2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратегийг шинэчлэн боловсруулснаа олон нийтэд зарлалаа. Тус баримт бичгийг танилцуулахдаа “Америк улс бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу, амжилттай улс бөгөөд дэлхий дээрх эрх чөлөөний өлгий нутаг хэвээр байх замын зураглал” хэмээн тодорхойлсон байна [1].
Шинэ стратегид “Бид дэлхийн хамгийн хүчирхэг, уян хатан, бүтээмж өндөртэй, инновацлаг эрчим хүчний салбарыг хөгжүүлнэ. Энэ нь зөвхөн Америкийн эдийн засгийн өсөлтийг хангаад зогсохгүй улсын тэргүүлэх экспортын салбаруудын нэг байх чадамжтай” хэмээн тусгаж, эрчим хүчний бодлого-стратегийн чиглэлээ тодорхойлон томьёолсон байна [2].
Ийнхүү шинэчлэгдсэн стратеги нь 2022 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын стратегид тусгагдсан эрчим хүчний бодлогын зарчим, хандлагаас эрс өөр чиглэл баримталж буйг харуулж байна.
Шинээр батлагдсан Үндэсний аюулгүй байдлын стратегид эрчим хүчний салбарын үйлдвэрлэлийг дотоодын эдийн засгийг өсгөх гол хэрэгсэл хэмээн тодорхойлжээ. Газрын тос, байгалийн хий, нүүрс болон цөмийн эрчим хүчний нөөцөд тулгуурлан “эрчим хүчний давамгайлал”-ыг сэргээхийг тэргүүлэх зорилт болгосон бөгөөд дотоодын хямд, найдвартай эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар өндөр цалинтай ажлын байр бий болгож, бизнесийн үйл ажиллагааны зардлыг бууруулж, үйлдвэржилтийг эрчимжүүлэх ёстой гэж үзсэн байна.
Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг Үндэсний аюулгүй байдлын төв сэдэв гэж хараагүй бөгөөд уг асуудал нь Европын холбооны орнуудад эдийн засгийн хүндрэл үүсгэж, АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй өрсөлдөгч гүрнүүдэд ашигтай нөхцөл бүрдүүлж байна хэмээн хүчтэй шүүмжилсэн өнгө аястай тусгасан байна.
АНУ-ын эрчим хүчний бие даасан байдал нь тус улсын дайсагнагч орнуудын эсрэг хэрэглэх гол стратегийн хэрэгсэл гэж үзсэн бөгөөд Ойрх Дорнод дахь улс төрийн оролцоогоо бууруулж, бусад бүс нутагт хүчний төвлөрөл бий болгох боломжоо нэмэгдүүлнэ гэж дүгнэжээ. Гэвч энэ нь тус бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг өрсөлдөгч орнуудад алдах, эсвэл Хормузын хоолой, Улаан тэнгис зэрэг стратегийн чухал усан замуудыг хамгаалалтгүй орхиж, холбоотнуудаа орхигдуулна гэсэн утгатай бус болохыг мөн онцлон тэмдэглэсэн байна.
Хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох нь АНУ-ын цэрэг, батлан хамгаалах стратегид мөн чухал нөлөөтэй болохыг стратегид онцлон дурджээ. Эрчим хүчний өртөг буурч, нийлүүлэлт тогтвортой болсноор батлан хамгаалах салбар дахь хөгжүүлэлт, ялангуяа хиймэл оюуны технологийн судалгаа–хөгжүүлэлтийг дэмжих гол нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Зэвсэгт хүчнийг дэлхийн аль ч бүс нутагт богино хугацаанд, саадгүй байршуулж, цэргийн шилжилт хөдөлгөөнийг үр ашигтай зохион байгуулах боломжийг нэмэгдүүлнэ хэмээн тэмдэглэсэн байна.
Дүгнэлт
Байден болон Трампын засаг захиргаанаас боловсруулсан Үндэсний аюулгүй байдлын стратегиуд нь эрчим хүчний бодлогыг үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг гэж үзсэн боловч тэс өөр хандлага, үзэл баримтлалтайгаар авч үзсэн байна. Трампын засаг захиргааны үед уламжлалт малтмал түлшний олборлолтыг нэмэгдүүлэх замаар “эрчим хүчний давамгайлал”-ыг сэргээж, түүнийгээ эдийн засаг, батлан хамгаалах болон геополитикийн хүч нөлөөг нэмэгдүүлэх гол хэрэгсэл гэж тодорхойлжээ. Ингэснээр эрчим хүчний экспортын чадавхаараа өрсөлдөх стратеги баримталсан байна.
Харин 2022 оны Үндэсний аюулгүй байдлын стратегид эрчим хүчний асуудлыг шинэ, цэвэр технологийг дэмжих бодлогоор дамжуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг холбоотнуудтайгаа хамтран тэмцэх, мөн өрсөлдөгч гүрнүүдийн нөлөөллийг бууруулах үндсэн арга хэрэгсэл болгон авч үзжээ. Энэхүү бодлогын эрс өөрчлөлтийг хоёр баримт бичигт “уур амьсгалын өөрчлөлт” хэмээх нэр томьёо дурдагдсан давтамжаас тодорхой харж болно: 2022 оны Үндэсний аюулгүй байдлын стратегид уг нэр томьёо 63 удаа, харин 2025 оны стратегид зөвхөн нэг удаа дурдагдсан байна.
Шинээр батлагдсан стратегид тусгасан эрчим хүчний салбарын үүргийг хураангуйлан үзвэл, АНУ эдийн засгийн өсөлтөө дэмжихийн зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болж, өрсөлдөгч гүрнүүдийн эрчим хүчний эх үүсвэрээс олж буй орлогыг хязгаарлах замаар өөрийн “эрчим хүчний давамгайлал”-ыг тогтоохыг эрмэлзэж байна гэж судлаачид дүгнэсэн байна.
Эх сурвалж:
[2] National Security Strategy of the United States of America November 2025
[3] National Security Strategy of the United States of America October 2022










Хариу өгөх