Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

БНСУ-ын шинэ ерөнхийлөгчийн баримтлах гадаад бодлого

БНСУ-д Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт 2024 оны 6 дугаар сарын 3-нд  болж өнгөрлөө. Сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн гарч Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён 49.42% санал авч БНСУ-ын 21 дэх ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр Ард түмний хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сүгээс 8 хувиар илүү санал авч ялалт байгуулжээ. Сонгогчдын ирц 79,4 хувьд хүрсэн нь 28 жилийн дараа буюу 1997 оноос хойших ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн өндөр үзүүлэлт юм.[1]

“Засгийн газрын сэргэлт, эдийн засгийн хөгжил, ард түмний аз жаргал” гэсэн гурван зорилгыг улс орны алсын хараа болгон ажиллана гэж заасан Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мёны мөрийн хөтөлбөр 10 зүйлээс бүрджээ. Үүнд: [2]

  1. Дэлхийд тэргүүлэх эдийн засгийн хүчирхэг улсыг байгуулна.
  2. Дотоодын үймээн самууныг цэгцэлж, Солонгосын ардчиллын нэр хүндийг сэргээн ардчилсан улсыг байгуулна.
  3. Өрхийн, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэгш шударга эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.
  4. Дэлхийн дэг журмын өөрчлөлтөд бодитоор хандсан гадаад бодлогыг явуулна.
  5. Ард түмний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах улсыг байгуулна.
  6. Сэжун засаг захиргааны хотын байгуулалтыг дуусгаж, 5 өргөтгөсөн бүс, 3 тусгай бүсийг хөгжүүлнэ.
  7. Хөдөлмөрийг дээдэлсэн, иргэн бүрийн эрхийг хангасан нийгмийг бүтээн байгуулна.
  8. Тогтвортой амьдрал ахуйг нь хангасан, хүүхэд, өндөр настан хэн бүхэнд ээлтэй улс нийгмийг бүтээнэ.
  9. Бага төрөлт, өндөр насжилт гэх нийгмийн өмнө тулгарсан асуудлаа шийдвэрлэж, хүүхэд хөгшдөө асарч халамжилдаг улсыг байгуулна.
  10. Ирээдүй үеийнхээ төлөө уур амьсгалын өөрчлөлтэй идэвхтэй тэмцэнэ.

Түүнчлэн гадаад бодлогын тухайд, улс төрийн дипломат бодлого, эдийн засгийн дипломат бодлого гэсэн хоёр үндсэн чиглэлээр авч үзсэн байна.

Улс төр, аюулгүй байдлын хувьд, дипломат ажиллагаагаа өргөжүүлэн, төрөлжүүлэх, хөрш дөрвөн орон (АНУ, ОХУ, БНХАУ, Япон)-той явуулах дипломат бодлогодоо үндэсний эрх ашгийг чухалчлан, бодит байдалд тулгуурлан хөгжүүлэх, АНУ-тай байгуулсан бат бөх холбоотны харилцаанд суурилсан тогтоон барих чадвараа бататгах, хоёр Солонгос хоорондын харилцааг сэргээж, эвлэрэл, хамтын ажиллагаанд шилжихийг дэмжиж ажиллах, Солонгосын хойг дахь цэргийн хурцадмал байдлыг намжааж, тайван уур амьсгалыг бий болгох, Умард Солонгосын цөмийн аюулыг аажмаар бууруулж, цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайвны дэглэм тогтооход бодит ахиц дэвшилд хүрэх, олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаан дахь үүрэг оролцоогоо өргөжүүлэн, үндэсний нэр хүнд, имижийг дээшлүүлэх, олон нийтийн дипломат ажиллагааг дэмжиж ажиллахад чиглэж байна.

Эдийн засгийн дипломат бодлогын хувьд, G20, G7 орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх эдийн засгийн дипломат харилцааг чухалчлах, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, худалдааны стратеги бодлогыг хөхиүлэн дэмжих, үндэсний эрх ашгийг нэн тэргүүнд тавих, худалдааны орчны өөрчлөлтөд хариу үзүүлэхэд чиглэсэн худалдааны бүтцийн шинэчлэл, экспортын зах зээлийг дэмжих, экспортын үйлдвэрүүдийг хамгаалахад чиглэсэн худалдааны аюулгүй байдлыг хянах тогтолцоог бий болгох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн байгальд ээлтэй гадаад худалдааны чадавхаа бэхжүүлэх зэрэг зорилго зорилтууд багтаж байна.

Үүнээс харахад И Жэ Мёны засаглалын үеийн гадаад бодлогын үндсэн зарчим нь үндэсний эрх ашгийг дээдэлсэн, дэлхийн шинэ дэг журмын өөрчлөлтөд уян хатан байдлаар хандсан прагматик гадаад бодлогыг явуулна хэмээн нэгтгэн дүгнэж болно. Нэн түрүүнд хөрш дөрвөн гүрнүүд болох АНУ, ОХУ, БНХАУ, Японыг онцлон дурдсанаас харахад БНСУ, АНУ, Японы харилцаа, хамтын ажиллагаа голлохын зэрэгцээ БНХАУ болон ОХУ-тай уян хатан гадаад бодлогыг  явуулах төлөвтэй байна. Сонгуулийн өмнөхөн ВВС Кореа цахим хуудсанд нийтлэгдсэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаарх нийтлэлд “Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён БНСУ, АНУ, Японы харилцаа хамтын ажиллагаа чухал хэдий ч БНХАУ, ОХУ-тай харилцах харилцааг үл тоомсорлон хойш тавьж үл болно гэж онцлон тэмдэглэсэн байна.[3]

Солонгосын хойгийн асуудал БНСУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн чиг шугам тул БНАСАУ-тай харилцаагаа сэргээх явдал нэн тэргүүний зорилт хэвээр байна. И Же Мён ерөнхийлөгч БНАСАУ-тай харилцаа бүрмөсөн тасарсан байгаа энэ үед БНАСАУ-тай ойр дотно харилцаж буй ОХУ-тай харилцаагаа сайжруулснаар умард Солонгостой харилцаагаа сэргээхэд дэмжлэг авахад чиглэх болов уу гэж харагдаж байна. Тиймээс АНУ-ын шинэ засгийн газар буюу Дональд Трамп, Ким Жон Уны дээд хэмжээний уулзалтыг дахин эхлүүлэхэд хичээл зүтгэл гаргаж ажиллана хэмээн шинжээчид үзэж байна. Магадгүй түүний БНАСАУ-тай харилцаагаа сэргээх гадаад бодлогын зорилгын хүрээнд АНУ, БНАСАУ, БНСУ-ын гурван талт хэлэлцээр ч нэг хувилбар байж болох юм.

[1] 21대 대선 최종 투표율 79.4% .. 28년 만에 최고치, BBC news korea, 2025.06.03.

https://www.bbc.com/korean/articles/c5ye52vdyvyo

[2] БНСУ-ын сонгуулийн ерөнхий хороо, бодлого, мөрийн хөтөлбөрүүд цахим хуудас.

https://policy.nec.go.kr/

[3] 대선 후보들의 외교안보, 대북정책 공약은 어떻게 다를까? BBC Korea, 2025.05.31.    https://www.bbc.com/korean/articles/c4grvg252rqo