АНУ ба Японы стратегийн түншлэлийн хөгжлийн шинэ чиг хандлага

2025-05-12

https://niss.gov.mn/wp-content/uploads/2025/05/US-Japan-Security-2-copy-scaled.jpg

Трампын засаг захиргаа гадаад бодлогынхоо хүндийн төв болох Энэтхэг-Номхон далайн бүс нутагт уламжлалт холбоотон Япон улстай хамтын ажиллагаагаа худалдаа, технологи, дипломат бодлогын салбарт чанарын шинэ түвшинд гарган, стратегийн гүн түншлэл болгон өргөжүүлж байна. Хоёр тал нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, чухал түүхий эд, кибер аюулгүй байдал, эдийн засгийн зохицуулалт, гадаад бодлогын уялдаа зэрэг олон чиглэлд албан ёсны баримт бичиг, хамтарсан мэдэгдэл, судалгаа–инновацын төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлэх болов. Энэхүү идэвхтэй хамтын ажиллагаа нь бүс нутгийн хүчний харьцааг тэнцвэржүүлэх, Хятадын нөлөөлөлд хариу үзүүлэх, эдийн засаг–технологийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэж буй.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа

Хоёр улсын харилцаа чухал түүхий эд ба технологийн сүлжээний хараат байдлыг бууруулах чиглэлд эрчимтэй гүнзгийрч буй нь худалдаа, ханган нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг бэхжүүлэх хамтарсан төлөвлөгөө боловсруулснаас харагдана. Тодруулбал, 2023 онд байгуулсан АНУ-Японы “Чухал түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах тухай” гэрээ нь цэвэр эрчим хүч ба цахилгаан автомашины батарейд ашиглагдах кобальт, литий, никель зэрэг түүхий эдийн ханган нийлүүлэлтийг төрөлжүүлэх, тэнцвэржүүлэх зорилготой.[1] Түүнчлэн Япон–АНУ–БНСУ-ын гурван талын худалдаа, үйлдвэрийн сайд нарын анхны уулзалтын хамтарсан мэдэгдэлд ч хагас дамжуулагч, батарей зэрэг чухал салбарын ханган нийлүүлэлтийн сүлжээг хамгаалж, экспортын хяналтыг уялдуулж, шинжлэх ухаан, технологийн судалгааг дэмжин, хиймэл оюун ухааны аюулгүй хэрэглээг хангах зэрэгт санаачилгатай хамтран ажиллах зорилтыг тусгасан байна.[2]

Мөн АНУ-Японы худалдааны тэнцлийн асуудалд анхаарал хандуулж буйг 2025 оны эхэнд болсон албан бус хэлэлцээ харуулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын баталсан өндөр татварын дараа, Японы эдийн засгийн сэргээн босголтын сайд Риосэй Аказава тэргүүтэй төлөөлөгчид Вашингтонд АНУ-ын Засгийн газартай нүүр тулсан хэлэлцээ хийж, худалдааны хэлэлцээрт хүрэхээр ойртож буй тухай мэдээлжээ.[3] Уулзалтаар талууд худалдаа, эдийн засгийн асуудлаар голчлон хэлэлцсэн нь нэмэлт татварыг сулруулж, зах зээлээ харилцан чөлөөлж, өргөтгөх сонирхолтой байгааг харуулж байна. Ийнхүү худалдааны хэлэлцээ, татварын бодлогын асуудлаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр улсын эдийн засгийн бодлого болон бүс нутгийн тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.

Технологи, инновацын хамтын ажиллагаа

Аюулгүй байдал, технологийн шинэ сорилтуудтай тэмцэхэд АНУ, Япон улсууд  хамтын ажиллагаагаа шинэлэг хэлбэрээр өргөжүүлж байна. Тухайлбал, 2025 оны 4-р сараас эхлэн Японы дэд сайдын харьяа Техник холбоо мэдээллийн судалгааны үндэсний хүрээлэн (NICT) болон АНУ-ын засгийн газрын дэмжлэгтэй байгуулагдсан MITRE байгууллага хиймэл оюун ухаан ашиглан кибер довтолгооны эсрэг хамтарсан судалгаа хийхээр болов.[4] Энэ нь хоёр улс хамтран кибер дайралтуудын өгөгдлийг нэгтгэн судалж, технологи хуваалцах зорилготой бөгөөд тус гэрээний хүрээнд шинэ судалгааны төвийг Вашингтонд байгуулна. Судалгааны зарчмын хувьд хиймэл оюун ухаан ашиглан АНУ Япон руу чиглэсэн кибер дайралтуудыг, Япон АНУ руу чиглэсэн дайралтын өгөгдлийг харилцан хянах бөгөөд Азийн орнуудаас эхэлсэн дайралтыг мэдрэхэд Японы өгөгдөл чухал гэж Никкей сэтгүүлд дурджээ.

Түүнчлэн полимер чип, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийн  хамтарсан судалгаа, зохицуулалтыг дэмжих зорилгоор дээр дурдсан гурван улсын хамтарсан мэдэгдэлд хувийн хэвшил хоорондын хамтарсан судалгаа, хөгжлийн түншлэл, олон улсын стандарт, хиймэл оюун ухаан, чипийн технологи, эрчим хүчний шинэ шийдлүүдийг хамтарч хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Энэ хэлбэрийн хамтын ажиллагаа нь бүс нутгийн технологийн өрсөлдөөнд давуу тал бий болгох зорилготой юм.

Дипломат, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа

АНУ–Японы харилцаа батлан хамгаалах, дипломат салбарт улам бүр гүнзгийрч байна. 2024 оны IV улиралд Японы олон нийтийн дунд явуулсан гадаад бодлогын талаарх санал асуулгад оролцогчдын 52% АНУ-тай хамгийн идэвхтэй хамтран ажиллах салбар нь эдийн засаг, худалдаа, санхүү гэж үзсэн бол удаад нь аюулгүй байдал, терроризм, зэвсгийн хяналт (49.7%) болон эдийн засгийн аюулгүй байдал (33.9%) гэж хариулжээ. Мөн Япончуудын 81.5% нь аюулгүй байдлын тулгамдсан сорилтуудыг АНУ, Европ, Австрали зэрэг холбоотон орнуудтай хамтран хязгаарлах ёстой хэмээн үзсэн бол 95% нь АНУ-Японы эвслийг бэхжүүлэх нь Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж үзжээ.[5] Үүнээс үзвэл япончууд хоёр орны хамтын аюулгүй байдлын баталгаанд итгэлтэй болох нь харагдана.  

Япон улс Умард Солонгос, Тайванийн хоолойд үүсэж болзошгүй хямралт нөхцөл байдал, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тогтоон барих хүч зэрэг өөрийн бүс нутагт учирч болзошгүй аюул заналд хариу үзүүлэх зорилгоор 2022 оны 12 сард Үндэсний аюулгүй байдлын стратеги, Үндэсний батлан хамгаалах стратеги, Батлан хамгаалахыг бэхжүүлэх хөтөлбөрийг гарган батлан хамгаалах зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, чадавхаа сайжруулахаар тууштай ажиллаж байна. Энэ нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт харилцан хамааралтай хүчний зохицлыг бэхжүүлэх замаар тогтвортой байдлыг хамгаалах холбоотнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэж байгаа аж.

Ашигласан материал:


  1. US – Japan Agreement on Strengthening Critical Minerals Supply Chains – Policies – IEA 
  2. https://www.meti.go.jp/press/2024/06/20240627005/20240627005-a.pdf
  3. US, Japan move closer to outline of trade deal, source says | Reuters
  4. The U.S. and Japan will conduct joint research on cyberattacks using artificial intelligence (AI). T.. – MK
  5. 外交に関する世論調査」の概要 https://survey.gov-online.go.jp/202502/r06/r06-gaiko/gairyaku.pdf

Ангилал: Долоо хоногийн тойм