2025 он БНХАУ-ын эдийн засгийн хувьд гадаад талаасаа тарифын дарамт, дотоод нөхцөл байдал талаасаа үл хөдлөх хөрөнгийн уналт үргэлжилж, дотоод эрэлт сул хэвээр байсан жил байлаа.
Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Хятадын Засгийн газраас дотоодын хэрэглээг дэмжих, үл хөдлөх хөрөнгийн салбарыг шууд дэмжих бодлогоос татгалзах, экспорт руу чиглэсэн шинэ бодлогыг хэрэгжүүлэх, өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих, ногоон эдийн засаг руу шилжих, мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна.
Нийт эрэлт хангалтгүй сул байгаа нь эдийн засгийн өмнө тулгарч буй хамгийн том сорилт болж байна. Тиймээс орлогын тогтвортой байдлыг хангах, ирээдүйн талаарх санаа зовнилыг арилгах, хэрэглээний орчныг сайжруулах замаар өрхийн зардлыг нэмэгдүүлэх механизмыг бий болгох үүднээс хэрэглээг дэмжих нийт 11 арга хэмжээ бүхий бодлогын багцыг гаргасан. Энэхүү бодлогын багцад хувийн хэрэглээний зээлийг цаашид өргөжүүлэх, ногоон санхүүжилт, эрүүл мэнд, хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг боломжит чиглэлүүдэд илүү их зээл олгох алхмууд багтсан байна.
Үл хөдлөх хөрөнгийн салбарыг шууд дэмжих бодлогоос татгалзсанаар 2025 онд хөрөнгө оруулалт 15.9% буурсан. Засгийн газрын зүгээс шууд аврах арга хэмжээ авалгүй зах зээлийн өөрийн зохицуулалтад тулгуурлан, урт хугацаанд илүү тогтвортой бүтэц бий болгохыг зорьсон байна.
Экспорт нь 2025 онд Хятадын эдийн засгийг тогтворжуулах чухал хүчин зүйл хэвээр байв. АНУ-ын тарифын бодлогоос үүдэлтэйгээр АНУ-аас бусад зах зээл рүү чиглэсэн төрөлжилт, дэлхийн бараа бүтээгдэхүүний эрэлт тогтвортой байгаа байдал зэрэг нь экспортын өсөлтөд эерэг хувь нэмэр оруулах боломжийг олгосон. Энэ оны 11 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар өсөж, сарын экспортын дүн 330.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 10 дугаар сард 1.1 хувийн агшилттай харьцуулахад сэргэсэн үзүүлэлт юм. Энэхүү өсөлтийн цаана гадаад худалдааны хэв маягт бүтцийн чухал өөрчлөлтүүд гарсан байна. АНУ руу хийсэн экспорт өмнөх оны мөн үеэс бараг 29 хувиар буурсан ч Зүүн өмнөд Ази, Латин Америк, Африк, Европын Холбоо руу хийх экспорт нэмэгдсэн. Үүний үр дүнд Хятадын 2025 оны эхний 11 сарын гадаад худалдааны тэнцэл 1.08 их наяд ам.долларын ашигтай гарсан нь 2024 оны дүнгээс давсан үзүүлэлт юм.
Үл хөдлөх хөрөнгийн салбарын сулрал хөрөнгө оруулалт, хэрэглээнд нөлөөлж байгаа хэдий ч импорт мөн сайжирч, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар өссөн байна.
Цахилгаан автомашины (EV) салбарын татаасыг зогсоох шийдвэрийг гаргаж, стратегийн салбарын жагсаалтаас хассанаар цаашид уг салбарыг зах зээлийн зарчмаар үйл ажиллагааг нь явуулах шаардлага тулгарсан. Үүний оронд шинэ технологи, хиймэл оюун ухаан, ногоон салбаруудыг түлхүү дэмжих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн нь дээр дурдсан дотоодын эдийн засаг дахь сул эрэлтийг нэмэгдүүлэх орон зайг тэлэхтэй холбоотой юм.
Эдийн засгийн идэвхжил сул байгаатай уялдуулан мөнгөний бодлогод томоохон өөрчлөлт оруулаагүй бөгөөд сүүлийн долоон сарын хугацаанд 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн хүүг 3 болон 3.5 хувьд хэвээр байлгах шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч 2026 онд нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогыг сулруулах, заавал байлгах нөөцийн харьцааг бууруулах, шаардлагатай тохиолдолд мөнгө хэвлэж зах зээл рүү оруулах, юанийн ханшийг сулруулах зэрэг бодлогын арга хэмжээг авахыг үгүйсгэхээргүй байна.
Төсвийн хувьд “илүү идэвхтэй” байх бодлогын байр суурийг баримталж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 4 хувьд байлгах албан ёсны зорилтоосоо ухарсан. Энэ жил, ялангуяа эхний хагас жилд төсвийн зарцуулалт, өрийн хэмжээ нэмэгдсэн бол татварын орлого буурч төсвийн алдагдал нэмэгдсэн. Хятад улс 2024 онд 7.7%-ийн төсвийн алдагдалтай байсан бол 2025 оны төсвийн нийт алдагдал ДНБ-ий 9% орчимд байхаар тооцоотой байна.
Эдгээр асуудлуудын хүрээнд БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин эдийн засгийн гурван асуудал болох өр, дефляци, хүн ам зүйн өөрчлөлтөд түлхүү анхаарч, өрийн дарамтыг бууруулах, хэрэглээг нэмэгдүүлэх, технологийн салбарыг хөгжүүлэх стратеги баримталсан.
Хятадын сул байгаа хэрэглээг дэмжихэд ажил эрхлэлт чухал нөлөөтэй байгаа боловч ажлын байр хомсдолтой байгаа талаар мэдээллийн эх сурвалжуудад дурдаж байна. Тухайлбал: SDIC Securities компанийн ахлах эдийн засагч Гао Шаньвэнь Хятадын албан ёсны эдийн засгийн мэдээлэл дэх зөрүүг шинжилж, шинээр ажилд орсон хүмүүсийн тоог гаргавал хэвийн хэмжээнээс 47 саяар цөөн байна гэжээ. Түүнээс гадна, 2025 онд Хятадын их дээд сургууль төгсөгчдийн тоо 12.22 саяд хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрч, ажил эрхлэлтийн байдал улам хүндэрнэ гэж үзэж байна.
Ажил эрхлэлтийн бэрхшээлийн өөр нэг тал нь Хятадын ахуйн үйлчилгээний платформ болох 58.com-ын тайлан бөгөөд тус улсын ажиллах хүч улам бүр өндөр боловсролтой, залуужиж, коллеж төгсөгчдийн (бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй) тоо 2023 оныхоос 4.2 дахин их байгааг мэдэгджээ. Төгсөгчдийн тоотой уялдуулан ажлын байрыг хангалттай хэмжээнд нэмэгдүүлж чадаагүй нөхцөлд хэрэглээг дэмжих, дефляцийн дарамтаас гарах боломж хомс болж, бодлогын үр нөлөө сулрах магадлалтай юм.
Дүгнэлт
2025 онд БНХАУ-ын эдийн засагт авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээг дараах 3 чиглэлээр тодорхойлж болохоор байна.
Дотоодын сорилтууд
– Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, хөрөнгө оруулалт 15.9%-аар буурсан.
– Хэрэглээ сул хэвээр, ажил эрхлэлтийн хомсдол нэмэгдэж, шинээр ажилд орсон хүмүүсийн тоо хэвийн хэмжээнээс 47 саяар бага байна.
– Их дээд сургуулийн төгсөгчдийн тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч ажлын байр хангалтгүй байгаа нь хэрэглээний өсөлтийг хязгаарлаж байна.
Гадаад худалдаа ба экспорт
– АНУ-ын тарифын дарамтаас шалтгаалан экспортын бүтэц өөрчлөгдөж, Зүүн өмнөд Ази, Латин Америк, Африк, Европын Холбоо руу чиглэсэн төрөлжилт нэмэгдэв.
– 2025 оны эхний 11 сарын экспорт өмнөх оны мөн үеэс 5.9%-иар өсөж, гадаад худалдааны тэнцэл 1.08 их наяд ам.долларын ашигтай гарсан.
– Импорт мөн 1.9%-иар өссөн нь дотоодын эрэлт бага ч гадаад худалдааны идэвхжил харьцангуй тогтвортой байгааг харуулж байна.
Бодлогын арга хэмжээ
– Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбарыг шууд аврах бодлогоос татгалзаж, зах зээлийн өөрийн зохицуулалтад тулгуурласан.
– Хэрэглээг дэмжих 11 арга хэмжээ бүхий бодлогын багцыг гаргаж, хувийн хэрэглээний зээл, ногоон санхүүжилт, хиймэл оюун ухаан, эрүүл мэндийн салбарыг дэмжив.
– Цахилгаан автомашины салбарын татаасыг зогсоож, оронд нь өндөр технологи, хиймэл оюун ухаан, ногоон эдийн засгийг түлхүү дэмжих чиглэлд шилжив.
– Мөнгөний бодлого тогтвортой хэвээр байсан ч 2026 онд зөөлрүүлэх боломжийг нээлттэй үлдээсэн.
– Төсвийн бодлого илүү идэвхтэй болж, алдагдал ДНБ-ий 9% орчимд хүрэхээр тооцоологдож байна.
2025 он БНХАУ-ын хувьд дотоодын эрэлт сул, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт, ажил эрхлэлтийн хомсдол зэрэг сорилтууд давамгайлсан жил байлаа. Гэсэн хэдий ч экспортын төрөлжилт, өндөр технологи ба ногоон эдийн засгийг дэмжих бодлого нь эдийн засгийг тогтворжуулах гол хүчин зүйл болж байна. Төсвийн идэвхтэй бодлого, мөнгөний зөөлөн бодлогын боломж нь 2026 онд эдийн засгийн эрэлт, хэрэглээг сэргээхэд чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Ашигласан материал:
- https://www.reuters.com/business/finance/china-leaves-benchmark-lending-rates-unchanged-seventh-month-row-december-2025-12-22/
- https://rhg.com/research/chinas-economy-rightsizing-2025-looking-ahead-to-2026/
- https://www.china-briefing.com/news/chinas-economy-in-november-2025-year-end-review-and-2026-outlook/
- https://www.bbc.com/zhongwen/articles/c75wd2zz9l7o/simp
- https://www.bbc.com/zhongwen/articles/cz7nn1qyvgvo/simp
- https://www.thestar.com.my/aseanplus/aseanplus-news/2025/12/22/china-issues-11-point-policy-package-to-boost-consumer-spending-amid-slowing-retail-sales#goog_rewarded










Хариу өгөх