Казахстаны ард түмэн 2026 оны 3-р сарын 15-ны өдөр шинэ Үндсэн хуулийн төслийг батлах бүх нийтийн санал асуулгад оролцож, 73 хувийн ирцтэйгээр санал өгсөн бөгөөд оролцогчдын 87 орчим хувь нь шинэ Үндсэн хуулийг дэмжлээ. Ингэснээр Бүгд Найрамдах Казахстан Улс нэг хүнд хэт төвлөрсөн ерөнхийлөгчийн засаглалаас илүү институтчилсэн, зохион байгуулалттай ерөнхийлөгчийн засаглал руу шилжихэд чиглэсэн томоохон өөрчлөлтийг хийж байна. Эрх баригчид уг шинэчлэлийг гучин жилийн турш хуримтлагдсан нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, баялгийн хэт төвлөрлийг шийдвэрлэх реформын шинж чанартай гэж тайлбарлаж буй.
2022 оноос эхэлсэн шинэ Үндсэн хуулийн замнал
Казахстаны Үндсэн хуулийн шинэчлэлийн эхлэл цэг тэртээ 2022 оны 6-р сард болсон бүх нийтийн санал асуулгаар тавигдсан. Тухайн үед Үндсэн хуулийн 33 зүйлд өөрчлөлт оруулж, анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт олгосон “Елбасы” буюу үндэстний эцэг хэмээх тусгай статусыг халсан билээ. Мөн Ерөнхийлөгчийн ойрын төрөл төрөгсдийг төрийн өндөр албан тушаал хаших, төрийн өмчит компаниудыг удирдахыг хуулиар хориглосон. Ингэснээр Назарбаевын эрин үе албан ёсоор дуусгавар болсон.
Уг өөрчлөлтийг 2022 оны 1-р сарын бослогоос ердөө тавхан сарын дараа хийсэн нь бодит реформын шинж чанараас илүүтэй иргэдийн бухимдлыг намжаах зорилготой байв. Цаашлаад Ерөнхийлөгч Токаев 2023 оноос эхлэн байгалийн асар их баялагтай хөгжиж буй улсуудад түгээмэл үүсдэг нийгэм-эдийн засгийн тэгш бус байдал, улс төр-бизнесийн бүлэглэлийн нөлөөг бууруулах зорилгоор хуулийн шинэчлэл тууштай хийхээ зарласан. Ингээд 2026 оны 3-р сарын 15-ны өдөр бүх нийтийн санал асуулга явуулж, Үндсэн хуулийн ойролцоогоор 84 хувийг шинэчлэн баталснаар тэрхүү зорилгодоо хүрэв.
Шинэ Үндсэн хуулийн гол өөрчлөлтүүд
Шинэ Үндсэн хууль 1995 оны Үндсэн хуулийг цогцоор нь өөрчилсөн бөгөөд парламентын нэг танхимтай “Хурултай” системд шилжсэн, дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээн тогтоосон, Ерөнхийлөгчийг нэг удаа долоон жилээр сонгодог болсон зэрэг реформын шинж чанартай олон заалтуудыг тусгажээ. Эдгээрээс хамгийн том өөрчлөлт нь хоёр танхимтай парламентаас (Мажилис, Сенат) нэг танхимтай “Хурултай” систем рүү шилжсэн явдал юм.
Хурултай нь 145 депутатаас бүрдэх бөгөөд гишүүдийг таван жилийн хугацаатай, бүх нийтийн шууд сонгуулиар, пропорциональ системээр сонгоно. Энэ өөрчлөлтийг хууль тогтоох үйл явцыг хурдасгах, Сенатын үүсгэдэг зарим институтийн “тээг”-ийг арилгах, төрийн удирдлагын үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой гэж албан ёсоор тайлбарлажээ. Улмаар хууль батлах процедурыг хурдасгаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хурултай хоёр сарын дотор хэлэлцэн батлах үүрэг хүлээсэн бол Ерөнхийлөгч Хурултайг хуралдуулах, тараах эрхийг хадгалан үлдэв. Ерөнхийлөгчийн эрх мэдэлд нэмэлтээр Үндсэн хуулийн цэцийн дарга, Дээд шүүхийн дарга, Төв банкны ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Аудитын хорооны дарга, Дээд шүүхийн зөвлөлийн дарга, Тагнуулын албаны дарга, Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох, чөлөөлөх эрхийг олгов.
Шинэ Үндсэн хуулиар Хурултайгаас гадна “Ардын зөвлөл” (Halyq Kenesi) гэх шинэ төрийн дээд байгууллагыг бий болгосон нь анхаарал татна. Энэ байгууллага нь:
- Нийгмийн олон талт төлөөлөл, угсаатны болон иргэний нийгмийн дуу хоолойг төрийн бодлогод тусгах;
- Хууль санаачлах давуу эрх эдлэх;
- Үндэсний үнэт зүйлс, дотоод бодлогын тэргүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулах зэрэг эрх үүрэгтэй ажээ.
Мөн шинэ Үндсэн хуулиар дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээн тогтоосон нь засаглалын тогтвортой байдлыг хангах стратегийн алхам мэт харагдаж байна. Дэд ерөнхийлөгчийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлж, Хурултайн олонхын саналаар батална. Ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд (нас барах, огцрох гэх мэт) дэд ерөнхийлөгч бүрэн эрхийг шууд залгамжилна хэмээн хуульчилжээ.
Дээрх чухал заалтуудаас гадна Шинэ Үндсэн хууль хүний эрхийн салбарт хэд хэдэн дэвшилтэт заалтыг тусгасныг дурдах хэрэгтэй. Эдгээр нь:
· Цаазын ялыг Үндсэн хуулийн түвшинд албан ёсоор хориглосон;
· Иргэний дижитал орчин дахь хувийн нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах заалт анх удаа оруулсан;
· Үндсэн хуулийн цэц иргэдээс шууд гомдол хүлээн авдаг болсон;
· Ерөнхийлөгчийн ойрын төрөл төрөгсдийг улс төрийн болон төрийн өмчит байгууллагын өндөр албан тушаалд томилохыг хориглосон заалтыг хэвээр үлдээсэн зэрэг юм.
Нөгөө талаар шинэ Үндсэн хуульд “Үндэсний аюулгүй байдал” зэрэг ерөнхий нэр томьёоны дор иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах боломжтой заалтууд, мөн төрийн бус байгууллагуудын гадаадын санхүүжилтийг ил тод тайлагнах шаардлага туссан нь олон улсын байгууллагуудаас шүүмжлэл дагуулж байгааг анхаарах хэрэгтэй.
Үүнээс гадна гадаад бодлого талаасаа анхаарал татахуйц хуулийн өөрчлөлт бол өмнөх Үндсэн хуулийн 4-р зүйлд байсан “Олон улсын гэрээ нь үндэсний хуулиас давуу эрхтэй” гэсэн заалтыг хасаж, олон улсын гэрээг хэрэгжүүлэх журмыг хуулиар тогтооно хэмээн шинэчилсэн явдал юм.
Дүгнэлт
Казахстаны 2026 оны Үндсэн хуулийн шинэчлэлийг ерөнхийд нь дүгнэвэл ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулсан цогц реформ биш харин “супер ерөнхийлөгч”-ийн эрх мэдлийг илүү нарийвчлан зохицуулсан, эрсдэлийг институтэд хариуцуулсан шинжтэй байна.
Энэхүү дүгнэлт Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн цэцийн дарга болон Ардын зөвлөлийн гишүүдийг шууд томилох эрхтэй болсноор батлагдана. Тодруулбал, Ерөнхийлөгч хөшигний ард Ардын зөвлөлөөр дамжуулан хуулийн төслийг Хурултайд шууд оруулж батлуулах, хуулийн үр дагавар эсрэгээр эргэх тохиолдолд Үндсэн хуулийн цэцээр хүчингүй болгох, эргүүлээд Ардын зөвлөлд хариуцлага тооцох механизмыг ашиглан нийгэм-эдийн засгийн нөлөө бүхий асуудлуудыг өөрийн нэр дээр хаяглагдахаас зайлсхийх боломжтой болж байна. Мөн Ардын зөвлөлд казахын уламжлалт гурван жүз (үндэстний овгийн бүлэг)-ээс эхлээд нийгэм, улс төр, шашин, угсаатны төлөөллийг оруулан томилох замаар цаашдын хуулийн төслүүд болон засгийн газрын бодлого шийдвэрүүд “үндэстний зөвшилцөлд хүрсэн” мэтээр тайлбарлах улс төрийн арга мэт харагдаж байна.
Чингэхдээ шинэ Үндсэн хууль үндэсний аюулгүй байдал, тогтвортой байдлын талаас хэд хэдэн чухал хамгаалалтыг бий болгожээ.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг нэг удаа долоон жилээр сонгох, дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээн тогтоох зэрэг заалт нь шилжилтийн үед өндөр эрсдэл дагуулдаг хувь хүнд тулгуурласан авторитаризмыг илүү институтчилсэн, хууль ёсны залгамж халаатай хэлбэр рүү шилжүүлж байна. Энэ заалт 2029 онд Токаевын бүрэн эрхийн хугацаа дуусах үед эрх мэдлийн шилжилтийг ямар нэгэн хямралгүйгээр явуулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Иймээс шинэ Үндсэн хуулийг 2022 оны “Цуст нэгдүгээр сар”-ын үйл явдал дахин давтагдахаас сэргийлэх хамгаалалт гэж үзэж болно.
Хоёрдугаарт, уламжлалт барууны либерал үнэт зүйлд тооцогддог олон улсын хууль тогтоомжийг үндэсний хуулиас дээгүүр тавьдаг зарчим шинэ Үндсэн хуулиар суларч байна. Тодруулбал, Үндсэн хуулийн 5.3-т “Казахстан улсын нутаг дэвсгэрт олон улсын гэрээг хэрэгжүүлэх журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Албан ёсны тайлбаруудад энэ өөрчлөлтийг бие даасан, бат бөх төрийг бэхжүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр өнөөгийн геополитикийн ээдрээтэй нөхцөлд хүсээгүй олон улсын үүрэгт татагдахаас (ялангуяа цэргийн холбоотнуудын гэрээ) өөрийгөө хамгаалах баталгаа болж байна. Жишээлбэл, Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын (ОДКБ) 4-р заалтыг хэрэгжүүлэх шаардлага үүссэн гэж үзэхэд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаж, олон улсын гэрээг мөрдөхгүй байх шийдвэр гаргах боломж нээлттэй болжээ.
Эх сурвалж
- Конституция Республики Казахстан, https://www.akorda.kz/ru/official_documents/constitution
- Kazakhstan’s new constitution: preparations for succession and the façade of democratisation | OSW Centre for Eastern Studies – Ośrodek Studiów Wschodnich, https://www.osw.waw.pl/en/publikacje/analyses/2026-03-18/kazakhstans-new-constitution-preparations-succession-and-facade
- Kazakhstan: Proposed new Constitution reflects erosion of human rights standards and rule of law – Amnesty International, https://www.amnesty.org/en/latest/news/2026/03/kazakhstan-proposed-new-constitution-reflects-erosion-of-human-rights-standards-and-rule-of-law/
- Kazakhstan referendum: The new constitution demonstrates a diminishing interest in Western values | Chatham House – International Affairs Think Tank,









Leave comment