Хятад, Орос хоёр их гүрэн жанжлалын эсрэг гар нийлж олон туйлт тогтолцоог бий болгоно хэмээн хамтын зорилгоо тунхагладаг бөгөөд энэ нь нэг талаар зэргэлдээ хүчний хүндийн төв үүсгэж, өөрсдийн нөлөөгөө нэмэгдүүлэхийг чармайж байна хэмээн харагдаж байна.
Хятадын удирдагч Ши Жиньпин 2023 оны 3 дугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ “Хятад, Орос хоёр улс олон талт байдлыг дэмжиж, олон туйлт дэлхий ертөнц, олон улсын харилцаанд жинхэнэ ардчиллыг бий болгохын төлөө хамтран ажиллаж, дэлхийн засаглалыг улам илүү шударга бөгөөд эрх тэгш болгоход хувь нэмрээ оруулна” [1] хэмээн хэлсэн.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 2024 оны 5 дугаар сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үед “Ямар ч хүч Хятадын хөгжил дэвшлийг хязгаарлаж чадахгүй. Орос улс Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсад шударга ёсыг сахиулж, илүү эрх тэгш, олон туйлт ертөнцийг байгуулахад хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэсэн бол Ши Жиньпин “Шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэлийг тогтвортой, урт хугацаанд ахиулахыг хүсэж байна. Хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгч, дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулна”[2] хэмээн хэлэв.
Энэхүү төрийн айлчлал нь Оросын Ерөнхийлөгчийн хувьд хүчирхэг холбоотонтой гэдгээ дэлхий дахинд нотлох боломж байсан бол БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд Путин бол АНУ-ыг дэлхийд дангаар ноёрхохын эсрэг дэлхийн шинэ дэг журмыг эрэлхийлэх гол түнш нь гэж үзэж болох юм.
Дэлхийн дэг журмыг олон туйлт байх ёстой гэдэг стратегийн ижил байр суурин дээр Хятад, Орос хоёр улс хамтын ажиллагааг сайтар хөгжүүлж байгаа бөгөөд тэр дундаа цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгаа. Үүнийг дараах хамтарсан сургуулиудаас харж болно.
Нэг. 2023 онд хийсэн хамтарсан цэргийн дадлага сургуулиуд
- 2023 оны 2 дугаар сард Хятад улс Орос, Өмнөд Африктай хамтран Өмнөд Африкийн эргийн ойролцоо Энэтхэгийн далайд “Моси” гурван талт тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт явуулав. Моси гэдэг нь уугуул омгийн цвана хэлээр “утаа” гэсэн утгатай бөгөөд 3 тал 2019 оноос хойш ийнхүү хамтарсан тэнгисийн цэргийн сургуулийг 2 дахь удаагаа зохион байгуулав.[3] Энэхүү гурван талт хамтарсан тэнгисийн сургууль нь далай тэнгисийн худалдаа, эдийн засгийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй гурван орны тэнгисийн цэргийн хооронд сайн харилцаа тогтоох зорилготой гэв. Энэхүү сургууль нь Хятад, Оросын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг гуравдагч түншүүдтэй холбоод зогсохгүй, Энэтхэгийн далай дахь тэнгисийн цэргийн ажиллагаа явуулах хүчин чадавхыг сайжруулахад нэмэртэй юм.
- 2023 оны 6 дугаар сарын 6-нд Япон тэнгис болон Зүүн Хятадын тэнгист хамтарсан агаарын стратегийн эргүүл хийв. [4] Хятадын Глобал Таймст “Хятад, Оросын хамтарсан стратегийн эргүүл нь Номхон далайн баруун бүс дэх энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах хоёр орны хүч чадлыг харуулсан явдал бөгөөд цэргийн хамтын ажиллагаа ямар бат бөх болох нь эндээс харагдаж байна” гэдгийг онцлов.[5]
- 2023 оны 8 дугаар сард Орос, Хятадын хамтарсан флот Номхон далайн хойд ба баруун хэсэгт мөн Аляскийн ойролцоо тэнгисийн цэргийн эргүүл хийсэн. Хятадын Тэнгисийн цэргээс “052D” ангиллын чиглүүлэгчтэй пуужин сөнөөгч хоёр хөлөг онгоц, “054А” ангиллын чиглүүлэгчтэй пуужингийн хоёр фрегат, “903” ангиллын цэнэглэгч хөлөг онгоц, харин Оросын Тэнгисийн цэргийн хүчнээс шумбагч эсэргүүцэгч, корветт зэрэг флотын бүрэлдэхүүнд багтжээ.
- 2023 оны 12 дугаар сард хоёр орны цэргийнхэн Япон тэнгис болон Зүүн Хятадын тэнгист дахин нэг хамтарсан агаарын стратегийн эргүүл явуулав.[6] Хоёр орон 2019 оноос Номхон далайд хамтарсан агаар, тэнгисийн стратегийн эргүүл жилд тогтмол нэг удаа явуулж эхэлсэн бол 2022 оноос жилд хоёр удаа 2023 оноос жилд 3 удаа болж давтамж эрс нэмэгдсэн нь цэргийн хамтын ажиллагаа улам бүр ойртож, гүнзгийрч буйн илрэл юм.
Хоёр. 2024 онд хийсэн хамтарсан цэргийн сургуулиуд
- 2024 оны 3 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хятад, Иран, Орос улсууд бүс нутгийн тэнгисийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой хамтарсан сургуулилтыг “Энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа бүтээцгээе” уриан дор Оманы булангийн ойролцоо зохион байгуулав[7]. Хамтарсан сургууль нь далайн дээрэмчидтэй тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагаанд гол анхаарлаа хандуулж, тэнгисийн флотуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
- Хятад, Оросын “Хил хамгаалалтын хамтын ажиллагаа-2024” терроризмын эсрэг хамтарсан сургууль 2024 оны 6 дугаар сарын 25-нд Хар мөрний ойролцоох бүсэд боллоо[8]. Хамтарсан сургуулиар террорист үйл ажиллагаа явуулахаар хил давахыг завдсан алан хядагчдыг агаараас, тэнгисээс авсан тагнуулын мэдээний тусламжтайгаар таслан саатуулах, эрэг орчмоор отолт хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Хоёр тал терроризмын эсрэг тагнуулын мэдээлэл солилцох, терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврах үзлийн бүх хэлбэртэй хатуу, үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ хил хамгаалалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцов.
- 2024 оны 7 дугаар сарын 12-17-ны хооронд “Далайн аюул заналхийллийн эсрэг хамтарсан хариу арга хэмжээ авах” сэдвийн хүрээнд “Энх тайвныг хамгаалахын тулд тэнгист, тэнгэрт цэргээ бэхжүүлнэ”[9] гэсэн уриан дор Хятад, Орос улсууд боомтын төлөвлөлт, тэнгисийн сургуулилт гэсэн хоёр үе шаттайгаар “Далайн хамтын ажиллагаа-2024” хамтарсан цэргийн сургуулийг хийв.
Боомтын төлөвлөлтийн үе шатанд хоёр тал газрын зураг дээр ажиллан, тактикийн арга хэмжээг тодорхойлж, аюулгүй байдлын дүрмийг эцэслэн боловсруулсны зэрэгцээ хөлөг онгоцоор аялах, нөхөрсөг тоглолт хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан нь хоёр улсын цэргүүдийг ойртон нягтарч, бие биеэ ойлгоход ихээхэн дөхөмтэй болгожээ.
Тэнгисийн сургуулилтын үе шатанд хамтарсан тагнуул, сэрэмжлүүлэг, эрэн хайх, аврах ажиллагаа, агаарын болон пуужингийн довтолгооноос хамгаалах хүрээнд үүрэг гүйцэтгэв.
2012 оноос хойш хийж буй энэхүү хамтарсан сургууль нь хоёр талын тэнгисийн цэргийн хамтын ажиллагааны гол талбар болж, аюул, заналхийлэл, сорилтод хамтран хариу арга хэмжээ авах хоёр талын чадавхыг тасралтгүй дээшлүүлж байгаа аж.
- Хятад-Оросын хамтарсан “Умардын нэгдэл-2024” сургуулийг хоёр үе шаттайгаар 2024 оны 9 дүгээр сард зохион байгуулав. Зорилго нь Хятад, Оросын арми хоорондын стратегийн түвшний харилцааг гүнзгийрүүлж, аюул, заналхийллийн эсрэг хамтран хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх юм гэжээ. Уг сургуулилтад Хятадын талаас KJ-500, J-16, J-10 зэрэг байлдааны нисэх онгоц, Z-20 нисдэг тэрэг, Оросын талаас ИЛ -38, Су-30, МиГ-31 зэрэг байлдааны онгоцнууд оролцов[10]. Түүнчлэн, хоёр улсын тэнгисийн цэргийн флот Номхон далайн холбогдох усан хилд очиж, хоёр талын 5 дахь удаагийн хамтарсан тэнгисийн стратегийн эргүүл хийв.
9 дүгээр сарын 21-нд “Умардын нэгдэл-2024” сургуулилтын хоёрдугаар шатны үйл ажиллагаа боллоо. Сургуулилтын үед Хятадын талын командлагч хэлсэн үгэндээ[11] “Өнгөрсөн жилээс хойш энэхүү сургуулилтын түвшин дээшилж, зохион байгуулалтын үйл явц улам жигдэрч, ахиц дэвшил гарч байна. Бодит цагийн байдалд ойртсон сургуулилт хийж байгаа нь хоёр улсын цэргийн харилцааг бэхжүүлэх, хөгжүүлэхэд чухал хүчин зүйл болж, стратегийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах чухал талбар болж байгаа”-г онцлов.
- 2024 оны 9 дүгээр сарын 13-наас нэг сарын хугацаанд “Номхон далайн аялал-2024” Хятад, Оросын эргийн хамгаалалтын хамтарсан сургуулилт, эргүүлийг хийж эхэлжээ. Япон тэнгис, Охотскийн тэнгис, Берингийн тэнгис, Чукчи тэнгисээр дамжин Хойд мөсөн далайд орж, нийт 17,000 гаруй миль газар усан замаар хөдөлгөөн үйлдэв.[12]
Хоёр тал Оросын Их Петрийн булангийн ойролцоо гэмт хэргийн сэжигтэй хөлөг онгоцыг шалгаж, шатаж буй усан онгоцноос усанд унасан хүмүүсийг аварч, далайн аюулын эрсдэлийг бууруулах, хамтран шийдвэрлэх чадварыг сорьсон сургуулилтыг гүйцэтгэв.
Хятадын эргийн хамгаалалтын албаны холбогдох хүн хэлэхдээ, “Хятад Оросын энэхүү хамтарсан сургууль, эргүүл нь хоёр эргийн хамгаалалтын албаны харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Номхон далайн хойд бүсийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Дараагийн алхамд Хятадын эргийн хамгаалалтын алба тэнгисийн хууль сахиулах хоёр болон олон талт хамтын ажиллагааг бодитойгоор хэрэгжүүлж, олон улсын болон бүс нутгийн тэнгисийн засаглалд идэвхтэй оролцох болно[13]” хэмээв.
Ийнхүү Орос, Хятадын цэргийн хамтын ажиллагааг зөвхөн цэргийн дадлага сургуулийн хүрээнд авч үзэхэд л сүүлийн жилүүдэд улам гүнзгийрсэн байх агаад үүнд хамтарсан цэргийн дадлага сургуулийн тоо давтамж нэмэгдэхийн сацуу агаар, газар, тэнгис гээд бүх талбарт явагдаж буйг харж болно.
Ашигласан эх сурвалж:
[1] “Xi’s visit to give fresh impetus to ties,” Xinhua net, March 21, 2023, https://global.chinadaily.com.cn/a/202303/21/WS6418e3bea31057c47ebb5834.html
[2]习近平同俄罗斯总统普京在中南海小范围会晤http://news.cn/world/20240517/a5e7f0b04f584d838dcc9eae8be8c42d/c.html
[3] “Joint naval exercise by South Africa, Russia, China kick off in Indian,” TASS, Februrary 17, 2023, https://tass.com/defense/1577747?utm_source=google.com&utm_medium=organic&utm_campaign=google.com&utm_referrer=google.com
[4] 外媒关注:中俄举行第6次联合空中战略巡航http://www.news.cn/mil/2023-06/07/c_1212196439.htm
[5] Liu Xuanzun and Gua Yandan, “Chinese, Russian militaries hold joint aerial strategic patrol in Asia-Pacific region amid US-led provocations ,” Global Times, June 6, 2023, https://www.globaltimes.cn/page/202306/1292028.shtml
[6]“国防部:中俄两军组织实施第7次联合空中战略巡航 http://military.people.com.cn/n1/2023/1214/c1011-40139148.html
[7] 中伊俄“安全纽带-2024”联合演习开幕 http://www.mod.gov.cn/gfbw/jsxd/ly/16293174.html
[8] 中俄“边防合作-2024”联演举行 http://military.people.com.cn/n1/2024/0702/c1011-40268709.html
[9] 中俄“海上联合-2024”联合演习闭幕http://www.news.cn/world/20240717/40d57e07b2dc438f86e6edb39a3a141b/c.html
[10] “北部·联合-2024”演习中俄联合指挥部开设完成http://www.mod.gov.cn/gfbw/jsxd/ly/16337324.html
[11]“北部·联合-2024”第二阶段演习开幕 http://www.mod.gov.cn/gfbw/jsxd/ly/16339947.html
[12]中国海警舰艇编队圆满完成“太平洋巡航—2024”中俄海警联演联巡http://www.news.cn/world/20241017/7829cd2e7e36481d98f7e3e9f9496f57/c.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23