Эхлэл хэсэг өмнөх дугаарт
2022 оны Украин дахь байлдааны ажиллагаанд Оросын цэргийн Батальонная тактическая группа буюу БТГ нэгж үр ашиггүй нь харагдсан ба БТГ нь цөмрөлт, давшилтын зориулалттай механикжуулсан нэгж болохоос хориглон хамгаалахад огт тохиромжгүй, мөн логистикийн асар хүнд ачаалал болдог тул ар тал хангалтыг нь дэмжихэд хүндрэлтэй байдал үүссэн. Харин Украины тал танк эсэргүүцэх гар пуужингаар хангагдсан хөдөлгөөнт жижиг бүлгийн ажиллагаагаар хориглолтын газар орны давуу талаа ашиглан хэтэрхий их хүнд техниктэй Оросын БТГ нэгжийн ажиллагаа явуулах чадамжийг саармагжуулж хөдөлгөөнгүй болгож байв. Мөн Оросын армийн ахлагч, бага офицерын бүрэлдэхүүн нь голцуу мэргэжлийн бус, туршлагагүй, байлдааны бэлтгэлжилт тааруу байснаас хурандаа, генералууд биечлэн фронт дээр ирж заавар удирдамж өгөх шаардлага үүсэж байсны улмаас Оросын тал ахлах ба дээд тушаалын олон офицероо Украинд алуулсан. 2023 оноос Оросын тал БТГ нэгжээр байлдах концепцоо бүрэн орхиж уламжлалт бригад-дивиз-армийн тогтолцоогоо ашиглах болсон нь орчин үеийн байлдааны талбарын гашуун туршлагаас сургамж авсан хэрэг юм.
Оросын талын Украинд үзэж буй хохирлын тухай талууд өөр өөр мэдээлэл өгч байна.
- 2023 оны 12-р сард АНУ-ын Тагнуулын албадын мэдээлэл: Оросын тал 315,000 бие бүрэлдэхүүнээ алдаж (алагдсан/шархадсан), 3,500 хүртэл танк, 13,600 хүртэл нэгж хуягт тээвэрлэгч, явган цэргийн байлдааны машинаа устгуулсан нь Украин руу орохын өмнөх ОХУ-ын Хуурай замын цэргийн хүчний 360,000 бие бүрэлдэхүүний 87 хувьтай тэнцэхүйц болжээ.[1]
- 2024 оны 4-р сарын 27-нд Их Британийн Батлан хамгаалахын сайдын мэдээлэл: Оросын цэргийн хохирол 450,000 хүрсэн. Мөн 3,000 танк, 10,000 хуягт тээвэрлэгч, явган цэргийн байлдааны машин, 1,500 артиллерийн нэгж, 109 байлдааны нисэх онгоц, 136 нисдэг тэрэг, 346 дрон, 23 хөлөг онгоцоо алдсан.[2]
- 2024 оны 4-р сарын 10-нд NATO-гийн Европ дахь Холбоотны хүчний дээд ерөнхий командлагч генерал К.Каволийн өгсөн мэдээлэл: Украин дахь дайнд Оросын гаргасан зардал $211 тэрбумд хүрсэн. ОХУ нь цэргийн албанд татах насны дээд хязгаарыг 27-оос 30 нас болгосноор дахин нэмэлт 2 сая хүн цэрэгт татаж хүчээ сэлбэх боломжтой болсон. Оросын стратегийн цэргийн хүч огт хохирол амсаагүй. Агаар-сансрын хүчин нь байлдааны онгоцныхоо 10 хувийг алдсан. Хар тэнгисийн флот нь хохирол амссан бусад далайн флот, гол мөрний флотиль нь байлдааны чадамжаа хадгалсан хэвээр байна. Украин дахь Оросын хуурай замын хүчин дайны эхэнд үзсэн хохирлоо бүрэн нөхөж бие бүрэлдэхүүн нь 15 хувь нэмэгдсэн.[3]
Оросын Украин дахь ангиуд хохирлоо бараг бүрэн нөхөж бие бүрэлдэхүүнээ өргөжүүлсэн тухай АНУ-ын ТНБД орлогч Курт Кэмпбелл 2024 оны 4-р сарын 3-нд мэдэгдсэн юм.[4] Харин NATO эвслийн хүрээнд ОХУ-ын Зэвсэгт хүчин эргэн бүрэн хүчин чадалдаа хүрэх хугацааг авч үзэхдээ: Зэвсэгт ба гибрид холимог хэв шинжтэй дайны дараа 2-3 жилд, бүрэн хэмжээний хуурай замын дайны дараа 5-7 жилд ОХУ-ын Зэвсэгт хүчин бүрэн нөхөн сэргээгдэж өмнөх хүчин чадалдаа хүрнэ гэсэн байна.[5]
2024 оны 3-р сарын 20-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд дараах мэдэгдлийг танилцуулав. Үүнд: ОХУ-ын Зэвсэгт хүчин 2024 ондоо багтаан шинээр Ерөнхий цэргийн 2 арми байгуулж дивиз, бригадын түвшний 30 нэгж шинээр бий болгоно гэжээ.[6] Шинэ байгуулах 30 нэгж нь:
- Мото-буудлагын 14 дивиз
- Мото-буудлагын 16 бригад байх юм.
2023 оны 11-р сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарч тус улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг 170,000 аар нэмэгдүүлж 1,320,000-д хүргэхээр зарласан бол ОХУ-ын Батлан хамгаалахын сайд энэ тоог 2026 онд 1.5 саяд хүргэнэ, шинээр 540,000 гэрээт цэрэг армид авна гэсэн зорилтууд тус тус танилцуулж байсан билээ.[7] 2023-2024 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэлийн зорилтууд дараалан шинэчлэгдэж байгаа нь Украин дахь дайны өрнөл явц, тус улсын геостратегийн ерөнхий нөхцөл байдал, гадаад аюулгүй байдлын орчин хурдтай өөрчлөгдөж буйтай холбоотой.
2024 оны 2-р сарын 29-нд Путин Холбооны зөвлөлд хийсэн илгээлтдээ: “Өрнөд биднийг ЗХУ-ын 80-аад оны алдааг давтуулахыг оролдож байна. 1981-1988 онд ЗХУ нь ДНБ-ий 13 хувийг зэвсэгт хүчинд зарцуулж зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнд нөөцөө барж байсан тэр алдааг бид давтахгүй. Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалт үр ашигтай байх болно” гэж онцгойлон дурдсан юм.[8] 2024 онд батлан хамгаалах салбарт зориулсан бодит зардал ОХУ-ын улсын төсвийн зарцуулалтын 35 хувь хүрч (ДНБ-ий 7.1 хувь) мөнгөн дүн нь 12,765 их наяд рубль буюу $140 тэрбумд (ОХУ-ын ЗГ-ын албан мэдээллээр улсын төсвийн 29.4 хувь буюу 10.8 их наяд рубль) хүрсэн байна.[9] Иранаас авч байгаа дроны технологи, эд анги, БНАСАУ-аас зөөж буй их бууны сум, БНХАУ болон бусад гуравдагч улсаас халхавчаар импортлон авдаг цэрэг-зэвсгийн зориулалттай эд анги, бусад бүтээгдэхүүний импортын зардал энэ тооцоонд орсон эсэх нь тодорхойгүй боловч ил зарлагдаж буй мөнгөн дүнгээс харвал цэрэг-дайны зардлаар ОХУ дэлхийд 3-р байранд (АНУ, БНХАУ-ын дараа) жагссан хэвээр байна.[10]
Олон улсын цэргийн судлаачдын зүгээс Украин дахь дайны төлөв байдлын тухайд гаргаж буй зарим тооцоолол, үнэлгээнээс үзвэл[11]:
- Оросын армийн Украин дахь нийт 12 арми, 2 армийн корпус (Донецк, Луганскийн) бүхий бүлэглэлийн бие бүрэлдэхүүний өсөлт: 360,000 (2023 оны 1-р сар), 410,000 (2023 оны 6-р сар), 470,000 (2024 оны 1-р сар), 600,000 (2024 оны 4-р сар);
- ОХУ түншүүдээсээ (БНАСАУ, Иран, Беларусь, Сири) 2-3 сая их бууны сум авсан;
- ОХУ 2024 онд 5 сая сум, пуужин үйлдвэрлэх зорилт зарласнаас 4 сая нь 152мм их бууны сум болно. Цэргийн үйлдвэрлэл нь жилд 3000 хуягт техник (500 танк) үйлдвэрлэх боломжтой ч үүний 80 хувийг агуулахын хуучин техникүүдээсээ авч сэргээн засварлах болно. Агуулахын нөөц нь 2026 он дуустал хүрэлцэнэ;
- ОХУ-ын батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн 42 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон (2023 оны 7-р сарын илтгэл). 2020-2023 онд ОХУ 2.8 сая ажиллах хүчнээ алдсан (цагаачлал ба цэрэг дайчилгаанд) нь тус улсын цэргийн аж үйлдвэрлэлийн хамгийн том хүндрэл болсон. Ажиллах хүчний дутагдлаа нөхөхөөр БНАСАУ, Куба, Кени зэрэг орнуудаас ажилчин авч байна.[12]
- Оросын тал Одессыг эзлэх, Днестрийн зурваст хүрэх, Харьковыг авах зэрэг стратегийн зорилтуудаа хадгалсан хэвээр байна;
- Кремлийн мэдэгдлүүдээс үзвэл, 2024 оны сонгуулийн жил дэлхийн улс төрд олон зүйл өөрчлөгдөнө, 2025 онд Украины нөөц шавхагдана, 2026 онд ялалтын жил байна гэж Оросын стратеги төлөвлөгчид тооцоолж байх магадлалтай;
- Өрнөдийн тусламж, дэмжлэг үргэлжилсээр байвч Украины тал цэрэгт дайчлах хүний нөөцийн хомсдол, нийгмийн сэтгэл зүйн хямрал, уналтаас болж урт хугацаанд дайныг үргэлжлүүлэх боломж нь хязгаарлагдана.
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэл нь системийн авлига, Зөвлөлтийн үеэс үлдсэн зан үйл ба соёлын бэрхшээлүүд, удирдлагын арга барил, онол аргазүйн асуудлуудаас болж 2001-2022 оны хооронд тавьсан зорилтууддаа хүрээгүй. Гэвч Украин дахь дайн Оросын эрх баригчдад онцгой арга хэмжээнүүд авч батлан хамгаалах салбарын шинэчлэлээ гүйцээх тохиол, түлхэц болж хувирав.
Өндөр өртөгтэй Армата-14 танк Украины мөргөлдөөнд зохимжгүй, олон арван жил тордож ирсэн өндөр үнэтэй фронтын цэргийн нисэх хүчин (стратегийн нисэх хүчнээс бусад) хязгаарлагдмал чадамжтай болж хувирав. 1000$ үнэ хүрэхгүй иргэний зориулалттай дрон олон сая долларын үнэтэй танк, онгоцноос илүү хөнөөл учруулж чадах нь тулалдаанд харагдсан. Оросын цэргийн төлөвлөгчид Иранаас дроны бэлэн технологи авч хөгжүүлэхдээ электроник нь хямд, цахилгаан хэлхээ нь энгийн төсөр, программчлал нь хялбар зэрэг давуу талуудыг шууд хуулан авч 2 жилийн дотор цэргийн дроны бүрэн үйлдвэрлэлтэй болж хувирлаа.[13i] Шахийд дроны төрлүүдийг (Орос нэршил нь Геран) ОХУ-ын нутагт үйлдвэрлэх зардал 10,000$-50,000$ багтаж байгаа ба цаашид энэ зардал улам буурна. Дроны зардлыг баллистик, далавчит пуужингийн зардалтай харьцуулахад дайны эдийн засгийн талаасаа дрон ирээдүйн дайныг шийдвэрлэх хүчин зүйл гэдэг нь харагдана. 2022-2023 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын мэдээллээр, ОХУ нь дронтой холбоотой шинээр патент авах 342 хүсэлт гаргасан бол Украины талаас 4 хүсэлт ирсэн нь нөхцөл байдлын эрс хурдацтай өөрчлөлтийг тод харуулна.[14] Украины фронт дээр Оросын цэргийн инженерүүд өөрөө явагч байлдааны төхөөрөмжүүд туршиж зарим нь хиймэл оюун хосолсон удирдлагатай хэлбэрт шилжиж байгаа тухай мэдээллүүд улам нэмэгдэв[15], [16].
ОХУ мөргөлдөөний бүх талбар, бүх орон зайд өөрийн потенциалаа тэлэхийг эрмэлзэж байгаа нь 2024 оны эхээр дэлхийн олон нийтэд ил гарсан тус улс сансарт цөмийн зэвсэг байршуулахаар ажиллаж байгаа тухай мэдээллээс харагдана.[17] ОХУ-ын эрх баригчид сансрын уудамд үй олноор хөнөөх зэвсэг байршуулах тухай яриаг үгүйсгэж зөвхөн сансарт ажиллах цөмийн хөдөлгүүр бүтээх мэдэгдлүүд гаргаж байсан ч 2024 оны 4-р сарын 24-нд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлд сансрын уудамд цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох агуулгатай тогтоолын төсөл батлахаар санал хураахад ОХУ ганцаараа хориг тавилаа.[18]
************
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлт, өөрчлөлтийн төлөв нь тус улс 2014 оноос эхлэн 10 жил зууралдсан Украины асуудалд эцсийн шийдэлд хүрэх, үүний араас стратегийн бусад зорилтуудаа биелүүлэх чадвартай цэргийн хүчирхэг гүрний статусаа сэргээх зорилго агуулж буй нь харагдана. Украины асуудлыг шийдсэний дараагийн зорилго юу байх, Уралын нуруунаас Атлантын далай хүртэл орон зайд аюулгүй байдлын ямар шинэ архитектур тогтоохоор Оросын стратегчид төлөвлөж буй нь асуулт болон тавигдаж байна.
Украин дахь дайнаар Герасимовын онол нь практикт улам биежин хэлбэржиж цаашид 2026 оноос илүү хүчирхэг арми, илүү хүчтэй зэвсэглэлээр түрий барьсан, Саарал бүсийн ажиллагаа, Тусгай албадын ажиллагаанд тулгуурласан Хатуу хүч, Зөөлөн хүч, Саарал хүчний тоглогч болж хувирах төлөвтэй байна.
2021 онд NATO-д хандан тавьсан тулган шаардлагын зүйл заалтууд нь Украин дахь дайны дараа хэвээрээ байх эсэх нь тодорхойгүй боловч ОХУ-ын шинээр байгуулсан 2 цэргийн тойрог (Ленинградын цэргийн тойрог нь стратегийн баруун-хойд чиглэлд Финланд, Балтийн бүс нутгийг хариуцах, Москвагийн цэргийн тойрог нь Беларусь, Польш, Герман чиглэлээ хариуцах) нь 2026 оны үеэс эхлэн бүрэн хүчин чадалдаа хүрч Скандинав, Балтийн тэнгис, Дорнод Европын бүс нутаг стратегийн хүчтэй дарамт үзүүлж эхлэх төлөвтэй байна. 2023 онд ОХУ нь Европ тивд ердийн зэвсэглэлийн тоог хязгаарлах гэрээнээс (CFE) бүрэн гарсан тул цэрэг, зэвсгийн тооны хувьд ямар нэгэн хязгаарлалтгүй болсон.
ОХУ-ын цэргийн шинэчлэл, цаашдын өргөжилт нь ирэх 5-20 жилд Өмнөд Кавказ, Төв Азийн улсуудын хувьд ирдэг уламжлалт дарамт, шахалтын түвшинг нэмэгдүүлэх ба бүс нутгийн геополитикийн өрнөлд хатуу хүчний тоглолт орж ирэх вий гэсэн болгоомжлол төрүүлнэ. Энэ бүс нутгийн орнуудтай харилцах хоёр талт ба олон талт форматууд, ХАБГБ, ЕАЭЗХ, ШХАБ-ын хүрээнд БНХАУ, ОХУ хоорондоо өрсөлдөх үү, эсвэл тус хоёр улсын хамтын ажиллагаа улам бэхжих үү гэдгийг цаг хугацаа харуулах болно.
Украинд ОХУ том ялалт байгуулах, ОХУ нь цэргийн хүчирхэг гүрэн болон өндийх нь БНХАУ-д ашигтай юу гэдэг асуултад судлаачдын байр суурь зөрүүтэй байдаг. 2024 оны 2-р сард Өрнөдийн хэвлэлд задалсан “БНХАУ-ын эсрэг ОХУ нь цөмийн цохилтын хувилбаруудаа 2014 оны эцэст тооцоолж сургуулилт хийж байсан” тухай мэдээ нь Москва-Бээжингийн ойртолт нь хязгаартай гэдгийг дахин сануулсан.[19] Өрнөдийн стратегчид Оросыг эдийн засгийн агуулгаар Хятадын вассал болчих вий гэж болгоомжилдог ч хоорондоо цэргийн холбоотон болчих хувилбарыг магадлал бага гэж үздэг. Москва-Пёньяны сүүлийн үеийн ойртолт, хоорондоо сум ба технологи хуваалцсан явдлыг таашаасан мэдэгдэл Бээжин гаргаагүй, Орос-Ираны түншлэлийн сэдвээр Бээжин илүү үг дуугараагүй явдал нь ОХУ, БНХАУ эрх ашиг нийлэх шугамтай, гэвч тэр нь хязгаартай гэдгийг харуулав.
Цэргийн хувьд хүчирхэгжсэн ОХУ ба Өрнөдийн сөргөлдөөн Украины асуудлын дараа ч дахин олон жил үргэлжилбэл Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод зохих нөлөөгөө үзүүлнэ. Өрнөдийн тал ОХУ-ыг хоригт удаан байлгах, олон улсын форматуудаас шахаж ганцаардуулах, шахах болгонд Монгол Улсын гадаад орчны параметрүүд дагаж өөрчлөгдөх бөгөөд үүнийг тооцоолох, эрсдлийг багасгах арга хэмжээ бэлтгэх нь чухал. ОХУ-ын зэвсэгт хүчний өөрчлөлт, шинэчлэлийн тухай аливаа мэдээ нь Монголын гадаад орчны агуулгад Орос-Хятадын хүчний тэнцвэр тогтох контекстийн хүрээнд чухал мэдээ болдог. Монголын гадаад орчныг бүрдүүлэгч 2 гол хүндийн төв хэт ойртохгүй, хэт холдохгүй, харилцан хүчний тэнцвэртэй оршиж байх нь чухал юм.
Ашигласан эх сурвалж:
[1] US Intelligence: Russia has lost 87% of troops it had prior to start of Ukraine war | CNN. December 13, 2023 https://edition.cnn.com/2023/12/12/politics/russia-troop-losses-us-intelligence-assessment/index.html
[2] Britain estimates 450,000 Russian troops killed or wounded | UK Defence Journal. April 27, 2024 https://ukdefencejournal.org.uk/britain-estimates-450000-russian-troops-killed-or-wounded/
[3] Russian Air Force has only lost 10% of fleet in Ukraine | Air & Space Forces Magazine. April 10, 2024 https://www.airandspaceforces.com/russian-air-force-has-only-lost-10-percent-of-fleet-in-ukraine-us-officials-say/
[4] Russian military ‘almost completely reconstituted,’ US official says | Defense News. Apr 4, 2024 https://www.defensenews.com/pentagon/2024/04/03/russian-military-almost-completely-reconstituted-us-official-says/
[5] Five questions with Lithuania’s national security committee chair | Defense News. January 18, 2024 https://www.defensenews.com/global/europe/2024/01/17/five-questions-with-lithuanias-national-security-committee-chair/
[6] В этом году в РФ будут сформированы 2 общевойсковые армии, 14 новых дивизий и 16 бригад https://www.interfax.ru/russia/951419
[7] Шойгу провел в зоне СВО совещание по вопросам увеличения численности армии РФ. Масштабные изменения состава Вооруженных сил будут проводиться в 2023 – 2026 годах | Interfax. 17 января, 2024 https://www.interfax.ru/russia/880990
[8] Послание Президента Федеральному Собранию | Кремль. 29 февраля 2024 года http://kremlin.ru/events/president/news/73585
[9] Russia’s new budget law signals determination to see the war in Ukraine through, according to new SIPRI analysis | SIPRI https://www.sipri.org/media/press-release/2023/russias-new-budget-law-signals-determination-see-war-ukraine-through-according-new-sipri-analysis
[10] Global military spending surges amid war, rising tensions and insecurity | SIPRI. 22 April 2024 https://www.sipri.org/media/press-release/2024/global-military-spending-surges-amid-war-rising-tensions-and-insecurity
[11] L’armée russe, point de situation | La voie de l’epee. 31 mars 2024 https://lavoiedelepee.blogspot.com/2024/03/larmee-russe-point-de-situation.html
[12] Back in Stock? The State of Russia’s Defense Industry after Two Years of the War | CSIS. April 22, 2024 https://www.csis.org/analysis/back-stock-state-russias-defense-industry-after-two-years-war
[13] Our First Look Inside Russia’s Shahed-136 Attack Drone Factory | TWZ. March 5, 2024 https://www.twz.com/news-features/our-first-look-inside-russias-shahed-136-attack-drone-factory
[14] Russia files hundreds of drone patents as ‘global arms race’ ramps up | Yahoo News. April 27, 2024 https://ca.news.yahoo.com/russia-files-hundreds-drone-patents-082934104.html
[15] Russia’s Increasing Use of Unmanned Ground Vehicles in Ukraine Conflict. | Army Recognition. 31 March, 2024 https://armyrecognition.com/ukraine_-_russia_conflict_war_2022/russia_s_increasing_use_of_unmanned_ground_vehicles_in_ukraine_conflict.html
[16] Russia to test new ground drones with mounted guns | Newsweek. 13 March, 2024 https://www.newsweek.com/russia-new-ground-drones-testing-zubilo-1878676
[17] The Nuclear Option – Russia’s Newest Counter Space Weapon? https://rusi.org/explore-our-research/publications/commentary/nuclear-option-russias-newest-counter-space-weapon
[18] Russia vetoes Security Council draft resolution on a weapon-free outer space | UN. 24 April, 2024 https://news.un.org/en/story/2024/04/1148951
[19] Russian threat perception & nuclear strategy in its plans for war with China | The War on the Rocks. April 2, 2024 https://warontherocks.com/2024/04/russian-threat-perception-and-nuclear-strategy-in-its-plans-for-war-with-china/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)Дараах нийтлэл
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19