Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!
AI, Machine learning, Hands of robot and human touching on big data network connection background, Science and artificial intelligence technology, innovation and futuristic.

Хиймэл оюун ухааны технологийн төлөөх Олон Улсын өрсөлдөөн

Хиймэл оюун ухааны технологийг дэлхийн тэргүүлэгч гүрнүүд бүрэн эзэмшихийн тулд төрийн бодлого боловсруулж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. АНУ хиймэл оюун ухааны технологийн салбар дахь 70 гаруй жилийн манлайллыг хадгалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа бөгөөд Google, Meta зэрэг “интернэтийн аваргууд” АНУ-д дижитал давамгайллыг олгосоор байна.[1]

АНУ -ын “Батлан Хамгаалах Стратеги”-д ирээдүйн дайнд ялалт байгуулах гол технологийн түлхүүр нь хиймэл оюун ухаан байх болно хэмээн 2018 онд тусгасан.[2] Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн 7 дугаар сард хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэх “AI action plan”-ыг баталж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр болсон. 2024 оны байдлаар АНУ-ын хиймэл оюун ухааныг хөгжүүлэх хувийн салбарын хөрөнгө оруулалт 109.1 тэрбум ам.долларт хүрсэн.[3]

АНУ хиймэл оюун ухааны технологийн манлайллаа бэхжүүлэхийн тулд дараах алхмуудыг хэрэгжүүлэх ёстой хэмээн америкийн зарим судлаачид үзэж байна. Үүнд: АНУ-ын БХЯ хиймэл оюун ухаанд суурилсан дайны стратегийн тоглоом бүтээж, боломжит инновац бүрийг нээн илрүүлэх, хиймэл оюун ухааны талаарх олон талт, урт хугацааны анализ хийхэд хөрөнгө оруулалт хийх. БХЯ, Тагнуулын нийгэмлэгүүд хиймэл оюун ухаанд хариу үйлдэл үзүүлэх хамгаалалтын болон довтолгооны боломжуудыг нэмэгдүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, хиймэл оюун ухааны аюулгүй байдлыг хангах бүтцийг бий болгох; DARPA(Defence Advanced Research Projects Agency) IARPA(Intelligence Advanced Research Projects Activity), Тэнгисийн судалгааны оффис, Үндэсний шинжлэх ухааны сан зэрэг байгууллагууд хиймэл оюун ухаанд суурилсан ерөнхий судалгааны ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; ҮАБЗ, БХЯ, Төрийн Департмент эрх зүйн зохицуулалт хийх, хориглох шаардлагатай хиймэл оюун ухааны технологиудыг судлан тогтоох, мэдээллийн технологид суурилсан хуурамч мэдээ, мэдээлэлд хариу үйлдэл үзүүлэх технологийн шийдлүүдийг нээн илрүүлэх зэрэг зөвлөмжүүд багтжээ.[4]

БНХАУ 2017 онд “Шинэ үеийн хиймэл оюун ухааны хөгжлийн хөтөлбөр”-ийг баталж[5], 2030 онд энэ салбарт тэргүүлэх төлөвлөгөөг 2020 оны 7 дугаар сарын 20-нд олон нийтэд зарласан. Уг хөтөлбөрийн зорилго нь олон улсын өрсөлдөөн чиглэгдэж буй хиймэл оюун ухааны салбарт өөрийн давуу байдлыг үүсгэх, үйлдвэржилтийн шинэ хөгжлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оршиж байгаа аж.

Хятадууд хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэжилтэн инженер бэлтгэх, их сургуулиудад дэмжлэг үзүүлэх, гадаад улс орнуудын чадварлаг боловсон хүч,  боловсролын системийн давуу талыг ашиглах зэргээр энэ салбарт өргөн далайцтай бодлого хэрэгжүүлж байна. Хятадын цахиурын хөндий гэгдэх “Zhongguancun” бол хиймэл оюун ухааны хөдөлгөөний гол зүрх нь юм.[6] Хиймэл оюун ухааны салбарт судалгаа шинжилгээний ажил хийж буй хятад оюутнуудын дунд “996” гэх хэллэг хүртэл гарчээ. Энэ нь өглөөний 9 цагаас оройн 9 цаг хүртэл, долоо хоногийн 6 өдөр тасралтгүй ажиллах, суралцах гэсэн утгыг илэрхийлдэг байна.[7] Хятадын төрийн өмчит “Huawei” компани 2005 оноос эхлэн “British Telecom”-ийн гол ханган нийлүүлэгч болж байсан бол өдгөө дэлхийн 60 гаруй оронд өөрийн 5G сүлжээ, дэд бүтцийг байгуулсан томоохон харилцаа холбооны корпорац болжээ. 5G технологи нь дэлхий нийтийг хамарсан хиймэл оюун ухааны үндсэн бүтэц, багана нь болж өгөх бөгөөд тооцоолон бодох хүч, дата мэдээллийн боломж, дэд бүтэц гурав нь хиймэл оюун ухааны геополитикийг бүрдүүлэгч үндсэн цөм нь юм.[8]

БНХАУ хиймэл оюун ухааны технологийг гадаад бодлого боловсруулах, дипломат үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн тухай мэдээ 2018 оны 7 дугаар сард South China Morning Post сайтад анх нийтлэгдсэн. Хүлээн авалт дээр яригдсан дипломатуудын ярианаас эхлээд тагнуулын хиймэл дагуулаас авагдсан фото зураг хүртэлх дата мэдээллүүдийг ашиглан гадаад бодлогын оновчтой шийдвэр гаргах боломжтой аж. Хятадын ГХЯ энэхүү төлөвлөгөөг баталж, технологийн шийдлийг үйл ажиллагаагаа сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэхийн тулд ашиглана гэв. [9]

Хятад Улс 2025 оны 7 дугаар сарын 26-нд “Дэлхийн хиймэл оюун ухааны конференц”-ийг зохион байгуулж, хиймэл оюун ухааныг засаглах тухай дэлхийн хөтөлбөрийг танилцуулсан. 2013-2023 оны хооронд энэ салбарт оруулсан хятадын хөрөнгө оруулалт 209 тэрбум ам.долларт хүрсэн бол хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийн тоогоор хятад улс тэргүүлж байна. 2025 оны 4 дүгээр сарын байдлаар авч үзвэл хятадад хиймэл оюун ухааны салбарт ажиллаж буй 5000 гаруй компани байгаа бөгөөд үүний зах зээлийн үнэлгээ 84 тэрбум ам.долларт хүрсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2017 онд оросын телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр “Хиймэл оюун ухаан бол оросын төдийгүй нийm хүн төрөлхтний ирээдүй юм. Энэ салбарт хэн тэргүүлнэ тэр дэлхийг удирдах болно[10] гэв. 2019 оны 10 сард “Хиймэл оюун ухааныг 2030 онд хөгжүүлэх үндэсний стратеги”-ийг ОХУ удаан хугацааны туршид хэлэлцэн батлав. 2019 оны 11 дүгээр сарын 09-нд Оросын хиймэл оюун ухааны холбоо байгуулагдаж үүндээ Yandex, Mail.ru, ‘Сбербанк”, “Газпром”, “Оросын шууд хөрөнгө оруулалтын сан” зэрэг байгууллагуудыг нэгтгэв. Дээрх холбоо нь хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх, олон нийтэд таниулах зорилготой бөгөөд эхний шатанд автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг хөгжүүлэх, хувь хүн, байгууллагын дата ашиглалтын эрх зүйн зохицуулалтыг бий болгох төслүүд дээр ажиллаж байна.[11] ОХУ уг технологийн салбар дахь хоцрогдлыг 2030 онд арилгах, технологи, инновацад суурилсан аж ахуйн нэгжүүдийг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн орчин үеийн технологид суурилсан хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хиймэл оюун ухааны чиглэлээр эрдэмтэн судлаачдыг дэмжих, тэдний тоог нэмэгдүүлэх, тусгайлсан мэргэжилтнүүдийг бэлтгэх, хиймэл оюун ухаанд суурилсан боловсролын загварыг бүх боловсролын байгууллагад нэвтрүүлэх, давтан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг дээрх стратегийн баримт бичигт тусгажээ.

Европын Холбооны Зөвлөл хиймэл оюун ухааны технологийн хөгжлийг анхааралтай авч үзэх, мэдээллийн аюулгүй байдлыг дээд хэмжээнд хангах, дижитал эрх, ёс зүйн стандартуудыг тогтоох шаардлагатай байгаа тухай зөвлөмжийг 2017 оны 10 дугаар сард ЕХ-нд хүргүүлсний дараа Европын Холбоо 2018 онд хиймэл оюун ухааны технологийн талаар баримтлах стратегийн баримт бичиг боловсруулж, хиймэл оюун ухааны найдвартай аюулгүй байдлыг хангах, төгөлдөржүүлэх зорилго дэвшүүлэв.[12] Хиймэл оюун ухааны чиглэлээр хувийн салбар дахь хөрөнгө оруулалтаар авч үзвэл ЕХ нь АНУ, БНХАУ, Латин Америк, Канад, Японы ард орж байгаа юм. Ази тивд энэ салбарт 6.5-9.7 тэрбум ам.доллар, Хойд Америк 12.1-18.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 2016 онд хийсэн бол ЕХ-ны хөрөнгө оруулалтын хэмжээ 2.4-3.2 тэрбум ам.доллар байжээ.[13] Европын Холбоо энэхүү салбар дахь өөрийн хоцрогдлыг арилгах, гол тоглогчдын нэг болох найдварыг робот, автоматжуулалтын систем, мэдээллийн технологийн чиглэлд туршлагажсан аж ахуйн нэгж, компаниуд болон их сургууль, судалгааны байгууллагуудын чадавх төрүүлж байгаа юм. НАТО 2021 оны 10 дугаар сарын 22-нд Хиймэл оюун ухааны стратегийг баталж, 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болов. Стратегийн зорилго нь хиймэл оюун ухааныг батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт ашиглах, холбоотон улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүний тулд шинэ бүтэц, шинэ хөтөлбөр боловсруулах, хариуцлагын зарчмын үүднээс технологийг хамгаалах, хяналт тавих, гаднаас ирж болзошгүй аюул заналыг тодорхойлох, түүнээс хамгаалахад чиглэж байна.[14]

 

Монгол Улсын Засгийн газраас 2019 онд баталсан “Алсын хараа 2050 хөтөлбөр”-т хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлэх, ашиглах тухай тусгасан. Үүнд нээлттэй сургалтын хөтөлбөр, агуулгыг баяжуулж, боловсролын бүх шатанд хиймэл оюун ухаанд суурилсан технологийг нэвтрүүлэх, хувь хүний ген, хоол тэжээлийн онцлог зэрэг хувь хүний эрүүл мэндийн онцлогт чиглэсэн хиймэл оюун ухаанд тулгуурласан эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг 2041-2050 онд нэвтрүүлэх[15], нано, био, мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан зэрэг шинжлэх ухаан, инновацын тэргүүлэх чиглэлд хөрөнгө нөөц болон бусад дэмжлэгийг нэмэгдүүлж, ногоон дижитал эдийн засаг, оюуны үйлдвэрлэлийн бүс нутгийн жишигт хүргэх[16] зорилтыг 2031-2040 онд хэрэгжүүлэх, хиймэл оюун ухааны технологийг санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг 2041-2050 он нэвтрүүлнэ хэмээн тусгажээ.

“Алсын хараа 2050” нь Монгол Улсын хиймэл оюун ухааны хөгжлийн зорилтыг нэлээд урт хугацааны төлөвлөгөөтэйгөөр ийнхүү тодорхойлсон нь стратегийн хувьд чухал боловч, дэлхийн чиг хандлагатай харьцуулахад цаг хугацааны хувьд ихээхэн хоцрогдож байна.

Дэлхийд хиймэл оюун ухааны технологи 2020 оноос эхлэн боловсрол, эрүүл мэнд, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, санхүү зэрэг бүх салбарт түргэн нэвтэрч, өргөн хэрэглээнд орж байгаа бол Монголын хувьд эдгээрийг зарим салбарт 2031 оноос, бүрэн хэмжээнд 2041-2050 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хиймэл оюун ухааны технологи хөгжлийн дараагийн шатандаа ойрын 5 жилд бодитоор шилжинэ хэмээн судлаачид үзэж байгааг анхаарч, технологийн хурдтай уялдуулбал илүү эрт үеэс туршилт, бодит хэрэглээнд шат дараатайгаар нэвтрүүлэх шаардлагатай гэж үзнэ.

 

Ашигласан материал:

[1] AI Super powers:China, Silicon Valley and the New World Order, Kai-Fu Lee, 2018, Boston New York, Pg2.

[2] Aşkın İnci SÖKMEN ALACA, The Effect of Artificial Intelligence Technology on Politics and International Relations, Istanbul Arel University, 2019.

[3] China Pitches Global AI Governance Group as the US Goes It Alone, https://edition.cnn.com/2025/07/28/tech/china-global-ai-cooperation-organization-waic-hnk-spc

[4] Greg Allen, Taniel Chan, Artificial Intelligence and National Security, Belfer Center for Science and International Affairs, Harvard Kennedy School, 2017.

[5] State Council`s Plan for The Development of New Generation Artificial Intelligence, (Guo Fa [2017] No. 35)2017, https://chinainnovationfunding.eu/dt_testimonials/state-councils-plan-for-the-development-of-new-generation-artificial-intelligence/

[6] AI Super powers:China, Silicon Valley and the New World Order, Kai-Fu Lee, 2018, Boston New York, Pg3.

[7] Artificial Intelligence: Pros and Cons, Documentary, (DW, 2019), https://www.youtube.com/results?search_query=AI+dw.

[8] Can Kasapoglu, Wars of None: Artificial Intelligence and Future of Conflict, 2019, Center for Economics and Foreign Policy Studies, Pg8.

[9] Stephen Cheng, Artificial Intelligence, immune to fear or favor, is helping to make China`s foreign policy, SCPN, 2018, https://www.scmp.com/news/china/society/article/2157223/artificial-intelligence-immune-fear-or-favour-helping-make-chinas.

[10] Putin and Musk are Right: Whoever Masters AI Will Run the World, Gregory C. Allen, September 5, 2017, https://edition.cnn.com/2017/09/05/opinions/russia-weaponize-ai-opinion-allen/index.html

[11] Nikolai Markotkin, Elena Chernenko, Developing Artificial Intelligence in Russia: Objectives and Reality, 2020, Carnegiemoscow.org, https://carnegiemoscow.org/commentary/82422.

[12] Europian Comission, Communication from the Commission to the European Parliament, The European Council, The Council, The European Economic and Social Committee, and The Committee of the Regions, Artificial Intelligence for Europe, 25 April 2018, COM (2018) 237 final, Brussel.

[13] Ibid.

[14] Summary of the NATO Artificial Intelligence Strategy, 22 Oct 2021, https://www.nato.int/cps/en/natohq/official_texts_187617.htm.

[15] Монгол Улсын Засгийн Газар, “Алсын хараа 2050 хөтөлбөр”, 2019, 117х.

[16] Ibid, 125pg.