Энэ удаад Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс АНУ-ын Тэнгисийн цэргийн дүн шинжилгээний төвийн нэгэн судалгааг товчлон орчуулж хүргэж байна. Уг материал нь зөвхөн мэдээлэл дамжуулах зорилготой бөгөөд хүрээлэнгийн байр суурийг илэрхийлэхгүй болно.
“Тоон үзүүлэлт ч чанарыг агуулдаг”[1]
Украины дайнаас хойш Оросын хорлон сүйтгэх, нөлөөллийн болон бусад тагнуулын ажиллагаа нэмэгдэх болсон нь өрнөдийн орнуудад Оросын тагнуулын байгууллагыг дахин үнэлэх шаардлагыг бий болгож байна. ОХУ чанараас илүү тоонд төвлөрсөн стратегид шилжиж байгаа нь тагнуулын уламжлалт аргаас татгалзаж буйг илтгэнэ. Хүйтэн дайны үед ЗХУ-ын тагнуулын байгууллагыг өндөр зохион байгуулалттай, нягт уялдаатай ажилладаг, сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн хүчин гэж үздэг байв. Харин 2022 оноос хойш энэ загвар эрс өөрчлөгдөн мэргэжлийн бус нэг удаагийн ажил гүйцэтгэх ажиллах хүчийг ашиглан олон тооны, эрсдэл, үр дагаврыг үл хайхарсан үйл ажиллагаа руу шилжжээ.
Хорлон сүйтгэх ажиллагаа: Арваад жилийн өмнө ОХУ-ын дайснуудыг зэвсгээр хангадаг агуулахуудыг онилсон ГРУ-ын хэд хэдэн нарийн төлөвлөгдсөн хорлон сүйтгэх ажиллагаа хэрэгжсэн байдаг. Харин Украины дайнаас хойш ийм төрлийн ослын давтамж эрс нэмэгдэж, оросын хорлон сүйтгэх ажиллагааны үр дагавар байж болзошгүй халдлага нь зөвхөн цэргийн бус, иргэний дэд бүтэц болон аж ахуйн нэгжүүдийг ч хамрах болжээ. Халдлагууд ЗХУ-ын нөлөөний бүсэд харьяалагдаж байсан Латви, Литва, Польш зэрэг улсаар тогтохгүй Финлянд, Норвег, Герман зэрэг НАТО-гийн гишүүн орнуудад ч бүртгэгдэх болов. 2022 оноос өмнөх арван жилийн хугацаанд цөөн хэдхэн хорлон сүйтгэх ажиллагаа гарч байсан бол 2022 оноос хойш багаар тооцоход 50, зөвхөн 2024 онд Европт 70 сэжигтэй хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр хорлон сүйтгэх үйлдлүүд нь КГБ-ийн хүйтэн дайны үеийн хорлон сүйтгэх номлолын зарчмуудтай ерөнхийдөө нийцэж байгаа ч орчин үеийн хандлага нь стратеги, тактик, нөөцийг ашиглах талаараа ялгаатай байна. Тодруулбал, эдгээр ажиллагаа нь мессенжер программууд, тоглоомын платформууд зэрэг цахим сүлжээгээр дамжуулан бэлтгэгдээгүй хүмүүсийг харанхуйгаар элсүүлж, нэргүй мөнгөн шилжүүлэг болон криптовалютаар төлбөрөө төлдөг уламжлалт бус загварт шилжжээ.
Нөлөөллийн ажиллагаа: Оросын явуулж буй нөлөөллийн ажиллагааны арга барил нь үзэл сурталд суурилсан, нарийн төлөвлөсөн, урт хугацааны стратегиас үл ойлголцол, үл итгэлцэл, айдас, эргэлзээг бий болгох зорилготой, өргөн хүрээний, хурдтай ажиллагаа руу шилжжээ. Үүнд, түүх соёлын хөшөө дурсгалыг гутаан доромжлох, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулалттайгаар өдөөн хатгах, эсрэг үзэлтнүүдийг айлган сүрдүүлэх, бие махбодод халдах, хагалан бутаргах зэрэг үйл ажиллагаанууд багтана. КГБ-ийн нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаанаас ийнхүү өөрчлөгдөж байгаагийн цаад учир шалтгааныг ойлгохын тулд үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хурдасгах хэрэгцээ шаардлага, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, үзэл суртлын үйлчлэл зэрэг хэд хэдэн гол хүчин зүйлийг судлах шаардлагатай юм.
Тоон үзүүлэлтээс гарах чанарын үр дүн: Оросын тагнуулын үйл ажиллагааны энэхүү өөрчлөлт нь дэлхийн аюулгүй байдалд шинэ эрсдэл, сорилтуудыг бий болгож байна. Чанарыг үл хайхардаг ч энэ стратегийн үр нөлөө нь өргөн цар хүрээ, дасан зохицох чадвар, тууштай байдлын үр дүнгээр гардаг бөгөөд байнга тогтвортойгоор ийм үйл ажиллагаа явуулах нь эсрэг талаа өдөж гаргаж ирэхэд хэрэгтэй байдаг.
Түүнчлэн энэ шинэ чиг хандлага нь шууд хохирол учруулах эрсдэлүүдээс гадна геополитикийн хурцадмал байдлыг ч нэмэгдүүлж байна. Тухайлбал, Балтийн тэнгисийн дэд бүтцийг гэмтээсэн Хятадын хөлөг онгоцны хэргийг дурдаж болох юм. Мөн чухал дэд бүтцэд халдах нь эрчим хүчний хангамжийг тасалдуулах зэрэг урт хугацааны, ноцтой үр дагаварт хүргэх эрсдэлтэй.
Маш олон тооны, өргөн хүрээтэй үйл ажиллагаанаас учирсан хохирлыг шуурхай нөхөн сэргээхэд хүндрэлтэй учир Оросын хувьд энэ нь үр дүнтэй стратегийн давуу тал болж байгаа юм. Оросын тагнуулын алба өөрчлөгдөн буй геополитикийн болон үйл ажиллагааны орчинд дасан зохицож, Кремлийн стратегийн үндсэн хэрэгсэл болох үүргээ хадгалж, Украинд хийж буй дайныг дэмжиж байгаа энэ үед дэлхийн аюулгүй байдалд урт хугацааны сорилт учруулах төлөвтэй байна.
Дүгнэлт: Орчин үеийн Оросын тагнуулын алба мессенжер программууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нэрээ нууцлан элсүүлсэн, бэлтгэгдээгүй агентуудыг ашиглан өргөн цар хүрээтэй, олон тооны үйл ажиллагаа зохион байгуулах болсон нь томоохон хэмжээний эдийн засгийн сонирхолд тулгуурласан хорлон сүйтгэх зах зээлийг бий болгож байна. Ингэснээр Зөвлөлтийн үеийн нарийн төлөвлөсөн, мэргэшсэн үйл ажиллагаанаас улам бүр холдсоор байна. Энэхүү стратеги нь фон Нейманы найдваргүй бүрэлдэхүүн хэсгүүдээр найдвартай системийг бий болгох зарчимд тулгуурлаж байна. Найдваргүй бүрэлдэхүүн хэсгүүд буюу бэлтгэгдээгүй агентууд нь улс орон, бүс нутгуудад тогтворгүй байдал үүсгэж, НАТО-гийн харилцааг хурцатгаж, геополитикийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх болно. Хэдийгээр тэдний зохион байгуулсан бүх ажиллагаа амжилттай болдоггүй ч ойрын зорилгодоо хүрдэггүй арга хэмжээнүүд нь нийгэмд айдас төрүүлж, олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, хууль сахиулах байгууллага, тагнуулын байгууллагын нөөц бололцоог саармагжуулж, тарамдах зэргээр гүнзгий нөлөөлсөөр байна. Оросын тагнуулын стратегийг удирдаж буй улс төрийн тооцоолол эсвэл үйл ажиллагааны орчинд нь томоохон өөрчлөлт гарахгүй бол энэ загварыг үргэлжлүүлэн арга барилаа тасралтгүй өргөжүүлж, улам боловсронгуй болгох болно. Тэдний үндсэн зорилго нь “эсрэг талаа сулруулах, хууран мэхлэх, төөрөгдүүлэх, устгах” хэвээр байсаар байна.
[1] Quantity Has a Quality All of Its Own. CNA 2025. https://www.cna.org/analyses/2025/05/quantity-has-a-quality-all-of-its-own









Leave comment