Дайны өмнөх, одоо, дараах цагууд дахь эдийн засгийн нөхцөл байдал тухайн бүс нутаг, улс орны суурь нийгэм эдийн засгийн бүтцээс хамаарч харилцан адилгүй байдаг. Гурван өөр цаг хугацаанд үргэлжилж буй дайны эдийн засагт материаллаг болон материаллаг бус нөөцийн үйлдвэрлэл, ашиглалт, удирдлагын цогц стратеги шаардлагатай. Чухамдаа эл шалтгаанаас улбаалан цэвэр эдийн засгийн талаас эерэг болон сөрөг үр дүнгүүд харилцан адилгүй түвшинд үүсдэг. Ерөнхийлөн авч үзэх аваас “Эерэг” үр дүнд зэр зэвсэг, технологи, дэд бүтэц, дайны үед шаардлагатай бусад хөнгөн, хүнд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгдэж бүтээмж өсөх зэрэг хандлагууд орох бол “Сөрөг” үр дүнд эдийн засгийн хэт их халалт үүсэх, хөдөлмөрийн хүчний тоо хорогдох, дэд бүтэц сүйрэх, хөрөнгө оруулалт тасрах зэрэг бүтээмж огцом буурах хандлагууд ордог.
Онол: Дайны эдийн засаг түр зуурын сэргээш болох боломжтой
Эдийн засгийг давхиж буй морь хэмээн зүйрлэвэл түүнийг цуцаах тоймгүй олон бартаа бий. Энэ дундаас дайны хямрал болбоос хамгийн хүнд, хор хөнөөлтэй бэрхшээлийн нэг маргаангүй мөн. Чингэхдээ Жолоодлоготой эдийн засгийн онолоор дайн нь аж үйлдвэржсэн орнуудад богино болон дунд хугацаанд эдийн засгийн өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх хөшүүрэг хэлбэрээр үйлчлэх боломжтой.
Дайны үед аливаа улс батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл болон туслах салбаруудыг цогцоор хөгжүүлдэг эдийн засгийн тусгай горимд шилждэг. Ингэхдээ аж үйлдвэрлэлд хамгийн түрүүнд зэр зэвсэг үйлдвэрлэл, технологи хөгжүүлэлт, түүнд шаардлагатай түүхий эд, туслах материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг. Улмаар уг хандлагыг дагаж бусад салбарууд болох өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэр, харилцаа холбоо, эрүүл мэнд, санхүүгийн эх үүсвэрийн удирдлага зэрэг бусад туслах салбарууд батлан хамгаалах салбарын дайчилгаанд ордог. Нийт эдийн засаг үйлдвэрлэлийн дайчилгаанд орох цагт төсвөөс ихээхэн зарцуулалт хийгдэж, үүний зэрэгцээ ажиллах хүчний оролцоо нэмэгдэн эдийн засагт бүрэн ажил эрхлэлт бий болдог.
Ийнхүү дээр дурдагдсан шилжилтийн үр дүнд үйлдвэрлэл, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, батлан хамгаалах салбараар дамжин ДНБ-ний өсөлт бий болох боломжтой.[1] Өөрөөр хэлбэл Жолоодлоготой эдийн засгийн онолоор батлан хамгаалах салбар руу төсвөөс их хэмжээний мөнгө хаяхыг цуцсан морьд сэргээш өгч давхиулахтай зүйрлэж болно.
Үүнийг зогсонги байдалд орсон эдийн засгийг мөнгө цутгах замаар хөдөлгөх Кейнсийн онолын практик дээрх биелэл[2] хэмээн зүйрлэхэд хилсдэхгүй.
Практик: Аж үйлдвэржсэн орнууд дахь батлан хамгаалах салбарын сэргэлт
Геополитикийн хурцадмал байдал, дайн тулааны үед аж үйлдвэржсэн орнууд батлан хамгаалах салбар руу мөнгө цутгаж, эдийн засаг дахь цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Энэ хандлага 2022 оноос хойш Зүүн Европ, Ойрх Дорнодод өрнөж буй хурцадмал байдлаас шалтгаалсан батлан хамгаалах зардлын өсөлтөөр практик дээр ажиглагдах болсон. 2022 онд дэлхийн батлан хамгаалах зардал 1.7 их наяд ам.доллароор хэмжигдэж байсан бол 2023 онд дэлхийн улс орнуудын ДНБ-д эзлэх батлан хамгаалахын зардал өмнөх онтой харьцуулахад 2.3-аас 2.4 хувь болж өссөн. Эл зардлын 63% нь АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб зэрэг улс бүрдүүлж байна.[3] Аж үйлдвэржсэн орнууд ийнхүү төсвөөс эдийн засаг руу мөнгө цутгаж байгаагийн үр дүнд батлан хамгаалах салбарын компаниудын зах зээлийн үнэлгээ, ашиг орлого сүүлийн жилүүдэд өндөр өсөлттэй байна.
Дэлхийн байлдааны тоног төхөөрөмжийн зах зээлийн хэмжээ л гэхэд 2023 онд 575.33 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд 616.32 тэрбум ам.доллар болж 7.1 хувиар өссөн байна. Энэ өсөлтөд нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл, хөгжүүлэлт, довтолгооны болон тээврийн нисдэг тэрэг, сөнөөгч онгоцны үйлдвэрлэл нэмэгдсэн нь нөлөөлжээ. Шинжээч нарын үзэж буйгаар уг зах зээлийн хэмжээ ойрын хэдэн жилд хүчтэй өсөх төлөвтэй байгаа ба жилийн нийлмэл өсөлтийн хурдыг түүхэн өсөлт болох 5.8 хувьд хадгалагдахаар төсөөлбөл 2028 онд 772.49 тэрбум ам.доллар болж өсөхөөр байна.[4]
Өөрөөр хэлбэл Кейнсийн эдийн засгийн онолоор уг зах зээл рүү төрөөс цутгах мөнгөний нийлүүлэлт улам өсөх хандлагатай байгаа нь томоохон зэвсгийн үйлдвэрлэлтэй аж үйлдвэржсэн орнуудын бүтээмжид эерэг нөлөөлөх хүлээлтийн суурийг тавих болно.
Дайны эдийн засагт шилжсэн аж үйлдвэржсэн орнуудын сорилт
Дайны эдийн засагт шилжиж буй аж үйлдвэржсэн орнуудын батлан хамгаалах салбарын хөгжил байнга дардан байдаггүй ба сорилт бэрхшээлтэй ямагт тулгардаг. Нийтлэг үүсдэг сорилтууд дундаас урт хугацаанд хохирол учруулдаг сорилт нь зэвсэг үйлдвэрлэгчдийн ашиг сонирхол, лобби юм. Тодруулбал дайны эдийн засгийн үед төрийн зүгээс өөрт ногдох дарамтыг бууруулж, үйлдвэрлэгч нараар цэргийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг ихээр хийлгэх хүсэлтэй байх ба үйлдвэрлэгчдээс өөрт нь буй бүхий л хөрөнгөөр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай анхны хөрөнгө оруулалтыг шавхтал гаргуулж, эрсдэл хүлээхийг шаарддаг. Нөгөө талаас хувийн хэвшил их хэмжээний хөрөнгө оруулж эрсдэл хүлээхээс өмнө засгийн газруудаас урт хугацааны захиалга авах, төлөлт нь тогтвортой байх зэрэг асуудлуудад анхаарал хандуулах хандлагатай байдаг. Улмаар нэгэнт батлан хамгаалах салбар руу хөрөнгө оруулалт нэмэгдэж эхэлсэн л бол тэр цагаас хойш дайн дуусах эсэхээс үл хамаарч дайны эдийн засаг үргэлжлэн ажиллах ерөнхий хандлага[5] бий болдог.
Өөрөөр хэлбэл дайны эдийн засгийн үед төр болон хувийн хэвшлийн ашиг сонирхол анхнаасаа нийцдэггүй[6] ба асуудал цаашид лавшрах хандлагатай ажээ.
Эл үзэгдэл даамжирсаар дайны эдийн засгаас ашиг хүртэгчид эдийн засаг дахь эрх мэдлээ үргэлжлүүлэх, монопол байдлаа хадгалах, стратегийн чухал салбаруудыг өөрсдийн хяналт доор байлгах чиглэл рүү шилждэг. Ийнхүү онолын хувьд дайны эдийн засгийн үед дайнд татагдан орсон чөлөөт эдийн засагтай орнуудын хамгийн гол асуудал төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудал болж, цаашид батлан хамгаалахын салбар үргэлжлэн их хэмжээний мөнгө шаарддаг салбар болох үндэс бүрддэг нигууртай.
Дайны эдийн засгийн гол хохирогч: Хөгжиж буй орнууд
Батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүний эцсийн зорилго ямагт сүйрэл учруулахад оршдог учраас эцэстээ аль нэг бүлэг улсад сүйрэл, хохирол учирч таардаг. Дайны эдийн засаг дахь сөрөг нөлөөний талаар хийсэн эмпирик судалгаануудаар дайны эдийн засгийн сөрөг үр дагавар довтлуулсан улсад хамгийн өндөр байдаг нь нотлогдсон. Энэхүү хандлага нь ихэнхдээ хүчтэй нь хүчгүй тал руу түрүүлж довтлон, хөрөнгө мөнгө, хүний амь насны хохирол учруулдагтай холбоотой ажээ. (2022 онд Украины ДНБ-ний өсөлт хасах 29.1 хувь байхад ОХУ-ынх хасах 2.1 хувь[7] тус тус гарсан нь үүний хамгийн сүүлийн бодит нотолгоо юм.)
Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Дэлхийн II дайнаас хойших дэлхий даяар болж өрнөсөн 400 гаруй дайн тулаанд судалгаа хийж дайн болсны дараах бодит эдийн засгийн нөхцөл байдлыг дайн үл болсон байдлаар төсөөлсөн хийсвэр эдийн засагтай харьцуулжээ. Тус судалгааны үр дүнд нь дайн, мөргөлдөөн болж өрнөсөн улс, бүс нутагт дайн дууссаны дараах жил нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ дайн болоогүй байх хийсвэр төсөөллөөс дариу 7 хувиар буурдаг гэх дүгнэлт гарчээ.[8] Мөн аливаа дайн тулаан болсны дараах эдийн засгийн сөрөг нөлөө дунджаар 5 жилийн дараа арилж хэвийн байдалд ордог гэх харамсалтай дүгнэлт гарсан.
Үүнээс гадна аж үйлдвэржсэн орнууд дайны эдийн засагт шилжсэнтэй холбоотой хөгжиж буй орнуудын эдийн засаг довтлуулсан эсэхээс үл хамаарч хохирол амсдаг нь тавилан гэмээр. Үүнээс хамгийн том эдийн засгийн хохирол хөрөнгө оруулалт дээр илэрдэг. Энэ нь улс орнууд хооронд чөлөөтэй эргэж буй капиталууд геополитикийн эрсдэлээс улбаалан зогсдогтой холбоотой. Нөгөөтээгүүр үүнд эдийн засаг дахь мөнгөний урсгал дайны эдийн засагт шилжсэн улсуудын батлан хамгаалах салбарууд руу шилжих хандлага нөлөөлдөг.
2022 оноос хойш дэлхийн даяарх геополитикийн эрсдэл нэмэгдсэнээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, 2023 онд дэлхийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 2 хувиар буурч 1.3 их наяд ам.доллар хүрсэн. Хамгийн сонирхолтой нь геополитикийн эгзэгтэй үед аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орнууд дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 9 хувиар өссөн байхад, хөгжиж буй орнууд дахь хөрөнгө оруулалт 7 хувиар буурсан байна.[9]
Энэ бүгд дайны эдийн засаг аж үйлдвэржсэн орнуудад батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж бүтээмжийг өсгөж байгаа хэдий ч хөгжиж буй орнуудын эдийн засагт хохирол учруулдаг болохыг харуулах тоон үзүүлэлтүүд юм.
Дүгнэлт: Дайны эдийн засгийн уршиг
Дайны эдийн засгийн горим онолын хувьд батлан хамгаалахын үйлдвэрлэл хөгжсөн аж үйлдвэржсэн орнуудад дунд хугацаанд ажил эрхлэлтийг дэмжих, үйлдвэрлэлийн бүтээмжид эерэг нөлөө үзүүлэх хандлагатай байна. Гэхдээ “Дайны эдийн засаг” довтолгоонд өртсөн орны эдийн засгийг сүйрүүлэх замаар дэлхийн эдийн засагт аюул учруулахаас гадна урт хугацаандаа батлан хамгаалах аж үйлдвэрлэлгүй хөгжиж буй орнуудын хөрөнгө оруулалтын орчныг муутгадаг.
Мөн геополитикийн хурцадмал үеүд дэх дайны эдийн засгийн горим нь цаашид батлан хамгаалах салбараас ашиг хүртэгч нарыг монопол болгох, илүү их хөрөнгө оруулалт татах, худалдан авалт хийлгэх, өөрт ашигтай лобби хийх гэх зэргээр дараа дараагийн сөрөг үр дагаврууд бий болох эрсдэлийг дагуулж байна.
Цаашид дэлхийн геополитикийн эрсдэл нэмэгдэж улс орнууд дайны эдийн засагт шилжих үзэгдэл эрчээ авах нөхцөлд эцсийн хохирогчид хөгжиж буй орнууд байх болно. Иймд олон улсын харилцаанд геополитикийн хурцадмал байдлыг бууруулах, сөргөлдөгч талуудыг зуучлах зэрэг асуудлаар хөгжиж буй орнуудын хамтын санал, санаачилгууд чухал байх болно.
Ашигласан эх сурвалж:
[1] War and Economic Development: Essays in Memory of David Joslin, Deane, CUP Archive, 1975
[2] How to Pay for the War : A Radical Plan for the Chancellor of the Exchequer, John Maynard Keynes, London, 1940
[3] Why The Defense Industry Outlook Is So Strong, Sarwant Singh, Forbes, 2024
[4] Defence Market, The Business Research Company, 2024, https://www.thebusinessresearchcompany.com/report/defense-global-market-report
[5] War Economies in a Regional Context: Overcoming the Challenges of Transformation, Kaysie Studdard, IPA Policy Report, International Peace Academy, 2004, https://www.ipinst.org/wp-content/uploads/publications/wareconomies.pdf
[6] “Wartime Economy”: From Buzzword To Reality? Changes In European Defence Industrial Strategies Since February 2022, Gaspard Schnitzler, Senior Research Fellow and Head of the Defence and Security Industry Programme, IRIS, Defence and Security Industry Programme, 2024, https://www.iris-france.org/wp-content/uploads/2024/03/ProgIndusDef_1.pdf
[7] Дэлхийн банкны статистик, https://data.worldbank.org
[8] The economic consequences of war: Estimates using synthetic controls, Maxim Chupilkin and Zsóka Kóczán, EBRD, Working Paper No. 271, 2022
[9] World Investment Report 2024, https://unctad.org/publication/world-investment-report-2024
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02