2025 онд өдөрт дунджаар 20 сая баррель түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэсэн Ормузын хоолой нь дэлхийн хамгийн чухал газрын тос дамжуулах цэгүүдийн нэг юм. Дэлхийн далайн замаар тээвэрлэдэг газрын тосны худалдааны 25 орчим хувь нь хоолойгоор дамжин өнгөрч, тойрч гарах сонголтууд хязгаарлагдмал байгаа тул хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрт ямар нэгэн саад учруулах нь дэлхийн газрын тосны зах зээлд ихээхэн нөлөөлөл авчрах болно [1]. Ялангуяа Венесуэл болон Иранаас хямд газрын тос юаниар худалдан авч макро эдийн засаг болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хямд зардлаар явуулж ирсэн БНХАУ-ын хувьд дайн урт хугацаанд үргэлжилбэл ихээхэн хохирол учруулах эрсдэл үүсээд байна.
БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооны 2025 оны эдийн засгийн үзүүлэлтээс харвал тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 140 орчим их наяд юань, өсөлт 5% байсан ба гадаад валютын нөөц ойролцоогоор 335 тэрбум ам.доллар, жилийн дундаж ам.долларын ханш 7,1429 юань байжээ. Гэхдээ эдгээр үзүүлэлтэд нөлөөлөгч суурь хүчин зүйл нь юаниар төлбөр тооцоо хийгдсэн хямд газрын тосонд суурилж байв. 2025 онд БНХАУ-ын түүхий газрын тосны импорт 577.73 сая тонн, харин дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 216.087 сая тонн байсан байна. Эдгээр үзүүлэлтээс харахад тус улсын газрын тосны хэрэглээний ихэнх хэсгийг импорт бүрдүүлж, газрын тосны хамаарал ойролцоогоор 73 хувьд хүрсэн нь ажиглагдаж байна [2]. Ийм нөхцөлд газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өсөх нь Хятадын макро эдийн засагт импортын төлбөрийн цочрол үүсгэх эрсдэлтэй юм. Ялангуяа эрчим хүчний өртөг нэмэгдэх, санхүүгийн тогтвортой байдалд дарамт үүсэх, худалдаа болон хангамжийн сүлжээ тасалдах, мөн юанийн олон улсын байр сууринд сөрөг нөлөө үзүүлэх зэрэг асуудлууд гол эрсдэл болж байна.
2025 оны газрын тосны дундаж үнэ болон импортын хэмжээг суурь үзүүлэлт болгон авч, үнийн өсөлт болон тээвэр, даатгалын зардлын хавсарсан цочрол үүссэн нөхцөлд Хятадын эдийн засагт нэмэгдэж болзошгүй импортын төлбөрийг 3 болон 12 сарын хугацаанд тооцоолсон үр дүнг дараах хүснэгтэд харуулав. Эдгээр тооцоолол нь эрчим хүчний зах зээлийн савлагаа, логистикийн зардлын өсөлт нь богино болон дунд хугацаанд импортын нийт төлбөрт ямар хэмжээгээр дарамт үзүүлэхийг үнэлэх зорилготой юм.
| Хувилбар | Ирэх 3 сарын газрын тосны үнийн өсөлт ΔP ($/баррель) | Нэмэлт тээвэр + даатгал ($/баррель) | Ирэх 3 сарын импортын төлбөрийн нэмэгдэл (тэрбум $, ойролцоо) | Ирэх 12 сарын импортын төлбөрийн нэмэгдэл (тэрбум $, ойролцоо) |
| Хамгийн сайн | 10 | 1 | ≈ 11.6 | ≈ 25.4 |
| Суурь | 35 | 3 | ≈ 40.2 | ≈ 97.4 |
| Хамгийн муу | 80 | 10 | ≈ 95.3 | ≈ 296.4 |
Дээрх тооцоолол нь Ираны дайны нөлөөгөөр Ормузын хоолойгоор тээвэрлэлт дамжин өнгөрөхгүй мөн далайн тээврийн даатгал цуцлагдсан үеийн төсөөллөөр хийгдсэн. Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар дайн брент газрын тосны үнийг 80 ам.доллароос дээш хэлбэлзүүлж дайн дуусах хүлээлт хэдэн долоо хоног үргэлжилж болзошгүй байна [3].
Хятадын түүхий газрын тосны импортын ойролцоогоор 40%-45% нь Ормузын хоолойгоор дамждаг. Иран бол Хятадын гурав дахь том түүхий газрын тос нийлүүлэгч бөгөөд энэхүү дайны нөлөө нь Хятад руу экспортлох газрын тосны хангамжид шууд нөлөөлнө. Газрын тосны үнэ нэг баррель тутамд 10 ам.доллароор нэмэгдэхэд Хятадын жилийн нийт импортын зардал ойролцоогоор 280 тэрбум юаниар нэмэгдэнэ. Харин газрын тосны үнэ баррель тутамд 120-150 ам.доллар хүртэл өсвөл жилийн өсөлт 1 их наяд юаниас давна. Үүний зэрэгцээ газрын тосны нийлүүлэлт буурснаар нефть, хими, тээвэр, хуванцар, бордооны салбарын сүлжээний бүх зардал өснө. Энэхүү өсөлт нь хэрэглээний үнийн индексийг өсгөж импортын инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байна. Газрын тосны нөлөөллөөс гадна Хятадын химийн аж үйлдвэрлэлийн салбарт ихээхэн эрсдэл үүсгэх нэг бүтээгдэхүүн нь метанолын импортын хамаарал болоод байна. Иран нь дэлхийн метанолын хоёр дахь том экспортлогч бөгөөд Хятад улсын нийт метанолын импортын 60% тус улсаас хамааралтай [4]. Мөн газрын тосны үнэ өссөнөөр тус улсын бүх төрлийн тээвэр, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын ашгийг бууруулж экспортын өрсөлдөх чадварыг мөн бууруулна. Харин тээврийн салбарт тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэх магадлалтай бөгөөд энэ нь Хятад–Европ болон Хятад–Пакистаныг холбосон хуурай замын тээврийн чиглэлүүдийн стратегийн ач холбогдлыг нэмэгдүүлэх боломжтой. Үүний үр дүнд БНХАУ эдгээр тээврийн коридорын хөгжил, дэд бүтцийн өргөтгөлд илүү их анхаарал хандуулах нөхцөл бүрдэж байна.
Эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилгоор Хятад улс 1 тэрбум орчим аюулгүйн нөөцөөсөө нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, аюулгүйн нөөцийг нэмэгдүүлэх болон нийлүүлэгчийг төрөлжүүлэх арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж болох юм. Хятад улс ойролцоогоор 90 хоногийн газрын тосны аюулгүйн нөөцтэй гэх таамаглал байгаа бөгөөд ханш тогтворжуулах зорилгоор 2022 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дахин давтах магадлалтай [5].
Үүний зэрэгцээ шинжээчдийн үзэж буйгаар Хятад улс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
- Газрын тосны импортын төрөлжилтийг бэхжүүлэх. Тухайлбал, Орос, Төв Азийн орнууд болон Латин Америкийн бүс нутгаас импортлох газрын тосны эзлэх хувийг нэмэгдүүлэх;
- Саудын Араб, Орос зэрэг гол нийлүүлэгч орнуудтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх;
- Хятад–Орос, Хятад–Казахстан, Хятад–Мьянмарын чиглэл дэх хуурай замын болон дамжин өнгөрөх тээврийн коридоруудыг бэхжүүлж, далайн тээврээс хамааралтай байдлыг бууруулах зорилгоор бодлогын зохицуулалтыг шуурхай хэрэгжүүлэх;
- Урт хугацаанд салхи, нарны эрчим хүч, эрчим хүчний хадгалалтын технологи, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн хөгжлийг дэмжих замаар эрчим хүчний шилжилтийг түргэтгэх;
- Эрчим хүчний бүтэц дэх чулуужсан бус эх үүсвэрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх.
Ираны дайны Хятадад үзүүлэх нөлөө нь эрсдэл болон боломжуудыг аль алиныг агуулж байна. Богино хугацаанд Хятад улс эрчим хүчний үнийн өсөлт, санхүүгийн тогтворгүй байдал, худалдааны дарамттай тулгарах боловч Хятадын одоогийн бага инфляц, гадаад валютын хангалттай нөөц зэргээс шалтгаалан нийт эрсдэлийг удирдах боломжтой.
Урт хугацаанд энэхүү нөхцөл байдлыг эрчим хүчний шилжилтийг хурдасгах, юанийн олон улсын хэрэглээг нэмэгдүүлэх, хангамжийн сүлжээний бие даасан байдлыг бэхжүүлэх, мөн газрын тээврийн коридоруудыг байгуулах, өргөтгөх зэрэг стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх боломж болгон ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, үүссэн сорилтыг бодлогын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хөшүүрэг болгон хувиргах боломж бүрдэж байна. Иймд бодлогын гол анхаарал нь эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг баталгаажуулах, санхүүгийн салбарын долларын хамаарлыг бууруулах, газрын тосны импорт болон эрчим хүчний салбарт урт хугацааны бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд чиглэх магадлалтай.
Монгол улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний импорт ОХУ-с бүрэн хараат бөгөөд хоёр улсын засгийн газар хоорондын хамтарсан комиссын хуралдаанаар 2027 он хүртэл үнэ болон нийлүүлэлтийн хэмжээг эцэслэн тохиролцсон нь эерэг үр дүнтэй байж болох ч ханган нийлүүлэгч орон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавивал суурь үнэ тогтоодог бүтээгдэхүүн тул инфляцад нөлөөлнө. Газрын тосны бүтээгдэхүүнийг бүтцээр нь авч үзвэл 96 хувь ОХУ, 3 хувийг гадаад орнууд дахь онгоцны шатахуун цэнэглэлт бүрдүүлдэг, 1 хүрэхгүй хувь БНХАУ-аас хамаардаг тул шатахууны суурь үнэд Хятад улс нөлөөлөхгүй гэж үзэж болно.









Leave comment