Save 20% off! Join our newsletter and get 20% off right away!

БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөө: Эрчим хүч, дэд бүтэц, бүсчилсэн хөгжлийн бодлогын өөрчлөлт

Саяхан батлагдсан БНХАУ-ын XV таван жилийн төлөвлөгөө 2026-2030 онд хэрэгжих ба уг төлөвлөгөөнд ирэх таван жилийн хугацаан дахь хөгжлийн гадаад, дотоод орчныг үнэлэхдээ Хятадын хөгжилд стратегийн боломж ба эрсдэл зэрэгцэн оршиж, тодорхойгүй, таамаглахад бэрх хүчин зүйлс бүхий шинэ үе шатанд орсон гэж дүгнэжээ. Олон улсын түвшинд зуунд тохиогоогүй их өөрчлөлт гарч, их гүрнүүдийн хүчний харьцаа өөрчлөгдөн, технологийн хувьсгал хурдсаж, геополитикийн зөрчил, тогтворгүй байдал нэмэгдэн, дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, гадаад орчны тодорхойгүй байдал эрс нэмэгдэж байна. Дотоодод нь эдийн засгийн суурь тогтвортой, зах зээл, үйлдвэрлэлийн давуу тал хадгалагдаж байгаа ч эрэлт сулрах, бүтцийн болон институцийн зөрчил гүнзгийрэх, бүс нутгийн хөгжлийн ялгаа, хүн амын бүтэц, санхүүгийн эрсдэл зэрэг олон асуудал зэрэгцэн оршиж байна гэжээ.

Ийм нөхцөлд хөгжлийн бодлого нь дан өсөлтийг зорихоос илүүтэйгээр эрсдэлийг удирдах, дотоод нөөцөө оновчтой ашиглах, системийн тогтвортой байдал, уян хатан чанарыг хангах чиглэлд төвлөрөх шаардлагатай гэж дүгнэжээ. Энэ нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн XV таван жилийн төлөвлөгөө нь өмнөх үеийн өсөлтөд төвлөрсөн хөгжлийн загвараас илүүтэйгээр эрсдэл нэмэгдсэн олон улсын орчинд дотоод нөөцөд тулгуурласан, уян хатан, системийн тогтвортой байдлыг хангах хөгжлийн стратегид шилжсэнийг илтгэж байна.

Эрчим хүчний салбар: “ногоон шилжилт”-ээс “аюулгүй, уян хатан систем” рүү

XV таван жилийн төлөвлөгөөнд эрчим хүчний бодлого нь нүүрстөрөгчийг үргэлжлүүлэн бууруулахын зэрэгцээ нийлүүлэлтийн найдвартай байдал, системийн уян хатан чанарыг давхар хангах чиглэлд тодорхой шилжсэн байна. Өмнөх таван жилийн төлөвлөгөөнд “цэвэр, бага нүүрстөрөгчтэй эрчим хүчний систем” байгуулахыг онцолж байсан бол шинэ таван жилийн төлөвлөгөөнд “шинэ төрлийн эрчим хүчний систем” байгуулах зорилт тавигдсан нь зөвхөн үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх бус, харин эрчим хүчний цогц сүлжээ, хадгалалт, дамжуулалт, хэрэглээг нэгтгэсэн системийн шинэчлэлийг хийхээр байна.

Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний томоохон баазуудыг (ялангуяа баруун болон баруун хойд бүсийн “элс–цөл–говь” бүсүүдэд) эрчимтэй байгуулж, усан цахилгаан, салхи, нарны эрчим хүчийг хослуулсан нэгдсэн кластеруудыг хөгжүүлэхээр тусгасан. Гэвч үүнтэй зэрэгцэн нүүрсийг бүрэн орхих бус, харин “цэвэр, өндөр үр ашигтай ашиглалт”-ыг дэмжих, цөмийн эрчим хүчийг далайн эргийн бүсэд өргөжүүлэх зэрэг олон эх үүсвэрийн тэнцвэрт бүтэц бүрдүүлэхийг тусгажээ. Энэ нь эрчим хүчний шилжилтийг дан “ногоон” зорилтоор бус, харин геополитикийн эрсдэл, нийлүүлэлтийн тасалдлын нөхцөлд тэсвэртэй систем байгуулах стратегитай уялдаж байна.

Шинэ төлөвлөгөөнд чулуулаг түлшийг (нүүрс, нефть гэх мэт) орлох чулуулаг бус эрчим хүчийг (сэргээгдэх болон цөмийн эрчим хүч) аюулгүй, найдвартай, үе шаттайгаар нэмэгдүүлж, салхи, нар, усан, цөмийн эрчим хүчийг хослуулан хөгжүүлэх бодлогыг баримтална. Чулуулаг бус эрчим хүчийг 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж заажээ. Байгалийн хийн хоолойн хувьд Хятад-Оросын Алс Дорнодын байгалийн хийн хоолойг барьж, Хятад-Оросын байгалийн хийн хоолойн дунд шугамын урьдчилсан ажлыг урагшлуулна гэсэн заалт оржээ.

Мөн эрчим хүчний дэд бүтцийн хувьд баруун бүсийн нөөцийг зүүн бүсийн хэрэглээтэй холбох “баруунаас зүүн рүү дамжуулах” үндэсний хэмжээний сүлжээ, өндөр хүчдэлийн шугам, эрчим хүч хадгалалтын системүүдийг хөгжүүлэх замаар эрчим хүчийг орон нутгийн бус, улс даяарх стратегийн нөөц болгон удирдах бодлого тодорхой болжээ. Иймд XV таван жилийн төлөвлөгөөнд эрчим хүчний бодлого нь үйлдвэрлэлээс илүү системийн инженерчлэл, аюулгүй байдал, уян хатан байдалд төвлөрсөн гэж дүгнэж болно.

Дэд бүтцийн бодлого: “өргөтгөл”-өөс “сүлжээ, коридор, систем” рүү

XV таван жилийн төлөвлөгөөнд дэд бүтцийн бодлого нь уламжлалт “зам барих, хүчин чадал нэмэх” хандлагаас илүүтэй үндэсний хэмжээний нэгдсэн сүлжээ, коридор, хаб зангилаанд суурилсан системийн хөгжлийн шатанд шилжсэн байна. Өмнөх таван жилийн төлөвлөгөөнд дэд бүтцийг эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл гэж үзэж байсан бол шинэ таван жилийн төлөвлөгөөнд дэд бүтэц нь бүс нутгийн интеграц, логистикийн урсгал, геостратегийн холболтыг удирдах суурь платформ болж өргөжжээ.

XV таван жилийн төлөвлөгөөнд хил дамнасан тээврийн дэд бүтцийн харилцан холболтыг дэмжинэ, нүүрс тээврийн гол шугамуудыг өргөтгөнө гэсэн ерөнхий зорилт орсон байна. Тээврийн салбарт “найман босоо, найман хэвтээ” хурдны төмөр замын сүлжээг үндсэнд нь бүрдүүлэх ба үүнээс манай улстай хамгийн ойрхон нь Бугат-Инкоу (Боохай) шугамын Бугат–Ордос–Юйлиний хурдны галт тэргийн маршрут, мөн Шинжааны төмөр замын зүүн, баруун хэсгийг байгуулна гэж тусгажээ. Автозамын тухайд хилийн дагуух стратегийн авто зам буюу Шинжаан дахь Алтай аймагт G331 зам тавихаар төлөвлөгдсөн байна. Улсын хурдны авто замын сүлжээг гүйцээх зорилт үргэлжилж байгаа ч илүү чухал нь эрэг дагуух, хил дагуух, гол мөрөн дагуух болон баруун бүсийг далайтай холбох стратегийн коридоруудыг хөгжүүлэхэд чиглэж байна. Энэ нь тээврийн дэд бүтцийг газарзүйн холболтоос гадна эдийн засгийн урсгалыг чиглүүлэх хэрэгсэл болгон ашиглаж буйг илтгэнэ.

Үүнтэй зэрэгцэн боомт, нисэх буудлын кластерууд, үндэсний логистикийн төвүүд, тээврийн хаб хотуудыг хөгжүүлж, “цуглуулах–тараах” (集疏运) сүлжээг сайжруулах нь дэд бүтцийн бодлогыг бараа тээврийн урсгалын менежментэд төвлөрч буй шинэ хандлага юм. Мөн “зүүнээс баруун руу өгөгдөл шилжүүлэх” зэрэг дижитал дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлснээр дэд бүтэц нь физик болон дижитал хэлбэрийг хослуулсан нэгдсэн систем болж байна.

Иймд XV таван жилийн төлөвлөгөөнд дэд бүтэц нь зөвхөн эдийн засгийг дэмжих хэрэгсэл бус, харин дотоодын зах зээлийг нэгтгэх, бүс нутгийн ялгааг багасгах, гадаад орчны тодорхойгүй байдлын үед дотоод урсгалыг тогтвортой байлгах стратегийн механизм болж өөрчлөгджээ.

Бүсчилсэн хөгжил: “Далайн эрэг–эх газрын гүний хөгжлийн зөрүү”-гээс “нэгдсэн орон зайн стратеги” руу

XV таван жилийн төлөвлөгөөнд бүсчилсэн хөгжлийн бодлого нь өмнөх үеийн далайн эргийн бүсэд төвлөрсөн өсөлтийн загвараас эх газрын гүн рүү тэлж, улс орны орон зайн бүтцийг бүхэлд нь дахин зохион байгуулах шатанд орсон байна. Өмнөх таван жилийн төлөвлөгөөнд баруун бүсийг хөгжүүлэх, төв болон зүүн хойд бүсийг дэмжих зорилт тавигдаж байсан бол шинэ таван жилийн төлөвлөгөөнд эдгээр бүсүүдийг стратегийн коридор, эрчим хүчний бааз, дэд бүтцийн зангилаагаар холбосон нэгдсэн систем болгон хөгжүүлэх чиглэл давамгайлж байна.

Ялангуяа баруун болон баруун хойд бүсүүдийг эрчим хүчний томоохон бааз, ложистикийн гарц, “Бүс ба зам” санаачилгын гол зангилаа болгон хөгжүүлж, зөвхөн дотоод хөгжлийн зорилтот бүс бус, харин Евразийг холбох геостратегийн гарц болгож буй.

Мөн хил орчмын бүсүүд, боомтуудын хөгжлийг онцгойлон дэмжиж, хил дамнасан дэд бүтцийн холболтыг сайжруулах нь дотоодын хөгжил болон гадаад эдийн засгийн уялдааг нэгтгэх зорилготой. Энэ нь бүсчилсэн хөгжлийн бодлого нь зөвхөн дотоодын тэнцвэрийг хангах бус, харин гадаад эдийн засгийн стратегитай шууд холбогдож буйг илтгэнэ.

Дүгнэлт

XV таван жилийн төлөвлөгөөнөөс харахад Хятад улс эрчим хүч, дэд бүтэц, бүсчилсэн хөгжлийн бодлогоо өмнөх үеийн өсөлтөд төвлөрсөн загвараас эрсдэл ихтэй, тодорхойгүй олон улсын орчинд дотоод нөөцөд тулгуурласан, уялдаа холбоотой, уян хатан систем байгуулах чиглэлд шилжүүлжээ. Эрчим хүч нь нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангах систем, дэд бүтэц нь урсгалыг удирдах үндэсний сүлжээ, бүсчилсэн хөгжил нь геостратегийн орон зайн зохион байгуулалт болж өөрчлөгдсөн байна. Өмнөх таван жилийн төлөвлөгөөнд Эрээн, Ганцмод, Сэхэ гэх мэтээр боомтуудыг нэр дурдаж төлөвлөгөөнд тусгаж байсан бол шинэ төлөвлөгөөнд боомтын нэр дурдагдаагүй ерөнхийд нь хил дамнасан дэд бүтцийн холболтыг дэмжинэ гэж тусгасан нь нэг талаар бодлогын уян хатан байдлыг, нөгөө талаар эрсдэл тооцсон шинжийг илтгэж байна.

Манай улсын хувьд эдийн засгийн коридор, хил дамнасан дэд бүтэц, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр бодлогын уялдааг гүнзгийрүүлэх, боомтын хөгжлийг харилцан уялдуулах, нийлүүлэлтийн сүлжээнд илүү өндөр шатанд оролцох боломжийг идэвхтэй ашиглах шаардлагатай байна.

Хавсралт

“XV таван жилийн төлөвлөгөө” (2026–2030)-т хугацаанд хүрэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол үзүүлэлтүүд

Ангилал Үзүүлэлт 2025 он 2030 он Жилийн дундаж / хуримтлагдсан
Эдийн засгийн хөгжил 1. ДНБ-ий өсөлт 5% Зохистой хүрээнд, жил бүр тохируулан тогтооно
2. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт 6.1% ДНБ-ий өсөлтөөс өндөр
3. Хотжилтын түвшин 67.9% 71%
Инновац 4. Судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) зардлын нийт өсөлт 9.1% >7%
5. 10 мянган хүнд ногдох өндөр үнэтэй патентын тоо (ширхэг) 16 >22
6. Дижитал эдийн засгийн үндсэн салбарын ДНБ-д эзлэх хувь 10.5%* 12.5%
Хөдөлмөр эрхлэлт ба орлого 7. Хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5.2% <5.5%
8. Нэг хүнд ногдох орлогын өсөлт 5% ДНБ-ий өсөлттэй уялдана
Нийгмийн хөгжил (Амьжиргаа) 9. Хөдөлмөрийн насны хүн амын дундаж боловсрол (жил) 11.3 11.7
10. 1000 хүнд ногдох эмч, сувилагчийн тоо Эмч: 3.1 3.7
Сувилагч: 4.3 5.1
11. Асрамжийн газрын сувилахуйн орны эзлэх хувь 68% 73%
12. 3 хүртэлх насны хүүхдийн асаргааны хамрагдалт (нэмэгдэх хувь) +6 пункт
13. Дундаж наслалт (нас) 79.25 80
Ногоон, бага нүүрстөрөгч 14. Нэгж ДНБ-д ногдох CO₂ ялгарлын бууралт [17.7] % [17] %
15. Чулуулаг бус гаралтай эрчим хүчний эзлэх хувь 21.7% 25%
16. PM2.5 дундаж агууламж (мкг/м³) 28 <27
17. Сайн чанарын усны эзлэх хувь 80% 85%
18. Ойн бүрхэх хувь 25.1%* 25.8%
Аюулгүй байдал 19. Хүнсний нийт үйлдвэрлэлийн хүчин чадал (их наяд жин/500гр/) 1.39 ~1.45
20. Эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн хүчин чадал (нүүрсний эквивалент, 100 сая тн) 51.3 58