2023 оны 6 дугаар сарын 9-нд ОХУ-ын ГХЯ-аас тус улс “Европ тивд байрших ердийн зэвсэглэлийн тоонд хязгаар тогтоох тухай гэрээ – CFE (The Conventional Armed Forces in Europe Treaty)”-ээс бүрмөсөн гарч буй тухай ноотыг тус гэрээнд оролцогч бүх талуудад өгсөн юм[1]. Мэдэгдлийн ноот өгснөөс хойш 150 хоногийн дараа гэрээнд оролцсон статус нь бүрмөсөн дуусгавар болсонд тооцдог ба энэ хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 7-нд (ЗХУ-ын үеийн Октябрийн баяр) шилжих шөнийн 00 цагт байж таарав. ОХУ нь АНУ-тай байгуулсан “Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах тухай” (New START гэрээг 2026 он хүртэл сунгасан байсан) гэрээний үүргээ биелүүлэхээс 2023 оны 2 дугаар сард түдгэлзсэн, “Цөмийн зэвсгийн туршилтыг бүрэн хориглох тухай” гэрээг соёрхон баталсан хуулиа 2023 оны 11 дүгээр сард хүчингүй болгосон (Зөвхөн гарын үсэг зурсан статуст шилжсэн) зэрэг үйл явдлууд богино хугацаанд давхцан өрнөлөө. Хельсинкийн үйл явц, тунхаглалын (1975 он) үр дүнд бий болж сүүлийн 50 жил Европын ба Дэлхийн энх тайвныг сахин бэхжүүлэх тулгуур болж ирсэн олон улсын эрх зүйн суурь тогтолцоо ийнхүү 2022–2023 онд төгсгөл болж байна. Европын аюулгүй байдлын архитектурын өмнөх 50 жилийн цикл өндөрлөж, дараагийн 50 жилд ямар дэг журам тогтох тухай асуудлаар судлаачид, бодлого тодорхойлогчид анхаарч эхэллээ.
CFE гэрээний түүх 1969 – 1999
Хүйтэн дайны үед Умард Атлантын эвсэл, Варшавын гэрээний орнуудын эвсэл гэсэн сөргөлдөгч хоёр тал Европын эх газарт стратегийн ба ердийн цэрэг, зэвсгийн үлэмж хэмжээний хүч хуримтлуулж, товчлуур дарсан тохиолдолд дайны гал дүрэлзэж харилцан биесээ устгах, дэлхий дахиныг цөмийн дайнд татан оруулахад бэлэн байдалтай оршиж байв. Хоёр эвслийн сөргөлдөөний оргил үед 1960-1970 онд Европын эх газар дахь хоёр талын хуралдуулсан цэргийн тоо нийт 10 сая, танкийн тоо 100 мянгад тус тус хүрч байлаа. Байнгын ийм хурцадмал байдал нь аль ч талд ашиггүй, аюултай гэдгийг талууд харилцан ойлгож байсан ч хэн нь түрүүлж буулт хийж яриа хэлэлцээ рүү шилжих, хэлэлцээ тохиролцооны нөхцөл ямар байх тухайд талуудын ашиг сонирхол, байр суурийн зөрүү гол саад болж байв. Энэ үед 1968 онд Чехословакт Прагийн хавар, 1969 онд Зөвлөлт – Хятадын зөрчилдөөн зэрэг том хямралууд зэрэгцэн өрнөсөн нь Москвагийн зарчмын эрс хатуу байр суурийг өөрчилж ЗХУ-д хоёр фронт дээр зэрэг дайтах эрсдэлээс сэргийлэх, Европ тив талдаа тогтвортой байдал үүсгэх хэрэгцээ бий болсон байна.
1960-аад оны төгсгөл, 70-аад оны эхээр Москва, Вашингтоны хооронд өрнөж байсан стратегийн зэвсэглэлийн асуудлаар яриа хэлэлцээний ахиц, тухайлбал 1972 онд Москвад явагдсан Никсон – Брежнёвийн уулзалтаар үүссэн ойлголцол цаашид өрнөх бусад яриа хэлэлцээний үүдийг нээжээ. 1973 оноос эхлэн хоёр сөргөлдөгч блокийн яриа хэлэлцээ 2 чиглэлд өрнөж эхлэв[2]:
- 1973 онд Хельсинкэд эхэлсэн “Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Бага Хурал – ЕАБХАБХ (CSCE)”-ын форматын хүрээнд Дэлхийн II дайны дараа 1945 оноос Европ тивд бий болсон шинэ дэг журмын шийдэгдээгүй асуудлууд, тухайлбал хоёр Германы статус, худалдаа-эдийн засаг ба техникийн харилцаа, хүмүүнлэгийн эрх зүйн сэдэв зэрэг асуудлаар сөргөлдөгч хоёр эвсэл ойлголцолд хүрэхээр яриа хэлэлцээ эхлүүлэв.
- 1973 онд Венад сөргөлдөгч хоёр эвсэл Европ тив дэх цэргийн хүчээ тэнцвэртэйгээр харилцан хорогдуулах чиглэлд “Mutual Balanced Force Reductions in Europe – MBFR” хэлэлцээ эхлүүлсэн.
Хельсинкийн үйл явц 1973 – 1975 онд үргэлжилж 3 багц бүхий “Төгсгөлийн баримт бичиг” хэлэлцээрт оролцогч 35 улс нэгдэж гарын үсэг зурсан байна. Эндээс Хельсинкийн зарчмууд тогтож, Хельсинкийн үзэл санаа төрөн гарч, цаашлаад ЕАБХАБХ нь 1994 оноос ЕАБХАБ (OSCE) болж өргөжсөн. Мөн Хельсинкийн зарчмууд нь Европын зөвлөл, Европын холбоо, ЕАБХАБ-ын үйл ажиллагаа илүү өргөжин хөгжих суурь үзэл санаа болж өнөөг хүртэл үйлчилсээр байна.
1973 онд Венад эхэлсэн Европ тивд цэрэг, зэвсэглэл хорогдуулах (MBFR) чиглэлийн яриа хэлэлцээ нь оролцогч талуудын зарчмын зөрүүтэй байр суурийн улмаас олон жил сунжрав. 1973 онд талуудын барьж орж ирсэн анхны саналууд нь:
- НАТО эвслээс дэвшүүлсэн 2 үе шаттай санал:
- АНУ-ын 29,000 цэргийг гаргаж хариуд нь ЗХУ-ын танкийн 1 армийг (1,700 танк, 68,000 цэрэг) гаргах;
- Хоёр талаас тус бүр хуурай замын цэргийн тоог 700,000, агаарын цэргийн бие бүрэлдэхүүнийг 200,000 –д тогтоож хязгаарлах;
- Варшавын гэрээний байгууллагын санал:
- Талууд тус бүр хүчээ 20,000 цэргээр хорогдуулах
- Хоёр эвслийн улс тус бүр бие бүрэлдэхүүн ба зэвсэг техникийн тоогоо тус бүр 15%-иар хорогдуулах
Венийн яриа хэлэлцээнд талуудын зарчмын зөрүү арилахгүй удааширч 1976 онд шинэ нөхцөлүүд нэмж оруулсан ч мөн л тохиролцоонд хүрэхгүй явсаар 1979 оны эцсээр тус хэлэлцээрийн явц зогсонги байдалд (НАТО Европт дунд тусгалын цөмийн пуужин байршуулахаар шийдсэн болон ЗХУ-ын цэрэг Афганистанд орсонтой тус тус холбоотой) оров. Харин 1986 онд ЗХУ-ын шинэ удирдлага, тухайлбал Михайл Горбачёвын санаачилгаар үйл явц эргэн амь орж тухайн ондоо ЕАБХАБХ-аас Стокхольмын баримт бичиг (1987 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн) гаргаснаар Европ тивд зэвсэглэл хорогдуулах үйл явц эргэлт буцалтгүй эхэлсэн. 1987–1990 онд талууд харилцан буулт хийсэн олон алхам хийсэн ба хоёр эвслийн хэлэлцээ амжилттай явагдаж зарчмын тохиролцоонд хүрсэн байна. 1990 оны төгсгөлд Парис хотноо CFE гэрээнд 22 улс (NATO-ийн гишүүн 16 улс, Варшавын гэрээний байгууллагын гишүүн 6 улс) гарын үсэг зурж, 1992 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн түүхтэй.
1990 оны Парист зурагдсан гэрээний тохиролцоогоор (CFE анхны хувилбар) сөргөлдөгч хоёр эвсэл зэвсэглэлийн дээд хязгаар тогтоох дараах зөвшилцөлд хүрсэн юм[3]. Үүнд:
- Газар нутгийн хамрах хүрээ: Уралын нуруунаас Атлантын далай хүртэлх Европ тивийн орон зайг авч үзнэ
- Хоёр эвсэл тус бүрд ноогдох ердийн зэвсгийн тааз, дээд хязгаар:
- Танк: 20,000
- Хүнд артиллери: 20,000
- Хуягт тээвэрлэгч, явган цэргийн байлдааны машин: 30,000
- Байлдааны нисэх онгоц: 6,800
- Байлдааны нисдэг тэрэг: 2,000
- Хүчний төвлөрлийн бүсчлэл: Төвөөс гадагш тархсан хэлбэртэй 4 бүсчлэл (Бүсчлэлийн төв нь Төв ба Баруун хойд Европ)
- Жигүүр бүсүүд: Хойд ба Өмнөд жигүүрээр (Умард Европ ба Өмнөд Европ) дамжин аль нэг эвсэл нь гэнэтийн цохилт хийхээс сэргийлж хамгийн бага хэмжээнд зэвсэг техникийн тоо хэмжээг хязгаарласан
- Ил тод байдал: Гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар талууд харилцан ил тод байж тодорхой заагдсан нэгжүүд дээр биелэлтийн хяналт, шалгалт хийгдэх. Өөрийн хүлээсэн үүргийн биелэлтийн тухайд тогтмол дата, мэдээлэл өгч байх
- Гэрээний үүргийн хэрэгжилтийг хянан удирдах зорилготой Хамтарсан Зөвлөлдөх Бүлэг байгуулах: CFE Treaty’s Joint Consultative Group (JCG)
1990-ээд онд геополитикийн нөхцөл байдал хурдтай, таамаглашгүй байдлаар хувирч, 1990 онд тохиролцож зурагдсан анхны гэрээ 1992 онд хүчин төгөлдөр болох үед гэрээнд оролцогч Варшавын Гэрээний байгууллага эвсэл задарсан, Берлины хана нурсан, ЗХУ өөрөө задарч бие даасан шинэ субъектүүд үүссэн, мөн түүнчлэн ЗХУ-ын задралын суурин дээр ТУХН (Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл), ХАБГБ (Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага) зэрэг шинэ эвсэл бүлгүүд бий болж эхлэв. Үүнтэй холбогдуулан гэрээний нөхцөл, заалтууд дээр шинэчилсэн өөрчлөлт оруулахаар хуучин ба шинэ оролцогч талууд тохиролцож дараах өөрчлөлтүүдийг хийж иржээ. Үүнд:
- 1992 онд Нээлттэй тэнгэрийн хэлэлцээр (CFE гэрээнд нэгдсэн орнууд агаараас тагнуул, ажиглалтын зорилгоор онгоцоор харилцан нислэг үйлдэхэд нээлттэй болох)
- ЗХУ-ын суурин дээр үүссэн шинэ улсуудад гэрээний заалтын тоог хувьчлан (%) дахин хуваарилах тухай 1992 оны Ташкентын нэмэлт хэлэлцээр
- Шинэ үүссэн ОХУ-ын газарзүйн байршилтай холбогдуулан 1990 оны “Жигүүр бүсийн хязгаарлалт”-ыг өөрчлөх тухай 1996 оны нэмэлт өөрчлөлт
- 1999 оны шинэчилсэн нэмэлт өөрчлөлт бүхий (Adapted Conventional Armed Forces in Europe Treaty) гэрээг тус тус байгуулжээ.
1999 онд Стамбулд болсон ЕАБХАБ-ын уулзалтын үед CFE гэрээний шинэчлэн өөрчилсөн хувилбарт: Эвслийн хязгаарлалт bloc-to-bloc ойлголтыг бүрэн цуцлах, улс бүрд ноогдох зэвсгийн тоо хэмжээг заах, мөн газар нутгийн хязгаарлалтаар зэвсгийн тоог заах, түр сэлгэн байршуулах (Цэргийн дадлага сургуулийн зорилгоор г.м) зэвсгийн хэмжээ, дамжин өнгөрүүлэх ба сэлгэн байршуулахад хүлээн авагч орны зөвшөөрлийг авах зэрэг нэмэлт өөрчлөлтүүд оруулжээ. Стамбулын нэмэлт өөрчлөлт бүхий гэрээнд оролцогч 30 улс санал нэгдэж гарын үсэг зурсан ч тухайн үеийн шийдэгдээгүй 3 асуудлаас болж нийт оролцогч улсууд цааш соёрхон батлах үйл явц зогсонги байдалд орсон юм. ОХУ-ын цэрэг Молдавын нутагт Днестрийн зурваст, Гүржийн нутагт байрлаж байсан болон “Жигүүр бүсийн хязгаарлалтын” (ОХУ-ын Умард Кавказын цэргийн тойргийн мэдэлд байх цэрэг, зэвсгийн тоо хэмжээний асуудал) тоо хэмжээг ОХУ-ын тал хэтрүүлсэн байсан зэргээс болж НАТО-гийн гишүүн орнууд Стамбулын нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлахаа хойшлуулсан. 2002 онд Москва гэрээнд заагдсан бүх тоо хэмжээнд тохируулан өөрт байгаа зэвсгийн тоог хорогдууллаа гэж зарласан хэдий ч НАТО тус улсыг Молдав, Гүржийн нутгаас зөвшөөрөгдсөн тоо хэмжээнээс хэтэрсэн тооны цэрэг, зэвсгээ бүрэн гаргах үүргээ биелүүлээгүй хэвээрээ байна гэж үзсэн.
CFE гэрээний 1999 онд тохиролцсон нэмэлт өөрчлөлтөөр улс бүрт ноогдох зэвсгийн тоо хэмжээг харуулав. Эх сурвалж: Коммерсантъ https://www.kommersant.ru/doc/5978098
Үргэлжлэл дараагийн дугаарт
Ашигласан эх сурвалж:
[1] Заявление МИД России в связи с направлением Российской Федерацией уведомлений государствам-участникам Договора об обычных вооружённых силах в Европе (ДОВСЕ) | 09.06.2023 https://mid.ru/en/foreign_policy/news/1886348/?lang=ru
[2] Appendix G CHRONOLOGY: CFE TREATY NEGOTIATIONS AND IMPLEMENTATION, 1972-1996 https://nuke.fas.org/control/cfe/cfebook/chrono.html
[3] CFE Chronology : Conventional Forces in Europe Treaty https://nuke.fas.org/control/cfe/chron.htm
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Армян – Азербайжаны хямрал (II)Дараах нийтлэл
Европын аюулгүй байдлын архитектурын өөрчлөлт (II)Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02