АНУ-ын 2026 оны Үндэсний батлан хамгаалах стратеги (National Defense Strategy – NDS 2026) нь дэлхийн стратегийн өрсөлдөөний шинэ нөхцөлд Америкийн цэргийн бодлогын чиг баримжааг тодорхойлсон гол баримт бичиг юм. Энэхүү стратегийн хүрээнд Энэтхэг–Номхон далайн бүс нутгийг АНУ-ын аюулгүй байдлын бодлогын хувьд эх нутгийн дараа орох чухал театр хэмээн тодорхойлж, БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй цэрэг-стратегийн нөлөөг тогтоон барих зорилт гол байр суурь эзэлж байна. NDS 2026 нь бүс нутгийн бодлогыг хэрэгжүүлэхдээ “deterrence by denial”, холбоотны хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн Нэгдүгээр арлын гинжин хэлхээний дагуу стратегийн хамгаалалтын бүс байгуулах зэрэг үзэл баримтлалд тулгуурлажээ.¹
БНХАУ-ыг гол стратегийн сорилт гэж тодорхойлох нь
NDS 2026-д БНХАУ-ыг АНУ-ын аюулгүй байдалд тулгарч буй хамгийн том, урт хугацааны стратегийн сорилт хэмээн тодорхойлсон байна. Баримт бичигт Хятадын цэрэг-стратегийн чадавхийн өсөлт, технологийн дэвшил, бүс нутгийн геополитикийн нөлөөний тэлэлт нь АНУ болон холбоотнуудын ашиг сонирхолд ноцтой сорилт учруулж буйг онцлон тэмдэглэсэн.² Энэхүү үнэлгээ нь 2022 оны Үндэсний батлан хамгаалах стратегид дэвшүүлсэн “China as the pacing challenge” гэх ойлголтыг үргэлжлүүлж, Хятадыг Америкийн батлан хамгаалах бодлогын төвд хэвээр байгааг харуулж байна.
Гэвч стратеги нь БНХАУ-тай харилцах бодлогыг шууд сөргөлдөөнд хүргэх зорилготой бус гэдгийг онцолсон. Харин “strength without confrontation” буюу хүчний давуу байдалд тулгуурласан тогтоон барих бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна.³ Өөрөөр хэлбэл, АНУ Хятадтай харилцахдаа стратегийн тогтвортой байдлыг хадгалах, харилцан буруу тооцооллоос сэргийлэхийн зэрэгцээ бүс нутагт хүчний тэнцвэрийг хадгалахыг зорьж байна.
Нэгдүгээр арлын гинжин хэлхээ ба “denial defense” стратеги
NDS 2026-ийн Энэтхэг–Номхон далайн бодлогын хамгийн чухал агуулгын нэг нь Нэгдүгээр арлын гинжин хэлхээ буюу Номхон далайн баруун хэсгийн арлуудын стратегийн шугамд суурилсан хамгаалалтын тогтолцоог байгуулах явдал юм. Стратегид АНУ холбоотнуудтайгаа хамтран Нэгдүгээр арлын гинжин хэлхээний дагуу “strong denial defense” буюу дайсны түрэмгий ажиллагааг урьдчилан таслан зогсоох хамгаалалтын бүтэц бий болгоно гэж заасан.⁴
Энэхүү бодлого нь БНХАУ-ын цэргийн стратегид багтдаг “anti-access/area denial” (A2/AD) чадварт хариу арга хэмжээ авах зорилготой. Хятадын талаас Номхон далайн баруун хэсэгт АНУ-ын цэргийн ажиллагааг хязгаарлах зорилгоор пуужингийн систем, шумбагч онгоц, тэнгисийн цэргийн хүчин, кибер болон сансрын чадавхыг хөгжүүлж байгаа нь АНУ-ын стратегийн тооцоонд чухал нөлөө үзүүлж байна.⁵ Үүний хариуд АНУ бүс нутагт тархмал байрлалын (distributed posture) хамгаалалтын архитектур байгуулах, холбоотнуудтайгаа хамтарсан цэргийн ажиллагааг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлж байна.
Нэгдүгээр арлын гинжин хэлхээний стратегийн ач холбогдол нь зөвхөн газарзүйн байрлалд бус, харин цэргийн ажиллагааны логикт оршино. Япон, Тайвань, Филиппин зэрэг бүс нутгийн орнуудын нутаг дэвсгэр нь тэнгисийн болон агаарын хяналтын чухал цэгүүдийг бүрдүүлдэг. Иймээс энэхүү бүсийг хамгаалах нь БНХАУ-ын тэнгисийн хүчний Номхон далайд чөлөөтэй нэвтрэх боломжийг хязгаарлахад чухал үүрэгтэй юм.
Холбоотны хамтын ажиллагааг өргөжүүлэх
NDS 2026 нь Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахдаа АНУ дангаараа бус, холбоотнуудтайгаа хамтран ажиллах стратегийг баримталж байна. Баримт бичигт холбоотнуудын хамтын ажиллагааг “бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад амин чухал” (vital to maintaining regional stability) хэмээн тодорхойлж, тэдний батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжихийг зорьж буйг тэмдэглэсэн.⁶
Энэ хүрээнд АНУ Япон, Австрали, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг түншүүдтэйгээ цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан сургуулилт, зэвсгийн системийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог нэмэгдүүлж байна. Ялангуяа Япон улс АНУ-ын стратегийн хамгийн чухал холбоотнуудын нэг болж, бүс нутгийн хамгаалалтын архитектурын гол тулгуур болж байна.⁷
Холбоотны хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого нь АНУ-ын өмнөх “hub-and-spokes” буюу төв–дагуул хэлбэрийн эвслийн загвараас илүү сүлжээт (networked alliance) бүтэц рүү шилжиж байгааг илтгэнэ. Энэ нь холбоотнууд хоорондоо шууд хамтран ажиллах, цэргийн ажиллагааг уялдуулах шинэ механизм бий болж байгааг харуулж байна.
Цэргийн хүчний шинэ байршуулалт ба алсын тусгалын цохилтын чадвар
NDS 2026-д АНУ-ын зэвсэгт хүчин дэлхийн хаанаас ч өндөр нарийвчлалтай цохилт өгөх чадвартай байх ёстойг онцолсон. Баримт бичигт Хамтарсан хүчин (Joint Force) нь “олон домэиноос сүйрлийн цохилт өгөх чадвартай” байх шаардлагатай гэж заасан.⁸ Энэ нь зөвхөн бүс нутагт байрласан хүчнүүдээс гадна АНУ-ын эх газраас алсын тусгалын цохилт өгөх чадварыг хөгжүүлэх бодлоготой холбоотой юм.
Иймээс Энэтхэг–Номхон далайн стратеги нь хоёр давхар хамгаалалтын бүтэцтэй болж байна. Нэгдүгээрт, Нэгдүгээр арлын гинжин хэлхээний дагуу байрласан холбоотны хүчнүүд бүс нутгийн урд шугамын хамгаалалтыг бүрдүүлнэ. Хоёрдугаарт, АНУ-ын алсын тусгалын пуужин, стратегийн бөмбөгдөгч онгоц, далайн цэргийн хүчин нь бүс нутгийн ажиллагааг дэмжих нөөц хүчний үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь БНХАУ-ын A2/AD системийг тойрон гарах стратегийн уян хатан байдлыг хангах зорилготой юм.
Энэтхэг–Номхон далайн бүс нутгийн бодлогын стратегийн агуулга
Агуулгын дүн шинжилгээнээс харвал NDS 2026-ийн Энэтхэг–Номхон далайн бодлого нь дараах гурван үндсэн шинж чанартай байна. Нэгдүгээрт, АНУ бүс нутгийн аюулгүй байдлын бодлогыг илүү Хятад төвтэйгөөр тодорхойлж байна. БНХАУ-ын цэрэг-стратегийн өсөлт нь АНУ-ын батлан хамгаалах бодлогын гол чиглүүлэгч хүчин зүйл болж байна. Хоёрдугаарт, бодлогын хэлбэр нь норматив шинжээс илүү цэрэг-оператив шинжтэй болжээ. “Denial defense”, “First Island Chain”, “distributed operations” зэрэг ойлголтууд нь стратегийг бодит цэргийн ажиллагаанд чиглэсэн баримт бичиг болгож байгаа юм. Гуравдугаарт, холбоотны хамтын ажиллагаа улам гүнзгийрч, бүс нутгийн аюулгүй байдлын архитектур илүү сүлжээт шинжтэй болж байна. Япон, Австрали, Филиппин зэрэг орнуудын оролцоо нэмэгдсэн нь АНУ-ын батлан хамгаалах бодлого илүү олон талт хэлбэрт шилжиж байгааг харуулна.
Дүгнэлт: Эцэст нь дүгнэхэд, NDS 2026-ийн Энэтхэг–Номхон далайн бодлого нь БНХАУ-ын өсөлтийг тогтоон барих зорилготой, холбоотны хамтын ажиллагаанд тулгуурласан, Нэгдүгээр арлын гинжин хэлхээний дагуу denial defense байгуулах стратегид төвлөрсөн байна. Энэ нь АНУ-ын батлан хамгаалах бодлогын геостратегийн төв Ази–Номхон далайн бүс нутагт хэдийн шилжсэнийг бататгаж буй бөгөөд ирээдүйд бүс нутгийн аюулгүй байдлын орчинд АНУ–Хятадын стратегийн өрсөлдөөн үргэлжлэхийг харуулж байна.
Ашигласан материал:
- U.S. Department of Defense, 2026 National Defense Strategy (Washington, DC: Department of Defense, 2026).
- Мөн тэнд.
- Мөн тэнд.
- Мөн тэнд.
- U.S. Department of Defense, Military and Security Developments Involving the People’s Republic of China 2025 (Washington, DC: DoD, 2025).
- U.S. Department of Defense, 2026 National Defense Strategy.
- Michael O’Hanlon, “Japan as America’s Key Security Partner in the Indo-Pacific,” Brookings Institution, 2024.
- U.S. Department of Defense,









Leave comment