрэг нь эдийн засгийн тогтвортой байдалд сорилт учруулна. Иймээс богино хугацааны шууд нөлөө, дунд хугацааны эрсдэл, урт хугацааны тогтвортой байдлыг хангах бодлогын шаардлагыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Эдийн засагт үзүүлэх богино, дунд, урт хугацааны нөлөө
Энэхүү үйл явдлын эдийн засгийн үр дагаврыг ойлгохын тулд богино хугацааны шууд нөлөө, дунд хугацааны эрсдэл, урт хугацаанд ямар нөлөө үзүүлж болохыг тоймлон танилцуулъя.
Дайн эхэлснээс хойш дэлхийн эдийн засагт түүхий эдийн хэмжээ, үнэ, тээврийн нөхцөл байдлаар дамжуулан Эрчим хүч, Санхүүгийн зах зээл, Аялал жуулчлал болон тээвэр гэсэн салбаруудад шууд нөлөө үзүүлж эхлээд байна.
Хамгийн гол нөлөө үзүүлж байгаа салбар нь эрчим хүчний салбар юм. Ормузын хоолой хаагдаж, Саудын Араб дахь дэлхийн хамгийн том нефть боловсруулах үйлдвэр пуужингийн дайралтад өртсөнөөр дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж, үнэ богино хугацаанд 10-40 хувиар өссөн бол байгалийн хийн үнэ мөн л өсөж байна.

Эх сурвалж. tradingeconomics.com
Түүхий нефтийн олборлолт, тээврийн саатал, үнийн өсөлт нь манай улсын гадаад худалдааны гол түнш орнууд болох БНХАУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад үзүүлэх сөрөг нөлөө өндөр байхаар байна. Учир нь Ираны зүгээс тээвэрлэлтийг зогсоогоод байгаа Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн 20 орчим хувийг тээвэрлэдэг бөгөөд дээр нэр дурдсан орнууд тухайлбал БНХАУ нэг өдрийн нефтийн хэрэглээ 16 сая орчим баррель байдаг бол уг хоолойгоор татан авч буй нефтийн хэмжээ нь 2024 оны байдлаар 4.78 сая баррель байгаа нь нийт нефтийн импортын бараг 30 орчим хувь болж байна. Япон улсын хувьд 1.5 сая баррель нефтийг өдөрт энэ хоолойгоор дамжуулж авдаг бөгөөд өдрийн нийт хэрэглээ 2024 оны байдлаар 3.4 сая баррель юм. Өөрөөр хэлбэл нийт нефтийн өдрийн хэрэглээний 44 хувь нь энэ хоолойгоор дамжиж байна. Үүнээс гадна Япон улс байгалийн хийн хэрэглээний нэлээд хувийг энэ хоолойгоор дамжуулж авдаг. Өмнөд Солонгосын хувьд ч Японтой ойролцоо 1.7 сая баррелийг хэрэглэдэг бөгөөд өдрийн нийт хэрэглээ нь 2.9 сая баррель гэвэл 58.6 хувь нь энэ хоолойгоор дамждаг байна.

Эх сурвалж: https://en.macromicro.me
Энэ дүр зургаас харвал манай гадаад худалдааны голлох түнш орнуудад нефтийн бүтээгдэхүүний хомсдолд орж эхлэх аюул бий болж байна. Хэдийгээр эдгээр улсууд багадаа 3 сарын нөөцтэй боловч цаашид дайн сунжрах тохиолдолд нефтийн нөөц тасалдаж үнийн өсөлт эдийн засагт нь нөлөөлөх нөхцөл байдал үүснэ.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалаад эрэлт нэмэгдэж, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн тохиолдолд манай улсад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэмэгдэх бодит аюул нүүрлэнэ.
Хэрэглээний бараа бүтээгдэхүүний 40 орчим хувийг бүрдүүлдэг импортын бараа бүтээгдэхүүний инфляц нь манай улсын эдийн засгийн томоохон сорилт болж байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх нь дотоодын хүнсний аюулгүй байдалд дарамт учруулж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нь инфляцын түвшнийг огцом өсгөх болно. Манай улсын инфляц 2025 оны 12 болон 2026 оны 1 сард тус бүр 7.5 хувьтай гарсан. Хэрэв дайнаас улбаатайгаар БНХАУ-д инфляц одоогийн байгаа түвшнээс 1 нэгж хувиар өсвөл манай улсад үзүүлэх нөлөө тухайн улиралдаа болон дараагийн улиралд хуримтлагдсан дүнгээр 1.64 нэгж хувь байхаар байна /Тооцооллыг хавсралтад харуулав/. Энэ тохиолдолд манай улсын инфляц одоогийн байгаа 7.5 хувиас 9.14 хувь хүртэл нэмэгдэх эрсдэл бий болж байна. Цаашлаад манай улсад шатахууны үнийн өсөлт явагдвал дээрх дүнтэй хослон инфляц хоёр оронтой тоо руу шилжих бодит эрсдэл бий болохоор харагдаж байна. Энэ нь иргэдийн бодит орлогыг бууруулж, ядуурал нэмэгдэхэд хүргэж, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх юм.
Манай улсын хувьд нефтийн бүтээгдэхүүн ОХУ-аас шууд хамааралтай тул ОХУ-ын зүгээс нийлүүлж буй шатахууны үнийг дэлхийн зах зээлийн эрэлт, үнийн өсөлттэй уялдуулсан тохиолдолд шууд инфляцын дарамт үүсэх, тээврийн зардал өсөх, бараа бүтээгдэхүүний эцсийн үнэ нэмэгдэх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх эрсдэлтэй. Улмаар энэ нь иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх болно. Энэ тохиолдолд өмнөх 1.64 хувь дээр мөн өсөлт нэмэгдэх ба дээр дурдсаны дагуу инфляц хоёр оронтой тоонд хүрэх нөхцөл байдал бий болохоор байна. Шатахууны үнэ өсөх нь зөвхөн өргөн хэрэглээний бараанд бус, уул уурхай, үйлдвэрлэл, тээвэр, логистикийн салбарт шууд дарамт болж, үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж, экспортын өрсөлдөх чадвар буурч, Монголын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлд эрсдэлд орж эхэлнэ гэсэн үг юм.
Экспортын боломж ба эрсдэл талаас нь авч үзвэл дайны улмаас дэлхийн зах зээлд стратегийн металлын эрэлт өсөх магадлалтай бөгөөд Монголын зэсийн экспортын үнэ өсөх нь богино хугацаанд ашигтай боловч урт хугацаанд дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал нь эрэлт буурахад хүргэж болзошгүй. Нөгөө талаар Олон улсын зах зээл дээр байгалийн хийн тасалдал, үнийн өсөлт гарч байгаатай холбоотойгоор, эрчим хүчний өөр нэг эх үүсвэр болох нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ нь 2026 оны 3 сарын 6-ы өдрийн байдлаар 15 сарын дээд түвшиндээ хүрсэн. Хятад улс эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх шаардлагаас улбаатайгаар Монголын нүүрсний эрэлт өсөх боломжтой боловч тээврийн өртөг нэмэгдэж, экспортын өрсөлдөх чадвар буурах эрсдэлтэйг мөн бодолцох ёстой. Оросын хувьд нефтийн үнэ өсөх нь орлогыг нэмэгдүүлэх боловч Оросын эдийн засгийн тогтворгүй байдал нь Монголын импортын өртөгт дарамт үзүүлнэ.
Монголын эдийн засгийн салбаруудын хувьд уул уурхай нь богино хугацаанд ашигтай боловч урт хугацаанд эрэлт буурах эрсдэлтэй, хөдөө аж ахуй нь импортын хүнсний үнэ өсөхөд дотоодын үйлдвэрлэл өрсөлдөх чадвар нэмэгдэж, дотоодын хүнсний аюулгүй байдлыг хангах боломжтой, үйлдвэрлэлийн салбар нь шатахууны үнэ өсөхөд өртөг нэмэгдэж, өрсөлдөх чадвар буурч, тээвэр, логистикийн салбар нь шатахууны үнэ өсөхөд зардал нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний эцсийн үнэ өсөхөд хүргэж байна.
Түүнчлэн санхүүгийн тогтворгүй байдал нь Монголын эдийн засагт хүчтэй илэрч болох бөгөөд долларын ханш өсөхөд төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй болж, импортын барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурна. Хөрөнгө оруулалтын урсгалын хувьд дайны улмаас хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, жижиг зах зээлээс хөрөнгөө татах магадлалтай бөгөөд Монголын шууд хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй байна. Банкны салбарын гадаад эх үүсвэрийн өртөг нэмэгдэж, зээл олголт хумигдаж, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл үүснэ.
Урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын төрөлжилтийг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, валютын ханшийн савлагааг бууруулах бодлого хэрэгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.
Иран, АНУ, Израилийн дайны шууд бус нөлөө манай улсын эдийн засагт дам байдлаар богино хугацаа гэхээсээ дунд хугацаанд үзүүлэх нөлөө өндөр байна. Энэ нь нефтийн үнэ өсөх нь инфляц, импортын өртөг, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, экспортын богино хугацааны ашигтай талууд байгаа ч урт хугацаанд эрэлт буурах эрсдэлтэй болж байна. Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд энергийн аюулгүй байдал, экспортын төрөлжилт, санхүүгийн тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь Монголын эдийн засгийг дэлхийн зах зээлийн савлагаанаас хамгаалах гол арга зам болж байна.
Эх сурваж:
https://www.cnbc.com/2026/03/03/strait-of-hormuz-closure-which-countries-will-be-hit-the-most.html
https://tradingeconomics.com/commodity/coal









Хариу өгөх