Хүчирхийллийн бус тэмцлийн арга ба “Өнгөт хувьсгал”

2019-04-04

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/04/1200x674.jpg

…Дайны урлагийн дээд цэг бол дайснаа тулалдахгүй, цус урсгахгүй ялах явдал юм. Күнз

Сүүлийн он жилүүдэд улс төрийн шинжлэх ухаан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр “өнгөт хувьсгал” хэмээх нийгэм, улс төрийн шинэ үзэгдлийг ихээхэн ярьж дүгнэлт хийн, энэхүү ажиллагааны үүсэл, гарвалын талаар хэлэлцэх болжээ. Тэгвэл зарим судлаачид “Өнгөт хувьсгал” гэдэг нь хэдий шинэвтэр ойлголт хэдий ч эхлэлийг өнгөрсөн үеэс улбаатайгаар тайлбарладаг.

НИЙГМИЙН шударга бус үзэгдэл, төрийн удирдлагын алдаатай бодлого үйл ажиллагааг хүчирхийллийн бус аргаар, ард нийтээр эсэргүүцэх үзэл санааг XIX-XX зууны их сэтгэгч Г.Д.Торо, Л.Н.Толстой, Махатма Ганди, Мартин Лютер Кинг нар дэвшүүлсэн. Тэд “Хүчирхийллийн эсрэг хүчирхийллийн аргаар тэмцэх бус, харин хүчирхийллийн бус аргаар тэмцэж байж амжилтад хүрнэ” гэсэн онолыг шашин, гүн ухаан, зан суртахууны хосолмол шинж чанарт үндэслэн номлож байжээ. М.Ганди, Их Британийн колоничлолоос Энэтхэгийг чөлөөлж, М.Л.Кинг АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг халахын төлөө хийсэн ард түмний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан, амжилтад хүргэснээр өөрсдийн боловсруулсан онол, номлолын үнэн зөв, хүчирхийллийн бус тэмцэл асар хүчтэй болохыг амьдрал практикт нотолсон байна.

Хүч үл хэрэглэх үзлийн орчин цагийн “өнгөт хувьсгал” онол арга зүйн үндсийг Харвардын их сургуулийн профессор Жийн Шарп боловсруулж, түүний судалгааны материалууд ТТГ-ын “Өнгөт хувьсгал хийх арга зүйн гарын авлага” болжээ.

Өнөөдөр ихэнх судлаачид “өнгөт хувьсгал бол тухайн улсад улс төрийн системийг хямруулахад чиглэгдсэн ард иргэдийн тархийг угаасан идэвхтэй үйл ажиллагаа” энэ нь улс төрийн тодорхой зорилгод хүрэхийн тулд нэгэн загвар гэж хэлж болох тухайн үед бий болгосон нийгмийн сэтгэлзүйн үелзэл дээр мэдээллийн орон зайг ашиглан тоглосон технологи юм” гэсэн тодорхойлолтыг дэвшүүлээд байна.

“Өнгөт хувьсгал” хувьсгал мөн үү

Хувьсгалд өөрийн үнэт зүйлээ алдагсад энэ үгийг хэрэглэх дургүй байдаг юм Л.Д.Троцкий.

ХЭРВЭЭ хувьсгал мөн юм бол бусад хувьсгалаас юугаараа ялгаатай юм гэсэн асуулт гарч ирэх байх.

Төв болон Зүүн европт гарсан 1989 оны хувьсгалын талаарх ойлголт нэлээд маргаан дэгдээж, судлаачдыг хоёр хэсэгт хуваажээ. Хувьсгал биш гэж үздэг хэсэг нь хувьсгалын нийгмийн шинж чанар нь ойлгомжгүй, гаднын нөлөөлөлтэй, зарим оронд олон нийтийн байгууллагуудын оролцоо сул гэх зэрэг шинжүүдийг гаргаж тавьсан байдаг.

Өнгөт хувьсгал” нь:

• Удирдагчийг засгийн эрхээс огцруулах үйл явц зөвхөн хүчирхийллийн бус арга хэрэглэхээс гадна зарим шаардлагатай үед (Ирак, Ливи, Сири) зэвсэгт түрэмгийлэл үйлддэг;
• Улс төрийн гол хүч нь улс төрийн нам бус, төрийн бус байгууллагуудын өргөн хүрээтэй холбоо-эвсэл байдаг;
• Хууль дүрэм, үйл явдал өрнөх явцад бус, харин дараа нь хувьсгалт үйл явц хууль зүйн дагуу болсон гэж зарласнаас хойш хэрэгждэг;
• Хүчирхийллийн бус тэмцлийн үед сөрөг хүчний тал хууль зөрчихийг үл тоох ба ихэнхдээ биеийн хүч, зэвсэг хэрэглэдэггүй;
• Хувьсгал зохион байгуулах ашигтай үе нь улс төрийн сонгууль байдаг;
• Сөрөг хүчнийхэн өөрийн ялалтаа урьдчилан мэдэгдэх ба бусад үр дүнг хуурамч гэж үздэг;
• Үндсэн арга нь хотын төв талбай дахь олон нийтийн цуглаан, засгийн газрын гол барилгууд руу очиж, боломжийг боогдуулах, эсвэл эзлэн авдаг зэргээрээ онцлогтой.

Өнгөт хувьсгал гарсан улс орнуудын алинд ч сонгодог хувьсгалын тохироо бүрдээгүй байдгаараа онцлогтой юм.

Хувьсгалын тохироо гэдэг нь “Доодчуул нь өмнөх шигээ амьдрахыг хүсэхгүй, Дээдчүүл нь өмнөх шигээ захирч чадахгүй болохыг хэлнэ. В.И.Ленин

Улс төрийн бодлогыг хэрэгжүүлэх “Өнгөт хувьсгал”-ын тогтолцоо

ЕРӨНХИЙЛӨГЧ Рональд Рейганы үед, хүчирхийллийн бус тэмцлийн үзэл санааг АНУ-ын эрх ашигт үл нийцэх улс төрийн дэглэмийг өөрчлөхөд ашиглах онол, арга зүйн гол үндсээ болгосон төрийн гадаад бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх улс төр, санхүү, зохион байгуулалтын зарчмын чанартай арга хэмжээг авсан байдаг.

Тухайлбал, 1983 онд АНУ-ын Ардчилсан нам, Бүгд Найрамдах намын хамтарсан ажлын хэсгийн боловсруулсан “Ардчиллыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг ерөнхийлөгч баталж, даян дэлхийд ардчиллыг хөгжүүлэх, төлөвшүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилготой дор дурдсан төрийн бус байгууллагуудыг тодорхой чиг үүргийн дагуу байгуулсан. Үүнд:

• “Ардчиллыг дэмжих үндэсний сан” (үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, санхүүжилтийг хуваарилах)/;
• “Ардчиллын олон улсын хүрээлэн”, “Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн” (үйл ажиллагааг газар дээр нь зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх);
• “Олон улсын хувийн үйлдвэрлэгчдийн төв”, “Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн Америкийн төв” (үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг төрөл бүрийн сангаас хөрөнгө босгох);
• “Нээлттэй нийгэм хүрээлэн, Соросын сан”; (үйл ажиллагааг санхүүжүүлэх, төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах)/
• “АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг” (үйл ажиллагааг санхүүжүүлэх, улс төрийн дэмжлэг үзүүлэх);
• “Альберт Эйнштейний Хүрээлэн” (гадаад улсуудын сөрөг хүчнийг сургаж бэлтгэх, онол арга зүйн гарын авлага боловсруулах)/;
• “Тухайн улсад суугаа ЭСЯ” (үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох дэмжлэг үзүүлдэг) зэрэг болно.

АНУ-ын сенатор Жон Маккейн удирдагч М.Каддафийн дэглэмийг нураасны дараах үр дагавар нь “ардчилсан өөрчлөлтийг эрмэлзэгч” бусад улсад дохио өгөх болно. Энэ нь Башар Асад, Йемен болон бусад дарангуйлагч нарт өгөх нэг ёсны сануулах дохио юм. “Арабын хавар”-ын цууриаг Орос, Хятадаас эхлээд Израил хүртэл бүх дэлхий сонсох болно. Нэгэн залуу талбайд өөрийгөө шатааж, Тунист эсэргүүцлийн давлагаа эхлүүлснээс хойш бид хурдацтай өөрчлөгдөж буй дэлхийг харж байна” хэмээн мэдэгдсэн байдаг.

“Өнгөт хувьсгал хийх санхүүгийн гол эх үүсвэрийг “Зүүн Европ дахь ардчиллыг дэмжих чиглэл бүхий америкийн сангуудаас гаргасан. Энэ хөрөнгө бол АНУ-ын Төрийн департаментын төсвийн тал хувийг эзэлсэн. Сербид дээрх сангуудаар дамжуулан 90 сая долларын санхүүжилт, харин Украины “Өнгөт хувьсгал-д 85 сая долларын санхүүжилтийг тус тус гаргажээ. Жорж Сорос 2004 онд Давосын эдийн засгийн чуулган дээр Гүржийн идэвхтнүүд “сарнайн хувьсгал хийхдээ түүний санхүүжилтийг авсан гэж албан ёсоор хэлсэн. Жорж Бушийн засаглалын үед ардчилсан өөрчлөлт хийхийн тулд нийтдээ 5 млрд доллар зарцуулсан талаарх баримт ч байдаг. 

“Өнгөт хувьсгалын технологи”

АНУ-ын геополитикийн ашиг сонирхолд нийцээгүй аливаа улс орны улс төрийн дэглэмийг өөрчлөх бодлого нь цогц шинжтэй, нарийн боловсруулсан технологийн дагуу хэрэгждэг байна.
Энэхүү технологи нь дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдаг. Үүнд:

Хүн амыг дайчлах. Хувьсгалыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал нөхцөл нь улс төрийн байнгын өндөр идэвхжилтэй олон нийт, нийгмийн бүлэг, олон нийтийн байгууллагуудаас бүрдсэн байх;

Сүлжээ зохион байгуулах. Салаа мөчир мэт задаргаатай, хүчтэй нөлөө бүхий “эсэргүүцлийн хүч” байгуулагдсан байх бөгөөд өөрөөр хэлбэл “сөрөг хүчнийг дэмжигч нөлөө бүхий хүч”-ийг бүрдүүлэх ба босогчид эрс шийдэмгий итгэл үнэмшилтэй, зохих дадлагатай болсон байх;

Засгийн эрхийг булаан авах. Тухайн засгийн эрх баригчдыг солих, эсвэл сонгуульд нэр дэвшигчийн ажиллагааг хааж боогдуулах, шаардлага хангах боломжийн толгойлогчийг нэр дэвшүүлэх;

Ард түмэнд эрх баригч засгийн сөрөг дүр төрхийг бүрдүүлэх. Эсрэг этгээдэд нийгэм, соёлын хэм хэмжээний саад бий болгож, улс төрийн дэглэмийн дотоодын хууль ёсны сэтгэл зүйн үндсийг эвдэх;

Олон нийтийн ухамсрыг далдаас удирдах. Мэдээлэл-сэтгэл зүйн арга хэрэглэх ба олон нийтийг удирдахад маркетинг буюу өнгөт хувьсгалын “брэндинг”-ийн технологи өргөн ашиглах;

(төрөл бүрийн уриа лоозон, энгэрийн тэмдэг, хүзүүний ороолт, тууз, концерт, компьютер тоглоом, олонд танигдсан дуунд өдөөн хатгасан шинжтэй гуйвуулсан текст оруулах, хошин шог, улс төрийн агуулгатай хүүхэлдэйн кино. Бүхий л хувьсгалын удирдамж болсон “Дайснууд бидний эсрэг” гэсэн хялбар бөгөөд ойлгомжтой үзлийг олон нийтийн ухамсарт суулгаж бэхжүүлэх)

Бэлгэдэл бий болгож хэрэгжүүлэх. Өнгөт хувьсгалын арга технологийг хэрэгжүүлэх уриа лоозон, бэлгэдэл хэрэглэх;

(Өнгөт хувьсгал өнгө, бэлгэ тэмдэгт их ач холбогдол өгдөг. Учир нь тэмдэгт зүйл нь аман мэдээллийн харьцаанаас иргэдийн сэтгэлзүйд илүүтэйгээр нөлөөлдөг. Тэд хувьсгалынхаа бэлгэ тэмдгээр “улаан сарнай”, “улбар шар” “өнгө зангидсан гар”-ыг зүгээр ч нэг санамсаргүйгээр сонгодоггүй)

Хамгийн их дэмжлэг авахуйц нутаг дэвсгэр-газар орныг сонгон авах. Тухайн улсын газарзүйн хувьд өнгөт нэр дэвшигчийн имиджийг бүрдүүлж буй дэмжигч иргэд, сөрөг хүчний нам, эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулагчдын байрлаж буй нутаг дэвсгэрийг сонгох;

(Энэхүү газар нутаг нь сөрөг хүчний байр суурийг бэхжүүлж, түгээх түшиц газар болдог. Жишээ нь Украины хувьд ийм газар нутаг нь Тусгаар тогтнолын талбай-Майдан ба Украины баруун мужууд, Гүржид нийслэл Тбилис байсан. Ийм газар нутагт сонгуулиар тодорсон ерөнхийлөгчийн эрхийг “де-факто” хүлээн зөвшөөрдөггүй)

Үнэн, шударга нотолгооны бааз  бүрдүүлэх. Өөрсдийн байр сууриа хууль ёсных болгохын тулд шалгаагүй бодит бус завсрын үр дүнг олон нийтэд шуурхай хүргэж, ХМХ-ээр сөрөг хүчнийг дэмжигч гадаадын ажиглагчдын үзэл бодлыг түгээх зэрэг субъектив, ихэнхдээ хуурамч мэдээлэл (“fake news”) түгээх аргыг ашиглах;

(Иймэрхүү ажиллагааны эцэст сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны үр дүнг нийгмийн олонхи хүлээн зөвшөөрөхгүй байдалд хүргэдэг)

Олон нийтийн ухамсарт ялалт зайлшгүй гэдэг итгэлийг бүрдүүлэх. “Ард түмний эсрэг хүч хэрэглэж болохгүй”, “ард түмнийг ялж болохгүй” гэх үзэл санааг нийгмийн ухамсар, хүчний байгууллагуудын ажилтнуудын ухамсарт суулгаж өгөх;

(Жишээ нь В.Ющенкогийн вэб сайтад “Ющенко ялалт байгуулахад 40….30….5 хоног үлдлээ гэсэн гүйж буй мөр байршуулсан байдаг. Энэ нь олон нийтийг хамтын далд удирдлагатай сэтгэл хөөрлийн дэглэмд хүргэдэг).

Төрийн байгууллага, бүтэц засаг захиргааны барилга байгууламж, ХМХ-ийн редакцын үйл ажиллагааг хааж боогдуулах. Хямралын үед төрийн удирдлагын байгууллагууд улс орны хэвийн амьдралыг хангахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, онцгой асуудлыг шуурхай шийдвэрлэх, онцгой шийдвэр гаргахад хаалт хийх;

(Эсэргүүцэгчид зөв ажилласан тохиолдолд хааж боогдуулах арга нь нийгэмд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг. Энэ нь гадна талдаа ардчиллын төлөө тэмцэл мэт харагдуулна)

Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх. Сонгуулийн үр  дүнд сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлэн, урьдчилан бэлдсэн хүч хэрэглэж, дарамт үзүүлэх, эсэргүүцэх зорилго бүхий эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулах;

 (Ийм нөхцөлд эрх баригч засгийн газар хямралыг “ардчиллын бус аргаар”, хүч хэрэглэн шийдвэрлэх аваас түүний нийгэмд эзлэх байр суурь илт унах тул үнэн хэрэгтээ барьцаанд ордог)

Нийслэлийн ач холбогдол. Үндсэн арга нь хотын төв талбай дахь олон нийтийн цуглаан, засгийн газрын гол гол барилгуудыг боогдуулах, эзлэн авах явдал байдаг.

Өнгөт хувьсгал хийх үе шат

Нэгдүгээр үе шат – бэлтгэл үе

-Сөрөг хүчин болон эрх баригчдын хүрээнд хүчний харьцааг тодорхойлж, өөрийн ба эсрэг болгож ангилах;

Олон улсын болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлын өөрчлөлт, тухайн улсын нийгэм улс төр, эдийн засгийн байдал, олон нийтийн идэвх, зорилтот оролцогчдоос гадна төрийн байгууллагууд, улс төрийн нам, хөдөлгөөн, ХМХ-ийн удирдлага, удирдагч нэг бүрийг тооцох;

-Улс төрийн хүчин, төрийн болон цэргийн удирдлагын байгууллагуудын удирдлага, тэдэнд нөлөөлөх, тэднийг далдаас удирдах боломжийг тодорхойлох.

Хоёрдугаар үе шат – Хүчний хуваарилалт

Цаашид засгийн эрхэнд гаргах “тоглогчдыг” тодорхойлох;

-Тэдэнд дэмжлэг болох хүчийг байгуулах;

-Хувьсгалын золиос болгох хэсгийг ялгах;

-Улс төрийн лидерүүд болон цэргийн удирдах албан тушаалтны хувийн зан чанар, заншил, сул тал, эрүүл мэндийн байдалд онцгойлон анхаарах.

Гуравдугаар үе шат – Нийгэмд эмх замбараагүй байдал нөхцөл бий болгох

-Зөрчлийг хурцатгаж, улс төр дипломат, хууль эрхзүйн арга хэмжээг нь үр дүнгүй байдалд хүрэх;

-Эмх замбараагүй байдлыг оюутан залуус, бэлтгэгдсэн мэргэжлийн хэсэг бүлэг хүмүүсээр эхлүүлэх;

-Үүсээд буй нөхцөл байдлыг улс төрийн түвшинд аваачих зорилготой, тусгай бэлтгэгдсэн нөхдүүд ХМХ-ээр улс төрийн шаардлага тавьж, олон нийтийг эсэргүүцлийн хөдөлгөөнд оруулж, шаардлагатай цэгүүдэд санхүүжилт хийх, мөнгө болон материаллаг зүйлс тараах.

Дөрөвдүгээр үе шат – Зөрчилдөөнийг шийдвэрлэх

-Засгийн эрхийг булаан авахад чиглэсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглааныг зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэсэн үйлдэл гаргах;

-Тухайн улсад улс төрийн орчин өөрчлөгдөх нөхцөл байдлыг үүсгэх.

(Өнгөт хувьсгал өрнөсөн туршлагаас харахад энэ үе нь нэгээс хэдэн хоног буюу харьцангуй богино хугацаанд үргэлжилнэ. Үр дүн нь гудамжинд гарч ирсэн жагсагчдын тоо, лидерүүдийн идэвхтэй ажиллагаанаас илт хамаарна)

Тавдугаар шат – Шинэ засгийн газрыг хууль ёсных хэмээн зарлах

-Гаднын удирдах хүчин, хууль ёсны хүрээнд шинэ засгийн газрыг “хууль ёсных” хэмээн зарлах.

(Энэ үеийн онцлог нь олон нийтийн сэтгэл хөдлөл хүчтэй бүлэглэсэн, төрийн удирдлагын бодит тогтолцоо нурсан, нийгэм, улс төр, эдийн засгийн хямрал тод илэрсэн байна. Энэ үе нь гаргасан шийдвэрт ямар нэгэн хориг тавина гэхээс айж эмээхгүйгээр гаднын удирдагч хүчний стандартын дагуу амьдралын шинэ хэв загварыг тогтооход хамгийн тааламжтай үе байна. Хуучин засгийн газрыг хууль ёсных  бус хэмээн зарлах таатай боломж юм)

Зургаадугаар үе шат – Хууль эрх зүйн орчинд эргэж ирэх

 -Төрийн удирдлагын албан тушаалтнуудыг томилж, засгийн босоо удирдлагыг өөрийн стандартын дагуу байгуулах зэрэг болно.

“Өнгөт хувьсгал”-ын өрнөл

  • 1989 ОНД Чехийн “Хамба хилэн хувьсгал”. Үүнтэй төстэй ажиллагаа Зүүн Европын зарим оронд гарсан;
  • 2000 онд Сербид “Бульдозерийн хувьсгал” эхэлж, улмаар ерөнхийлөгч асан Слободан Милошевичийг огцруулан, Гаагийн шүүхэд өгснөөр дууссан;
  • 2003 оны Гүржид “Сарнайн хувьсгал”;
  • 2004-2005 оны зааг дээр Украинд “Улбар шар хувьсгал”;
  • 2005 оны тавдугаар сард Киргизэд “Алтанзулын хувьсгал”;
  • 2005 он Ливаны “Хуш модны хувьсгал”;
  • 2006 оны Белоруссын хувьсгал;
  • 2008 онд Арменид хувьсгал хийх оролдлого;
  • 2009 оны Молдавын хувьсгал;
  • 2010 онд Киргизэд гарсан 2 дахь хувьсгал;
  • 2014 оны “Евромайдан Европын холбоог сонгох Украины сонголт”-ыг тус тус нэрлэж болно.

Мөн Узбекистанд бослого гаргахыг завдсан, Азербайжанд төрийн эргэлт хийх бэлтгэлийг илчилсэн зэрэг тогтворгүй байдлыг бий болгох урсгал нь (2003-2005) онд гэнэтийн байгаагүй гэдэг. Үнэхээр сүүлийн хэдэн арав гаруй жилийн хугацаанд улс төрийн хямралын цикл нь Ойрхи Дорнод, Магриб, Хятад, Бразилд ч болж байсан.

Дэлхийн хэмжээнд ардчиллыг төлөвшүүлэн хөгжүүлэх бодлогыг АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар өнөөг хүртэл хэрэгжүүлсээр ирсэн байна. Дэлхийн хэмжээнд ноёрхлоо бататгах зорилгоор АНУ нь бусад улсын дотоод хэрэгт хэрхэн түрэмгийлж оролцсон талаар Америкийн судлаач Уильям Блумын тооцоогоор: 

  • Гадаад улсын засгийн эрх мэдлийг унагах 50 гаруй оролдлого хийсэн. Эдгээр улсын төр засгийн тэргүүн нь ардчилсан сонгуулиар сонгогдсон байжээ;
  • 30 гаруй улсын ардчилсан сонгуульд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон;
  • Гадаад улсын төр, засгийн удирдагчийн амь насанд 50 гаруй удаа халдсан;
  • 30 гаруй улсын хүн амыг бөмбөгдсөн;
  • 20 гаруй улсын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг нухчин дарахад хөндлөнгөөс оролцсон;
  • Бас өөр нэг судлаачийн тэмдэглэснээр Вашингтоны дэмжлэгтэйгээр Югославын дэглэмийг 1999 онд унагаснаас хойш АНУ улс дэлхийн 64 улсад засгийн эрхийг хууль бусаар булаан авахад оролцсон байна.

Өнгөт хувьсгал хэдий хүчирхийллийн бус тэмцлийн аргач гэлээ жагсагчдыг хүчээр тараах гэсэн оролдлого нь аймшигт эмгэнэлд хүрсэн тохиолдол нэг биш. Жишээ нь “Евромайдан”-ы үеэр Киевт 98 хүн нас барж, Киргизийн нимбэгэн хувьсгалаар 48 хүн буудуулж, 1500 хүн шархадсан байдаг. Монгол Улсад 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлаар 5 хүн амиа алдаж, хэдэн арван хүн гэмтэл бэртэл авсан билээ. Энд дурдахад долоон сарын 1-ний хэрэг явдал дэлхийн өнгөт хувьсгалын жагсаалтыг “ноолууран хувьсгал” гэсэн нэртэйгээр нэмсэн байдаг. Тэгэхээр өнгөт хувьсгал гэдэг нь аяндаа гардаг зүйл биш бөгөөд доороосоо дэмжлэг авч, санаатайгаар нарийн зохион байгуулсан үйл явц ажээ.


Ангилал: Долоо хоногийн тойм