Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

АНУ-ын чухал минералын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын бодлого ба арга хэмжээ

АНУ, БНХАУ-ын тарифын дайн, харилцан хоригууд, технологийн өрсөлдөөн, экспортын лицензийн хязгаарлалт зэрэг нь дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд өрнөж буй худалдааны дайныг улам өргөжүүлж байна. АНУ-ын талаас Хятадын талд өндөр технологийн эд анги, чип зэрэг бүтээгдэхүүн, экспортын лицензийн шууд ба дам хориг тавихын зэрэгцээ гааль худалдааны бодлогын зэвсэг ашиглаж буй[1] бол Хятадын талаас худалдааны хариу арга хэмжээнүүд, ингэхдээ дэлхийд ноёлдог газрын ховор элементийн экспортын хоригоор тоглолт хийж байна. Хятад талаас зарласан хамгийн сүүлийн арга хэмжээний нэг нь[2] тус улсаас гаралтай газрын ховор элемент, онцлон тэмдэглэсэн нь соронзон чанар агуулдаг элементүүд, тэдгээрийг агуулсан бараа, бүтээгдэхүүнийг экспортлохдоо тус улсын эрх баригчдаас зөвшөөрөл авах, эцсийн хэрэглэгчийн мэдээллийг заавал хүргэхийг шаардсан зохицуулалт юм..

Хэдийгээр Хятад, АНУ-ын худалдааны хэлэлцээ нь харилцан гаалийн тариф болон хоригоо чангатгах, сулруулах хэлбэрээр явагдаж, Си–Трампын уулзалтаар тодорхой түвшний тохиролцоонд хүрэх боломжтой боловч энэхүү үйл явцын үндсэн мөн чанар өөрчлөгдөөгүй байна. Судлаачдын үзэж буйгаар, хоёр талын бодлогын цаад зорилго нь нэг нь нөгөөгийнхөө эмзэг цэгийг ашиглан, өөрийн геоэдийн засгийн давуу байдлыг бэхжүүлэх, нөлөөллийн хүрээг хязгаарлахад чиглэж байна. Хятадын сул тал нь хиймэл оюуны хөгжүүлэлтийн хэрэгцээт чип, GPU, тоног төхөөрөмж байгаа бол АНУ-ын сул тал нь чухал хэрэгцээт минерал, газрын ховор элементийн нийлүүлэлт болоод байна.

АНУ-ын тал өөрт тулгарсан сул талаа нөхөхөөр чухал хэрэгцээт минералын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлаа хангах олон санаачилга эхлүүлж, бодлогын арга хэмжээнүүд авч байна.

  • Африкийн Замби, Заир (Ардчилсан Конго), Ангол улсуудыг дамнасан Төв Африкийн эрчим хүч, чухал ашигт малтмалын асар их түүхий эдийг Атлантын далайн боомт хүргэх дэд бүтэц, төмөр замын “Лобито корридор” төсөлд АНУ-ын төр-хувийн хэвшлийн байгууллагууд нийт 4 тэрбум ам.доллар (АНУ өөрийн MSP, G7 түншүүдийн хамт нийт 6 тэрбум гаруй ам.доллар) хөрөнгө оруулалт хийхээр болов[3].

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зураг-1. Лобито дэд бүтцийн корридорын зураглал. Тус корридорын хүрээнд баригдах дэд бүтэц, төмөр замын ойр байрших чухал минералын орд газруудын нэр, байршил, эзэмшил. (APRI институт)

  • АНУ-ын санаачилгаар 2022 онд байгуулагдсан Mineral Security Partnership (MSP) буюу “Минералын аюулгүй байдлын түншлэл” (Үүсгэн байгуулагч 14 улс: АНУ, Их Британи, Канад, Австрали, Франц, Герман, Итали, Япон, БНСУ, Энэтхэг, Швед, Норвег, Финланд, Эстони, мөн Европын Холбоо) нь Вашингтоны энэ салбар дахь бодлогын гол хөдөлгүүр болж байна. MSP нь минералын нөөцтэй улсуудыг оролцуулсан MSP форум үүсгэн байгуулж түншлэлийн хүрээгээ хурдтай тэлж байна. MSP форумын оролцогч улсууд: Аргентин, Заир (Ардчилсан Конго), Доминикан, Эквадор, Гринланд, Казахстан, Мексик, Намиби, Перу, Филиппин, Серби, Турк, Украин, Узбекстан, Замби г.м[4].
  • АНУ-Заирын (Ардчилсан Конго) минералын түншлэлийн хэлэлцээр (2025)[5]. Энэ хүрээнд Ардчилсан Конго дахь зэвсэгт бүлэглэлүүдийн (тухайлбал, Руандагийн дэмжлэгтэй M23 бүлэглэл) эсрэг тэмцэлд АНУ тусламж үзүүлж хариуд нь тус улсын минералын нөөцөд нэвтрэх хэлцэл хийгдсэн. АНУ-ын зуучлалтай Ардчилсан Конго-Руандагийн гал зогсоох, энхийн хэлэлцээ байгуулах эхний алхам хийгдсэн бөгөөд ойрын үед минералын асар их нөөц бүхий бүс нутгаас Руандагийн дэмжлэгтэй M23 бүлгийг гаргах үйл явц эхлэхээр хүлээгдэж байна[6].
  • АНУ-ын Цэргийн Яамны (U.S. Department of War) хэрэгцээт онц чухал минералын нөөцийг бүрдүүлэх хөтөлбөрийн хүрээнд[7]: MP materials (Калифорни муж улсын Mountain Pass дахь төсөл), Noveon Magnetics (Техас муж улсын San Marcos дахь төсөл), Lynas USA (Техас муж улс дахь төсөл), TDA Magnetics, E-VAC Magnetics компаниудад санхүүгийн шууд дэмжлэг болон зээл хэлбэрээр дэмжлэг олгоод байна.
  • АНУ-Австралийн чухал минералын түншлэлийн хэлэлцээр нь Австралийн чухал хэрэгцээт болон газрын ховор элементийн стратегийн нөөцийг АНУ-ын стратегийн хэрэгцээний сүлжээнд нийлүүлэх зорилготой[8]. АНУ талаас EXIM банкаар дамжуулан 2.2-5 тэрбум ам.доллар хүртэл санхүүжилт хийж нийт 53 тэрбум ам.доллароор хэмжигдэх Австралийн газрын ховор элементийн нөөцийг олборлож боловсруулах, нийлүүлэх иж бүрэн сүлжээг байгуулахаар төлөвлөж байна. Австрали нь газрын ховор элементийн хайгуулын 89 идэвхтэй төсөлтэйгөөр дэлхийд тэргүүлдэг (энэ талбарт Канад 18, Бразил 13, АНУ 12 хайгуулын идэвхтэй төсөлтэй) бөгөөд АНУ-ын хэрэгцээг хангах чухал ашигт малтмалын сүлжээнд цаашид хамгийн чухал байр суурь эзлэх болно. АНУ-ын Геологийн албанаас онц чухал минерал гэж ангилсан элементүүдээс 40 гаруй нь Австралид бий.
  • АНУ-Украины минерал, ашигт малтмалын түншлэлийн хэлэлцээр[9]. Энэ хэлэлцээрийн хүрээнд “АНУ-Украины сэргээн босголт, хөрөнгө оруулалтын сан”-гаар (500 тэрбум ам.доллар) дамжуулан Украины тал байгалийн нөөцийн орлогоосоо 50 хувийг тус санд төвлөрүүлэх, АНУ-ын талаас цэргийн болон бусад тусламж хэлбэрээр оролцохоор тохирсон. Ингэхдээ Украины байгалийн нөөц, минерал, ашигт малтмал, ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын түвшинд АНУ-ын компаниуд давуу эрх эдлэх нөхцөл олж авсан.
  • АНУ-Канадын чухал ашигт малтмал, газрын ховор элементийн стратегийн түншлэлийн хүрээнд хайгуул, олборлолт, ялгах дамжлага хөгжүүлэх, тээвэрлэх иж бүрэн сүлжээг бий болгохоор ажиллаж байна[10]. Канадын Кебек, Онтарио, Бритиш Коламбиа, Саскачеван, Юкон муж улсууд дахь баялаг орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Америкийн нутаг дахь боловсруулах үйлдвэрүүдтэй холбох ажил ид өрнөж байна[11].
  • Ерөнхийлөгч Трамп Азид хийсэн айлчлалын хүрээнд 2025 оны 10-р сард Малайз, Тайланд улсуудтай тус тус газрын ховор элементийн чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулав[12]. Энэ чиглэлд талууд цаашид хамтран ажиллах эрх зүйн суурь тавигдсаны дээр АНУ-ын MSP форматад Зүүн-Өмнөд Азийн бүс нутгийг хамруулах шинэ стратегийн эхлэл болсноороо онцлог үйл явдал болов.
  • Газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд дээгүүрт ордог Вьетнам улстай АНУ нь 2023 онд “Газрын ховор элементийн нөөцийг нь зах зээлийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх тухай” техникийн туслалцааны санамж бичиг байгуулаад байна[13].
  • АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Гринландын статусын асуудлаар байр суурь олон улсад шүүмжлэл дагуулж энэ яриа түр намжсан боловч Америкийн талаас тус арлын минералын асар их баялаг нөөцөд хяналт тогтоох ажиллагаа шуурхай эхлээд байна[14].
  • АНУ болон Төв Азийн таван улсын CA5+1 форматын хүрээнд чухал ашигт малтмал, газрын ховор элементийн чиглэлд одоо байгаа түвшнээс цаашид ямар харилцаа хөгжиж өрнөх нь талуудын анхаарлыг татаж байна[15]. CA5+1 форматын дээд хэмжээний уулзалт 2025 оны 11-р сард Вашингтонд болохоор товлогдсон бөгөөд Төв Азийн чиглэлд АНУ ямар бодлогын хувилбар бэлдэж буй нь илүү тодорхой болох юм.

Америк-Хятадын стратегийн өрсөлдөөнд чухал ашигт малтмал, газрын ховор элементийн асуудал ойрын ба дунд хугацаанд “гол асуудал” хэвээр байх болно. Сүүлийн жилүүдэд идэвхэжсэн АНУ-Монголын чухал ашигт малтмалын чиглэлийн яриа хэлэлцээ[16][17][18] цаашид хэрхэн үргэлжлэх, ямар учраас АНУ-Монгол улсууд 2023 онд “Нээлттэй тэнгэр”-ийн хэлэлцээр байгуулсан хийгээд шууд нислэгтэй болохоор бэлтгэж байгаа вэ[19] зэрэг асуудлууд Бээжин, Москвагийн анхаарлыг татаж байна. Монголын минералын нөөцийн мэдээллүүд Европын томоохон хүрээлэнгүүдийн анхааралд орж судлагдахуун болохын хамтаар[20] Монгол-Европын Холбооны харилцаанд чухал ашигт малтмалын яриа хэлэлцээ нэгэн том бүлэг болон нэмэгдээд байна. Хятад-Америкийн сөргөлдөөний хамгийн халуун талбар газрын ховор элементийн анхаарал татахуйц том нөөц нь Монголын хувьд бодит аюул эрсдэл, мөн асар өргөн боломж аль алийг нь агуулж буйг бүх талууд мэдэж, ажиглаж мониторинг хийж буй нь дамжиггүй.

Эх сурвалжууд:

  1. US-China Trade War Tariffs: An Up-to-Date Chart |   September 25, 2025 https://www.piie.com/research/piie-charts/2019/us-china-trade-war-tariffs-date-chart
  2. MOFCOM Spokesperson’s Remarks | Ministry of Commerce, PRC.  October 12, 2025 https://english.mofcom.gov.cn/News/SpokesmansRemarks/art/2025/art_c202dcc0433d476db52b1e7f7fe53926.html
  3. A game changer in flux: recent developments and risks in the Lobito corridor |  May 5, 2025 https://afripoli.org/a-game-changer-in-flux-recent-developments-and-risks-in-the-lobito-corridor
  4. Minerals Security Partnership: The MSP is a collaboration of 14 countries and the EU to catalyze public and private investment in responsible critical minerals supply chains globally. |   gov https://2021-2025.state.gov/minerals-security-partnership/
  5. Building Critical Minerals Cooperation Between the United States and the Democratic Republic of the Congo |   March 25, 2025 https://www.csis.org/analysis/building-critical-minerals-cooperation-between-united-states-and-democratic-republic-congo
  6. Joint Statement on the Third Meeting of the Joint Security Coordination Mechanism for the Peace Agreement between the Democratic Republic of the Congo and the Republic of Rwanda |   gov   October 22, 2025 https://www.state.gov/releases/office-of-the-spokesperson/2025/10/joint-statement-on-the-third-meeting-of-the-joint-security-coordination-mechanism-for-the-peace-agreement-between-the-democratic-republic-of-the-congo-and-the-republic-of-rwanda
  7. China’s New Rare Earth and Magnet Restrictions Threaten U.S. Defense Supply Chains |  October 9, 2025 https://www.csis.org/analysis/chinas-new-rare-earth-and-magnet-restrictions-threaten-us-defense-supply-chains
  8. Unpacking the U.S.-Australia Critical Minerals Framework Agreement |  October 20, 2025 https://www.csis.org/analysis/unpacking-us-australia-critical-minerals-framework-agreement
  9. The new geopolitics of minerals |  July 8, 2025 https://www.gisreportsonline.com/r/geopolitics-minerals/
  10. Canada May Be the United States’ Best Hope for Minerals Security |  June 12, 2025 https://www.csis.org/analysis/canada-may-be-united-states-best-hope-minerals-security
  11. Unlocking the Potential for U.S.-Canada Collaboration on Critical Minerals |  February 18, 2025 https://www.csis.org/analysis/mining-defense
  12. Trump strikes deals on trade, critical minerals in Southeast Asia |  October 27, 2025 https://www.reuters.com/world/china/us-sign-trade-deals-with-cambodia-malaysia-trump-says-2025-10-26/
  13. FACT SHEET: U.S.-Vietnam Comprehensive Strategic Partnership |  S. Mission Vietnam   September 11, 2023 https://vn.usembassy.gov/fact-sheet-president-joseph-r-biden-and-general-secretary-nguyen-phu-trong-announce-the-u-s-vietnam-comprehensive-strategic-partnership/
  14. Trump administration eyes stake in company developing Greenland rare earths mine |  Arctic Today. Oct 6, 2025 https://www.arctictoday.com/trump-administration-eyes-stake-in-company-developing-greenland-rare-earths-mine/
  15. S. Backs Private Bid for Kazakhstan’s Tungsten |  TIMESCA. 27 October 2025 https://timesca.com/u-s-backs-private-bid-for-kazakhstans-tungsten/
  16. The U.S. and Mongolia Sign MOU to Collaborate on Critical Minerals |  USEmbassy in Mongolia. June 27, 2023 https://mn.usembassy.gov/pr-062723/
  17. Inaugural U.S.-Mongolia-ROK Critical Minerals Dialogue Held |  USEmbassy in Mongolia. June 27, 2023 https://mn.usembassy.gov/pr-062723-2/
  18. S.-Mongolia Energy Dialogue Joint Statement |  State.gov   October 3, 2024 https://2021-2025.state.gov/u-s-mongolia-energy-dialogue-joint-statement/
  19. Монгол, АНУ-ын хооронд тавдугаар сарын 1-нээс нислэг үйлдэнэ |  МОНЦАМЭ. 2025-04-29 https://www.montsame.mn/en/read/367969
  20. Mongolia’s Critical Mineral Diplomacy: Strategic Balancing between Neighbours |  26 Jun 2025 https://www.ispionline.it/en/publication/mongolias-critical-mineral-diplomacy-strategic-balancing-between-neighbours-211699