Газрын ховор элементийн нөөц
Одоогоор дэлхийн газрын ховор элементийн баталгаат нөөц 90 сая тн байгаа бол түүний 44 сая нь БНХАУ-д ногдож байна. Энэхүү үзүүлэлтийг АНУ-ын Геологийн хяналтын агентлагийн 2025 оны судалгаанд үндэслэн доорх хүснэгтэд танилцуулъя:[1]
|
Улсын нэр |
Олборлолт (тонн) | Баталгаат нөөц | |
| 2023 он |
2024 он |
||
| БНХАУ | 255,000 | 270,000 | 44,000,000 |
| Бразил | 140 | 20 | 21,000,000 |
| Энэтхэг | 2,900 | 2,900 | 6,900,000 |
| Австрали | 16,000 | 13,000 | 5,700,000 |
| ОХУ | 2,500 | 2,500 | 3,800,000 |
| Вьетнам | 300 | 300 | 3,500,000 |
| АНУ | 41,600 | 45,000 | 1,900,000 |
| Гринланд | – | – | 1,500,000 |
| Танзани | – | – | 890,000 |
| Өмнөд Африк | – | – | 860,000 |
| Канад | – | – | 830,000 |
| Тайланд | 3,600 | 13,000 | 4,500 |
| Мьянмар | 43,000 | 31,000 | – |
| Нигер | 7,200 | 13,000 | – |
| Мадагаскар | 2,000 | 2,000 | – |
| Малайз | 310 | 130 | – |
| Бусад | 1,440 | 1,100 | – |
| Бүх дэлхий | 376,000 | 390,000 | >90,000,000 |
Эх сурвалж: U.S. Geological Survey, Mineral Commodity Summeries, January 2025, page 145. mcs2025.pdf – Mineral Commodity Summaries 2025
Газрын ховор элементийн байгалийн түүхий эдийн нөөц бүх улс оронд илэрдэг ч БНХАУ, Вьетнам, Бразил, ОХУ, Энэтхэг улсууд бүх дэлхийн баталгаат нөөцийн 88 хувийг хянаж байна. Энэ нь нийлүүлэлтийн хувьд АНУ, Европын холбоо, Япон болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (Organization for Economic Co-operation and Development)-ын гишүүн орнуудын технологийн хөгжилд томоохон сорилт авчирч байна.[2]
Зөвхөн газрын ховор элементийн баталгаат нөөц төдийгүй түүхий эдийн ханган нийлүүлэлт, ялгах, боловсруулалт, үйлдвэрлэл, эцсийн бүтээгдэхүүний сүлжээнд БНХАУ нь ноёлох байр суурьтай. Үүнээс үүдэн Хятад нь түүхий эдийн үнийн сүлжээнд хяналт тавьж байна. Тодруулбал, цахилгаан болон хосолмол хөдөлгүүр, салхин сэнс, бусад цахилгаан төхөөрөмжид ашиглагддаг NdFeB (composed of neodymium, iron, and boron) буюу тогтмол соронз үйлдвэрлэлийн түүхий эдийн 58 хувь, ялгах процессын 89 хувь, боловсруулалтын 90 хувь, бэлэн бүтээгдэхүүний 92 хувийг БНХАУ дангаар хангадаг.[3]
Дэлхий, бүс нутгийн геополитикт үзүүлэх нөлөөлөл
Газрын ховор элементийн хэрэгцээ тасралтгүй өсөж байгаатай уялдан түүний нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал нь дэлхийн улс орнуудын Засгийн газар, томоохон аж ахуйн нэгжүүдийн стратегийн зорилт болон тавигдав. Газрын ховор элемент нь үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал шаардлагатай нөөц юм.
АНУ-ын Эрчим хүчний яам, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Европын холбооны холбогдох байгууллагууд газрын ховор элементийн түүхий эдийн стратегийн нөөцийг бүрдүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Батлан хамгаалах дэвшилтэт технологи, тухайлбал, F-35 байлдааны нисэх онгоц, оновчтой тусгалтай пуужин, харилцаа холбооны техникүүд тус түүхий эдээс онцгой хамаарч буй нь үндэсний батлан хамгаалах чадавхад хурцаар нөлөөлдөг. Дэлхий нийтээр цахилгаан хөдөлгүүрт техник технологид гол анхаарлаа хандуулж, хүмүүсийн амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон нь газрын ховор элементийн ашиглалтыг улам нэмэгдүүлэв. Уг элементүүдийн нэг Неодумиум (NdFeB) нь цахилгаан хөдөлгүүрт ашиглагддаг тогтмол соронзын гол түүхий эд юм. Томоохон автомашин үйлдвэрлэгчид чухам тогтмол соронзын нийлүүлэлтэд “амиа тавьж” байна. Тухайлбал, Вүүд Маккенз (Wood Mackenzie)-ийн шинжээчид “Цахилгаан хөдөлгүүр үйлдвэрлэхэд шаардлагатай газрын ховор элементүүдийн хэрэгцээ 2030 он гэхэд 300 хувиар өснө” гэдэг таамаглалыг дэвшүүлжээ.[4] Гэтэл газрын ховор элементийн олборлолт, нийлүүлэлт цөөн хэдхэн улс, тэр дундаа дэлхийн зах зээлийн 70 хувийг хянадаг БНХАУ-аас үнэмлэхүй хараат бөгөөд тус улс зах зээлийн үнэ, нийлүүлэлтийг тогтоох, гаалийн тарифаар хязгаарлах зэргээр өөрийн байр суурийг идэвхтэй хамгаалж байна.[5]
2010 онд Хятад, Японы хооронд өрнөсөн Сэнкаку арлын маргаан хоёр улсын дипломат харилцаанд хүчтэй нөлөө үзүүлсэн. Хэдийгээр хятадын тал албан ёсоор мэдэгдэл гаргаагүй ч Япон руу хийх газрын ховор элементийн экспортоо зогсоосон нь тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлд томоохон цохилт болсон. Энэ нь стратегийн түүхий эдийг хянаснаар авчрах геополитикийн давуу талыг Хятад улсад олгосон бол нэг улсаас хэт хараат байх нь ямар үр дагавартайг японы талд ойлгуулж, үндэсний аюулгүй байдал, стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийг олон эх үүсвэртэй болгох, улмаар АНУ, Европын холбоо зэрэг улс орнуудтай уг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, ДХБ-д гомдол мэдүүлэх зэрэг арга хэмжээг яаралтай авахад хүргэжээ. . . Энэ нь геополитикийн томоохон сургамж болон үлдэв.[6]
АНУ нь газрын ховор элементийн хамгийн гол хэрэглэгч юм. Япон, Европын холбооны өндөр технологийн үйлдвэрлэл энэхүү түүхий эдээс ихээхэн хамааралтай. Харин уг салбарыг тойрсон геополитикийн өрсөлдөөн газрын ховор элементийн олборлолт, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Иймд эдгээр улс нийлүүлэлтийн сүлжээг задлах, олон эх үүсвэртэй болгох талаар идэвхтэй арга зам хайж, Мьянмар, Мадагаскар, Тайланд зэрэг улс орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чармайж байна. Тухайлбал, 2025 оны 4-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын 145 хувийн тарифын хариуд Хятад улс 7 төрлийн газрын ховор элементийн экспортод хязгаарлалт тавьсан нь Америк төдийгүй Европын холбооны улсуудад дам нөлөө үзүүлэв.[7] Германы автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын төлөөлөл Mercedes, ZF, Bosch түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээгээ эргэн харж буй бол дунд хэмжээний компаниудын нийлүүлэлт тасалдаад байна. Бээжингийн зүгээс өгч буй дохио нь “Хятадын аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн эсрэг зогссон хэн ч хариугаа амсана” бөгөөд тэд газрын ховор элементийн салбар дахь ноёлох байр сууриа урт хугацааны стратегиар бэхжүүлж, геополитикийн “зэвсэг” болгон ашиглаж байна.[8] Эндээс үзвэл, газрын ховор элементийн салбар дахь Хятадын бодлого, үйл ажиллагаа нь бүх дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд шинэ “хүйтэн дайн”-ыг авчирч байна. Энэ нь зөвхөн Хятад, Америкийн зөрчилдөөн бус дэлхийн зах зээлд шууд нөлөө үзүүлэхүйц буюу өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарт тэсэж үлдэхийн төлөөх стратегийн сорилт болон өргөжив.[9]
Уг салбарын шинжээч Крис Берри “Газрын ховор элементийг ялгах буюу боловсруулах технологи хамгийн чухал, ялангуяа соронз боловсруулалт. Хэрэв АНУ-ын Засгийн газар соронзын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хүсвэл түүний боловсруулалт, үйлдвэрлэлд илүү хөрөнгө оруулах шаардлагатай. Хамгийн чухал нь газрын ховор элементийг ялгах процесст голлон анхаарах ёстой” гэсэн бол Стратеги, олон улс судлалын төвийн салбарын эрхлэгч Грейслин Баскаран “Хэрэв улс бүр тусдаа арга хэмжээ авбал Хятад улс ноёлох байр сууриа хадгалсаар байх болно. Учир нь Хятадаас өөр улс орон зах зээлд нөлөөлөх чадамжгүй. Тогтмол соронзын гол түүхий эд Неодимиумын үнэ аль хэдийн (кг нь) 60 ам.долларыг давлаа. Хэрэв энэ хэвээр үнийн өсөлт үргэлжлэн 2030 онтой золговол Хятадаас гадуурх нийлүүлэлтийн тал нь эдийн засгийн хувьд амьдрах чадваргүй болно” хэмээн анхааруулжээ.[10]
Дээр дурдсан мэдээлэл болон судлаачдын зөвлөмжөөс үзвэл,
а) Ойрын хугацаанд Хятадын дотоод дахь нийлүүлэлт болон үнэ тогтвортой, олон улсын зах зээлд үнийн дарамт ирэх; үүнээс улбаатай геополитикийн хүчин зүйл үргэлжилж тэр нь зах зээлд хүчтэй нөлөөлөх;
б) Олон улсын зүгээс нийлүүлэлтийн сүлжээг солонгоруулахыг чармайх ч богино хугацаанд Хятадын ноёлох байр суурийг өөрчилж үл чадах;
в) Зах зээлийн үнэ Хятадын түүхий эдийн экспортын хязгаарлалтаас шууд хамаарах;
г) Уг нөхцөл байдал нь АНУ-ын түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээний бодлого, үйл ажиллагаа, дэлхий нийтийн автомашин үйлдвэрлэлийн салбарт өөрчлөлт авчрах;
д) Эцсийн дүндээ энэхүү салбарт үйл ажиллагаа явуулдаг субъектүүдийг тогтвортой бус байдалд бэлтгэлтэй байхыг сануулж байна хэмээн дүгнэж болохоор байна.
АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн
2021 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус улсын тээвэр, дэд бүтэц, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг сэргээх зорилгоор 2 их наяд ам.долларын санхүүжилт хийхээ мэдэгдэв. Үүний гол зорилго нь батарей, тогтмол соронз үйлдвэрлэлийн түүхий эдийг хангахад чиглэж байна. Гэвч америкийн талын хүчин чармайлт буюу газрын ховор элементийн салбарт Хятадтай хийж буй өрсөлдөөн гацаанд орсон хэвээр байна.
“Хэдийгээр энэ нь техникийн хувьд боломжтой ч бизнес, хүрээлэн буй орчин, улс төрийн хүчин зүйлээс шалтгаалж америкчуудыг зорилгоо биелүүлэхэд хүндрэл учруулж байна” хэмээн Олон улсын стратеги судалгааны төвийн судлаач Жейн Накано дүгнэжээ. [11] Учир нь одоог хүртэл АНУ-ын ногоон эрчим хүч, цахилгаан хөдөлгүүр, батарей, батлан хамгаалах дэвшилтэт технологи хятадын талаас ихээхэн хамааралтай байна.
2025 онд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-аас тодорхой салбарт хараат байдлыг арилгах, Америкийн эдийн засаг, цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хятадын талд гаалийн тариф, экспортын хориг тавих арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш хоёр талын улс төр, эдийн засаг, дипломатын салбарт томоохон үйл явдлууд өрнөж, өндөр албан тушаалтан, салбарын мэргэжилтнүүдийг хамарсан олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж буй ч одоог хүртэл үр дүнтэй шийдэлд хүрээгүй.
Талууд харилцан бие биеийн эсрэг тавьсан өндөр хувь хэмжээтэй тарифын дайны дараа 2025 оны 5-р сарын 12-ны өдөр Швейцарын Вена хотноо хийсэн уулзалтын үр дүнд “Венийн эдийн засаг, худалдааны хамтарсан мэдэгдэл” гаргаж, 90 хоногийн дотор харилцан гаалийн тарифыг нэмэхгүйгээр тохиролцжээ. Энэхүү мэдэгдлийн төгсгөлд талууд шаардлагатай үед холбогдох асуудлаар уулзалт, зөвлөгөөнийг хийж болохыг мөн дурдсан байна. [12]
Дээрх уулзалтын дараа хоёр тал Ерөнхийлөгчийн түвшинд болон сайд, мэргэжилтнүүдийн хэмжээнд уулзалтуудыг тогтмол хийж байна. Венийн уулзалтаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа талууд 2025 оны 6-р сарын 10-11-ний өдрүүдэд Лондон хотноо ээлжит хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Америкийн тал “Хятад улс Венийн мэдэгдлээр тохиролцсоны дагуу газрын ховор элементийн экспортын хязгаарлалтаа бүрэн цуцлаагүй” гэсэн бол хятадын талаас “АНУ нь бусад улсыг Хуавэй компанийн чипийг ашиглахыг хориглосон” хэмээн харилцан биесээ шүүмжлэв. Уулзалтын үеэр АНУ-ын Худалдааны сайд Лутник “Хятадаас АНУ-д чиглэсэн газрын ховор элемент, соронзон бүтээгдэхүүний экспортод тавьж буй хязгаарлалт нь хоёр талын хэлэлцээний ‘суурь’ бөгөөд түүнийг зайлшгүй шийдвэрлэх ёстой” гэв. Түүнчлэн 2025 оны 6-р сарын 9-ний өдөр Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хассет “Газрын ховор элементийн экспортын хязгаарлалтыг хурдан шийдвэрлэхийн тулд АНУ ойрын хугацаанд Хятадад тавьсан хагас дамжуулагчийн экспортын хязгаарлалтаа зөөлрүүлэх талаар эргэн харж магадгүй. Гэхдээ ‘хамгийн жижиг нано (Nvidia H100) чип’-ний экспортын хяналтыг хөндөхгүй” гэжээ.[13]
Хятадын дэвшилтэт технологи, ялангуяа хиймэл оюуны (AI) чип үйлдвэрлэлд АНУ, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг улсад үйлдвэрлэсэн жижиг нано метрийн чип зайлшгүй хэрэгцээтэй бөгөөд АНУ-ын хоригоос зайлсхийхийг оролдож байна. Тухайлбал, Хятадын технологийн томоохон компаниудын нэг Хуавэйн үйлдвэрлэсэн 3-р үеийн Шөнтөн (Shengteng) “901С” чипийг Nvidia H100-н үйлдлийн системийн 60 хувьд хүрсэн хэмээн тооцоолж буй ч “901С” нь Тайванийн TSMC (Taiwan Semiconductor Manufacuring Company), Өмнөд Солонгосын Самсунг болон SK Hynix-н дэвшилтэт чипийн бүрдэл хэсгийг ашигласан болохыг тогтоосон. Энэ нь Хятад улс хагас дамжуулагчийн салбарт гадаадын зах зээлээс үлэмж хамааралтайг нотолж байна.[14]
Хятадын тал зөвхөн хагас дамжуулагч төдийгүй цөмийн реактор, агаарын хөлгийн хөдөлгүүрийн эд анги, программ хангамжийн хувьд АНУ-аас хамааралтай хэвээр юм. Энэ нь талуудын дундын хамаарлыг илтгэж, асуудлыг ямар хувилбараар хэрхэн зохицуулахаас дараагийн алхам хийгдэнэ гэсэн үг. Иймд талууд яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж, зөвшилцөлд хүрэх гарцыг үргэлж нээлттэй орхиж байна. Тухайлбал, тэд Лондонгийн уулзалтаас хойш Стокхолм, Мадридад хэлэлцээг дахин үргэлжлүүлсэн.
2025 оны 7-р сарын 28-ны өдөр Шведийн нийслэл Стокхолмд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хө Лифөн-тэй хийсэн уулзалтын дараа тарифын болон худалдааны хоригийн хэрэгжилтийг түр зогсоох тохиролцоогоо үргэлжлүүлэн сунгахаар болжээ.[15] 2025 оны 8-р сарын 11-ний өдөр АНУ-ын ерөнхийлөгч Л.Трамп энэхүү “түр зогсолт”-ыг дахин 90 хоногоор буюу 2025 оны 11-р сарын 10-ны өдрийг хүртэл сунгаж буйг баталгаажуулсан.[16] Энэ нь өмнө тохиролцсон 90 хоногийн хугацаа дуусахын өмнөх өдөр юм. Эндээс хоёр талын ээлжит уулзалтууд нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын биечилсэн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буйг харж болох бөгөөд хоёр улсын тэргүүн нар асуудалд цэг тавих нь гэх ойлголтыг олон нийтэд төрүүлж байна. Гэвч “хөшигний ард” талууд бие биедээ шахалт үзүүлж, “гарын хөзөр”-өө томруулж, бооцоогоо нэмэгдүүлсээр ирэв. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2025 оны 9-р сарын 13-ны өдөр “НАТО-н гишүүн орнуудыг ОХУ-аас газрын тос худалдан авахаа зогсоох, Хятадын Хуавэй компанид 50-100 хувийн гаалийн татвар ногдуулах”-ыг уриалжээ. Харин хятадын талаас тэр даруй “АНУ-д үйлдвэрлэгдсэн 40 нанометрээс дээш хэмжээтэй аналог чипэнд демпингийн эсрэг хяналт, шалгалт хийх”-ээ мэдэгдсэн.
Талуудын хооронд хийгдсэн 4 дэх уулзалт 2025 оны 9-р сарын 14-17-ны өдрүүдэд Испанийн нийслэл Мадрид хотноо үргэлжилсэн ч нааштай үр дүнд хүрсэнгүй. Америкийн тал Хятадын 24 аж ахуйн нэгжид экспортын хориг тавихаа мэдэгдсэн бол хятадын талаас АНУ-д үйлдвэрлэсэн аналог чипт демпингийн эсрэг шалгалт хийхээр тогтов.[17] Мадридын уулзалтаас хойш хоёр талаас авсан голлох арга хэмжээг огноогоор жагсаавал дараах дүр зураг харагдаж байна:[18]
|
Хугацаа |
АНУ |
БНХАУ |
| 2025.09.23 | G7-ын орнууд Хятадын ноёлох байр суурийн эсрэг газрын ховор элементийн үнийн доод хязгаарыг тогтоохоор тохиролцов. | – |
| 2025.09.25 | АНУ-аас Пакистантай хамтран газрын ховор элемент зэрэг чухал түүхий эдийг АНУ-д нийлүүлэх боомт, тээврийн дэд бүтэц байгуулахаар тохиролцов. | АНУ-ын 3 аж ахуйн нэгжийг “үл итгэх” жагсаалтад оруулав. |
| 2025.09.30 | Хятадын аж ахуйн нэгжүүдийн экспортод хязгаарлалт тогтоов. | – |
| 2025.10.04 | АНУ-ын Сенатаас “БНХАУ Тайваньд халдан довтлох аюулын тухай хууль”-ийн төслийг өргөн барив. | – |
| 2025.10.06 | Хүнд болон дунд ангиллын ачааны автомашины импортын гаалийн татварыг 25 хувиар нэмэгдүүлэв (2025.11.01-ээс хэрэгжинэ) | – |
| 2025.10.07 | АНУ-ын Хятадын асуудлаарх тусгай хорооноос Хятадын чип үйлдвэрлэлийн эд ангид тавих хоригийг өргөжүүлэх төслийг өргөн барив. | – |
| 2025.10.10 | АНУ-ын Сенатаас биологийн болон эмзэг салбаруудад Хятадад хөрөнгө оруулахыг хязгаарлав. | Газрын ховор элементийн 5 төрөл, холбогдох технологи, литийн батарей, хиймэл бал чулуу зэрэгт экспортын хориг тавив (2025.11.08-аас хэрэгжих) |
| Nvidia, AMD-н AI чипийг Хятадад экспортлохыг хязгаарлах хууль батлав. | TechInsights зэрэг компаниудыг “үл итгэх” жагсаалтад оруулав. | |
| Qualcomm компанид монополын эсрэг шалгалт оруулах тогтов. | ||
| АНУ-ын усан оноцуудаас боомтын хураамж авахаар тогтов (2025.11.14-өөс хэрэгжих) | ||
| 2025.10.11 | APEC-ийн үеэр хийх хоёр талын төрийн тэргүүн нарын уулзалтыг цуцлав. | – |
| Хятадад 100 хувийн гаалийн татвар ногдуулахаар тогтов (2025.11.01-ээс хэрэгжих) | ||
| Хятадад агаарын хөлгийн эд анги, холбогдох программ хангамж экспортлохыг хязгаарлав (2025.11.01-ээс буюу түүнээс өмнө хэрэгжих) | ||
| 2025.10.20 | Америк, австралийн талууд “Газрын чухал түүхий эд, газрын ховор элементийн талаарх хэлэлцээр” байгуулав (Газрын ховор элементийн салбарт Хятадын хамаарлыг хязгаарлах зорилготой). | – |
| 2025.10.26 | АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп малайзын талтай “Худалдааны болон газрын чухал түүхий эдийн хэлэлцээр” байгуулав (Газрын ховор элементийн салбарт Хятадын хамаарлыг хязгаарлах зорилготой). | – |
Эх сурвалж: 中美第四輪(馬德里)談判后, 雙方摩擦如何在升級?, 宏观边际MacroMargin on X: “本轮中美经贸摩擦 是如何升级的? 我的中美专题跟踪页面长期密切跟踪中美博弈动态,稍微拉长些时间就可以看到较为清晰的脉络。 原因很简单: 一是,强硬回应最近美方的一些动作,包括巴铁背刺和收紧对华出口管制等; 二是,双方都在为即将开始的新一轮谈判创造筹码,过去几轮都是如此。 https://t.co/tXLdqWjTE2″ / X-д үндэслэн судлаачийн боловсруулсан хүснэгт.
Харин Д.Трамп, Си Зиньпин нар 2025 оны 10-р сарын 30-ны өдөр Өмнөд Солонгосын Гимхэ хотод зохиогдсон APEC-ийн форумын үеэр албан ёсны уулзалт хийснээр зарим судлаачийн “Талууд одоог хүртэл тохиролцоонд хүрээгүй буюу уулзалт хойшлогдох магадлалтай” гэх дүгнэлтэд няцаалт өгөв. Энэхүү уулзалт нь 2025 оны 5-р сард Венад хийсэн хамтарсан мэдэгдлээс хойших цуврал уулзалтуудын үр дүнг илтгэх бөгөөд харилцан зөвшилцөлд хүрснээр нөхцөл байдлыг түр зуур намжаав. Уулзалтын үр дүнд газрын ховор элемент, түүнтэй холбогдох асуудлаар дараах шийдэлд хүрчээ:[19]
- Хятадын тал газрын ховор элементийн экспортыг хязгаарлах бодлогоо цуцлах буюу хойшлуулах;
- Хятадын тал АНУ-д үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийн бүтээгдэхүүнд хийх хяналт шалгалтыг (монопол, демпингийн эсрэг г.м) зогсоох.
Уулзалтын үр дүнг нэгтгэн дүгнэвэл, хятадын тал 2025 оны 3-р сарын 4-нөөс хойш америкийн талыг сөргүүлэн тавьсан гаалийн тарифын бүх татварыг цуцлах, АНУ-ын аж ахуйн нэгжүүдийг итгэлгүй түншүүдийн жагсаалтад үл оруулах, фентанолын экспортод хатуу хяналт тавих зэрэг 10 амлалтыг өгсөн бол үүний хариуд америкийн талаас Хятадад тавьж буй гаалийн тарифыг 10 хувиар буулгахаар тохиролцжээ. Хэдийгээр америкийн тал гаалийн тарифыг 10 хувиар буулгаж буй боловч АНУ-ын Худалдааны хуулийн 301-р зүйлийн дагуу Хятадтай хийж буй худалдаандаа үргэлжлүүлэн хяналт тавьсаар байх юм. Эдгээрээс харвал уулзалтын үр дүн ерөнхийдөө америкийн талд ашигтай байдлаар шийдэгдсэн хэмээн үзэж болохоор байна.[20]
Хэдийгээр талууд газрын ховор элементийн салбарт түр зуурын зөвшилцөлд хүрээд буй ч харилцан хамаарлаа арилгаж чадаагүй нөхцөлд энэ нь урт хугацаанд дахин сэдрэх, улам гүнзгийрэх магадлал өндөр юм.
Эх сурвалж:
[1] U.S. Geological Survey, Mineral Commodity Summeries, January 2025, page 145. mcs2025.pdf – Mineral Commodity Summaries 2025
[2] Atlantic Counsil (Global Energy Center), Craig A. Hart, “Mapping China’s strategy for rare earths dominance”, Washington, June, 2025., page 8. Mapping-Chinas-strategy-for-rare-earths-dominance.pdf
[3] U.S. Department of Energy, “Rare Earth Permanent Magnets”, Supply Chain Deep Dive Assessment, U.S. Department of Energy Response to Executive Order 14017, “America’s Supply Chains”, February 24, 2022., page 10-16. EERE Technical Report Template
[4] 7 Rare Earth Investment Trends Experts Say You Must Know in 2025, 7 Rare Earth Investment Trends Experts Say You Must Know in 2025
[5] 稀土資源戰爭: 現況與台灣的挑戰及機會, 稀土資源戰爭:現況與臺灣的挑戰及機會 | 成功大學資源工程學系
[6] 2025上半年美中經濟衝突分析, 七月:2025上半年美中經濟衝突分析 – ICCS
[7] 德語媒體:稀土已經成為地緣政治武器, 德語媒體:稀土已經成為地緣政治武器 – DW – 2025年6月11日
[8] China is using its rare earths as a weapon – and Bavaria is hitting it hard, China is using its rare earths as a weapon – and Bavaria is hitting it hard – WELT
[9] 稀土戰爭白熱化:中國「武器化」策略,全球供應鏈迎戰新冷戰, 稀土戰爭白熱化:中國「武器化」策略,全球供應鏈迎戰新冷戰
[10] 稀土市場年中回顧:地緣政治與供應鏈重構主導價格走勢, 稀土市場年中回顧:地緣政治與供應鏈重構主導價格走勢 | NAI 500
[11] The new U.S. plan to rival China and end cornering of market in rare earth metals, The new US plan to rival China’s dominance in rare earth metals
[12] 中美日內瓦經貿會談聯合聲明, 中美日內瓦經貿會談聯合聲明__中國政府網
[13] 中美貿易倫敦會談結束:談到半夜12點、「去除消極元素」、「骨架上添肉」, 中美貿易倫敦會談結束:談到半夜12點、「去除消極元素」、「骨架上添肉」 – BBC News 中文
[14] 彭博:華為 AI 晶片被發現有台積電三星零件 昇騰 910C 仍需仰賴外國硬件, 彭博:華為 AI 晶片被發現有台積電三星零件 昇騰 910C 仍需仰賴外國硬件 – unwire.hk 香港
[15] China, US agree to extend tariff truce, China, US agree to extend tariff truce
[16] US and China extend trade truce to avoid tariffs hike, Tariffs: US and China extend trade truce deadline for another 90 days
[17] 美中第4輪經貿會談 貝森特、何立峰先後率團抵馬德里會場, 美中第4輪經貿會談 貝森特、何立峰先後率團抵馬德里會場 | 焦點即時 | 川普2.0 | 世界新聞網
[18] 中美第四輪(馬德里)談判后, 雙方摩擦如何在升級?, 宏观边际MacroMargin on X: “本轮中美经贸摩擦 是如何升级的? 我的中美专题跟踪页面长期密切跟踪中美博弈动态,稍微拉长些时间就可以看到较为清晰的脉络。 原因很简单: 一是,强硬回应最近美方的一些动作,包括巴铁背刺和收紧对华出口管制等; 二是,双方都在为即将开始的新一轮谈判创造筹码,过去几轮都是如此。 https://t.co/tXLdqWjTE2” / X
[19] 謝達文, 2025習特會快讀:關稅與科技戰的小幅緩解,軍事與國安暫非重點|Whatsnew, 31 October, 2025. 2025習特會快讀:關稅與科技戰的小幅緩解,軍事與國安暫非重點|Whatsnew
[20] 就職宣誓遭降級,張升民兩邊都得罪了?中美經貿協定細節曝光,美戰爭部長古怪表態(天亮論政第1785集, 17:22, 20251102. 就職宣誓遭降級,張升民兩邊都得罪了?中美經貿協定細節曝光,美戰爭部長古怪表態(天亮論政第1785集 20251102) #天亮時分
[21] CBS news: Read the full transcript of Norah O’Donnell’s interview with President Trump here, November 2, 2025. Read the full transcript of Norah O’Donnell’s interview with President Trump here. – CBS News










Leave comment