Төв Азийн таван улсаас эдийн засгийн хэмжээгээрээ сүүлийн 30 жилийн турш дөрөвт явж буй Киргизстаны эдийн засаг 2025 онд огцом өсөж, бодит ДНБ-ний өсөлт 11.1%-д хүрлээ. Киргизстаны эдийн засаг сүүлийн 4 жилийн хугацаанд тууштай өссөнөөр нэрлэсэн ДНБ 22.5 тэрбум ам.доллароор хэмжигдэв. Гэвч уг өсөлт нь геополитикийн тогтворгүй нөхцөл байдлын түр зуурын нөлөөлөл байсан уу, эсвэл гурван хувьсгалын дараах дотоод бүтцийн өөрчлөлтөд тулгуурласан тогтвортой хөгжлийн эхлэл байсан уу гэдэг асуудал судлаачдын анхаарлыг татаж байна.
Эдийн засгийн огцом өсөлт
2022 оны 2 дугаар сард Украины хямрал эхэлснээр дэлхийн хэмжээнд геополитикийн эрсдэл огцом нэмэгдэж, ялангуяа Евроазийн эдийн засгийн холбоо-ны гишүүн орнуудын эдийн засгийн аюулгүй байдалд томоохон сорилт тулгарсан. Гадаад шокын үед эдийн засгийн хэмжээ бага, бүтэц нь хязгаарлагдмал улсууд харьцангуй эмзэг байдаг олон улсын улс төр, эдийн засгийн нийтлэг зүй тогтлын үүднээс авч үзвэл Киргизстаны хувьд хямрал гүнзгийрэх магадлал өндөр хэмээн таамаглагдаж байв.
Энэхүү өөдрөг бус төсөөллийн гол үндэслэл нь ОХУ Киргизстаны эдийн засгийн хамгийн нөлөө бүхий түнш хэвээр байсан явдал юм. Тухайлбал, 2021 оны байдлаар ойролцоогоор 400 мянган Киргиз иргэн ОХУ-д хөдөлмөр эрхэлж, Киргиз рүү шилжүүлсэн мөнгөн гуйвуулга нь тус улсын бодит ДНБ-ний 30 орчим хувьтай тэнцэх буюу 2.1 тэрбум ам.долларт хүрч байв. Үүнээс гадна эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор гуравны нэг нь ОХУ-аас хамааралтай байсан нь бүтцийн эмзэг байдлыг улам тодотгож байлаа.
Ийм нөхцөлд 2022 оны эцсийн байдлаар ОХУ-аас Киргиз рүү чиглэсэн цэвэр мөнгөн гуйвуулга 1.8 тэрбум ам.доллар болж буурсан нь эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой дарамт үүсгэх бодит эрсдэлийг илтгэсэн үзүүлэлт болсон юм.
Гэвч цаг хугацааны явцад, 2022 оны 2 дугаар сараас эхэлсэн Украины хямрал бүрэн хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болон өргөжснөөс хойших дөрвөн жилийн хугацаанд Киргизстаны эдийн засагт анх таамаглаж байсан гүнзгий уналт бус, харин харьцангуй өндөр өсөлтөөр илэрсэн эсрэг чиг хандлага ажиглагдав.
Киргизстаны Засгийн газрын мэдээллээр 2022–2025 оны эцэс хүртэлх хугацаанд бодит ДНБ-ний жилийн дундаж өсөлт 10.4 хувьд хадгалагдсан байна. Мөн Үндэсний статистикийн байгууллагын тоон мэдээллээс үзвэл, дайн эхлэхийн өмнөх 2021 оноос 2024 оны эцэс хүртэлх нэрлэсэн ДНБ-ний жилийн нийлмэл өсөлтийн хувь (CAGR) 26.4 хувьд хүрсэн нь богино хугацаанд эдийн засгийн хэмжээ эрчимтэй тэлснийг илтгэнэ.
Энэхүү өсөлт нь институцийн болон хөрөнгө оруулалтын суурь үзүүлэлтүүдтэй зөрчилдөх шинжтэй байв. Тухайлбал, Киргизстан нь авлигын түвшнээр доогуур үнэлэгдсэн хэвээр, олон улсын зээлжих зэрэглэл тогтвортой сайжраагүй, томоохон уул уурхайн мега төслүүдийг хэрэгжүүлэн их хэмжээний шууд гадаад хөрөнгө оруулалт татаж чадаагүй, бизнесийн орчны чанарын үнэлгээ хязгаарлагдмал хэвээр байв. Ийм нөхцөлд Киргизстаны эдийн засгийн өсөлт нь зөвхөн Төв Ази-ийн хүрээнд төдийгүй дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлтэд тооцогдох хэмжээнд хүрсэн нь онолын болон бодлогын шинжилгээний хувьд анхаарал татахуйц үзэгдэл болж байна.
Эдийн засгийн огцом өсөлтийг зүүний популист, авторитар чиг хандлагатай хэмээн тодорхойлогддог Садыр Жапаров-ын Засгийн газрын бодлогын шууд үр дүн гэж тайлбарлах нь дэндүү нэг талт, дүгнэлтийн хувьд өрөөсгөл байж болох юм. Харин эсрэгээрээ, 2022 онд эхэлсэн Украины хямралын дараах геоэдийн засгийн орчны огцом өөрчлөлт нь Киргизстаны эдийн засгийн динамикт шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, геополитикийн хямралын нөхцөл байдал өөрөө тус улсын ДНБ-ий огцом тэлэлтийн гол өдөөгч хүчин зүйл болсон байх магадлалтай.
Энэхүү таамгийг шалгахын тулд Киргизстаны ДНБ-ий бүтцийг салбарын ангиллаар задлан шинжилж, хямрал эхлэхээс өмнөх суурь жил болох 2021 оноос 2024 он хүртэлх өөрчлөлтийг харьцуулан авч үзэх боломжтой. Тодруулбал, 2021–2024 оны нэрлэсэн ДНБ-ийг салбар тус бүрээр ангилан, тухайн хугацааны жилийн нийлмэл өсөлтийн хувийг (CAGR) тооцоолсноор аль салбарууд өсөлтийг голлон чирсэн болохыг тогтоох боломж бүрдэнэ.
Ийнхүү хүснэгт 1-д үзүүлсэнчлэн, дээрх аргачлалын дагуу тооцоолсон CAGR үзүүлэлтэд үндэслэн хамгийн өндөр өсөлттэй долоон салбарыг онцлон тэмдэглэсэн болно.
Хүснэгт 1: Киргизстаны нэрлэсэн ДНБ, сая сом
| Үзүүлэлт | 2021 | 2022 | 2023 | 2024 | CAGR |
| Нийт дотоодын бүтээгдэхүүн (GDP) | 782,854.30 | 1,020,000.00 | 1,333,730.00 | 1,582,791.00 | 26.45% |
| Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуур | 97,169.70 | 112,249.30 | 126,259.80 | 136,463.30 | 11.99% |
| Уул уурхай | 21,149.50 | 18,361.00 | 26,219.50 | 36,951.70 | 20.44% |
| Боловсруулах үйлдвэрлэл | 92,429.00 | 139,260.80 | 167,537.80 | 200,814.80 | 29.52% |
| Цахилгаан, хий, үйлдвэрлэл, түгээлт, нийлүүлэлт | 12,336.60 | 14,949.60 | 20,571.60 | 27,996.40 | 31.36% |
| Усны хангамж, бохир ус цэвэрлэх, устгал | 2,624.90 | 2,244.70 | 2,533.50 | 3,568.20 | 10.78% |
| Барилга | 57,777.60 | 72,144.40 | 97,863.60 | 121,649.60 | 28.47% |
| Худалдаа; тээврийн хэрэгслийн засвар | 122,362.90 | 154,600.10 | 220,851.80 | 273,524.70 | 30.75% |
| Тээвэр, агуулах | 28,040.00 | 30,540.00 | 45,773.00 | 47,758.40 | 19.28% |
| Зочид буудал, үйлчилгээний байгууллага | 9,432.70 | 17,495.80 | 24,467.00 | 33,790.40 | 53.01% |
| Мэдээлэл, харилцаа холбоо | 20,319.90 | 23,568.00 | 71,092.80 | 41,032.50 | 26.40% |
| Санхүү, даатгал | 30,031.90 | 63,568.70 | 71,092.80 | 107,325.00 | 52.80% |
| Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа | 39,241.00 | 56,568.20 | 68,990.90 | 107,355.10 | 39.86% |
| Мэргэжлийн, шинжлэх ухаан, техникийн үйл ажиллагаа | 9,577.20 | 11,134.00 | 15,547.10 | 19,064.90 | 25.80% |
| Захиргааны болон туслах үйлчилгээний үйл ажиллагаа | 2,682.20 | 4,280.10 | 7,165.10 | 8,280.20 | 45.61% |
| Төрийн захиргаа, батлан хамгаалах; нийгмийн хамгаалал | 49,112.30 | 55,306.40 | 78,419.00 | 79,413.00 | 17.13% |
| Боловсрол | 44,266.50 | 64,507.40 | 77,002.20 | 78,077.20 | 20.82% |
| Хүний эрүүл мэнд, нийгмийн ажил | 20,284.20 | 25,743.10 | 31,313.70 | 36,984.20 | 22.17% |
| Урлаг, зугаа цэнгэл, амралт | 3,107.20 | 4,729.30 | 6,782.30 | 7,750.80 | 35.62% |
| Санхүүгийн зуучлалын шууд бус хэмжигдэх үйлчилгээ | 9,930.40 | 12,344.40 | 14,729.80 | 18,319.60 | 22.64% |
| Өрхийн болон өөрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, үйлчилгээ | 253.2 | 282.4 | 289.6 | 333.8 | 9.65% |
| Бүтээгдэхүүнд ногдох цэвэр татвар | 100,234.00 | 140,796.50 | 208,389.60 | 227,332.10 | 31.39% |
Эх сурвалж: Киргизстаны статистикийн хороо
Дээрх хүснэгтээс үзвэл, жилийн нийлмэл өсөлтийн хувиар зочид буудал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ 53 хувь, захиргааны болон туслах үйлчилгээ 45.6 хувь, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа 39.8 хувь, урлаг, зугаа цэнгэл, амралт 35.6 хувиар тус тус өссөн байна. Энэхүү өсөлт нь Орос–Украины дайны улмаас ОХУ-ын иргэд Киргизстанд олноор шилжин ирсэнтэй холбоотойгоор үйлчилгээний салбарт эрэлтийн огцом нэмэгдэл бий болсонтой шууд уялдаж байна. Тухайлбал, 2022 онд ОХУ-аас 500 мянга гаруй иргэн Киргизстанд нэвтэрч, дараагийн жилүүдэд энэ үзүүлэлт 200–400 мянгын хооронд хэлбэлзсэн бол, нөгөө талаас ОХУ-д ажиллаж, амьдарч байсан Киргиз иргэдийн тоо 650 мянгад хүрч, эсрэг чиглэлийн хүн амын урсгал мөн нэмэгдсэн нь дээрх тайлбарыг статистикийн хувьд бататгана.
Үүнээс гадна, Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаровын “2025 он гэхэд Киргизстан дахь Оросын компаниудын тоо хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн” хэмээх мэдэгдэл нь захиргааны болон туслах үйлчилгээ, мөн үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт харьцангуй өндөр байгааг институцийн болон хөрөнгө оруулалтын хүчин зүйлсээр тайлбарлах боломжийг олгож байна. Ийнхүү хүн амын шилжилт хөдөлгөөн, бизнесийн идэвхжил, гадаадын компанийн оролцоо зэрэг хүчин зүйлсийн огтлолцол нь Киргизстаны үйлчилгээний салбарын богино хугацаанд эрчимтэй тэлэх суурь нөхцөлийг бүрдүүлжээ.
Украины хямралын нөлөөгөөр хил дамнасан худалдаа болон валютын гүйлгээ эрчимжсэн нь санхүү, даатгалын салбарын жилийн нийлмэл дундаж өсөлт 52.8 хувь, худалдаа, тээврийн хэрэгслийн засварын салбарынх 30.75 хувь байгаагаар илэрхийлэгдэж байна. Тухайлбал, 2020–2024 оны хооронд Киргизстаны ОХУ-тай хийсэн худалдааны нийт эргэлт бараг 2.5 дахин нэмэгдсэн бөгөөд үүний дотор экспорт 4.5 дахин, импорт 2.1 дахин өссөн нь ажиглагдаж байна. Энэхүү хандлага нь ОХУ хориг арга хэмжээний улмаас шууд нийлүүлэлт хязгаарлагдсан бараа бүтээгдэхүүнийг Киргизстанаар дамжуулан татан авах, мөн алдагдсан зах зээлийн боломжийг БНХАУ-аар орлуулах стратегитай холбоотой гэж үзэх үндэслэлтэй.
Зарим эх сурвалжийн мэдээллээр, Европын Холбоо болон БНХАУ-д үйлдвэрлэсэн машин механизм, электрон тоног төхөөрөмж болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнүүд Киргизстанаар дамжин реэкспортын хэлбэрээр ОХУ-д нэвтэрч байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгчид болон зуучлагч этгээдүүд бараа бүтээгдэхүүнээ ОХУ руу шууд, ил тод нийлүүлэхийн оронд эхлээд Киргизстанд оруулж, улмаар Евроазийн эдийн засгийн холбоо-ны гаалийн нэгдсэн бүсэд хамруулах замаар хориг арга хэмжээнээс зайлсхийх, бизнесийн нэр хүндийн эрсдэлийг бууруулах арга барилыг ашиглаж байна.
Ийнхүү Киргизстаны нутаг дэвсгэрт нэгэнт нэвтэрсэн машин механизм, тоног төхөөрөмжүүдийн цаашдын шилжилт, эцсийн хэрэглээ тодорхой бус хэвээр үлдэх тохиолдол түгээмэл бөгөөд зарим эх сурвалжид дурдсанаар эдгээр бүтээгдэхүүн нь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаанд шууд болон шууд бус байдлаар ашиглагдаж болзошгүй талаар мэдээлэл гарч байна. Энэхүү нөхцөл байдал нь Киргизстаны худалдаа, санхүүгийн салбарын өсөлтийг тайлбарлахын зэрэгцээ бүс нутгийн аюулгүй байдал, олон улсын хориг арга хэмжээний хэрэгжилтэд шинэ сорилтууд үүсгэж байгааг харуулж байна.
Үүнээс гадна, Киргизстаны санхүүгийн салбарын өсөлт нь зангилаатай утас мэт олон хүчин зүйл огтлолцсон, нэлээд адармаатай шинжтэй байна. Киргизстаны зээлжих зэрэглэл мэдэгдэхүйц ахиагүй, мөн санхүүгийн салбарт бүтцийн томоохон реформ хэрэгжээгүй хэвээр байхад санхүү, даатгалын салбарын жилийн нийлмэл дундаж өсөлт 52.8 хувь байгаа нь эдийн засгийн суурь нөхцөлтэй харьцуулахад онцгой өндөр, анхаарал татахуйц үзүүлэлт юм.
Түүхэн үүднээс авч үзвэл, Киргизстаны санхүүгийн салбар нь ОХУ-ын банк, санхүүгийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотойгоор хөгжиж ирсэн онцлогтой. Энэ хүрээнд, АНУ-ын Төрийн департаментын албан ёсны мэдэгдэлд Киргизстаны банкны салбарын ашиг, хөрөнгийн хэмжээ өссөн нь ОХУ руу болон ОХУ-аас чиглэсэн мөнгөн гуйвуулга, валютын шилжүүлгийн урсгал эрс нэмэгдсэнтэй шууд холбоотойг онцолсон байдаг.
Иймд санхүү, даатгалын салбарын огцом өсөлтийг дотоодын бодлогын шинэчлэл, институцийн чадавхын ахиц дэвшлээр бус, харин Украины хямралын дараах бүс нутгийн геоэдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа ОХУ-тай холбогдсон санхүүгийн урсгалууд Киргизстаны санхүүгийн тогтолцоонд төвлөрсөнтэй холбон тайлбарлах нь илүү бодитой юм.
Санхүүгийн салбарын өсөлтийг “адармаатай” хэмээн тодорхойлж буй шалтгаан нь Киргизстан ОХУ-ын рубльтэй нэрлэсэн A7A5 стейблкойныг ашиглахтай холбогдон уг койны санхүүгийн схемийн дундын зуучлагч болсон байж болзошгүй гэх хардлагад өртсөнтэй холбоотой юм. Тодруулбал, Киргизстаны Grinex, Tengricoin, Old Vector, мөн Capital Bank of Central Asia зэрэг компани, байгууллагууд рублийн стейблкойнтой холбоотой үйл ажиллагааны улмаас 2025 оны наймдугаар сард Английн засгийн газрын хориг арга хэмжээнд хамрагдсан байна.
Өмнө нь, Киргизстаны арилжааны банкнууд олон улсын санхүүгийн хориг арга хэмжээнд өртөх эрсдэлийг бууруулах зорилгоор 2022 онд ОХУ-д төвтэй MIR төлбөрийн систем-ийг ашиглахаа зогсоосон хэдий ч, удалгүй стейблкойнтой холбоотой асуудлуудаас үүдэн салбарын хэмжээнд нэр хүндийн эрсдэл дахин бий болсон нь анхаарал татаж байна.
Киргизстаны компаниудаар дамжин рублийн харьцангуй чөлөөтэй солилцоо санхүүгийн салбарын өсөлтөд яг ямар хэмжээний нөлөө үзүүлснийг тоон үзүүлэлтээр нарийвчлан тооцоолох боломж хязгаарлагдмал хэвээр байна. Гэсэн хэдий ч “савтай ус цалигладгийн адилаар” гүйлгээний тодорхой хэсэг Киргизстаны санхүүгийн зах зээлд үлдэн шингэж, салбарын ашиг, эргэлт, идэвхжилийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан байх магадлал өндөр гэж дүгнэх үндэслэл байна.
Дүгнэлт
ОХУ олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийх боломжит гарцуудыг эрэлхийлэх явцдаа Киргизстаныг дамжин өнгөрөх ээлжит “коридор” болгон ашиглаж ирсэн тухай нээлттэй эх сурвалжууд дурдагдаж байна. Геополитикийн хурцадмал нөхцөл байдалтай давхцан бий болсон эдийн засгийн огцом өсөлтийг зарим судлаачид бэлгэдлийн чанартайгаар “Төв Азид бар төрлөө” хэмээн нэрлэсэн нь ч бий. Гэсэн хэдий ч дээр дурдсан худалдаа, санхүү, реэкспортын урсгалтай холбоотой баримтуудыг системтэй авч үзвэл, сүүлийн жилүүдэд ажиглагдсан жилийн 10 хувиас давсан бодит ДНБ-ний өсөлтийг урт хугацаанд тогтвортой хадгалагдах, институцийн суурь шинэчлэлд тулгуурласан өсөлт гэхээс илүүтэй геополитикийн хямралын нөхцөлд үүссэн, түр зуурын шинжтэй өсөлт хэмээн тодорхойлох нь илүү үндэслэлтэй юм.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд АНУ болон Европын Холбооны зүгээс Киргизстаныг ОХУ-ын “саарал зах зээл”-д чиглэсэн худалдаа, санхүүгийн дамжин өнгөрөх зангилаа болж болзошгүй талаар ил болон далд хэлбэрээр шүүмжилж ирсэн бөгөөд Киргизстаны эрх баригчид эдгээр шүүмжлэлийг тухай бүр няцаасаар ирсэн. Гэсэн хэдий ч 2025 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн Киргизстан ОХУ-д хориг арга хэмжээнээс зайлсхийхэд харьцангуй таатай орчин бүрдүүлж байна гэсэн асуудал ЕХ-ны бодлогын түвшинд илүү идэвхтэй яригдаж эхэлсэн нь анхаарал татаж байна.
Тухайлбал, 2026 оны эхний улиралд батлагдах магадлалтай гэж хэлэлцэгдэж буй Европын Холбооны ОХУ-ын эсрэг 20 дахь хориг арга хэмжээний багцын хүрээнд Киргизстан гуравдагч орон хэлбэрээр хоригийн зохицуулалтад хамрагдах боломжтой талаар шинжээчид дурдах болсон. Хэрэв уг багц бодитоор хэрэгжвэл, эхний ээлжид ЕХ-ноос Киргизстан руу төмөр, хуванцар, мод боловсруулах зориулалттай CNC машин, мөн мэдээлэл, харилцаа холбооны тодорхой төрлийн тоног төхөөрөмжийн экспортыг хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна. Үүний зэрэгцээ, TengriCoin-ийг Европын Холбооны хар жагсаалтад оруулах асуудал хэлэлцээний түвшинд яригдаж буй нь Киргизстаны эдийн засгийн өсөлт гадаад бодлогын орчин, хориг арга хэмжээний дэглэмтэй улам бүр огтлолцож, эрсдэлийн шинж чанартай болж байгааг илтгэж байна.
Өнгөц үнэлгээгээр Европын Холбооны 20 дахь хориг арга хэмжээ Киргизстаны эдийн засагт шууд, хүчтэй сөрөг нөлөө үзүүлэхгүй мэт харагдаж болно. Гэвч ойрын жилүүдэд эрх баригчид дипломат шугамаар эрсдэлийг удирдаж, гадаад орчны дарамтыг сааруулж чадахгүй тохиолдолд хөрөнгө оруулалтын сааралт, зээлжих зэрэглэлийн бууралт, цаашлаад FATF-ын саарал жагсаалтад хамрагдах, SWIFT-тэй холбоотой хязгаарлалтад өртөх зэрэг шаталсан хоригийн эрсдэл бодитоор нэмэгдэх магадлалтай. Ийм эрсдэл нь хөгжиж буй, хөрөнгө оруулалтад түшиглэсэн эдийн засагт дунд болон урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай.
Киргизстаны гол эдийн засгийн түншүүд болох БНХАУ болон ОХУ-тай хийх худалдаа үргэлжилж буй нөхцөлд Европын Холбоо-ны хориг арга хэмжээнүүдийн богино хугацааны нөлөө харьцангуй хязгаарлагдмал байж болох ч, Украины хямралын эцсийн үр дүн тодорхой бус хэвээр байгаа нь Киргизстаны эдийн засгийн ирээдүйн төлөвийг тодорхойгүй байдалд үлдээж байна.
Эх сурвалж:
- https://asiaplustj.info/ru/news/centralasia/20250131/v-kirgizstane-zayavili-chto-migrantov-kirgizstantsev-v-rossii-stalo-napolovinu-menshe
- https://eurasianet.org/eu-ready-to-impose-sanctions-on-kyrgyzstan-report
- https://kaktus.media/doc/475118_v_fsb_rf_podschitali_skolko_grajdan_rossii_vehalo_v_kyrgyzstan_vo_vremia_mobilizacii.html
- https://nationalinterest.org/blog/silk-road-rivalries/explaining-kyrgyzstans-economic-leap
- https://ru.kabar.kg/news/rossijskie-investicii-v-kyrgyzstan-vyrosli-na-75-mek/
- https://vesti.kg/zxc/item/145995-investitsii-v-kyrgyzstan-iz-rossii-dostigli-uzhe-pochti-2-mlrd-dollarov.html
- https://stat.gov.kg/ru
- https://www.trend.az/business/4144716.html
- https://www.rbc.ru/economics/06/05/2023/64525b369a794741406ff2f0
- Economic boom in the Caucasus and Central Asia in a time of Russian immigration, © European Bank for Reconstruction and Development, Five Bank Street, London E14 4BG, 2023
- https://www.state.gov/reports/2024-investment-climate-statements/kyrgyz-republic
- https://thediplomat.com/2026/02/how-long-can-kyrgyzstans-economic-boom-keep-booming/
- https://astanatimes.com/2026/01/kyrgyz-republics-gdp-nears-23-billion-as-economy-grows-over-11-in-2025/
- https://www.gazeta.ru/politics/news/2025/08/20/26538362.shtml?utm_auth=false
- https://www.rferl.org/a/kyrgyzstan-eu-sanctions-russia-circumvention/33671180.html










Хариу өгөх