Дональд Трамп 2025 оны 1-р сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гаргасан шийдвэрүүд нь зөвхөн Америкийн үндэсний эрх ашигт нийцсэн, аминчхан, сөргөлдөгч бүх талуудтай төдийгүй хөршүүд холбоотнуудтайгаа хүртэл зөрчилдөх тогтворгүй, таамаглашгүй мэт харагдаж байгаа. АНУ-ын сөргөлдөгч орнуудтай өмнөх засаглалын үед хэрэгжүүлж байсан бодлогууд болох Хятадтай худалдааны болон технологийн дайн өрнүүлэх, Орос, Иран, Умард Солонгостой сөргөлдөх бодлогыг Трамп үргэлжлүүлэх нь тодорхой байна. Эдгээр бодлогыг стратегийн өрсөлдөгч болох БНХАУ-ыг сөрөх, сулруулах чиглэлд хэрэгжүүлж байна гэж үзнэ.
Гэтэл холбоотон хийгээд хөрш орнууддаа худалдааны дайн зарлаж буйн учир шалтгаан юу вэ?
Трампын тавьж буй үндсэн шаардлагууд, тэдгээрийн гүйцэтгэлээс гарах үр өгөөжийг нь тооцвол хэтдээ хөршүүд, холбоотнуудаа бэхжүүлэн хүчирхэгжүүлэх, нэгтгэх замаар сөргөлдөгчдөө хумих, тогтоон барих бодлого гэж ажиглагдаж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио албан тушаалын анхны айлчлалаа 2 сарын 1-6-ны хооронд Төв Америк, Карибын орнуудаар хийхийн өмнө 1 сарын 30-нд Wall Street Journal-д бичихдээ “Америкийг дахин аугаа болгоно гэдэг ойлголтод бидний бүс нутаг болон холбоотнууд багтаж буй” гэжээ.[1] Рубиогийн бүс нутагтаа хийсэн айлчлал болоод Трампын татварын талаарх мэдэгдлүүдийн цаадах шаардлагыг харвал ирэх жилүүдэд хэрэгжүүлэх Трампын бодлого зөвхөн АНУ-д бус түнш, холбоотон улсууд болоод бүс нутагтаа үр шимээ өгөхөөр байна. Тэрээр хөршүүд, бүс нутгийн орнууд, холбоотнуудаа эдийн засгийн хөшүүргээр хүчжүүлэн бэхжүүлж байгаа нь сөргөлдөгч улсуудыг сулрахад хүргэж болох юм.
Канад, Мексикийн импортын бараанд татвар ногдуулах асуудал нь худалдааны дайны хүрээнд өрнөж буй асуудал бус АНУ-ын дотоодод тулгарч буй ноцтой асуудал, бэрхшээлийг хөршүүдтэйгээ хамтран ул суурьтай шийдэх оролдлого мэт харагдаж байна. ЕХ-нд мөн татвар ногдуулах асуудлыг хөндсөний цаана тус холбооны хөрөнгө оруулалтын орчны хүнд суртлыг арилган эдийн засгийн интеграцийг илүү өргөжүүлэх замаар хамтран ажиллах, хүчирхэг болгох бодлого явж буй бол НАТО-гийн гишүүн улсуудын зарцуулах зардлыг 5% болгох асуудлыг тавьж байгаа нь гишүүн орнууд батлан хамгаалах зардлаа өсгөх замаар аюулгүй байдал, батлан хамгаалах салбараа бие даан бэхжүүлэх боломжийг олгоно.
Холбоотнуудын хувьд Трампын бодлого богино хугацаанд сорилт бэрхшээл дагуулах хэдий ч дунд болон урт хугацаандаа эдийн засгийн шинэчлэл, үр өгөөж, батлан хамгаалах, аюулгүй байдлын бие даасан хүчирхэг байдал, технологийн хурдтай дэвшил, үзэл санааны нэгдмэл байдлыг авчрах нөлөөтэй байх юм.
Энэхүү өгүүллээр Трампын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн стратеги, олон улсын харилцаа зэрэг гол чиглэлүүдэд хийсэн өөрчлөлтүүдийг авч үзэн дүгнэж, цаашдын хандлагыг тодорхойлохыг зорилоо.
Холбоотнуудтайгаа харилцах бодлого
Гадаад бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл гэх олон улсын харилцааны конструктив болон неоклассик реализмын онолын призмээр харвал Трампын хоёр хөршдөө тавих импортын татварын бодлого нь улс орны дотоодод тулгамдсан асуудлыг шийдэх эн тэргүүний зорилтоос шалтгаалж байна гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, АНУ-ын насанд хүрэгчдийн үхлийн гол шалтгаануудын нэг нь мансууруулах бодис бөгөөд 2003-2022 оны хооронд мансууруулах бодисын хэт тунгаас үүдэлтэй үхэл 100 000 стандарт хүн амд 8.9%-32.6% болж ойролцоогоор дөрөв дахин өсжээ. 2023 онд мансууруулах бодисын хэт тунгаас үүдсэн үхэл 105007 бүртгэгдсэн байна.[2]
2024 оны эхээр Pew Research Center-н хийсэн судалгаа америкчуудын 78% нь цагаачдын асуудлыг хямрал эсвэл ноцтой асуудал гэдэгт санал нэгдэж байгааг харуулжээ. Улс төрийн чиг баримжаагаар нь задалж харвал бүгд найрамдахчуудын 70% нь нийгмийн хямрал гэж үзсэн бол ардчилагчдын 22% нь хямрал гэдэгт санал нийлж, 44% нь ноцтой асуудал гэж үзжээ. АНУ-ын гэмт хэргийн нөхцөл байдалд цагаачдын урсгалын нөлөөллийн талаар тодорхой асуултад 57% нь цагаачдын тоо нэмэгдсэн нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг гэж үзсэн байна. Цагаачдын асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг санал асуулгад оролцогчдын 80% нь муу гэж үнэлжээ. Үүнийг дотор нь ангилж үзвэл бүгд найрамдахчуудын 89%, ардчилагчдын 73% нь засгийн газарт сөрөг үнэлгээ өгсөн байна.[3]
Тиймээс Трамп хууль бус цагаачлалыг зогсоох, фентанил болон бусад хууль бус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлэхийг хориглох талаар дорвитой арга хэмжээ авахыг шаардан Канад, Мексик улсуудын импортод 25 хувийн татвар ногдуулахаар мэдэгдсэн. Үүний дагуу Канадын тал фентанилын урсгалыг зогсоох зорилгоор Америкийн хууль сахиулах байгууллагуудтай хамтын ажиллагаагаа сайжруулах, мэдээллийн солилцоог нэмэгдүүлэх, дрон болон Black Hawk нисдэг тэргээр хилийн тээврийн хяналт шалгалтыг чангатгах, хилийн албаны ажилчдын тоог нэмэгдүүлэх зэрэг 1.3 тэрбум долларын өртөг бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болов. Мексик улс Америктай залгадаг хилийн бүстээ 10000 үндэсний гвардын цэрэг илгээхээр тохиролцсоноор татвар ногдуулах хугацааг 30 хоногоор хойшлуулаад байна.[4]
2017 онд Трамп анх ерөнхийлөгч болсныхоо дараа НАТО-гийн хуралд оролцох үеэрээ холбоотнууд ДНБ-нийхээ 2%-ыг батлан хамгаалахад зарцуулах үүргээ биелүүлэхгүй байгааг шүүмжилж байв. НАТО-гийн удирдагчид үүнийг аажмаар нэмэгдүүлэх замаар 2024 онд бүрэн 2%-д хүргэх зорилттой байсан юм. Гэвч Трамп үүнийг хурдасгах шахалт үзүүлсэн нь буруу бодлого байгаагүйг Орос-Укрианы дайн харуулав. Энэ удаад Трамп 1 сарын 23-нд Давосын форумын үеэр НАТО-гийн холбоотнуудаас батлан хамгаалах зардлаа 5% хүртэл нэмэгдүүлэхийг шаардсан юм.[5] 2024 оны байдлаар тус байгууллагын гишүүн 32 орны 23 орон л ДНБ-нийхээ 2%-г зарцуулах амлалтдаа хүрчээ. АНУ-ын хувьд өнгөрсөн жил ДНБ-нийхээ 3.4%-ийг, Польш 4.12%-ийг батлан хамгаалахдаа зарцуулсан ба ер нь Оростой хиллэж буй ЕХ-ны улсууд амлалтдаа хүрчээ.
2019 онд Rand-н хийсэн судалгаагаар НАТО-гийн зардлын 47%-г АНУ санхүүжүүлж байв.[6] Стокгольм Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн статистикаас үзвэл 2023 онд НАТО-гийн нийт зардлын 916 тэрбум доллар буюу 68%-ийг АНУ дангаараа хариуцжээ.[7]
Түүнчлэн ЕХ-нд мөн 25%-ийн татвар ногдуулахаар сүрдүүлсэн[8] бөгөөд тавьж буй шаардлага нь худалдааны бодлогоо эргэн харж, хөрөнгө оруулалт хийхэд саад учруулж буй зохицуулалтын тогтолцоог уян хатан болго гэв. Евростатын мэдээлснээр 2023 оны байдлаар ЕХ АНУ-тай хийсэн худалдаанаас 155.8 тэрбум еврогийн ашигтай байсан бол үйлчилгээний салбарт эсрэгээрээ 104 тэрбум еврогийн алдагдалтай байжээ. Үүнээс харвал худалдааны алдагдал харьцангуй тэнцвэртэй байна хэмээн ЕХ маргаж буй. Харин хөрөнгө оруулалтын зохицуулалтын тогтолцооны талаар Трамп Давосын форумын үеэр өөрийн туршлагаа жишээ болгон, Ирландад хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхэд долоо хоногийн дотор зөвшөөрөл авдаг бол ЕХ-нд 5-6 жил зарцуулдаг, хүнд суртал, чирэгдэлтэй байдал нь хөрөнгө оруулалт хийх боломжгүй болгодог талаар дурдсан юм.[9] Энэ асуудлыг эргэн харж хөрөнгө оруулалт хийхэд саад болж буй зохицуулалтыг хялбаршуулах шаардлагатай байгааг Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард, Германы Дэд канцлер Роберт Хабек нар онцлохдоо “бидэнд маш их нөөц байгаа авч бид өөрсдөө хөлөө тушаад байна”, “Трамп эргэн ирсэн нь биднийг зайлшгүй өөрчлөлт хийхэд хүргэж байна” гэв. Зохицуулалтыг хялбаршуулж, уян хатан болгосноор жил бүр 470 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Евро Комисс үзжээ. Ерөнхийдөө ЕХ-ны бодлого боловсруулагчид дүрэм журмыг өөрчлөх замаар эдийн засгийн шинэчлэл хийхэд санал нэгдэж байгаа бөгөөд сулруулах уу, хялбаршуулах уу гэдэгт санал зөрөлдөөнтэй байгаа аж.[10]
2 сарын 2-нд Трампын хийсэн мэдэгдлийн дараа ЕХ-ны удирдлагууд холбоотнуудтайгаа тэмцэх бус хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдээд байгаа ч шаардлагатай бол шийдэмгий хариу арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.[11] Трампын мэдэгдлийн дараа ЕХ-ны удирдлагууд Брюссельд батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар уулзсан бөгөөд тус уулзалтад Их Британийн ерөнхий сайд Кир Стармер оролцов. Тэрээр НАТО-г бэхжүүлэхийн тулд ЕХ-той “аюулгүй байдлын асуудлаар амбицтай түншлэх” сонирхолтой байгаагаа илэрхийлээд “хагарал биднийг сулруулна” гэжээ. ЕХ-г даргалж буй Польшийн ерөнхий сайд Дональд Туск уг уулзалтыг “ЕХ-Их Британи дахин ойртох боломж” гэж үзжээ. Харин Стармер “ЕХ-нд дахин нэгдэх бодолгүй байгаа ч худалдаа, аюулгүй байдлын хувьд илүү сайн, ойр дотно харилцаатай байх боломжтой” гэжээ.[12]
Ийнхүү Европын холбоо, НАТО-гийн орнууд нэг талд Орос Украины дайн, нөгөө жигүүрт Трампын шахалт хоёрын дунд илүү нягтрах хандлага ажиглагдаж байна.
Хятадын эсрэг бодлого
Хятадыг тогтоон барих стратеги бол Трампын бус Америкийн бодлого юм. Хятадтай хийж буй худалдааны дайны үндсэн шалтгаан нь “тоглоомын дүрмийг” зөрчиж буйгаас үүдсэн маргаан. Тодруулбал, хятад анх 2001 онд ДХБ-д элсэхдээ худалдаа, зах зээлийн системчилсэн шинэчлэл хийх, төрийн зүгээс аж ахуйн нэгжүүдийг удирдах, хянахыг зогсоох, өөрийн эдийн засгийн онцлогтоо тохируулан худалдааг либералчлах, оюуны өмчийг хамгаалах, хууль, дүрэм, журмаа ил тод байлгах зэрэг цогц өөрчлөлт, шинэчлэл хийх үүргүүдийг хүлээсэн.[13] Түүнээс хойш Америкийн компаниуд Хятад руу нүүсэн бөгөөд Хятадын талаас бизнес эрхлэхийн тулд технологио хуваалцахыг шаардах болсон. Үүнийг технологи албадан дамжуулах гэдэг. Улмаар оюуны өмчийг хамгаалах үүргээ зөрчих, төрийн өмчит болон дэмжлэг, татаастай аж ахуйн нэгжүүдээр дамжуулан өрсөлдөөний зарчмыг алдагдуулах зэргээр “дүрмийн бус тоглолт” хийж ирсэн ба төрийн үл үзэгдэх гар улам хүчирхэг болж байна[14] гэж АНУ шүүмжилж байна.
Ингээд Америкийн тал Жорж У.Бушийн үеэс тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Тухайлбал, Бушийн үед татаасын эсрэг татварыг олон бараанд тавьж байсан бол Обама Америкт төвтэй хагас дамжуулагчийн AIXTRON Inc компанийг Хятадад байдаг Grand Chip Investment GMBH компанид худалдах болон шилжүүлэхийг хориглосон ховор зарлигт гарын үсэг зурж байв. Мөн тэрээр ДХБ-ын дээд шатанд шинэ томилгоо хийхийг хориглон, маргаан шийдвэрлэх тогтолцоог хүчингүй болгосон юм. Трамп үүнийг хэвээр үлдээсний зэрэгцээ илүү хатуу шийдвэрүүд гаргаж Хятадтай худалдааны дайн өрнүүлэв. Байден Трампын Хятадын талаар баримталж байсан бодлогыг үргэлжлүүлсний зэрэгцээ 2022 онд CHIPS, Шинжлэх ухааны тухай хууль баталсан нь Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг боомилох алхам байсан бөгөөд ерөнхийдөө түүний Хятадын эсрэг бодлогыг “жижиг хүрээний өндөр хашаа”-ны бодлого хэрэгжүүлсэн гэж мэргэжилтнүүд үздэг.[15]
Иймээс Трамп хоёр дахь засаглалынхаа хугацаанд ч Хятадын эсрэг бодлогоо зөөлрүүлэхгүй гэж үзэх үндэслэлтэй.
Шинэ Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио анхны айлчлалаараа Төв Америк, Карибын орнуудыг зорьсон нь Хятадын эсрэг баримталж буй бодлогын нэг хэсэг хэмээн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.[16] Рубиогийн айлчлалд Эль Сальвадор, Гватемал, Коста Рика, Доминиканы Бүгд Найрамдах Улс багтаж байгаа ч замдаа Панамд саатсан нь Трампын хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Рубиогийн мэдэгдсэнээр АНУ Панамд өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөг хязгаарлах зорилготой бөгөөд Америкийн эдийн засагт чухал ач холбогдолтой усан замд Хятадын “хяналт” өсөж буй байдлыг нэн даруй өөрчлөх шаардлагатай аж.[17] Сувгийн усан замын хоёр захад Хонконгод төвтэй “CK Hutchison holdings” компани боомтын үйл ажиллагааг эрхэлж байгаагийн зэрэгцээ Хятадын компаниуд арав орчим жил үргэлжлэх суваг дамнасан гүүр барих ажлыг гүйцэтгэж байгаа нь Америкийн ашиг сонирхолтой зөрчилдөж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж эрх баригчид үзэж байгаа юм.
Эль Сальвадор, Гватемал улстай хууль бус цагаачдыг байршуулах, эдийн засгийн боломжуудыг нэмэгдүүлэх замаар хамтран ажилласнаар ханган нийлүүлэлтийн богино сүлжээг бэхжүүлэх бол Коста Рика улстай чип, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллана. Тус улс нь АНУ-ын CHIPS хуулийн хүрээнд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн стратегийн түнш болсон ба 2022 онд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах, технологийн компаниудад хөрөнгө оруулах зорилгоор санхүүжилт авсан. 1997-2014 онд Intel тус улсад үйлдвэрээ ажиллуулж байсан ба 2022 онд дахин хагас дамжуулагч чип угсрах туршилтын үйлдвэрээ нээж 2 жилийн хугацаанд 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан юм.[18] Түүнчлэн Коста Рика нь эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч улсуудын нэг. Ийнхүү бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлснээр хагас дамжуулагчийн хамаарлыг багасгах, ханган нийлүүлэлтийн сүлжээг хумин, богино сүлжээг бэхжүүлэх замаар Хятадыг сөрж байна.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Ашигласан эх сурвалж:
[1] Rubio, Marco. “An Americas First Foreign Policy.” The Wall Street Journal. Accessed February 10, 2025. https://www.wsj.com/opinion/an-americas-first-foreign-policy-secretary-of-state-rubio-writes-western-hemisphere-too-long-neglected-a81707b0
[2] Centers for Disease Control and Prevention. “Drug Overdose Deaths in the United States, 2003–2023.” National Center for Health Statistics. Accessed February 10, 2025. https://www.cdc.gov/nchs/products/databriefs/db522.htm
[3] Pew Research Center. “How Americans View the Situation at the U.S.-Mexico Border, Its Causes and Consequences.” Accessed February 10, 2025. https://www.pewresearch.org/politics/2024/02/15/how-americans-view-the-situation-at-the-u-s-mexico-border-its-causes-and-consequences/
[4] BBC News. “Trump Agrees to Pause Tariffs on Canada and Mexico but Not on China.” Accessed February 10, 2025. https://www.bbc.com/news/articles/c87d5rlee52o
[5] Euronews. “Trump at Davos: NATO 5% Push, Tariff Warnings for Europe.” January 23, 2025. Accessed February 10, 2025. https://www.euronews.com/business/2025/01/23/trump-at-davos-nato-5-push-tariff-warnings-for-europe
[6] RAND Corporation. “What NATO Countries and Other U.S. Allies Contribute to the Collective Defense.” Accessed February 10, 2025. https://www.rand.org/pubs/articles/2024/what-nato-countries-and-other-us-allies-contribute.html
[7] Politico. “Europe Splits on Trump’s Call to Dramatically Boost Defense Spending.” Accessed February 10, 2025. https://www.politico.eu/article/donald-trump-tells-allies-spend-5-percent-gdp-defense-nato/
[8] Politico. “Trump Vows to Launch Trade War on EU.” Accessed February 10, 2025. https://www.politico.eu/article/donald-trump-trade-war-eu-tariffs-mexico-canada/
[9] Euronews. “Trump at Davos: NATO 5% Push, Tariff Warnings for Europe.” January 23, 2025. Accessed February 10, 2025. https://www.euronews.com/business/2025/01/23/trump-at-davos-nato-5-push-tariff-warnings-for-europe
[10] Euronews. “Lagarde Blames European ‘Laziness’ for Holding the Continent Back.” Accessed February 10, 2025. https://www.euractiv.com/section/economy-jobs/news/lagarde-blames-european-laziness-for-holding-the-continent-back/
[11] The Guardian. “EU Will Stand Up for Itself in Face of Trump Tariffs Threat, Macron Says.” Accessed February 10, 2025. https://www.theguardian.com/world/2025/feb/03/eu-will-stand-up-for-itself-in-face-of-trump-tariffs-threat-macron-says
[12] The Guardian. “Keir Starmer Says He Wants ‘Ambitious Security Partnership’ with EU.” Accessed February 10, 2025. https://www.theguardian.com/politics/2025/feb/03/keir-starmer-says-he-wants-ambitious-security-partnership-with-eu
[13] Office of the United States Trade Representative. “Background Information on China’s Accession to the World Trade Organization.” Accessed February 10, 2025. https://ustr.gov/archive/Document_Library/Fact_Sheets/2001/Background_Information_on_China’s_Accession_to_the_World_Trade_Organization.html#:~:text=China%20became%20the%20143rd%20member,WTO%20on%20December%2011%2C%202001.&text=In%20July%20of%201986%2C%20China,Tariffs%20and%20Trade%20(GATT).
[14] Council on Foreign Relations. “The Contentious U.S.-China Trade Relationship.” Accessed February 10, 2025. https://www.cfr.org/backgrounder/contentious-us-china-trade-relationship
[15] мөн тэнд
[16] The Epoch Times. “Rubio’s Central America Trip Seeks to Counter China, State Department Says.” Accessed February 10, 2025. https://www.theepochtimes.com/china/rubios-central-america-trip-seeks-to-counter-china-says-state-department-5800673?utm_source=morningbriefnoe&src_src=morningbriefnoe&utm_campaign=mb-2025-01-30&src_cmp=mb-2025-01-30&utm_medium=email&est=AAAAAAAAAAAAAAAAZvYkcUtd6cbF7boC8GZWBvMnWSf%2FRd7WwVYAvdYNZxk%3D
[17] The New York Times. “In Panama, Rubio Says China Threatens Canal, Demanding ‘Immediate’ Action.” Accessed February 10, 2025. https://www.nytimes.com/2025/02/02/world/americas/marco-rubio-panama.html?searchResultPosition=1
[18] Investment Monitor. “Costa Rica Establishes Tech Hub Status Amid ‘Nearshoring’ Surge.” Accessed February 10, 2025. https://www.investmentmonitor.ai/news/costa-rica-establishes-tech-hub-status-amid-nearshoring-surge/?utm_source=&utm_medium=7-117702&utm_campaign=&cf-view
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
“Brics Pay” олон улсын төлбөр тооцооны шинэ системДараах нийтлэл
Сүүлд нэмэгдсэн
ТРАМП 2.0-ын бодлого
2025-02-10
“Brics Pay” олон улсын төлбөр тооцооны шинэ систем
2025-02-03
Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (II)
2025-01-27
Монгол улсыг тойрсон стратегийн орчны өөрчлөлт – цөмийн зэвсэг (I)
2025-01-20
ОХУ-ын Цөмийн номлолын өөрчлөлт
2025-01-10
Цөөн нийлүүлэгчтэй ураны салбар
2024-10-25
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27