Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегийн өөрчлөлт

АНУ “Үндэсний аюулгүй байдлын стратеги-2025” бодлогын баримт бичгийг 2025 оны 12 сарын 05-ны өдөр  танилцууллаа. Энэхүү стратеги нь тус улсын гадаад бодлого, батлан хамгаалах төлөвлөлт, эдийн засаг-аюулгүй байдлын уялдааг тодорхойлдог улс төр-геополитикийн суурь баримт бичиг юм. 2022 оны стратеги болон 2025 онд танилцуулсан шинэ стратегийн хооронд үзэл баримтлал, зорилт, хүч хэрэгсэл, анхаарал татах бүс нутгийн түвшинд бодит өөрчлөлт ажиглагдаж байгааг системтэйгээр тайлбарлавал:

  1. Үзэл баримтлалын өөрчлөлт

2022 оны стратеги нь дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалах, ардчилсан үнэт зүйлсийг дэмжих, холбоотнуудын хамтын манлайллыг бэхжүүлэхэд чиглэж байв. Энэ стратегид АНУ өөрийгөө дэлхийн тогтвортой байдлын гол баталгаа, ёс суртахууны манлайлагч гэж тодорхойлж байсан бол 2025 оны шинэ стратеги нь үндэснийхээ эрх ашигт төвлөрсөн реалист хандлагад бүрэн шилжжээ. Ёс суртахууны уриа багасаж, ашиг-эрсдэлийн тооцоонд суурилсан прагматик бодлого давамгайлж, АНУ өөрийгөө дэлхийн дэг журмыг хамгаалагч бус, харин өөрт ашигтай орчныг бүрдүүлэгч гэж тодорхойлж байна. Товчхондоо, өмнө нь “дэлхий тогтвортой байвал АНУ аюулгүй байна” гэсэн логик давамгайлж байсан бол одоо “АНУ хүчирхэг байвал дэлхий түүнд зохицно” гэсэн хандлага давамгайлж байна гэж үзнэ.

  1. Стратегийн зорилтын ялгаа

2022 оны стратегийн зорилт нь дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалах, ардчилсан тогтолцоог дэмжих, холбоотнуудтай хамтын манлайллыг хэрэгжүүлэх байсан бол 2025 оны стратегийн зорилт нь үндэснийхээ аюулгүй байдал, эдийн засгийн давуу байдлаа хамгаалах, дотоодын үйлдвэрлэл, технологийн чадавхыг стратегийн түвшинд бэхжүүлэх, соёл иргэншлийн тогтвортой байдлыг аюулгүй байдлын асуудлын хэмжээнд авч үзсэн байна. Шинэ стратегийн нэг онцлог нь эдийн засаг, соёл, хүн ам зүйг цэргийн хүчтэй адил үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэж байна.

  1. Хүч хэрэгслийн өөрчлөлт

Өмнөх стратегид олон талт хамтын ажиллагаа, олон улсын байгууллагаар дамжуулсан нөлөөлөл, дипломат дарамт, хориг арга хэмжээг стратегийн зорилгоо биелүүлэх хүч гэж үзэж байсан бол шинэ стратегид худалдаа, тарифыг аюулгүй байдлын хүч хэрэгсэл болгон ашиглах, ханган нийлүүлэлтийн сүлжээг стратегийн түвшинд хянах, холбоотнуудын ачааллыг хуваарилан нэмэгдүүлэх замаар зорилгоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Чөлөөт худалдааны зарчмаас хяналттай, эрх ашигт суурилсан худалдаанд шилжиж байгаагаараа онцлог юм.

  1. Анхаарах улс орнуудын өөрчлөлт

2022 онд БНХАУ-ыг стратегийн сорилт гэж үзэж байсан бол 2025 онд системийн түвшний гол өрсөлдөгч гэж тодорхойлон цэрэг, эдийн засгаас гадна технологи, үйлдвэрлэл, түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд гол анхаарлаа төвлөрүүлж байна. БНХАУ-тай шууд мөргөлдөөнөөс зайлсхийн урт хугацаанд боомилох логик давамгайлж байна гэж үзнэ.

ОХУ-ыг бүс нутгийн цэргийн заналхийлэл хэмээн ангилал бууруулан тодорхойлж ялах бус тогтвортой түвшинд барих зорилт дэвшүүлжээ.

Иран, БНАСАУ зэргийг ашиг-зардлын тооцоонд суурилан хянах бодлого давамгайлж байна.

  1. Дэлхийн дэг журамд хандах хандлагын өөрчлөлт

Өмнөх стратегид олон улсын байгууллага, олон талт тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч байсан бол шинэ стратегид эдгээрийг зөвхөн өөрт ашигтай тохиолдолд хэрэглэх прагматик хандлага давамгайлж байна. Хязгаарлагдмал, зорилтот эвслийг илүүд үзэх чиг хандлага харагдаж байна.

Шинэ танилцуулсан АНУ-ын “Үндэсний аюулгүй байдлын стратеги 2025” нь тус улсын хүйтэн дайнаас хойших стратегиудаас эрс ялгаатай ба дараах гурван суурь өөрчлөлтийг агуулжээ. Үүнд:

  • Либерал интернационализмаас үндэсний эрх ашигт төвлөрсөн реализмд шилжиж байна.
  • Дүрэмд суурилсан олон улсын дэг журам, глобал манлайлал, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх зэрэг ойлголтууд стратегийн төвөөс шахагдаж байна.
  • Аюулгүй байдал, эдийн засаг, соёл иргэншлийн тогтвортой байдлыг үндэсний эрх ашиг гэж тодорхойлох болжээ.

Энэ нь АНУ өөрийгөө “дэлхийн цагдаа” бус “өөрийн эрх ашигт төвлөрсөн их гүрэн” гэж дахин тодорхойлж буйг харуулна.

2025 оны стратегийн зорилго нь АНУ-ын тусгаар тогтнол, эдийн засгийн давуу байдал, соёл иргэншлийн дархлааг урт хугацаанд хадгалах бөгөөд энэ зорилгыг үндсэн таван тулгуурт хуваажээ. Эдгээр нь:

  1. Нутаг дэвсгэрийн доторх аюулгүй байдал
  2. Аж үйлдвэр, эрчим хүч, нийлүүлэлтийн сүлжээний бүрэн хяналт
  3. Өндөр технологийн ноёрхол
  4. Цэргийн давуу байдал, цөмийн тогтоон барих чадвар
  5. Соёл иргэншлийн тогтвортой байдал

Шинэ стратегид эдийн засаг, соёл нь анх удаа цэрэг, батлан хамгаалахын адил үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болж орсноороо онцлогтой.

Стратегийн зорилгоо хэрэгжүүлэхдээ эдийн засгийн хувьд харилцан ашигтай, хяналт зохицуулалттай хатуу бодлого баримтлах ба чөлөөт худалдааг аюулгүй байдлын стратегийн хэрэгслийн түвшинд авч үзэж байна. Эдийн засгийн өсөлт бол дайны чадамж гэж үзэж буйн зэрэгцээ холбоотнуудаа бүс нутгийн аюулгүй байдлаа өөрсдөө хариуцах “ачаалал үүрэгч”-ийн статус руу шахаж байна.

2025 оны стратеги нь АНУ-ын гадаад бодлого, аюулгүй байдлын үзэл баримтлалд чанарын өөрчлөлт орж буйг илтгэнэ. Дэлхийн дэг журмыг хамгаалах ёс суртахууны манлайллаас татгалзан үндэсний эрх ашигт тулгуурласан хатуу, прагматик стратегид шилжсэн нь жижиг, дунд улсуудын хувьд шинэ эрсдэл, шинэ боломжийн аль алийг бий болгож байгаа юм.