Эхлэл хэсэг өмнөх дугаарт
БНХАУ-ын БХ зардалтай холбоотой зарим асуудал
2024 оны 4-р сард АНУ-ын судалгааны хүрээлэн American Enterprise Institute /AEI/ БНХАУ-ын БХ зардлын талаар дэлгэрэнгүй судалгаа гаргаж танилцуулсан. AEI-ийн судалгааны аргачлал нь тухайн улсын ЗГ-аас танилцуулдаг (БНХАУ-ын ЗГ-ын 2022 оны статистик мэдээлэл) цэргийн зардал, БХ төсвийн тухай уламжлалт статистик мэдээлэлд боловсруулалт хийж яг бодит зардал ямар байгаа тухай төсөөлөл гаргасан байна[1]. Мөн БНХАУ-ын цэргийн зардлын бодит хэмжээ $700 тэрбум хүрсэн гэж 2023 онд АНУ-ын тусгай албадын Сенатад хийсэн хаалттай мэдээллийн тоог үндэс болгон авч шалгасан байна.
Цэргийн зардлын тухайд 3 үндсэн категорид хуваадаг нь: 1) Зэвсэг техник, материал; 2) Сургалт, урсгал зардал; 3) Бие бүрэлдэхүүний зардал тус тус болно. Цэргийн зардал, БХ төсвийн тухай илтгэл гаргадаг ОУ-ын судалгааны институтүүд тухайн “2022 оны БНХАУ-ын БХ төсвийн дата”-нд өөр өөр тооцоолол гаргаж байгаа нь сонирхолтой. Тухайлбал:
- БНХАУ-ын албан мэдээ: $229 тэрбум
- SIPRI институтийн тооцоолол: $292 тэрбум
- IISS институтийн тооцоолол: $360 тэрбум
- AEI институтийн тооцоолол: $710 тэрбум
Хавсралт-4. AEI институтын тооцооллоор БНХАУ ба АНУ-ын БХ төсвийн харьцуулалт. БНХАУ-ын БХ төсөв нь тооцооллын аргачлалаа (PPP) өөрчлөхөд албан мэдээнээс 3.1 дахин их байгаа тухай задаргаа мэдээлэл. (AEI – 2024)
AEI-ийн хэрэглэсэн эхний аргачлал нь Дэлхийн банкны юань 3.99=1 ам.доллар ханш буюу ДНБ худалдан авах чадварын индексээр (PPP) хөрвүүлж АНУ-ын цэргийн төсөвт тусдаг бараа үйлчилгээний өртөг, цалингийн зардлыг БНХАУ-ын цэргийн төсөвт ижил хэмжээний бараа үйлчилгээг бий болгох өртөг зардалд хөрвүүлж бодсон байна. Бараа үйлчилгээний зардлын төсвөөс гадна БХ системийн хэмжээнд БНХАУ, АНУ-ын цалингийн зардлын зөрүү 1=4.31 байгааг олж тодорхойлсон байна. Ижил хэмжээний БХ чадамж бий болгоход АНУ ба БНХАУ-ын зарцуулж буй мөнгөн дүн USD хэлбэрээр харахад өөр боловч PPP худалдан авах чадвараар харьцуулахад БНХАУ-ын цэргийн зардал нь АНУ-ын цэргийн зардлын 96%-тай дүйцэх хэмжээнд байгааг AEI судалгаа харуулжээ.
AEI мөн БНХАУ-ын БХ салбарын тооцоололдоо оруулдаггүй бусад зардлуудыг илрүүлэн нэмж тусгасан байна. Тухайлбал: Зэвсэглэл, технологийн судалгаа хөгжүүлэлтийн зардал, Ардын Зэвсэгт цагдаагийн хүчин ба түүний харьяа Хятадын Эргийн хамгаалалт, түүний харьяа Хятадын тэнгисийн иргэний зэвсэгт харуул зэрэг цэрэгжсэн бүтцүүдийн төсвийг өөр эх үүсвэрүүдээс харьцуулан олж БХ салбарын тооцоололд нэмж харуулсан байна. Гибрид дайн, Дайны байдлын үед эдгээр цэрэгжсэн бүтцүүд нь ХАЧА-тай хамтран нэг хүчин болох учраас энэ тооцоолол нь ч үндэслэлтэй юм.
Хавсралт-5. AEI институтийн тооцооллын аргачлалаар авч үзвэл БНХАУ-ын цэргийн зардал АНУ-тай өрсөлдөх хэмжээнд хүрсэн бөгөөд бүс нутгийн ба дэлхийн бусад улсуудын БХ салбарт зарцуулдаг төсвийг ардаа хол хаясан байна. (AEI – 2024)
БНХАУ-ын БХ зардлыг 2024 онд 7.2% өсгөж 1.66 их наяд юань ($231.36 тэрбум) болгон БХАТИХ баталсан албан мэдээ гарав.[2] Ингэхдээ сүүлийн жилүүдийн БХ төсвийн өсөлтийн тогтмол 7% дундаж өсөлтийг хадгалсан ба ДНБ 1.3%-иас хэтрээгүйг онцолжээ.
Хавсралт-6. БНХАУ-ын БХ төсвийн өсөлтийн албан мэдээлэл (Global Times 2024)
AEI судалгаагаараа БНХАУ-ын цэргийн төсөв нь өөрийн технологийн судалгаа хөгжүүлэлтийн бодит байдал, стратегийн зорилго зорилтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, байлдааны бэлэн байдлын бодит түвшнээ нуудгийг харуулсан. Мөн БНХАУ-ын төсөв нь тус улсын стратегийн гол зорилтот бүс нутаг болох далайн эрэг орчим ба эх газрын нутаг дэвсгэртээ байлдааны чадамжаа нэмэхэд үндсэндээ төвлөрч байгаа бол АНУ-ын цэргийн төсөв нь глобал орчинд аюулгүй байдал сахиулахад зориулагдаж бүс нутгийн хуваарилалтаар сарнин тархаж байна. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлал нь өөрийн чадамжаар (бүс нутгийн холбоотнуудыг тооцохгүйгээр) Дорнод Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Тайваний хоолойн бүс нутагт БНХАУ-ын цэргийн аливаа арга хэмжээг тогтоон барих боломжгүй хүчний харьцаатай байгааг AEI-ийн судалгаа тод харуулсан. 2024 оны АНУ-ын БХ төсөв $841 тэрбум хүрсэн бол 2025 оны төсөв $850 тэрбум хүрэх төлөвтэй. Мөн АНУ-ын цөмийн хүчний шинэчлэлтийн зардал, ҮАБ зорилгоор гардаг нэмэлт зардлуудыг тооцвол 900 тэрбум хүрэх боломжтой байна.[3]
БНХАУ-ын БХ бодлого, арга хэмжээ
2022 онд БНХАУ-ын эрх баригчид “Дайны бус цэргийн ажиллагаа явуулах” баримт бичиг гаргаж энэ чиглэлд эрх зүйн орчин бүрдүүлсэн. Үндсэн агуулга нь “Хатуу хүчийг Зөөлнөөр ашиглах зорилготой” гэж Хятадын тал тайлбарласан юм.[4] Ямар үед энэ ажиллагааг хэрэгжүүлэх тухайд, энхийг сахиулах, хүмүүнлэгийн ажиллагаа, хилийн чанадад Хятадын ашиг сонирхолд аюул занал учрахаас урьдчилан сэргийлэх, бүс нутгийн болон глобал тавцанд тогтвортой байдлыг сахин хамгаалах зэрэг зорилготой гэх мэт тайлбарууд байгаа нь онцгой анхаарал татаж байна. Цаашид шууд “Дайны байдал” гэж зарлахгүйгээр “Дайны бус цэргийн ажиллагаа” гэх нэрээр ямар зорилго биелүүлэх, ямар мөргөлдөөн, цэргийн тусгай ажиллагаанд бэлдэж буйг судлах нь чухал.
ХАЧА-ийн шинэчлэл нь Механикжуулсан, Мэдээлэлжсэн арми болж дууссаны дараа Ухаалагжсан арми болох чиглэлд шинэчлэлийн ажил хөдөлснийг “Стратегийн дэмжих хүч”-ийг татан буулгаж шинэ 3 хүч бий болгосон явдал харуулав. ХАЧА-ийн технологийн хөгжил, технологи ба системүүдийн систем, хиймэл оюун өөртөө нэвтрүүлэх үйл явцыг ажиглан судлах нь чухал. ХАЧА тооны чанараас илүү технологийн чанарт анхаарч байна.[5]
ХАЧА-ийн бие бүрэлдэхүүн сэтгэлзүйн хувьд том дайнд бэлэн эсэх нь тодорхойгүй.[6] Байнгын хязгаарлагдмал дайнд оролцож хатуужсан АНУ, ОХУ, Израилийн армитай харьцуулахад туршлагагүй, том сорилт үзээгүй нь сул тал болж байна. Энэ сул талаа нөхөхөөр байнгын сургууль, хээрийн сургууль, симуляц туршиж байгаа нь ажиглагдана.
БНХАУ-ын эрх баригчид “Үндэсний Батлан Хамгаалах Боловсролын Тухай Хууль”-даа нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Шинэ нэмэлт өөрчлөлтөөр Хятадын өсвөр залуу үед эх оронч үзэл төлөвшүүлэх, цэрэг дайн ба батлан хамгаалах онолын үндэс сургах, цэргийн суурь мэдлэг эзэмшүүлэх, зэвсэгтэй харьцдаг болгох зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд үйлчлэх эрх зүйн орчин бүрдүүлэх ажээ. Хамрах хүрээ нь: бага сургуульд батлан хамгаалах суурь ойлголт, дунд ба ахлах сургуульд цэргийн суурь мэдлэг чадвар, ахлах сургууль ба их сургуулийн түвшинд цэрэгжилтийн бэлтгэл, сургуулийг заавал үзэж эзэмших үндсэн хичээлийн нэг болгохоор тусгажээ. Үндэсний хэмжээний цэрэгжилтийн энэ шинэ хөтөлбөрийг ХАЧА удирдлагаар хангаж орон нутгийн засаг захиргаад төсөв ба зардлыг нь гаргаж харин хэрэгжүүлэх үүргийг сургууль, их сургуулиуд өөртөө авч биелүүлэх ёстой болно. Шинэ нэмэлт өөрчлөлтийн зорилго нь юуны өмнө ХАЧА-гийн хүний нөөцийн асуудлыг шийдэх, энх цагийн бие бүрэлдэхүүний тоо ба бэлэн байдлын чанарын түвшнийг хадгалах, цаашлаад шаардлагатай тохиолдолд түргэн дайчилгаа зарлаж цэргийн тоогоо өсгөх боломжтой байх зэрэг үндэсний батлан хамгаалах бэлэн байдлаа сууриас нь хангах бэлтгэл ажил явагдаж байна гэж судлаачид дүгнэж байна.[7]
ХАЧА-ийн тэнгисийн хүчний 3 дахь нисэх онгоц тээгч “Фужянь” хөлөг 2024 оны 5-р сард эрэг орчмын усанд анхны тэнгисийн туршилтын аялалд гарч амжилттай дуусгав. Фужянь хөлөг нь Хятадын өөрийн дизайн, технологиор барьсан анхны тээгч (өмнөх хоёр тээгч нь ЗХУ-ын үеийн дизайнтай) бөгөөд цахилгаан соронзон катапульт, 80,000 тонн усан түрц, 316 метр урт тавцантай, гэхдээ энгийн хөдөлгүүртэй. Фужянь хөлөг тэнгисийн туршилтын аяллууддаа бүрэн дуусгаад 2025 онд багтаан зэвсэглэлд бүрэн орох төлөвтэй ба дараагийн 4 дэх тээгч нь цөмийн хөдөлгүүртэй байх магадлалтай. Хятадын тал 2023 оноос нисэх онгоц тээгч бүхий 1-2 бүлгийн тэнгисийн сургуулилт хийж Тайваний болзошгүй хямралын үед арлыг бүслэн хаах, гаднаас ирж болзошгүй тусламжийн замуудыг хаах боломжуудыг туршиж үзсэн.[8] 2025 оноос нисэх онгоц тээгч 3 бүлэглэл тэнгист зэрэг гаргаж Тайваний арлын 3 талд бүслэлтийн цагираг битүүлэх симуляц туршиж болзошгүй.
БНХАУ нь тэнгист хөвөгч цөмийн реакторын (FNPP) технологи хөгжүүлж нийт 20 хүртэл ширхгийг Өмнөд Хятадын тэнгист байршуулахаар ажиллаж байна. FNPP реакторууд нь Хятадын хиймэл арлууд дээрх радар, цэргийн баазуудыг найдвартай эрчим хүчээр хангах, арал босгох барилгын ажил ба далайн хэвлийгээс олборлолт хийхэд эрчим хүчээр хангах, тэнгисийн усыг цэвэршүүлэх боломж болгоно. FNPP-г усан хил гэж зарласан бүсдээ урагшлуулан байрлуулж хилийн зурвас тогтоох гибрид ажиллагаанд (цөмийн осол ба дайнаас сэргийлж реакторыг дэлбэлж устгахгүй тул маргаант бүсэд оруулан байршуулах) хэрэглэж болзошгүй. Хятадын FNPP нь Энэтхэг-Номхон далайн аюулгүй байдалд шинэ сорилт, шинэ ассиметрик аюул болохыг АНУ-ын стратегчид анхааруулж байна.[9]
БНХАУ-ын цөмийн хүч 2023 онд 500 цэнэг хошуутай болсон.[10] Цаашид 2030 онд 1000 цэнэгт хошуу, 2035 онд 1500 цэнэгт хошуутай болох төлөвтэй бөгөөд АНУ, ОХУ-тай ижил цөмийн супер их гүрэн болж хүч тэнцэх болно. Цаашид дэлхийд өрнөх стратегийн тогтвортой байдлын аливаа диалог АНУ-ОХУ-БНХАУ гэсэн гурвалын дунд явагдах болно.
Энэтхэг-Номхон далайн бүс нутагт АНУ-ын нэхэж хэлхэн үүсгэж байгаа Холбоотны сүлжээ, тогтолцоо нь 2027 оноос цааш ХАЧА-ийн стратегийн тооцоог өөрчлөх хувьсагчууд байх болно. Тус бүс нутагт АНУ-ын холбоотны тогтолцооны бүрдүүлж чадах хүчний харьцаа БНХАУ-ын эрх баригчид, Ши Жиньпиний шийдвэр гаргалтанд нөлөөлөх магадлалтай.
Ашигласан эх сурвалж:
[1] Keeping Up with the Pacing Threat: Unveiling the True Size of Beijing’s Military Spending | AEI. April 2024 https://www.aei.org/research-products/report/keeping-up-with-the-pacing-threat-unveiling-the-true-size-of-beijings-military-spending/
[2] China raises defense budget by 7.2% for 2024, ‘conducive to peace, stability’ | Global Times. March 05, 2024 https://www.globaltimes.cn/page/202403/1308188.shtml
[3] What’s in Biden’s $850-billion defense budget proposal? | Brookings. 2024 https://www.brookings.edu/articles/whats-in-bidens-850-billion-defense-budget-proposal/
[4] Military Operations Other Than War in China’s Foreign Policy | Stimson Center. 2022 https://www.stimson.org/2022/military-operations-other-than-war-and-chinas-foreign-policy/
[5] Military Artificial Intelligence, the PLA, and U.S.-China Strategic Competition | CNAS. 2024 https://www.cnas.org/publications/congressional-testimony/military-artificial-intelligence-the-peoples-liberation-army-and-u-s-china-strategic-competition
[6] Five Things to Know About China’s Armed Forces | The United States Institute of Peace. August 2, 2023 https://www.usip.org/publications/2023/08/five-things-know-about-chinas-armed-forces
[7] China’s next defense buildup: mandatory military training for students | Nikkei. May 7, 2024 https://asia.nikkei.com/Politics/Defense/China-s-next-defense-buildup-mandatory-military-training-for-students2
[8] Chinese Carrier Shandong Deploys, Operating Near Taiwan | USNI. October 27, 2023 https://news.usni.org/2023/10/27/chinese-carrier-shandong-deploys-operating-near-taiwan
[9] U.S. officials wary of Chinese plans for floating nuclear plants | Washington Post. May 2, 2024 https://www.washingtonpost.com/national-security/2024/05/02/china-floating-nuclear-reactor-military/
[10] 2023 Report on Military and Security Developments Involving the People’s Republic of China | U.S. DoD. 2023 https://www.defense.gov/Spotlights/2023-China-Military-Power-Report/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)Дараах нийтлэл
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алтСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23