“Америк, Хятадын худалдааны дайн”-ы сүүлийн үеийн нөхцөл байдал: Хятадын талаас авч буй хариу арга хэмжээ, үр дагавар, цаашдын хандлага
2025-04-24
АНУ-аас хэрэгжүүлж буй өндөр тарифын бодлогын эсрэг Хятадын эрх баригчид дотоод, гадаадад чиглэсэн идэвхтэй арга хэмжээг авч буй ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Тухайлбал:
1) 2025 оны 4-р сарын 18-ны өдөр Хятадын Сиамэнь агаарын тээврийн компани АНУ-д захиалсан Боинг онгоцыг буцаан илгээснээр дотоодын иргэний агаарын тээврийн зах зээлээс АНУ-ыг шахан гаргах үйл явц эхлэв. Талуудын хооронд нисэх онгоц, түүний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээг нэг талын санаачлагчаар ийнхүү цуцалж байгаа нь нислэгийн аюулгүй байдалд үүсэх эрсдэлийг үл харгалзан хятадын талаас авч буй шийдэмгий бөгөөд эрсдэлтэй алхам боллоо. “Хятадын талын энэхүү арга хэмжээ АНУ-ын тарифын бодлогын эсрэг чиглэсэн ч улс төрийн шалтгаанаар нэгэнт байгуулсан гэрээний үүргээ зөрчиж буй нь Хятадад итгэх дэлхийн нийтийн итгэлийг бууруулж, эргэлзээ төрүүлэв” хэмээн эдийн засгийн шинжээчид дүгнэж байна. Хятадын Сиамэнь агаарын тээврийн худалдан авахаас татгалзсан Боинг онгоцыг малайзын тал худалдан авахаар яриа хэлэлцээг эхлүүлээд байгаа бөгөөд яг одоо Энэтхэгт айлчлал хийж буй АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вейнс Боингийн зах зээл дээрх Хятадын орон зайг Энэтхэгээр орлуулахаар ажиллаж байна.
2) АНУ-ын тарифын бодлогод хамгийн ихээр өртөж буй Хятадын дараагийн том салбарт нийлэг эдлэлийн үйлдвэрүүд багтаж байна. Энэ салбарт дэлхийн зах зээлийн 30-аас дээш хувийг дангаараа эзэлдэг Хятадын үйлдвэрүүд гол түүхий эд буюу propane-ий 60 хувийг АНУ-аас импортолдог. Харин тариф нэмэгдсэнээр propane-ий үнэ “тэнгэрт хадаж”, Хятадын дотоод дахь нийлэг эдлэлийн үйлдвэрүүд олноор үйл ажиллагаагаа зогсоож байна.
3) 2025 оны 4-р сарын 15-18-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Си Зиньпин Вьетнам, Камбож, Малайз зэрэг Зүүн Өмнөд Азийн улс орнуудад айлчлал хийхдээ, “Хятадын аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг АНУ-ын тарифт үл өртүүлэх буюу үйлдвэрийн эх үүсвэрийг халхавчилж, өөр улс орнуудаар дамжуулан барууны зах зээлд гаргах” гол зорилгыг өвөртөлсөн. Ялангуяа нарны хавтан, литийн батарейн үйлдвэрлэл үүнд хамаарч буй юм. Харин АНУ-ын Худалдааны яам Си Зиньпин-ий айлчлалын дараа буюу 2025 оны 4-р сарын 21-ний өдөр Камбож, Вьетнам, Малайз, Тайландын нарны хавтан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тарифыг 35 дахин нэмэгдүүлж буйгаа зарлав. Үүний дараахан Вьетнам, Камбож зэрэг улс орнууд АНУ-тай тарифын хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа мэдэгдэж, “үйлдвэрийн эх үүсвэрийг халхавчлах” оролдлогын эсрэг хатуу тэмцэхээ зарласан нь дээрх улсуудад хийсэн Си Зиньпин-ий айлчлалыг “үр дүнгүй” болгоход хүргэв.
4) Сүүлийн өдрүүдэд Д.Трампын зүгээс “Хятадад чиглэсэн тарифыг багасгах, талууд харилцан буулт хийх, хамтран ажиллах боломжтой” зэрэг мессежийг өгөх болсон нь “Америк, Хятадын худалдааны дайн”-д эерэг өөрчлөлт гарч болзошгүй гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Гэвч хятадын талаас тодорхой хариу өгөөгүй буюу олон нийтэд мэдээлээгүй, түүнчлэн яриа хэлэлцээ хийгдлээ ч богино хугацаанд, нааштай үр дүнд хүрэх магадлал багатай байна.
дүгнэлт: Д.Трампын засаг захиргаанаас дэлхийн улс орнуудад тавьсан өндөр тарифын бодлогын эсрэг Хятадын эрх баригчид шийдэмгий хариу арга хэмжээ авахаа зарлаж, тодорхой алхам хийж эхэлсэн нь аль аль талд хохирол учруулахаар байгаа юм. Талуудын хооронд өрнөсөн “Худалдааны дайн” гаалийн тарифыг урьд өмнө байгаагүй хэмжээнд өсгөж, эргэн тойрны улс орнуудыг түрүүлж өөртөө татах идэвхтэй дипломат тактикт шилжихэд хүргэв. Тухайлбал, Хятадын нөлөөний улсууд гэгддэг Зүүн Өмнөд Азийн улс орнуудад хийсэн Си Зиньпин-ий айлчлал нь дээрхийн илрэл ч АНУ-аас хэрэгжүүлж буй идэвхтэй бодлогын үр дүнд “зогсонги” байдалд ороод байна. Вьетнамын эрх баригчид “Америк, Хятадын худалдааны дайны үед аль нэг талд үл орохоо илэрхийлсэн”-ий зэрэгцээ “үйлдвэрийн эх үүсвэрийг халхавчлах”-ын эсрэг шийдэмгий арга хэмжээ авахаа зарлаж, америкийн талтай яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн зэрэг нь Хятадад ашиггүй тусч байна.
Хятадын талаас АНУ-ын Боинг компанитай байгуулсан гэрээгээ цуцалж эхэлсэн, нийлэг эдлэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож буй зэрэг нь Хятадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой байна. Иймд манай улсын хувьд цаашид дараах зүйлсийг анхаарах нь зүйтэй. Үүнд:
- Хоёр тал худалдааны дайнд аль нэг улс орныг өөртөө татах, мөн зорилгоор улс төр, дипломат, эдийн засгийн дарамт шахалтыг хүчтэй үзүүлэх;
- Хятадын зүгээс “үйлдвэрлэлийн эх үүсвэрийг халхавчлах” бодлогыг хөрш улс орнуудад “тулгах”, түүнд манай улс өртөх;
- Нийлэг эдлэлийн нийлүүлэлт хомсдох нөхцөл байдал үүсэх магадлалтай тул энэ чиглэлийн бараа бүтээгдэхүүнийг нөөцлөх зэрэг болно.
Сүүлийн үед америкийн талын хандлагад зарим нааштай өөрчлөлт орж буй ч хоёр талын “Худалдааны дайн”-ыг богино хугацаанд зогсоох, тарифын өсөлт буурах магадлал бага байна.
Эх сурвалж: 1) 原料斷供+重稅+外交封鎖,美國這招讓習近平毫無招架之力?【每日直播精華|天亮時分】2025.4.22; 2) 川普高關稅令柬埔寨、越南打擊中國洗產地; 3)中共副部級「內鬼」李剛被逮捕 罕見衝熱搜;4)成都三條巨型反共標語掛鬧市三小時 震驚中南海【環球直擊片段】2025-04-22; 5) 【禁聞】中共毀約拒收波音新機 馬航搶著買 | 關稅貿易戰 | 馬來西亞 | 舟山 | 新唐人电视台; 6) 美副總統范斯首度訪印!四天行程兼談貿易戰略、化解簽證爭議 – 國際 – 自由時報電子報
Ангилал: Долоо хоногийн тойм
Дараах нийтлэл
ХИЙМЭЛ ОЮУН УХААН – АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ЁС ЗҮЙСүүлд нэмэгдсэн
ХИЙМЭЛ ОЮУН УХААН – АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ЁС ЗҮЙ
2025-04-29
“Америк, Хятадын худалдааны дайн”-ы сүүлийн үеийн нөхцөл байдал: Хятадын талаас авч буй хариу арга хэмжээ, үр дагавар, цаашдын хандлага
2025-04-24
Украйны дайнаас хойших Орос, Хятадын эрчим хүчний салбарын харилцаа
2025-04-22
Төв Азийн эргэн тойронд
2025-04-15
ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮНЧЛЭЛ: КИРГИЗСТАН
2025-04-07
Орос – Украины дайны хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдал
2025-03-31
БНСУ: Улс төрийн хямрал ба гадаад харилцааны хуваагдал
2025-03-25
Технологийн эрин үеийн кибер аюулгүй байдал: Хиймэл оюун ухаан
2025-03-17
Хятадын “Хоёр хурал”
2025-03-10
Гринланд дахь геополитик
2025-02-24