Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

Венесуэлийн үйл явдал Хятадын эрчим хүчний аюулгүй байдалд үзүүлэх нөлөө

“Дэлхийн хамгийн том эрчим хүчний нөөцийг АНУ өрсөлдөгч гүрнийхээ хяналтад байлгах боломжгүй” хэмээн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр НҮБ-ын хуралдааны үеэр АНУ-ын суурин төлөөлөгч Майк Валц мэдэгдсэн нь тус улс олон улсын дэг журмыг хамгаалагчийн уламжлалт байр сууринаас татгалзаж, үндэсний ашиг сонирхолд суурилсан илүү прагматик стратегид шилжсэнийг илтгэнэ. Уг стратегийн хүрээнд “эрчим хүчний давамгайлал”-ыг хангах нь АНУ-ын эдийн засаг, цэрэг-батлан хамгаалах бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг тодотгосон байна [1].

Энэ хүрээнд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг унагах оролдлого нь Хятадын Латин Америк дахь стратегийн ашиг сонирхолд бодит цохилт өгөхөөс гадна “Каракасын хямд газрын тосны эх үүсвэр”-т тулгуурласан Бээжингийн бодлогыг саармагжуулах зорилготой байв. Үүний зэрэгцээ уг хэрэг явдал нь БНХАУ-ын геостратегийн нөлөө, “их гүрэн” хэмээх улс төрийн дүрслэл ба бодит чадамжийн зөрүүг тодорхой хэмжээнд ил болгосон үйл явдал болсон юм.

Хятадын хувьд 2025 оны байдлаар өдөрт дунджаар 389 мянган баррель газрын тосыг Венесуэлээс импортолж байсан нь далайгаар тээвэрлэгддэг нийт газрын тосны ойролцоогоор 4 хувийг эзэлж байв. Иймд Венесуэлээс нийлүүлэгдэх газрын тос тасалдах тохиолдолд шинж чанарын хувьд төстэй хүнд төрлийн газрын тосыг Иран болон ОХУ-аас орлох боломжтой бөгөөд энэ нь богино хугацаанд Хятадын эрчим хүчний системд ноцтой аюул учруулахгүй гэж үзэж байна. Гэсэн хэдий ч дээрх орнуудын газрын тос нь харьцангуй өндөр өртөгтэй тул Хятадын хувийн болон жижиг боловсруулах үйлдвэрүүдэд санхүүгийн дарамт, техникийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Харин Орос, Ираны хямд үнэтэй газрын тосны нийлүүлэлт тодорхой хэмжээнд хангалттай байгаа тул зах зээл дээрх үнэ тариф огцом өсөхгүй гэсэн таамаг давамгайлж байна [2].

Венесуэлийн хэрэг явдлын дараагаар тус улсын газрын тосны экспортын салбар АНУ-ын шууд хяналтад шилжиж, “Венесуэлийн газрын тосны экспортын бүх урсгалыг хууль ёсны, зөвшөөрөгдсөн сувгаар дамжуулна” хэмээн мэдэгдэв. Үүний дүнд Венесуэлийн боомтуудаас Ази руу чиглэж байсан тээвэрлэлтийг бүрэн зогсоож, Хятадын хоёр танкер Атлантын далайгаас буцахад хүрсэн нь бодит тасалдлын шинж тэмдэг болов [3].

Сүүлийн хорин жилийн хугацаанд Хятадын хоёр томоохон хөгжлийн банк Венесуэлд нийтдээ 60 тэрбум ам.доллараас давсан зээл олгосон бөгөөд 2016 оноос хойш шинэ зээлийг зогсоож, өмнөх өрийг газрын тосоор барагдуулах механизмыг хэрэгжүүлж ирсэн. Одоогийн байдлаар Венесуэлийн Хятадад төлөх үлдэгдэл өр ойролцоогоор 10 тэрбум ам.долларт хүрч, үүнийг тогтмол газрын тос нийлүүлэх замаар барагдуулж байв. Гэвч АНУ-ын сүүлийн арга хэмжээний улмаас “өрийн газрын тос”-ны энэхүү тогтолцоо саатаж, Бээжингийн хувьд өр төлбөрөө нөхөн авах нөхцөл мэдэгдэхүйц хүндрэхээр байна. Хэдийгээр 2025 онд Венесуэлийн нийлүүлэлт Хятадын газрын тосны нийт импортын 4–4.5 хувийг л бүрдүүлж байсан ч (албан бус далд нийлүүлэлтийг оролцуулан), хямд үнэтэй байснаараа жижиг боловсруулах үйлдвэрүүдийн ашигт ажиллагаанд чухал нөлөө үзүүлж байжээ.

Дүгнэж хэлбэл, Венесуэл дэх АНУ-ын тусгай ажиллагаа нь Хятадын эрчим хүчний аюулгүй байдалд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлсэн боловч уг нөлөө нь хязгаарлагдмал хүрээнд байна. Хятад улс богино хугацаанд газрын тосны нийлүүлэлтийн тасалдлыг орлох өөр эх үүсвэрүүдтэй бөгөөд нэмэлт зардал гарч болзошгүй ч үндэсний хэмжээнд ноцтой хямрал үүсэхгүй гэж тооцоолж байна. Харин урт хугацаанд Бээжин Латин Америк дахь геополитикийн байр сууриа дахин үнэлж, Вашингтоны эсэргүүцэл давамгайлсан орчинд өөрийн ашиг сонирхлыг хамгаалах, эрчим хүчний хангамжаа олон талт, тогтвортой байлгах стратегиа гүнзгийрүүлэх шаардлагатай тулгарч байна. Иймд Венесуэлийн хямрал нь АНУ–БНХАУ-ын стратегийн өрсөлдөөний өргөн хүрээтэй зөрчлийн нэг илрэл болохыг дахин нотолж байна.

Эх сурвалж:

[1] АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратеги-2025: Эрчим хүчний салбарын бодлого – NISS

[2] Chinese refiners expected to replace Venezuelan oil with Iranian crude, traders say | Reuters

[3] Supertankers sailing to pick up Venezuelan oil for China make U-turns, ship data shows | Reuters