Орос – Украины дайны хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдал

2025-03-31

https://niss.gov.mn/wp-content/uploads/2025/03/flgs.jpg

Гурван жил үргэлжилж буй ОХУ-Украины дайныг зогсоох хэлэлцээ 2025 оны эхний улиралд шинэ шатанд орж байна. Дональд Трампын удирдсан АНУ-ын шинэ засаг захиргаа Украины дайны асуудалд өмнөх засаг захиргаанаас эрс өөр, реалист хандлага баримталж Украины асуудлаар Москватай шууд харилцах, тодорхой буултууд хийх боломжийг судалж эхлэв. Төрийн нарийн бичгийн дарга Рубио “дайныг цэрэг зэвсгийн аргаар шийдэх боломжгүй” гэсэн итгэл үнэмшилтэй бөгөөд дипломат шугамаар, шударга боловч бодит буултуудын үндсэн дээр энх тайван тогтоох нь зайлшгүй гэж үзэж байгаа юм​.[1] Трампын баг дайныг дуусгавал Орост хөрөнгө оруулж, эдийн засгийн харилцааг сэргээхэд бэлэн хэмээн ойлгуулж[2], зөөлөн хүчний бодлого давхар ашиглаж байна.

АНУ-ын хувьд дайн удаан үргэлжлэх нь Европ дахь аюулгүй байдлын орчныг улам тогтворгүй болгож, Орос-Хятадын холбоо гүнзгийрэх эрсдэлтэй гэж үзэн аль болох хурдан гал зогсоох, Оросыг Өрнөдийн хоригоос чөлөөлж буцаан татах стратегийн сонирхолтой гэж харагдаж байна.  

Вашингтоны энэ шинэ бодлого хоёр чиглэлээр хэрэгжиж байна гэж үзэх үндэстэй. 1. Москватай стратегийн түвшинд тохиролцож, хоёр талын харилцааг өргөн хүрээнд сэргээн улмаар Украины асуудлыг шийдэх нөхцөлийг бүрдүүлэх, 2. Киевт шахалт үзүүлж, энхийн хэлэлцээнд оруулах, шаардлагатай бол дэмжлэгээ танах замаар буулт хийхэд бэлэн болгох.

​Хэлэлцээ АНУ-ын шахалт дор Украинд хохиролтойгоор дуусвал АНУ-д итгэх итгэл суларч, их гүрнүүд жижиг улсуудын эрх ашиг, бүрэн эрхт байдлыг хэлэлцэн шийдсэн явдал болно. Энэ нь жижиг улсуудыг тэнцвэржүүлэгч хайхад хүргэх ба тэрхүү хүч нь Хятад болох эрсдэлтэй бөгөөд олон улсын дэг журамд томоохон өөрчлөлт авчрах магадлалтай.

Энх тайвныг тогтоохын тулд АНУ-ОХУ-Украин-ЕХ бүгд тодорхой хэмжээнд буулт хийн тэрхүү буулт хийсэн нөхцөл нь харьцангуй тэнцвэртэй байх шаардлагатай. Энэ нөхцөлд хүрэх нь нэлээд ээдрээтэй бөгөөд цаг хугацаа шаардах төлөвтэй байна. Дээрх дүгнэлтийг хийхэд хүргэсэн үйл явдлуудыг дурдвал:

  1.  Америкийн тал дайныг зогсоохын тулд газар нутгийн асуудлыг хэлэлцэхээс аргагүй, энхийн хэлэлцээрт “зайлшгүй бүх талын буулт, тохиролцоо шаардлагатай” гэж үзэж байна.[3] Трампын засаг захиргаа 2-р сард Украин НАТО-д элсэхгүй, Америкийн цэрэг Украиныг хамгаалахгүй гэж мэдэгдсэн нь[4] Украины талаар баримтлах бодлого өмнөх засаг захиргаанаас өөрчлөгдсөнийг харуулсан ба тодорхой асуудлаар Оростой тохиролцох, буулт хийх боломжтойгоо мэдэгдсэн хэрэг юм.
  2. Путин Украины шинэ эрх баригчидтай тохиролцох хүсэлтэй байна. Оросын тал Украин НАТО-д элсэхгүй байх баталгаа, Украины нутаг дэвсгэрийн 20 орчим хувийг эзэлсэн өнөөгийн хяналтаа хүлээн зөвшөөрүүлэх, дайны явцад тавигдсан хоригийг цуцлуулах, Украины дайны үеэр хойшилсон ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах, Украины тал дайны дайчилгаа хийхээ зогсоох, мөн өрнөдийн орнууд Украины армийг дахин зэвсэглэх болон тагнуулын бүх тусламжийг үзүүлэхээ бүрэн зогсоохыг шаардаж байсан бол хамгийн сүүлд Украинд түр засгийн газар байгуулж, түүнийг НҮБ, АНУ, Европын орнууд болоод оросын түншүүдийн аль нэгнийх нь захиргаанд байлгах үедээ гал зогсоох хэлэлцээ хийх саналтай байгаагаа илэрхийлжээ.[5] Энэ нь бусад талууд хүлээж авахад хүнд нөхцөл бөгөөд гал зогсоох эрмэлзэл бий эсэхэд эргэлзээ төрүүлж байна.  
  3. Украин газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудлаар буулт хийхгүй гэсэн хатуу байр суурьтай байна. “Бид тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байгаа учраас эзлэгдсэн ямар ч газар нутгийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол хатуу улаан шугам” гэж Зеленский мэдэгдээд Орос гал зогсоохыг зөвшөөрвөл Киев бэлэн байна гэжээ.[6] Энэ нь энхийн хэлэлцээнд Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудлыг хөндөхийг зөвшөөрөхгүй гэдгээ шууд илэрхийлж буй хэрэг бөгөөд бусад асуудлаар буулт хийхийг үгүйсгэхгүй юм. АНУ Украинд шахалт үзүүлэх замаар тохиролцоонд хүрэхийг зорьж байгаа боловч Украины хатуу байр суурь, Европын орнуудын эсэргүүцэл энэхүү стратегийг хүндрүүлж байна.
  4. ЕХ-ны тухайд Оросын талд буулт хийх нь тус тивд дахин түрэмгийлэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг гэж үзэж байна. Тиймээс Украиныг бүрэн дэмжихээ илэрхийлж байгаа боловч дотроо байр суурийн зөрүүтэй хэвээр байгаа юм. Их Британи, Франц болон хэд хэдэн орон Украинд энхийг сахиулагчид оруулахыг зөвшөөрч байгаа ч Америкийн байр суурийг харзнасан байдалтай байна.[7]

Дайныг зогсоох эхний алхам болох хоёр талт хэлэлцээнүүд бодит амжилтад хүрэхгүй байгаа нь талуудын буулт хийх нөхцөл ойртоход бэрхшээлтэй болохыг харуулж байна. Саудын Арабын хотуудад болсон талуудын уулзалтууд болон Трамп, Путин нарын утсаар ярьсны үр дүнд эрчим хүчний дэд бүтцэд харилцан цохилт өгөхөө 30 хоногийн хугацаанд зогсоох тохиролцоонд зарчмын хувьд хүрсэн ч бодитоор хэрэгжсэнгүй.[8] Мөн Хар тэнгист гал зогсоох хэлэлцээг “үр дүнтэй” болсон гэж талууд мэдэгдсэн ч дроны цохилтууд үргэлжилсээр байгаа ба хэзээ, хэрхэн гал зогсох нь тодорхойгүй хэвээр байна.[9] Үүнээс үзвэл гал зогсоох хэлэлцээ талуудын мэдэгдэж байгаа шиг “үр дүнтэй”, “дэвшилтэй” бус байна.     

Талуудын харилцан буулт хийх “шугам” нэг түвшинд хүрэхэд бэрхшээлтэй нь өргөн хэмжээний түр эвлэрэлийн саналыг Украины тал хүлээн зөвшөөрч байгаа ч ​Оросын талын шаардлагууд өөрчлөгдөж буйгаас шалтгаалан гал зогсоогүй байгаагаас харагдаж байна. Түүнчлэн Оросын тавьж буй шаардлагад өгөх Трампын хариу шийдвэр, арга хэмжээнээс багагүй зүйл шалтгаална.


[1] The Guardian. 2025. “No military solution’ to Ukraine war, Rubio says ahead of Saudi meetings” https://www.theguardian.com/world/2025/mar/10/us-and-ukraine-officials-arrive-in-saudi-arabia-for-talks-to-repair-ties

[2] The New York Times. 2025. “U.S. and Russia Pursue Partnership in a Head-Spinning Shift in Relations”

https://www.nytimes.com/2025/02/18/world/europe/us-russia-saudi-ukraine.html

[3] US Department of State. 2025. “U.S. Security Cooperation with Ukraine”

https://www.state.gov/bureau-of-political-military-affairs/releases/2025/01/u-s-security-cooperation-with-ukraine

[4] Sky News. 2025. “Restoration of Ukraine’s borders, NATO membership and US troop involvement all ‘unlikely’ says US Defense Sec”  https://news.sky.com/video/restoration-of-ukraines-borders-nato-membership-and-us-troop-involvement-all-unlikely-says-us-defence-sec-13309155

[5] Reuters. 2025. “Putin suggests temporary administration for Ukraine to end war”

https://www.reuters.com/world/europe/putin-suggests-temporary-administration-ukraine-end-war-2025-03-28/

[6] The Kyiv Independent. 2025. “Ukraine won’t recognize occupied territories as Russian as part of any peace deal, Zelensky says”

https://kyivindependent.com/ukraine-wont-recognize/

[7] The Wall Street Journal. 2025. “France-U.K. Plan for European Troops in Ukraine Falters”

https://www.wsj.com/world/europe/france-u-k-plan-for-european-troops-in-ukraine-falters-6ba2a7db?mod=itp_wsj,djemITP_h

[8] Euro News. 2025. “US holds talks with Russia as ceasefire negotiations continue”

https://www.euronews.com/2025/03/25/us-holds-talks-with-russia-as-ceasefire-negotiations-continue

[9] The Independent. 2025. 3What is the Black Sea ceasefire deal between Russia and Ukraine – and will Putin honour it?” https://www.independent.co.uk/news/world/europe/black-sea-ceasefire-russia-ukraine-war-putin-trump-b2723118.html


Ангилал: Долоо хоногийн тойм