Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Conditions and causes of migration in Ulaanbaatar

Шилжилт хөдөлгөөний судалгаа юуны өмнө энэ үзэгдлийн гол шалтгаануудыг тодорхойлохоос эхэлдэг бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг хүчин зүйлсээс гадна байгалийн гамшиг, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг бүтцийн асуудлуудыг хамарч үздэг. Тиймээс шилжилт хөдөлгөөний нийгэм, эдийн засгийн салбарт үзүүлж буй нөлөөллийг цогцоор нь судалж, нэг талаас хөдөлмөрийн зах зээлийг тэлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зэрэг эерэг үр дагаврууд, нөгөө талаас хот суурин газрын дэд бүтцийн хэт ачаалал, нийгмийн тэгш бус байдалд хүргэдэг сөрөг нөлөөллийг тусгайлан авч үздэг.

Монгол улсын хувьд хотжилт эрчимжихийн хэрээр Улаанбаатар хотод хэт төвлөрөл бий болж байгаа нь эерэг нөлөөллөөс илүүтэй сөрөг нөлөөлөл дагуулж байна. Тухайлбал эрчим хүчний хүрэлцээгүй байдал, замын түгжрэл, орчны болон агаарын бохирдол зэрэг нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Нөгөө талаар хөдөө орон нутаг эзгүйрэх, хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдах, орон нутгийн эдийн засгийн хөгжил удаашрах зэрэг нөхцөл байдал ажиглагдаж байна. Энэ нь Монгол улсын дотоод аюулгүй байдалд үзүүлэх сөрөг нөлөөний нэг томоохон хүчин зүйл юм.

Сүүлийн 35 жилийн хугацаанд идэвхэжсэн шилжих хөдөлгөөний нөлөөгөөр хүн амын механик өсөлт хотын хүн амыг огцом тэлж, Улаанбаатар хотод 818.6 мянган иргэн шилжин ирсэн бөгөөд жилийн дунджаар тооцвол 23.4 мянган иргэн байна. Эсрэгээрээ сүүлийн 35 жилд Улаанбаатар хотоос 251.1 мянган иргэн шилжин явсан нь жилийн дунджаар 7.15 мянган иргэн болж байна. Шилжих хөдөлгөөний цэвэр зөрүү нь 567.5 мянгад хүрсэн бөгөөд үүнийг Улаанбаатар хотын 2024 оны хүн амын дүнд эзлэх хувиар тооцвол 32 хувь болж байна.

Зураг 1. Улаанбаатар хотын шилжих хөдөлгөөний динамик

Эх сурвалж: ҮСХ

Улаанбаатар хотын шилжих хөдөлгөөний динамикаас харвал 2000-аад оны үед шилжин ирэлт маш өндөр байсан бол 2010 оноос эхлэн шилжин явах иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Шилжилт хөдөлгөөний урсгал зохистой түвшинд байх нь улс орны хөгжилд олон талын ач холбогдолтой боловч Монгол Улсын хувьд хөдөөгөөс хот руу чиглэсэн их “нүүдэл” нь байгаль орчны доройтол, хүн амын механик өсөлт, нөөцийн зохисгүй хуваарилалт, орчны бохирдол, хэт төвлөрөл, авто замын түгжрэлийг бий болгож байна. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх, нийслэлийн түгжрэлийг багасгах зорилгоор хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлахын тулд Засгийн газраас үе үе бодлогын арга хэмжээ авч ирсэн. Дараах хүснэгтээс харахад үе үеийн шилжилт хөдөлгөөний бодлогын гол зорилго нь ихэвчлэн хөдөөнөөс хот руу шилжих шилжилтийг хязгаарлах буюу багасгахад чиглэгдсэн байдаг.

Хүснэгт 1. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжихийг хязгаарлахтай холбоотой хууль, тогтоол, үйл ажиллагаа

Он Хууль, тушаал гаргаж хэрэгжүүлсэн байдал Дэлгэрэнгүй
1994 Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2.2 Нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх зорилгоор нийслэлд шилжин суурьших асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийх
1995 Улаанбаатар хотод шилжин ирэгсдээс хураамж авах тухай НИТХ-ын 69 дүгээр тогтоолоор дараах хураамжийг бий болгосон.

а. Насан хүрсэн иргэн 26000 төгрөг

б. Хүүхэд 13000 төгрөг

2001 Улаанбаатар хотод шилжин ирж буй иргэдээс авах хураамжийн хэмжээг нэмэгдүүлсэн НИТХ-ын 69 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж нийслэлд шилжин ирэгсдээс авах хураамжийг нэмэгдүүлсэн.

а. Насан хүрсэн иргэн 50000 төгрөг

б. Хүүхэд 25000 төгрөг

2003 Шилжин ирэгсдээс авах хураамжийг цуцалсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Чингэлтэй дүүрэгт гаргасан гомдлын дагуу НИТХ-ын 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан.
2013 Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө Мастер төлөвлөгөөнд “Хотын орлогыг бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор түр болон бүртгэлгүй урт хугацаагаар оршин сууж байгаа иргэдийн тоог хязгаарлах” тухай тусгагдсан.
2016 Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого Бодлогын нэг үзүүлэлтэд “2025 он гэхэд хөдөөгийн хүн амын нийт хүн амд эзлэх хувийг 38 хувиас 50 хувьд хүргэнэ” гэж заасан байдаг.
2017.1 Шилжин ирэгсдийн бүртгэлийг хязгаарлах бодлого хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний талаар” гэсэн заалтад 2018 оны нэгдүгээр сар хүртэл хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарласан.
2017.12 Шилжин ирэгсдийн бүртгэлийг хязгаарлах бодлогыг сунгасан. Шилжих хөдөлгөөнийг хязгаарлах бодлогын хэрэгжилтийг 2020 оны нэгдүгээр сар хүртэл сунгасан.

Эх сурвалж: Internal Migration in Mongolia, IOM 2023

Гэвч хязгаарлалтын бодлого нь шилжин ирэгсдийг олон төрлийн эрсдэлтэй алхам руу түлхэж, эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Тухайлбал Нийслэлийн засаг даргын А/17 дугаар захирамжаар 2017-2020 оны хооронд хэрэгжүүлсэн бодлогын нөлөөгөөр дотоодын шилжин ирэгсдийн тоо огцом буурч, 2017 онд 10,335; 2018 онд 6,568; 2019 онд 12,373 болсон байна /2016 онд орон нутгаас Улаанбаатарт 25,196 хүн шилжин ирж байв/. Гэсэн хэдий ч нийслэлд бүртгэлгүйгээр шилжин ирж суурьшигчдын бодит тоо албан ёсны мэдээллээс хамаагүй их байх магадлал өндөр байсан тухай Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/-ын тайланд тусгагдсан байна. Хязгаарлалтын бодлогын нөлөөгөөр шилжин ирэгсэд албан ёсны оршин суугчаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлэх боломжгүй байдал үүсэж, улмаар төрийн анхан шатны үйлчилгээ (жишээлбэл, боловсрол, эрүүл мэнд болон бусад үндсэн үйлчилгээ) авах эрхээ эдэлж чадахгүйд хүрдэг байна. Хязгаарлалтын бодлогын хугацаа дууссаны дараах жилүүдэд шинээр бүртгүүлсэн шилжигчдийн тоо 2020 онд 39,515, 2021 онд 25,695 болж өссөн байна. Энэхүү огцом өсөлт нь хязгаарлалтын бодлого хэрэгжиж байх үед Улаанбаатар хотод шилжин ирсэн хүмүүс 2020 болон 2021 онд бүртгэлээ баталгаажуулсантай холбоотой гэж үзэж болно.

Улаанбаатар хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн өндөр байгаа шалтаан нөхцөлийг судлахын тулд ОУШХБ-аас Монгол улсын хэмжээнд хоёр томоохон судалгааг хийсэн байна. Нэгдүгээрт, “Монгол: Дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа” (ОУШХБ, 2018a) нь 1001 өрхийн 3715 иргэнийг хамруулсан судалгаа явуулснаар ажлын байр хомс, бизнесийн боломж бага гэх мэт эдийн засгийн шалтгаанууд нь шилжилтийн гол хөдөлгөгч хүчин зүйл болохыг тогтоожээ. Хоёрдугаарт, “Монгол: Шилжих хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлтийн судалгаа” (ОУШХБ, 2021a) нь судалгаанд оролцсон 1562 хүний 60% нь эдийн засгийн шалтгаанаар, ялангуяа ажил эрхлэлт, амьжиргаа сайжруулах зорилгоор нийслэл рүү шилжсэн болохыг илтгэсэн. Фокус бүлгийн судалгаагаар хот руу шилжих гол шалтгаан нь ажлын байр хайх зорилго байдаг нь баталгаажсан байна.

Хүснэгт 2 Шилжсэн шалтгаан /хувиар/

Шилжсэн шалтгаан Бүртгэлтэй шилжигсэд (%) Бүртгэлгүй шилжигсэд (%) Нийт (%)
Илүү сайн ажил, бизнес хийх боломж хайж 35.0 45.0 38.5
Амьдралын орчин нөхцөлөө сайжруулахаар 22.4 18.3 21.0
Орон нутагт нь байр орон сууц, газрын хүрэлцээгүй байдал 0.4 0.4 0.4
Орон нутагт нь үндсэн хэрэгцээ шаардлага хангах байдал үйлчилгээ нь тааруу 1.1 0.2 0.8
Боловсрол 20.3 20.4 20.3
Гэр бүл болох 1.6 1.3 1.5
Гэр бүлийн гишүүд дээрээ ирэх 6.0 3.3 5.1
Хамаатан садан дээрээ ирэх 2.1 3.0 2.4
Хүүхдүүдээ илүү сайн амьдралтай болгох гэж 7.4 4.4 6.4
Эрүүл мэндийн шалтгаанаар 3.1 3.1 3.1
Бусад 0.7 0.6 0.6
Нийт хувь 100.0 100.0 100.0
Тоон дүнгээр 1 022 540 1 562

Эх сурвалж: IOM, 2021а:25

Шилжилт хөдөлгөөний шийдвэрийг ихэвчлэн оновчтой сонголт, үр ашгийн дүн шинжилгээнд суурилсан гэж үздэг ч бодит байдал дээр шилжигсэд зорьсон газартаа амьдрах нөхцөл, боломжийн талаарх бүрэн бус мэдээлэлтэй, тодорхойгүй нөхцөлд шийдвэр гаргах тохиолдол ихээр ажиглагддаг. Энэхүү байдал нь бодлого боловсруулагчдад хоёр чухал чиглэлд анхаарлаа хандуулах шаардлагатайг харуулж байна. Нэгдүгээрт, шилжин суурьшигчдын мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, ялангуяа хөдөөгийн хүнд нөхцөлийг даван туулах арга хэрэгсэл нь шилжилт хөдөлгөөн гэж харж буй эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулах явдал юм.

Дүгнэлт

Улаанбаатар хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн өндөр хэвээр байгаа нь сүүлийн жилүүдийн тоон мэдээгээр харагдаж байгаа бөгөөд цаашид ч буурах төлөвгүй байна. Нийслэл рүү чиглэсэн нүүдэл бол зөвхөн нийгэм-эдийн засгийн үзэгдэл биш, харин дэд бүтэц, хүн ам зүй, эрүүл мэнд, хүнсний хангамжийн тогтвортой байдалтай уялдах аюулгүй байдлын цогц асуудал юм. Тиймээс шилжилтийг бууруулахын тулд шалтгаан нөхцөлийг арилгах нь нэн тэргүүний зорилт юм.

Цаашид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран шилжих хөдөлгөөний үр дүнтэй бодлого боловсруулах шаардлагатай. Ингэхдээ шилжих хөдөлгөөний үндсэн 3 том шалтгаан болох амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсрол олж авах боломжийг дээшлүүлэхтэй холбоотой ажлуудыг орон нутагт зохион байгуулахад анхаарах нь зүйтэй. Үүнийг урт хугацааны хөрөнгө оруулалтын бодлогодоо тусгах, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулах, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнүүдэд оруулах байдлаар шийдвэрлэх нь зохистой гэж үзнэ.

Эх сурвалж:

  1. International Organization for Migration (IOM). (2018). Internal Migration in Mongolia: Survey Results. Ulaanbaatar.
  2. International Organization for Migration (IOM). (2021a). Migration and Employment in Mongolia. Ulaanbaatar.
  3. International Organization for Migration (IOM). (2021b). Drivers and Impacts of Internal Migration in Mongolia. Ulaanbaatar.
  4. International Organization for Migration (IOM). (2021c). Reversing Urban Migration: Motivations and Trends. Ulaanbaatar.
  5. Үндэсний Статистикийн Хороо мэдээллийн бааз 1212.mn