Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

БНХАУ, АНУ, ОХУ-ын геополитикийн харилцаа ба бүс нутгийн динамик: “Ялалтын 80 жилийн ойн баярын жагсаал”

2025 оны 9-р сарын 3-ны өдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Японы милитаризм болон фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярын жагсаал” зохион байгуулагдаж, 26 улсын төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн ирж оролцов.

Олон улсын ажиглагчид энэхүү үйл явдлыг “Си Зиньпин-ий дотоод төдийгүй олон улс дахь байр суурь улам бэхэжсэн, БНХАУ-ын цэргийн хүчин чадал барууны улс орнуудаас давж гарсан, АНУ болон түүний холбоотнуудыг сөрж Хятад, Орос тэргүүтэй шинэ хүчирхэг нэгдэл бүрэлдэж буйг харууллаа” хэмээн дүгнэж байна.

Цэргийн шинжээчдээс, Хятадын орчин үеийн зэвсэг техникийн давуу талыг онцолж буй бол тус улсын дотоод, гадаад орчинд өрнөж буй зарим үйл явдал, цаашдын өрнөлийг судлаачид дараах байдлаар тоймлож байна. Үүнд:

Хятадын дотоод улс төр: 2025 оны 10-р сард хуралдах ХКН-ын Төв хорооны Дөрөвдүгээр бүгд хурлын тов ойртохтой зэрэгцэн “ХКН-ын “Эвлэл”-ийн фракц Ху Зиньтао, Вэнь Зябао нараар тойлгуулж, Цэргийн төв зөвлөлийн дэд дарга Жан Ёсяо нарын дэмжлэгээр Си Зиньпин-ийг эрх мэдлээс буулгаж, Ван Ян-ыг Ерөнхий нарийн бичгийн даргаар, Ху Чуньхуа-г дараагийн Ерөнхий сайдаар томилох” цуу яриа газар авч байна. “Энэ удаагийн цэргийн жагсаалын ард дээр дурдсан “Эвлэлийн бүлэг” буюу Ху Зиньтао байгаа, тэрээр нам доторхи эв нэгдлээ бодолцож цэргийн жагсаалын үеэр огцом алхам хийгээгүй” гэх яриа ч гарав. Харин бодит байдал дээр цэргийн жагсаалын үеэр Ху Зиньтао, Жу Рунзи, Сун Пин, Луо Гань нараас бусад Хятадын нам, төрийн одоогийн болон тэтгэвэрт гарсан өндөр албан тушаалтнууд бүгд ирсэн нь дээрх цуу ярианы хүчийг сулруулж байна. Хэрэв Ху Зиньтао “хөшигний ард” хяналтыг гартаа авсан бол ийм томоохон арга хэмжээний үеэр ил гарах, түүний фракцын гишүүд гол суудлуудыг эзлэх, төв телевизийн дуранд олон давтамжтайгаар өртөх магадлалтай байсан ч ийм зүйл болсонгүй. Харин эсрэгээр Си Зиньпин-ий биеийн хэлэмж, суудлын хуваарилалт зэргээс үзэхэд тэрээр “үндэсний хэмжээнээс хальж, олон улсын удирдагч” болсон гэх мессеж олон нийтэд түгж байна. Зарим судлаачийн дүгнэж буйгаар, Хятадын дотоод дахь бүлэг фракцуудын зөрчил тэмцлийн үр дүнд гэхээс илүү Си Зиньпин-ий хувийн эрүүл мэндийн байдал түүний хамгийн том дайсан болсныг онцолж байна.

ШХАБ-ын 25 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаас өмнөхөн Төвөдийн өөртөө засах оронд очсон Си Зиньпин-ий царай зүс, биеэ авч яваа байдлаас түүний эрүүл мэндэд ноцтой асуудал гарсан байж болзошгүй, тэр нь элэг, зүрх, бөөрний архаг эмгэг байх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

“Чөтгөрийн тэнхлэг”: Тайванийн Ардчилсан дэвшилт намаас энэ удаагийн Хятадын цэргийн жагсаал, түүнд оролцохоор ирсэн гадаад улсуудын тэргүүдийг хамруулж шүүмжилсэн нь анхаарал татаж байна. Түүнд “Хятад, Орос хоёр цэргийн сүрээр энх тайванд заналхийлж байна. Си Зиньпин фашизмын эсрэг нэрээр цэргийн жагсаал зохион байгуулж, түүнтэй хамт нэг тайзан дээр гарч ирэгсэд нь ОХУ, Умард Солонгос, Иран, Мъяанмар зэрэг авторитар, тоталитар дэглэмийн дарангуйлагчид, тэд чөтгөрийн тэнхлэгийг бүрдүүлэв” гэжээ. Барууны шинжээчид, түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс “Хятад, Орос, Умард Солонгосын удирдагчид АНУ-ын эсрэг хуйвалдаан зохион байгуулж, олон улсын шинэ дэглэмийг идэвхжүүлж буй”-г буруушаав. Эндээс үзвэл, Хятад, Оросын удирдагчид олон улс, бус нутаг дахь өөрсдийн нөлөөний хүрээг тэлж, түүндээ шинээр гишүүн элсүүлэхээр чармайж буй, тус нэгдлийн нөлөө бүхий гишүүн нь Умард Солонгос болохыг үйл явдал харуулж байна. Үнэхээр ч энэ удаагийн арга хэмжээний гол дүр нь Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун байлаа. Түүнийг угтах ёслолд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И болон УТТ-ны гишүүн Цай Чи нар оролцсон нь хятадын талаас В.Путинд үзүүлсэн хүндэтгэлээс ч давж гарснан талаар шинжээчид онцолж байна. Ким Жон Ун-ы В.Путинтай хийсэн 2.5 цаг орчмын ярианы гол агуулга “хоёр талын цаашдын харилцааг улам гүнзгийрүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэхээ нотолсон”-оор өндөрлөв. Түүнчлэн В.Путин Бээжинд байх үедээ “хэрэв В.Зеленский оросын талын шаардлагыг хүлээн авахгүй бол Украиныг бууж өгөх хүртэл дайныг эцэст нь хүргэхээс өөр сонголт үлдэхгүй болох”-ыг мэдэгдсэн нь Орос, Украины дайныг зогсоох Д.Трампын хүчин чармайлтыг үр дүнгүй болгох, дайны үйл явц улам ширүүсэх магадлалыг нэмэгдүүлэв.

 ХАЧА-ийн орчин үеийн зэвсэглэл хийгээд байлдах чадвар: Энэ удаагийн цэргийн жагсаалын ач холбогдлыг “дотооддоо эв нэгдэлтэй буйгаа харуулах, гадаадад цэргийн сүр хүчийг тунхаглах” хэмээн товч тодорхойлж болно. Цэргийн жагсаалын үеэр хятадын талаас дрон, лазер, хиймэл оюун ухааны оролцоотой цөөнгүй шинэ техник, технологийн давуу талаа харуулав. Харин цэргийн мэргэжилтнүүд хятадуудын танилцуулж буй цэргийн шинэ зэвсэг техник нь давуу тал биш, гол нь түүнийг байлдааны ажиллагаанд яаж ашиглахаас хамаарахыг онцлов. Тухайлбал, 1) Эдгээр шинэ зэвсэг, техник найдвартай ажиллагаатай эсэх. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдалд сайтар туршигдсан эсэх; 2) Шинэ зэвсэг техникийг ажиллуулж чадах боловсон хүчин хангалттай эсэх; 3) Цэргийн анги, нэгтгэлүүдийн үйл ажиллагаанд яв цав тохирох буюу хамтын ажиллагаа нь асуудалгүй эсэх; 4) Шинэ зэвсэг, техникийн бэлэн байдлыг удирдан зохион байгуулах команд штаб хэвийн ажиллаж чадах эсэхийг сонирхож байна. ХАЧА-ийн сул тал нь сүүлийн хэдэн жилд байлдааны бодит ажиллагаанд оролцож, зэвсэг техникийн, цэргийн бодит чадавхаа туршиж чадаагүйд оршиж буйг мэргэжилтнүүд онцолж байна.

 Дүгнэлт: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг залгуулан зохиогдсон Хятадын цэргийн жагсаал нь “дотоодоо эв нэгдэлтэй буйгаа харуулах, гадаадад цэргийн сүрийг үзүүлэх” гол зорилтоо “биелүүлэв”. Эдгээр үйл явдал нь Хятадын дотоод дахь Си Зиньпин-ий эрх мэдэл ганхаж буй тухай цуу яриаг үгүйсгэхийн зэрэгцээ түүний байр суурь олон улс, бүс нутгийн хэмжээнд тэргүүлж буйг харуулав. Тухайлбал, АНУ тэргүүтэй барууны улс орнуудын эсрэг “Хятад, Орос, Умард Солонгосоор толгойлуулсан олон улсын шинэ формат идэвхижиж буйг илтгэж”, түүнийг нь барууны судлаачид “Чөтгөрийн тэнхлэг” хэмээн ёжилж байна.

Ямартаа ч дээрх “Гурвал” дунд хугацаанд байр сууриа улам нэгтгэх, бүс нутаг дахь нөлөөллөө улам өргөжүүлэх, бусад улс орнуудыг гишүүнчлэлдээ татан оролцуулах улмаар АНУ, түүний холбоотнуудын эсрэг тодорхой бодит алхам хийх нь цаг хугацааны асуудал байж болох талтай нь харагдаж байна. Магадгүй ойрын хугацаанд үүний илрэл нь Тайвань байж болохыг зарим судлаач анхааруулав.

“Гурвал”-ын бодлого, үйл ажиллагаа эргэн тойрны хөрш улсуудад улс төр, эдийн засгийн дарамт шахалтыг нэмэгдүүлэх, геополитикийн хувьд томоохон сорилт авчрах магадлалтай.

 

 Эх сурвалж:

 民進黨中國部:九三閱兵是邪惡軸心嘉年華 中俄窮兵黷武威脅和平 | 中共九三閱兵 | 兩岸 | 聯合新聞網; 中共九三閱兵登場 習近平、普亭與金正恩世紀同框 | 中共九三閱兵 | 兩岸 | 聯合新聞網;

央視重大事故,普習恐怖對話意外曝光;四常委缺席閱兵,高層權力現狀曝光;軍隊戰力存疑;(天亮論政第1727 20250903 #天亮時分 #指月閒談; 畫面曝光!洪秀柱現身中國九三閱兵 穿綠衣坐天安門城樓上│TVBS新聞網; 9-3閱兵爆出20秒大瓜,嚇壞所有人;意外背後的真相(文昭談古論今202509031603期)