Төв Азийн улсууд дундаас хамгийн олон цуст хувьсгал, улс төрийн орог бусгаа цагуудаар түүхийн хуудсаа сийрүүлсэн нь Кыргызстан билээ. 2005 оны Алтанзул цэцгийн хувьсгал, 2010 оны Дөрөвдүгээр сарын хувьсгал, 2020 оны Аравдугаар сарын хувьсгал зэрэг тусгаар тогтносон Кыргызийн орчин цагийн түүхэнд шил дараалан болж өнгөрсөн 3 хямрал бүр өөр хоорондоо адилгүй гадаад, дотоод урьдач нөхцөлүүд, дүрүүдтэй. Гэхдээ эдгээр хувьсгалуудын олон хүчин зүйлээс онцгойрон ижилсдэг нь КУМТОР-ын алтны уурхайг тойрсон бүлэглэлийн ашиг сонирхол юм.
Кыргызийн хувьсгалууд бусад Төв Азийн пост-коммунист намын удирдагч нарын хязгааргүй эрх мэдлээр дархлагдсан тогтолцоонд цочроо өгч, зарим талаараа хөрснөөс цухуйж буй сөрөг хүчинд найдвар нөгөө талаараа улс төрийн элитүүдэд сөрөг хүчнийг нухчин дарах сэдэл, бусад талаараа гаднын хүчнүүдэд нөлөөллөө тэлэх боломжийг өгдөг нь маргаангүй. Иймээс Төв Азийн хамгийн том алтны уурхай болох Кумторыг бүс нутгийн улс төрийн хямралын “уурхай” гэж нэрлэхэд хилсдэхгүй.
Нүүдэлчин кыргызүүд аж үйлдвэрийн саалийн үнээтэй болсон нь
Төв Азийн дээвэр болох Тэнгэр уул (Тянь-Шань)-д байрлах Кумторын алтны ордыг кыргызүүд анх зөвлөлтийн геологич нарын хамтаар 1978 онд нээж, тэр даруйдаа ашиглалтад оруулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байв. Хэдийгээр ТЭЗҮ бэлэн болсон боловч анхны хөрөнгө оруулалт хэт өндөр гэх шалтгаанаар төсөл ЗХУ-ын задрал хүртэл хойшлов. ЗХУ-ын задралтай зэрэгцэн Төв Азийн зах зээл тэр дундаа Кыргызстанд дэлхийн хөрөнгө оруулалтын хаалгыг нээж эхэлсэн ба бэлэн ТЭЗҮ-тэй кыргызүүд нэн даруй Кумторын алтны уурхайн мега төслийг гацаанаас гаргахад анхаарал хандуулав. Үр дүнд нь дэлхийн хамгийн том уул уурхайн компанийн нэг Канадын Камекотой хамтран ажиллахаар болж, тусгаар улсаа зарласан Төв Азийн пост-коммунист нүүдэлчид Хойд Америкийн капиталистуудтай алтны уурхай байгуулах ерөнхий хэлэлцээрийг 1992 оны 12 дугаар сарын 04-нд Канадын Торонто хотод байгуулсан юм. Тус хэлэлцээрээр байгуулсан Кумтор Гоулд компанийн нийт хувьцааны 66.67 хувийг Кыргызийн тал эзэмшиж, Канадын хөрөнгө оруулалт технологиор алтны үйлдвэрлэлийг төвөггүй эхлүүлэв.
Төслийн эхний шат амжилттай хэрэгжиж эхэлсэн 2004 онд төслийн цаашдын явцад салхи эргэсэн мэт үйл явдал тохиож, хувьцаа эзэмшигч Камеко нь өөрийн үндсэн уран боловсруулах салбартаа анхаарал хандуулах шалтгаанаар хувьцаагаа нутаг нэгт алт олборлогч Сентерра Гоулдод зарав. Эл шилжилт Кумторын алтны уурхайн үйл ажиллагаанд төдийлөн сөрөг нөлөө үзүүлэлгүй хоромхон зуур болж өрнөв.
Алтны уурхайн үйл ажиллагаа ийнхүү жигдэрсний дараа Кумторын алтны уурхай аль хэдийнээ Кыргызийн аж үйлдвэрийн салбарын гол үйлдвэрүүдийн нэг боллоо. Үйл ажиллагаа эрчимжсэн 2009-2013 онд л гэхэд Кумторын үйлдвэрлэлийн Кыргызийн ДНБ дахь эзлэх хувь 6.5-11.4% хооронд хэлбэлзэж, нийт аж үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний 37.0-53.5%, нийт барааны экспортын 33.6-50.8%, алтны нийт үйлдвэрлэлийн 94.9-97.7% дангаар бүрдүүлэв. Эл статистик Кумторыг зах зээлийн шилжилт, дэлхийн эдийн засгийн хямралын үеүдэд тэжээж байсан саалийн үнээ болсон гэдгийг нотолно.
1997 оноос хойш 2023 оны жилийн эцэс хүртэл Кумтороос 14.6 сая унц алтыг олборлож, уурхайн санхүүгийн үзүүлэлт ямагт сайн, тогтвортой, ашигтай байжээ. Удаах жилүүдэд төслийн үйлдвэрлэл жигд явсаар 2019 оны байдлаар ДНБ-д Кумторын эзлэх хувь 9.8 хувь, аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлд 20.8 хувьд[1] хүрсэн байна.
Санхүүгийн үзүүлэлт сайн боловч маргаан тасардаггүй
Нэгэнтээ улсынхаа эдийн засгийн гол хөдөлгөгч болсон Кумторын алтны уурхайг тойрсон олон асуудал ар араасаа хөвөрсөн хэдий ч (дараагийн бүлэгт дурдсан) санхүүгийн тайлангууд Кумтор төсөл амжилттай болсныг баталдаг. 2021-2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаас үзэхэд тус уурхайн нийт үндсэн үйл ажиллагааны орлого өндөр, ашгийн үзүүлэлтүүд сайн болох нь харагдана. Уг төсөл 2023 онд л гэхэд 848 сая ам.долларын үндсэн үйл ажиллагааны орлогыг олж, 302 сая ам.доллароор хэмжигдэх цэвэр ашгийг хийсэн. Зөвхөн дээрх хоёр тоо тус компанийн цэвэр ашгийн ахиуц 35.6 хувь буюу ашигт ажиллагаа өндөр болохыг харуулж байна.
Хүснэгт 1: Орлогын тайлан (2021-2023 онуудын жилийн эцсийн байдлаар), мянган ам.доллар
2021 | 2022 | 2023 | |
Гэрээний дагуух орлого | 855,965 | 986,511 | 848,975 |
Олборлолтын зардал | (385,546) | (414,505) | (362,780) |
Татварын зардал | (169,543) | (177,238) | (151,377) |
Үйл ажиллагааны орлого | 231,809 | 384,169 | 304,395 |
Цэвэр ашиг | 233,159 | 371,721 | 302,535 |
Цаашлаад Кумтор алтны уурхайн санхүүгийн байдлын тайлангаас тус компанийн нийт хөрөнгө 1.6 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа ба 2023 оны Кыргызстаны нэрлэсэн ДНБ 13.6 тэрбум ам.доллар[2] байсан гэж үзвэл нийт ДНБ-ний 11.8 хувьтай тэнцэж болохыг харж болно. Нийт хөрөнгийн 6 хувь өр төлбөр байгаа нь тус компани санхүүгийн өрийн дарамтгүй болохыг илэрхийлэх ба нийт эздийн өмчийн өгөөжийн үзүүлэлт 20.1 хувь байгаа нь санхүүгийн хөшүүрэг бага, өрийн дарамтгүй, эздийн өмчийн ашиг өндөр буйг илтгэх үзүүлэлтүүд юм.
Хүснэгт 2: Баланс тайлан (2021-2023 онуудын жилийн эцсийн байдлаар), мянган ам.доллар
2021 | 2022 | 2023 | |
Эргэлтийн хөрөнгө | 629,345 | 618,314 | 609,282 |
Эргэлтийн бус хөрөнгө | 673,431 | 834,044 | 1,006,218 |
Нийт хөрөнгө | 1,302,776 | 1,452,358 | 1,615,500 |
Өр төлбөр | 229,055 | 134,476 | 109,183 |
Эздийн өмч | 1,016,194 | 1,317,882 | 1,506,317 |
Нийт өр төлбөр ба эздийн өмч | 1,302,776 | 1,452,358 | 1,615,500 |
Дээрх хүснэгтүүдэд дурдагдсан санхүүгийн сайн үзүүлэлтүүд Кыргызийн эдийн эдийн засагт үр шимээ өгч 2023 онд л гэхэд засгийн газарт 151 сая ам.долларын татвар, 140 сая ам.долларын ногдол ашиг хуваарилсан байна[3].
Санхүүгийн ашигтай эсэхээс үл хамаарч Кумтор улс төрийн хямрал дагуулсан нь
Кыргызийн улс төрийн тавцанд сөрөг хүчнүүд бий болсон цагаасаа эхлэн мөлжүүртэй сэдэв олж авсан нь 1992 оны Кыргызстаны Засгийн газрын харьяа “Кыргызалтын” төрийн өмчит компани болон Канадын Камеко корпорацийн хооронд байгуулсан ерөнхий хэлэлцээр байв. Үүнээс хойш 30 жилийн хугацаанд улс төрч бүр тус гэрээг авлигын шинжтэй байсан тухай улс төрийн мэдэгдэл, шүүмжлэл хийх болжээ. Өөрөөр хэлбэл Кумторын улс төрийн хямралын гол сэдэв болох эхлэлийн цэг 1992 онд зурагдсан.
Эл нөхцөл байдал 2003 онд Камеко корпорац өөрийн эзэмшлийн хувьцаагаа Сентерра гоулд компанид шилжүүлэхтэй холбоотой шинэчилсэн гэрээний хүрээнд Кыргызстаны Засгийн газрын харьяа “Кыргызалтын” төрийн өмчит компанийн эзэмшиж буй хувьцаа 26,8% хувь болж буурч[4] цогоос гал болон дүрэлзэв. Тус гэрээний хүрээнд тухайн үеийн ерөнхийлөгч Акаевын гэр бүл болон түүнтэй холбоотой этгээдүүд нийт 45 сая ам.доллартой тэнцэх хахуулийг хувьцаа хэлбэрээр авсан гэх нотлогдоогүй хэрэг[5] нийгэм, улс төрийн амьдралд амаас ам дамжих болов.
2005 оны Алтанзул хувьсгалын өмнө дүрэлзсэн уг сэдвийг дагаж уурхайн үйл ажиллагааны асуудлаар орон нутгийн иргэд болон байгаль хамгаалагч нар жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэх нь ихсэв. Ийнхүү Кумтортой холбоотой гэрээг тойрсон хардлагууд даамжирч Алтанзул хувьсгал гарахад нөлөөлсөн хүчин зүйлээр нэрлэгдлээ (хувьсгалд олон нөлөө байснаас ердөө нэг хүчин зүйл).
Алтанзул хувьсгалын дараа байгуулагдсан Кыргызийн шинэ засгийн газар ард түмэндээ амласан “Кумтор төслөөс авах ард түмний өгөөжийг нэмэгдүүлэх” амлалтаа биелүүлэх нэрийдлээр Канадын хөрөнгө оруулагчтай дахин гэрээ байгуулах шаардлагаа хурдасгав. Улмаар хувьсгалын дараах Курманбек Бакиевийн засгийн газар 2007 онд Камеко корпорацтай шинэ хэлэлцээр байгуулах ажлыг өрнүүлж эхэлсэн ба үр дүнд нь 2009 онд “Кыргызалтын” компанийн эзэмшлийг 33% хувь болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн өмнөх ерөнхийлөгч Акаевыг улс төрөөс бүрэн арчих нэрийдлээр Акаевийг “Кыргызалтын” төрийн концерны ерөнхийлөгч асан Дастан Сарыгуловын хамтаар Кумторыг тойрсон авлига албан тушаалын хэрэгт татав. Улс төрийн ширүүн нүүдлийг Кумторын уурхайн гэрээг хянан шалгах хороог байгуулах замаар гүйцэтгүүлж, 1992, 1994, 2003 онд байгуулсан гэрээ Кыргызэд ашиггүй, Сентеррагийн эрх ашгийг үндэснийхээс дээгүүр тавьсан, Кыргызийн байгаль орчин, эдийн засагт хохирол учруулсан гэх дүгнэлтүүдийг ээлж дараалан нийгэмд танилцуулав.
Ийнхүү Бакаевын үеэс хойш тус Кумторыг тойрсон дуулиан улам томорч Кыргызийн 2010 болон 2020 оны хувьсгалуудад Кумторыг ард түмнийх болгох, улсад буцаан авах, Канадуудыг хөөн гаргах зэрэг улс төрийн популист амлалтууд улс төрийн хамгийн мөлжүүртэй лоозон болж хувирах нь тэр. Бакаевыг оргон зайлахад хүргэсэн 2010 оны хувьсгалын дараа Кумторын чулуу Бакаевын өөрийн толгой дээр нь бууж, хүү Максим Бакиев, Геологи, газрын хэвлийн ашиглалтын газрын дарга асан Капар Курманалиев нарын хамт Кумторын хэрэгт сэжигтнээр татагдав. Дотоод улс төрийн халуурал ийнхүү дээд цэгтээ тулсаар 2010 он гэхэд хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай уурхай халдлагад өртөж, танхайрах, хүн хулгайлах үйлдэл[6] энгийн үзэгдэл болов. Кумторын алтны уурхайны эсрэг олон жижиг жагсаал, хөдөлгөөнүүд 2013 онд тэсэрч 1,000 гаруй хүнтэй жагсагчид Кумторын алтны уурхайн замыг хааж, уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсоох хүртэл хурцдав.[7]
Эдгээр үйл явдлууд Кыргызийн эдийн засагт гамшиг дагуулахуйц байсан бол бүс нутгийн бусад улсуудад аюулын харангыг нүдэв. Мөн 2011 оны хувьсгалын дараах сонгуульд Сентерра гоулдаас тодорхой улс төрийн бүлэглэлд хандив өгсөн талаар хэргүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж хэрүүлийн алим болов.
Бакаевыг улс төрөөс хөөн гаргасан дараагийн Засгийн газар түүний 2012-2014 онд Сентеррагийн ашиг сонирхлын төлөө улс орны эрх ашгийг хохироосон гэмт хэрэг үйлдсэн баримтуудыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон тухай мэдээллийг нисгэв. Кумторын хавтаст хэрэгт нэр бичигдсэн улс төрийн нөлөө бүхий эрхмүүд бүгд “ачигдлаа”. Тодруулбал Ерөнхий сайд асан Омурбек Бабанов, Шадар сайд асан Тайырбек Сарпашев, Парламентын дарга асан Асылбек Жээнбеков, Орлогч дарга Алмаз Баатырбеков. Парламентын гишүүн Талант Узакбаев, Исхак Пирматов нар дээр яллах дүгнэлт гарсан бол 2014 онд Кыргызстаны Сангийн сайд асан тэргүүтэй үе үеийн улс төрийн өндөр албан тушаалтнууд хорих ял сонссон юм.[8]
Гурван хувьсгалын дараа Кумторыг төрд авав
2020 оны хувьсгалаас хойш Кыргызийн шинэ засгийн газрын тэргүүн Садыр Жапаров Кумторыг тойрсон хэргүүдийг шийдвэрлэх ажилд ихээхэн анхаарал хандуулж эхэлснээр Сентерра Гоулд болон Кыргызийн засгийн газар хоорондын харилцаа хурцадмал байдалд оржээ. Кумтороор мэргэшсэн гэж хэлж болохуйц улс төрч Жапаров[9] төрийн эрх мэдэлд гарсан даруйдаа Кумторыг хянан шалгах хороог байгуулав. Хорооны 2021 оны дүгнэлтээр Кумтор гоулд компанийг байгаль орчинд хохирол учруулсны торгуульд 3.8 тэрбум ам.доллар, 1.2 тэрбум ам.доллар татварын өглөг нийт 4 тэрбум гаруй ам.долларыг нэхэмжилжээ.[10]
Үүний хариуд Сентерра Гоулд олон улсын шүүхэд хандахаа мэдэгдсэн авч Кыргызийн талаас татвар, байгаль орчны асуудал, өмчлөх эрхийн маргаануудыг лавшруулан зүтгүүлсээр 2021 онд Кумторыг хүчээр улсын мэдэлд авлаа. Канадын тал аргагүйн эрхэнд Кыргызийн талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, 2022 онд Сентерра Гоулд компанийн хувьцаанаас Кыргызийн талд оногдох 26.1 хувийн 778.68 сая ам.доллартой тэнцэх үнэтэй хувьцааг буцаан авах замаар, Кумтор алтны компани болон Кумтор оперейтинг компанийг 100 хувь Кыргызэд шилжүүлэхээр тохиржээ.[11] Хэлэлцээрийг хаасны дараа Сентерра нэмэлтээр 50 сая ам.долларын төлбөр төлөөд орхин гарсан байна.
Ийнхүү 2022 онд Кыргызийн авлигын схемийн үүр[12] гэгдэх Кумторын алтны уурхай шинэ ерөнхийлөгчийн амлалтын дагуу төрийнх болов. Гагцхүү 100 хувь төрийн болж Канадуудаас салсан Кумтор “улс төрийн хямралын уурхай” хэвээр үлдэх эсэх талаарх асуултын хариулт тодорхойгүй хэвээр үлдэв.
Дүгнэлт: Уул уурхайн салбарт урт хугацааны ялагдагч Кыргыз
Кыргызстаны тусгаар тогтнолоос хойших 30 жилийн хугацаан дахь Кыргызийн дотоод улс төрийн эрх мэдлийн төлөөх тулалдааны гол сэдэв, үе үеийн засгийн газрыг өмнөх эрх мэдэлтнүүдийг намнах, хувьсгалаа зөвтгөх гол хэрэгсэл Кумтор байв. Кыргызийн 2 хувьсгалаар эх орноосоо оргон зайлсан 2 ерөнхийлөгч тус алтны уурхайтай холбоотой хэрэгт яллагдагчаар татагдаж, дараа дараагийн засгийн газрын шударга ёсыг тогтоох өрнөлийн гол хорон санаатан болдог нь тавилан гэлтэй. 3 хувьсгалын үйл явцыг ажиглахад сөрөг хүчин бүр засгийн эрхэнд байгаа талыг Кумторын хэрэгт холбож, гэмт буруутныг олох, шийтгэх, хохирлыг төлүүлэх, баялгийг ард түмэнд өгөх амлалтуудыг тавьдаг. Эдгээр баримтууд нь Кумтор төслийн гэрээ зурагдсан тэр цагаас хойш эдийн засгаас илүүтэйгээр улс төрийн сэдэв болсныг баталж байна.
Эцсийн дүнд тус уурхайн ашигтай санхүүгийн үзүүлэлтүүд, Кыргызстаны эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө өндөр байгаа зэрэг САЙН үзүүлэлтүүд үнэгүйдэж улс төрийн бүлэглэлийн талцлын гол сэдэв, цаашлаад бүс нутгийн тайван байдалд аюул учруулахад нөлөөлсөн хямралын уурхай мэт дүн төрхтэй болж хоцорсон.
2022 оноос хойш Кыргызийн засгийн газар Сентерра Гоулдыг хөөсөн явдал нь дотоод улс төрийн маргааныг намжаах баталгаа болохгүй, эсрэгээрээ 100 хувь төрд шилжсэн нь хэрүүлийн алимын модыг дахин өөр хөрсөнд үрслүүлсэн явдал болох нь гарцаагүй.
Кумторын алтны уурхай 2031 он хүртэл алт олборлох нөөцтэй гэгдэх агаад тэр хугацаа хүртэл дахин хэдэн скандал гарч улс төрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцэлдээний үүр болохыг тодорхойлох боломжгүй.
Гагцхүү гаднын хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт татаж 20 жил хөтлөлцсөн явсны дараа замын эцэст хөөж явуулсан гэх муу нэр хүндийг урт хугацаанд хусаж арилгахгүй гэдэг тодорхой.
Ашигласан эх сурвалж:
[1] Роль золотодобывающего предприятия Кумтор на экономическое развитие страны, Аки пресс, 2024, https://mnenie.akipress.org/unews/un_post:39274
[2] World Economic Outlook Database, IMF, 2024, https://www.imf.org/en/Publications/WEO/weo-database/2024/April/weo-report?c=917,&s=NGDP_RPCH,NGDPD,PPPGDP,NGDPDPC,PPPPC,PCPIPCH,&sy=2022&ey=2029&ssm=0&scsm=1&scc=0&ssd=1&ssc=0&sic=0&sort=country&ds=.&br=1
[3]Кумтор гоулд компанийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, https://www.kumtor.kg/wp-content/uploads/2024/04/kgc_news_release_ytd-dec_2023-en.docx.pdf
[4] «Кумтор»: почему за него не взялись советские инженеры, и как канадцы сделали невозможное, Новые лица, 2018, https://nlkg.kg/ru/economy/kumtor-pochemu-za-nego-ne-vzyalis-sovetskie-inzhenery_-i-kak-kanadcy-sdelali-nevozmozhnoe
[5] Кыргызстан: коррупционный скандал вокруг Кумтора разгорается с новой силой, АССА, 2021, https://acca.media/8372/kyrgyzstan-korrupczionnyj-skandal-vokrug-kumtora-razgoraetsya-s-novoj-siloj/
[6] Kyrgyzstan: Another Gold Mine Attacked as Kumtor Protests Continue, Eurasianet, 2013, https://eurasianet.org/kyrgyzstan-another-gold-mine-attacked-as-kumtor-protests-continue
[7] In pictures: Kyrgyzstan gold mine protests, BBC, 2013, https://www.bbc.com/news/world-asia-22728175
[8] Рудник раздора: как киргизские власти и канадская компания не могут поделить золото “Кумтора”, BBC, 2021, https://www.bbc.com/russian/features-58086708
[9] “Это наш Трамп”. Кыргызстан избрал Садыра Жапарова и дал ему больше власти, 2021, BBC, https://www.bbc.com/russian/news-55595377
[10] Скандал вокруг Кумтора и предупреждение Центерры, Радио Азаттык, 2021, https://rus.azattyk.org/a/skandal-vokrug-kumtora-i-preduprezhdenie-tsenterry/31253010.html
[11] Centerra and Kyrgyzstan Reach Agreement to Split After Kumtor Gold Mine Mess, Catherine Putz, the Diplomat, 2022, https://thediplomat.com/2022/04/centerra-and-kyrgyzstan-reach-agreement-to-split-after-kumtor-gold-mine-mess/
[12] «Золотой скандал» и «Золотой» договор: к истокам коррупции в Кыргызстане, Б. А. Игамбердиев,
Международный университет Ататюрк Алато, 2016, https://www.acarindex.com/pdfs/82321
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)Дараах нийтлэл
Дайны эдийн засаг: онол ба практикСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23