Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
Сүүлийн жилүүдэд санхүүгийн салбар дахь геополитикийн эрсдэл нэмэгдсээр 2024 оны 3-р улиралд XXI зууны хамгийн өндөр түвшинд хүрч, даяаршсан санхүүгийн харилцаанд тоймгүй олон сорилтыг бий болгов. Дэлхийн улс орнуудын төв банк болон баялгийн сангууд геополитикийг инфляцаас илүү санаа зовоосон эрсдэлийн гол хүчин зүйл хэмээн нэрлэх болсон[1]. Тодруулбал, 2024 оны дэлхийн хөрөнгийн удирдлагын судалгаагаар төв банкнууд болон төрийн баялгийн сангуудын 83% нь геополитикийн хурцадмал байдлыг гол эрсдэл гэж нэрлэсэн бол 73% нь инфляц, мөнгөний бодлогын чангарал хэмээн тодорхойлжээ. Төв банкнууд цаашид үүсээд буй эрсдэлийг сөрөх зорилгоор нөөцөө нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэхэд анхаарах ажээ[2].
Нөөцөө нэмэгдүүлэх, мөнгөний хатуу бодлого баримтлах, нөөцийг хатуу валют хэлбэрээр хадгалах зэрэг хөрөнгө удирдлагын уг стратеги нь алсдаа хөгжиж буй орнуудад очих хөрөнгө оруулалтын хэмжээг багасах, санхүүжилтийн зардлыг өсгөх зэрэг таагүй орчныг бий болгоно. Өөрөөр тайлбарлавал “Геополитикийн эрсдэлтэй ийм үед дэлхийн эдийн засагт эргэлдэж буй мөнгөнүүдийн урсгал зогсож, хөрөнгө капитал хөгжсөн орнуудын төв банканд хуримтлагдах, аль эсвэл хатуу валют руу шилжих хандлагатай” болно.
Хэрвээ хөгжиж буй орнуудын том худалдааны түншүүд нь “геополитикийн хурцадмал байдлын гол дүр” байх аваас эдийн засагт үүсэх сөрөг нөлөө төдий чинээ хүнд байна. Иймд өнөөгийн геополитикийн эрсдэл хөгжиж буй орнуудын эрх баригчдад санхүүжилтийн сорилтыг бий болгож тэднийг цаашид хэрхэн, яаж, ямар нөхцөлтэй хөрөнгө оруулалт татах вэ? гэдэг асуултад толгойгоо гашилгахад хүргэж буй юм.
Олон туйлт олон улсын харилцаа бүс нутгийн санхүүгийн төвүүдийг байгуулах суурийг бий болгов
Дэлхийн эдийн засгийн форумын 2024 оны эрсдэлийн тайланд дурдсанаар судалгаанд оролцсон бодлого тодорхойлогчид, судлаачид, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүдийн гуравны хоёр нь “бүс нутгийн болон их гүрнүүдийн харилцаа ойрын 10 жилдээ олон улсын харилцааны олон туйлт дэг журмын хүрээнд байх болно” хэмээн онцгойлон тэмдэглэжээ[3]. Энэхүү судалгааг олон улсын санхүүгийн харилцаан дээр төсөөлөн бодоход “Ойрын 10 жилд томоохон эдийн засагтай улс гүрнүүдэд бүс нутгийн шинжтэй санхүүгийн бүсүүдээр дамжин хөрөнгө оруулалт хийх хэрэгцээ өндөр байх болно” хэмээн хөрвүүлэн ойлгох боломжтой. Хөгжиж буй орнууд эл нөхцөлд бүс нутгийн шинжтэй, тухайн байршлын онцлогт таарсан хөрөнгө оруулалт, зохицуулалтын орчинтой санхүүгийн тусгай бүсүүдээр дамжуулан буурч буй хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоон барих бололцоог эрэлхийлэх юм.
Бүс нутгийн санхүүгийн төв байгуулах санаачилга – Астанагийн Олон улсын санхүүгийн төв
Төв Азийн орнууд бүгд ЗХУ-ын бүрэлдэхүүн улс байсан гэдэг утгаараа эдийн засгийн хувьд ОХУ тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай эдийн засгийн харилцаанд түлхүү ордог. Тэр дундаас Казахстаны эдийн засгийн гол орлого авчирдаг газрын тосны экспортын тээвэрлэлтийн дэд бүтэц тэр чигтээ ОХУ-ын хяналтад байдаг. Тодруулбал Казахстанаас Оросын Новороссийск боомт хүртэл газрын тос дамжин өнгөрдөг гол экспортын орлогын суваг болох Каспийн хоолойн консорциум дахь нийт хувьцааны 24 хувийг ОХУ-ын Транснефть, 12.5 хувь Лукойл тус тус эзэмшдэг.[4] Өнөөдөр үүсээд буй геополитикийн хямралын эхний эргэлтийн мөч болох 2014 онд Крымийг ОХУ өөртөө нэгтгэсний дараа Казахстаны хамгийн том эдийн засгийн түнш Орос улс хориг арга хэмжээнүүдтэй нүүр тулсан. Казахстаны эрчим хүчний дэд бүтцийн хамаарлын улмаас Оросын эдийн засаг хориг арга хэмжээний нөлөөгөөр эдийн засаг нь муудаж, цаашдаа төсөл хөтөлбөрүүдэд шинээр хөрөнгө оруулалт татахад хүндрэл авчрав.
Санхүүгийн салбарт үйлчилдэг алтан дүрэм бол эрсдэл, өгөөжийн эерэг хамаарал юм. Энэ дүрмийн дагуу нэг талд хөрөнгө оруулалт татран санхүүжилтийн зардал өссөнөөс үүдэлтэй хүндрэл үүсэж байхад нөгөө талд боломжууд ундардаг. Чухамдаа Казахстан эл боломжийг бүс нутгийн санхүүгийн төв байгуулах замаар биелүүлэв бололтой. Дэлхийн эдийн засгийн форумын 2024 оны дэлхийн эрсдэлийн тайланд дурдагдсан цаашид эрэлт нь нэмэгдэх “өөрийн гэсэн онцлогтой тусгай зохицуулалттай бүс”-ийг Казахстаны бодлого тодорхойлогчид 2018 онд Астанагийн санхүүгийн төв нэртэйгээр Английн хууль хэрэгждэг тусгай Арбитрын шүүхтэй хууль эрхзүй, татварын тусгай бүс хэлбэрээр байгуулсан юм.
Астанагийн Олон улсын санхүүгийн төв нь дотроо Астанагийн Олон улсын бирж, Хөрөнгийн удирдлага, Хувийн банк, Исламын санхүү, Санхүүгийн технологи гэсэн үндсэн үйл ажиллагаатай байх бөгөөд бүтцийн хувьд Удирдлагын зөвлөл, Захиргаа, Санхүүгийн үйлчилгээний газар, Шүүх, Олон улсын арбитрын төв зэргээс бүрдэхээр төлөвлөгджээ.
Барууны хөрөнгө оруулалт ОХУ-ын нөлөөний Төв Азид оров
Астанагийн бодлого тодорхойлогчид Олон улсын бирж дээрээ хамгийн эхэлж “эдийн засгийн хамгийн чухал стратегийн салбарын компани, бүс нутгийн гео-эдийн засгийн чухал тоглогч” болох уран үйлдвэрлэгч, төрийн өмчит Казатомпромын хувьцааг арилжаалав. Казатомпром Олон улсын санхүүгийн төвд IPO хийсэн өдрөө гадаадын 49, Казахстаны 16 компани, мөн Казахстаны 2700 орчим иргэн хөрөнгийн биржид хувьцаагаа санал болгосон. Үүнээс хамгийн чухал хөрөнгө оруулагч нь дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк болох “Голдман Сакс” байсан ба нийт хувьцааны 4.1 хувьтай тэнцэх 108,480 ширхэг энгийн хувьцааг 5 жилийн хугацаатай буцаан худалдан авах нөхцөлтэй опцион гэрээгээр хөрөнгө оруулав[5].
Олон улсын санхүүгийн төвийн өрсөлдөх чадварын хамгийн гол үзүүлэлтийн нэг нь нэр хүнд байдаг ба Голдман Сакс анхны хөрөнгө оруулагч нь болсон гэх мэдээ нь олон улсын түвшний санхүүгийн төв Астанад байгуулагдсан юм байна гэх сэтгэгдлийг хөрөнгийн зах зээлд өгсөн нь лавтай. Цаашид Астана хөрш орноос хараат стратегийн салбаруудад орох гадаадын хөрөнгө оруулалтыг олон улсын санхүүгийн төвөөрөө дамжуулан татах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байгалийн хий, мэдээлэл технологийн стратегийн чухал салбар дахь төрийн өмчит компаниудынхаа хувьцааг ээлж дараалан олон улсын санхүүгийн төв дээрээ санал болгов.
Уг стратеги геополитикийн орог бусгаа үед үр шимээ өгснийг санхүүгийн үзүүлэлтээс харах боломжтой. Анх үүсгэн байгуулагдсан 2018 оноос хойш Астанагийн санхүүгийн төвөөс босгосон санхүүжилтийн нийт хэмжээ 2023 онд 10.9 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй байна. Уг төвийн 2023 оны үйл ажиллагааны тайланд тусгаснаар Албан ёсны арилжаа эхэлснээс хойш багцын хөрөнгө оруулалт хэлбэрээр нийт 4.6 тэрбум ам.доллар (365 сая ам.долларын хувьцааны хөрөнгө оруулалт, 4.2 тэрбум ам.долларын өрийн хэрэгсэл) хөрөнгө оруулалт татжээ. Эдгээрт төрийн өмчит Казатомпром (Ураны тэргүүлэгч), КазМунайГаз (Байгалийн хийн үйлдвэрлэл), технологийн компани Kaspi.kz-ын IPO-нууд орж байгаа нь анхаарал татаж байна. Харин үлдсэн 6.3 тэрбум ам.долларыг Астанагийн Олон улсын санхүүгийн төвд бүртгэлтэй шууд оролцогчид бүрдүүлсэн байна. Үүнээс тайланд олон улсын хөрөнгө оруулалтын банкнуудаас гадна Хятадын барилгын банк, Хятадын хөгжлийн банк зэрэг Нэг бүс нэг замын төслийн хүрээнд санхүүжилт орж иржээ.
График 1: Босгосон хөрөнгө оруулалтын хэмжээ, тэрбум ам.доллароор
Хууль эрх зүйн тусгай горимыг нэвтрүүлж, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн нь амжилтын үндэс болов
Пост-коммунист, байгалийн баялаг дээр тулгуурласан орнуудын эдийн засаг нь тэр чигтээ гадаад орчноос хамаардаг гэхэд буруудахгүй. Харин Казахстаны хувьд Төв Азийн бүсэд Олон улсын санхүүгийн төв байгуулах төслийн суурийг гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах бие даасан эрх зүйн дэглэмээр тавих аргаар гадаад орчны таагүй нөлөөг бууруулж чаджээ. Астанагийн Олон улсын санхүүгийн төвд “Common law” буюу АНУ, Их Британийн хуулийн систем үйлчлэх ба энэ нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн том тоглогч нарын нийтээр даган мөрддөг бизнесийн тогтолцоог санал болгосон бодлого гэхэд хилсдэхгүй.
Ингэхдээ Олон улсын санхүүгийн төвд гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс Казахстаны шүүхийн тогтолцооноос хараат бус Олон улсын арбитрын шүүхийг байгуулсан. Судлаачид, Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн дүрмүүдийг судалж үзээд тэдгээрийг Английн холбогдох хууль тогтоомжуудыг үгчлэн хуулбарласан болохыг тогтоосон[6] ба Олон Улсын санхүүгийн төвд аливаа маргаан таслах ажилд оролцох үүрэгтэй Шүүхийн зөвлөлийн гишүүдийг Английн нэр хүнд бүхий хуульчдын багаар бүрдүүлсэн. Энэ бүгд хөрөнгийн зах зээлийн хамгийн чухал үзүүлэлт болох жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн ба Казахстаныг одоогоор дэлхийн хамгийн шилдэг жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тогтолцоотой гэх нэр хүндийг Дэлхийн банкаар баталгаажуулаад амжсан байна. 2023 оны байдлаар Астанагийн Олон улсын арбитрын шүүхээр 718, Санхүүгийн төвөөр 37 хэрэг шийдвэрлэгджээ.
Зураг 1: Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн шүүгчид
Үүн дээр санхүүгийн зах нь өөрөө хүний нөөц дээр тулгуурладаг учраас гадаадын ажиллах хүчийг татах чиглэлээр визний хялбаршуулсан дэглэмийг тогтоож, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд, Малайз, АНЭУ, Сингапур, Монако зэрэг хэд хэдэн орны иргэдэд Олон улсын санхүүгийн төвтэй холбоотой ажиллах зорилгоор Казахстанд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхийг олгосон.
Мөн татварын хөнгөлөлттэй дэглэмийг бий болгож Олон улсын санхүүгийн төв бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийг аж ахуйн нэгжийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, эд хөрөнгийн татвараас 50 жилийн чөлөөлсөн. Эхлэлийн гарааг гадаадын томоохон нэр хүнд бүхий биржүүдтэй хамтын ажиллагаа байгуулах замаар хийж эхлүүлэх ба АНУ-ын NASDAQ, Лондоны хөрөнгийн бирж, Олон улсын санхүүгийн корпорац, Шанхайн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ.
Дээрх бүх ажиллагааны үр дүнд Астанагийн Олон улсын санхүүгийн төв нь Дэлхийн санхүүгийн төвүүдийн чансааг тогтоодог индексээр[7] 2023 онд нийт 121 орноос 60-р байранд жагссан. Энэ нь 2018 онд 88-р байртай харьцуулахад огцом ахисан үзүүлэлт юм.
Дүгнэлт – Тэнцвэртэй гадаад бодлогын чухал арга
Казахстан бол Төв Азидаа хамгийн том газар нутагтай, байгалийн арвин баялагтай, эдийн засгийн тэргүүлэгч улс билээ. Тус улс байгалийн баялгийнхаа ачаар 30 гаруй жилд эдийн засгаа ихээхэн тэлж, 2006 онд дундаас доогуур орлоготой орноос дундаас дээгүүр орлоготой орон болж чадсан хэдий ч гадаад худалдаа нь Евразийн эдийн засгийн холбооны мөр нэгт гишүүн орнуудаас, экспортын орлого нь ОХУ-ын дэд бүтцээс хэт хамааралтай буюу геополитикийн эрсдэлд өртөмтгий байсаар ирсэн.
Эл нөхцөл байдалд Казахстаны бодлого тодорхойлогчид Олон улсын санхүүгийн төв байгуулснаар салбартаа бусад олон тоглогчийг татан оруулах, нэмэлт санхүүжилт татах, хориг арга хэмжээнээс гарах, борлуулалтын зах зээл олох, барууны орнуудын бодит эрх ашгийг шингээх зэрэг геополитикийн эрсдэлтэй үед хүндэрдэг асуудлыг шийдэх арга байдлаар ашиглаж чаджээ.
2018 оноос хойших 6 жилийн хугацаан дахь Астанагийн санхүүгийн төвийн зөвхөн мөнгө санхүүгийн үзүүлэлтийг түр хойш тавиад гадаад бодлогын зүгээс ажиглавал тус төв нь үнэхээр ОХУ, БНХАУ-ын нөлөөнд бүрэн орсон стратегийн салбарууд дахь их гүрнүүдийн хүчний тэнцвэрийг хадгалах бодлого байлаа. Ингэхдээ юуны түрүүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэж болохуйц танил бизнес, хууль эрх зүйн орчныг тусгай бүсэд бүрдүүлж чадсан ба цаашид гадаадын хөрөнгө оруулагчид мөнгө, бизнесээ Казахстан руу аваачихад таатай байх нөхцөлийг хангах тал дээр суурийг нь зөв тавьжээ.
Үр дүнд нь өдгөө Казахстан улс Төв Азийн орнууд дундаас хамгийн ихээр гадаадын хөрөнгө оруулалт татдаг (нийт хөрөнгө оруулалтын 61%) болсон. Үүгээр ч үл барам геополитикийн эгзэгтэй үед буюу 2022 онд Казахстан улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд хэмжээнд хүрч, нийт 28 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2023 онд ГШХО 23.4 тэрбум ам.долларт хүрсэн ба тэргүүлэгч хөрөнгө оруулагчид нь Голланд, АНУ, Швейцарь байна[8].
Дээрх тоонууд пост коммунист, далайд гарцгүй Төв Азийн оронд олон улсын санхүүгийн төв байгуулж гадаад бодлогын тэнцвэртэй байдлыг хангах (өмнө нь бүтэшгүй мэт сонсогдож байсан) төсөл амжилттай хэрэгжиж болохыг харууллаа.
Цаашид Астанагийн Олон улсын санхүүгийн төв өмнөх 6 жилийн амжилтаа үргэлжлүүлэн хадгалах эсэхэд яг таг нарийн дүгнэлт гаргахад бэрх хэдий ч гагцхүү өнөөдрийн түвшин дэх амжилтын нууц нь баталгаатай шүүх засаглал, хөнгөлөлт урамшуулалт, нэр хүндтэй хамтрагч, бусад таатай тусгай горим байна.
Ашигласан эх сурвалж:
[1] Geopolitics replaces inflation as the top worry for central banks and sovereign wealth funds, World Economic Forum, 2024.08.05, https://www.weforum.org/agenda/2024/08/geopolitics-inflation-central-banks/
[2] Судалгаанд оролцсон Төв банкнуудын 53% буюу талаас илүү хувь нь ойрын хоёр жилд нөөцийнхөө хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол 52% нь цаашид эзэмшиж буй нөөцөө төрөлжүүлэх бодлого баримтална гэдгээ илэрхийлжээ.
[3] The Global Risks Report 2024, 19th Edition, Insight Report, World Economic Forum, 2024, https://www.slideshare.net/slideshow/world-economic-forum-the-global-risks-report-2024/267185983
[4] The Geopolitics Behind Kazakhstan’s Turbulent Energy Sector, Сenter on Global Energy Policy at Columbia, SIPA, 2023.03.02, https://www.energypolicy.columbia.edu/qa-the-geopolitics-behind-kazakhstans-turbulent-energy-sector/
[5] Kazakhstan’s AIFC: Off to a Promising Start?, Wilder Alejandro Sanchez, Geopolitical Monitor, 2018.12.13 https://www.geopoliticalmonitor.com/kazakhstans-aifc-off-to-a-promising-start/
[6] Institutional Development and the Astana International Financial Centre, Horace Yeung, Zhanyl Bekmurzayeva, Flora Huang, Dina Suleimenova, University of Leicester – Leicester Law School Research Paper No. 18-07, 2018
[7] The Global Financial Centres Index, https://www.longfinance.net/programmes/financial-centre-futures/global-financial-centres-index/
[8] AIFC 2023 Annual Report, On the Activities of the Astana International Financial Centre
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Дайны эдийн засаг: онол ба практикДараах нийтлэл
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагааСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23