2024 оны 2-р сарын 26-нд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-ын Зэвсэгт хүчний тойргийн бүтцийг шинэчлэн зохион байгуулах тухай зарлиг гаргав.[1] Шинэчилсэн тойргийн бүтцээр өмнөх Баруун цэргийн тойргийг задлаж Москвагийн цэргийн тойрог, Ленинградын цэргийн тойрог болгосны дээр Умард флотыг бие даасан тэнгисийн цэргийн флот болгож түүний харьяаны хуурай замын цэргийн нэгжүүдийг Ленинградын цэргийн тойрогт оруулсан, мөн түүнчлэн Өмнөд цэргийн тойргийн бүрэлдэхүүнд Украины нутагт эзлээд буй Крым, Херсон, Запорож, Луганск, Донецк гэсэн засаг захиргааны 5 нэгжийг багтаажээ. Цэргийн тойргийн шинэчлэлийн асуудлыг Оросын тал NATO-гийн өргөжилт, Финланд, Швед улсууд Умард Атлантын эвсэлд элссэнтэй холбогдуулан үүссэн аюулгүй байдлын шинэ орчинд хариу хамгаалалт үүсгэх шаардлага гарсан гэж тайлбарласан.[2] Харин нөгөө талаас NATO-гийн Дорнод Европын гишүүн улсууд Оросын болзошгүй халдлагаас хамгаалах арга хэмжээ яаралтай авах цаг ирснийг Эвслийнхэндээ сануулж байна.[3]
2022 оны 2-р сард Украины нутаг руу олон чиглэлд дайран орсон бүрэн хэмжээний цэргийн тусгай ажиллагааны эхний шатанд ОХУ-ын Зэвсэгт хүчний 190,000 цэрэг офицер оролцсон бол 2024 оны эхний байдлаар энэ тоо 600,000 хүрсэн (2000 км урт фронтын шугамд) тухай тус улсын эрх баригчид мэдээлсэн.[4] ОХУ-ын цэргийн тойргийн шинэчлэлийн хүрээнд Украин дахь дайнд 600,000 хүртэл бие бүрэлдэхүүн дайчлан байлдуулахын хажуугаар зэрэгцэн шинэ тойргуудаа байлдааны бүрэн хүчин чадалд хүртэл ойрын хугацаанд босгох тухай мэдэгдэж байгаа нь олон улсын анхаарал татаж байна.[5] Европ тив, NATO, мөн түүнчлэн Өмнөд Кавказ, Төв Азийн улсуудын хувьд Украины дараа ОХУ-ын дараагийн алхам юу байх, мөн хаана хэзээ байхыг таамаглах шинэ даалгавартай тулгарч байна.
Зураг-1. 2024 оны 3-р сарын 1-нд шинэчлэн зохион байгуулагдсан ОХУ-ын цэргийн тойргуудын мэдээлэл
ОХУ-ын Зэвсэгт хүчний шинэчлэл: 2001-2020
ЗХУ-ын задралаас хойш шинэ үүссэн ОХУ нь Зэвсэгт хүчний шинэчлэл хийх цаг хугацаа, төсөв, удирдлага зохион байгуулалтын бэрхшээлтэй явсаар Чечений I дайнд хүнд хохирол амсаж дуусгасан. Чечений II дайн 1999 онд эхлэж Оросын хуурай замын ангиуд Терек голыг гатлах үед армийн удирдлага шинэчлэгдэж шинэхэн Ерөнхий сайд Путин фронтын удирдлагад оролцож эхэлсэн байв. 1990-ээд онд Ельцины баримтлаж байсан тактикийг өөрчилж илүү хатуу, өршөөлгүй тактикаар Грозный хотыг балгас болгож, улмаар 2005 онд гэхэд Чечений тал бууж өгсөн явдал Оросын цэргийн стратеги, тактик ЗХУ-ын үеийн галын хүчний нягтаршлаар дулдуйдаж хүний амийг үл хайрлан масс хүч ашигладаг арга барилыг ашигласаар буйг харуулсан. 2009 онд Чечень дэх террорист салан тусгаарлагчдыг дарах ажиллагаа бүрэн дууссан боловч энэ дайны сургамж, хохирол, бүтэлгүйтэл болгон ОХУ-д зэвсэгт хүчний шинэчлэл хийх хэрэгцээ байгааг тод харуулсан юм.
2001 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилогдсон С.Б.Иванов зэвсэгт хүчний шинэчлэлийг гардан хийх ажилд орсон ба батлан хамгаалах зардлыг багасгах, цэрэг хүчний тогтолцоонд иргэний удирдлага нэвтрүүлэх, Өрнөдөд ид явагдаж байсан мэргэжлийн армийн концепцийг авч хэрэгжүүлэх зорилтууд дэвшүүлжээ. Реформын ажил маш хүнд байсны дээр Оросын Жанжин штабын удирдлагын бүрэлдэхүүний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч удааширав.
С.Б.Ивановын дараа Батлан хамгаалахын сайд болсон А.Э.Сердюков зэвсэгт хүчний шинэчлэлийг үргэлжлүүлж 2008 онд ОХУ-ын БХЯ, Жанжин штаб, Зэвсэгт хүчний дээд тушаалын удирдах бүрэлдэхүүний 70 хувийг өөрчилж шинэчлэн,[6] мөн цэрэг-батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж зэвсэглэлээ шинэчлэхэд 2011-2020 онд $613 тэрбум зарцуулах зорилт зарлажээ.[7]
2001 онд эхэлсэн шинэчлэлийн үр дүнд Зөвлөлтийн үеийн зэвсэгт хүчний загварчлалыг өөрчилж ОХУ-ын нутаг дэвсгэрийг стратегийн ач холбогдол, газарзүйн онцлог, зориулалтаар нь 6 тойрог (Москва, Ленинград, Умард Кавказ, Ижил-Урал, Сибирь, Алс Дорнодын цэргийн тойргууд, Калининградын онцгой район) болгов. 2005 онд шинэчлэлийн дараа ОХУ-ын Зэвсэгт хүчин 6 тойрог, 4 флот, Ерөнхий цэргийн 8 арми, Агаарын хүч/Агаараас эсэргүүцэн хамгаалах 6 арми, гол мөрний 6 флотиль бүхий 1.132 сая бие бүрэлдэхүүнтэй болж бүрэлдэн тогтсон байна. Зэвсэгт хүчнийг мэргэжлийн арми болгох зорилт биелэгдээгүй бөгөөд гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, чадварлаг офицерын бүрэлдэхүүн, бэлтгэл нөөц үүрэгтэн гэсэн бүрдэл хэсгүүдийн зохист харьцааг олох нь өнөөг хүртэл том бэрхшээл хэвээр байна.
2001-2007, 2008-2020 онд (2008 онд Гүржийн дайнаар ОХУ-ын армийн олон асуудал илэрсэн[8]) үргэлжлэн явагдсан ОХУ-ын Зэвсэгт хүчний аварга том реформуудыг үндсэн 3 үе шатанд хувааж авч үзэж болно.
- Зэвсэгт хүчний үүрэг, зориулалтыг харгалзан бүтэц, тогтолцоог шинэчлэх /Орон тоо, чиглэл, бүтэц, боловсрол, бэлтгэл сургууль/
- Зэвсэгт хүчинтэй холбоотой нийгмийн асуудлыг шийдэх /Санхүүжилт, нийгмийн асуудлууд, орон байр, хангамж, мэргэжлийн ангилал/
- Зэвсэгт хүчний зэвсэг техникийг бүрэн шинэчлэх, технологи нэвтрүүлэх. Ар тал, хангамж, логистикийн шинэчлэл хийх. Дайчилгааны нөөц хүчин бүрдүүлэх /Тухайлбал ердийн зэвсэглэл ба стратегийн цөмийн хүчийг шинэчлэх асуудал/
Цэргийн тойргийн шинэчлэлийг 2010 онд дахин хийсэн бөгөөд Баруун, Өмнөд, Төв, Дорнод гэсэн цэргийн 4 тойрогтой, Умард-стратегийн нэгдсэн командлал (2014 оноос Умард флотыг нэгтгэж Умард туйлын бүс нутагт үүрэг гүйцэтгэх зориулалттай байгуулсан) гэсэн нэгжүүдэд хуваасан. Армийн тогтолцоо нь: Тойрог-Арми-Дивиз-Хороо гэсэн 4 шатлалаас Тойрог-Арми-Бригад гэсэн 3 шатлал руу шилжихээр болсон бол ОХУ-ын Агаарын хүч, Сансрын хүч, Агаараас эсэргүүцэн хамгаалах хүч гэсэн гурван төрлийн цэргийг нэгтгэн Агаар-Сансрын хүч (2015 онд) болгон хувиргажээ.
Олон улсын нөхцөл байдал, геополитикийн өөрчлөлтүүд ОХУ-ын зэвсэгт хүчний стратегийн ба тактикийн зориулалтыг тухайн нөхцөл байдалд зориулан өөрчлөх хэрэгцээ шаардлагууд үүссэн. Чечений I, II дайны дараа ОХУ-ын арми 2008 онд Гүржид дараагийн сорилтдоо ороход системийн шинэчлэл нь бүрэн хийгдээгүй байна гэж судлаачид дүгнэж байв.[9] Хожим 2014 онд Донбасс, Крымд гибрид ажиллагаа явуулсан Оросын тусгай бүлгүүд, 2015 оны Донбассын тулалдаанд оролцсон Оросын ангиуд тодорхой хэмжээнд тактикийн амжилт олсон ч Украины Зэвсэгт хүчнийг жагсаалаас гаргах, Киевт засгийн эрх өөрчлөх стратегийн зорилтоо биелүүлж чадаагүй. Харин 2015 оноос эхлэн Сирид байршиж иргэний дайнд нь Ассадын дэглэмийг дэмжин оролцохдоо Оросын зэвсэгт хүчин ротациар 60,000 цэрэг офицероо дайны талбарт мэргэшүүлэн сургаж мөн зэвсэг техникээ туршин сайжруулсан байна.[10]
2013 оны 2-р сард ОХУ-ын ЗХЖШ-ын дарга В.В.Герасимовын Цэргийн ШУА-д тавьсан илтгэл нь “Ценность науки в предвидении” нэртэй өгүүлэл болон нийтлэгдэв.[11] Өгүүлэлд 1991 оноос хувиран өөрчлөгдсөн глобал мөргөлдөөний орчныг товч задлан шинжлээд шинэ өөрчлөлт бүхий орчинд ОХУ хэрхэн геополитикийн эрх ашгаа хангаж хариу үзүүлэх тухай, зорилго зорилтуудаа хэрхэн биелүүлэх тухай онол-аргазүйн үзэл баримтлалаа танилцуулсан. Глобал мөргөлдөөний орчин нь шинж чанар, онцлог, арга хэрэгслийн хувьд эрс өөрчлөгдсөн, түүнд зохицсон хариу үйлдэлд зэвсэгт хүчнийг ашиглах хүрээ хязгаарын параметрүүд өөрчлөгдсөн бөгөөд Дайн-Энхийн хооронд орших урт заагт мөргөлдөөн бүх талбарт тасралтгүй өрнөнө. Дайн гэж үгүй, Энх тайван гэж үгүй, харин байнгын мөргөлдөөнт орчинд улс гүрэн өөрийн эрх ашгаа боломжит бүх аргаар хангах арга замыг боловсруулах шаардлагатай гэж Герасимов үзсэн юм.[12]
Зураг-2. Герасимовын онолын зураглал: Олон улсын мөргөлдөөнт орчинд цэргийн ба цэргийн бус арга хэрэглүүрийг хэрэглэх нь. Мөргөлдөөний үе шат бүрд тохирох арга хэрэглүүрийг ашиглан мөргөлдөөнийг хөтлөн явуулах нь.
2013 оны Герасимов онолын анхны илтгэлээсээ хойш 6 жилийн дараа 2019 оны 3-р сард ОХУ-ын Цэргийн ШУА-д дахин илтгэл тавьж анхны онолын сайжруулсан хувилбарыг танилцуулсан нь сонирхолтой.[13] 2013-2019 оны 6 жилийн хугацаанд Крым, Донбасс, Сири гэсэн гурван талбарт Герасимов онолоо туршиж үзсэн бөгөөд алдаан дээрээ ажиллаж, оновчтой хэсгүүдээ улам төгөлдөршүүлж “Герасимовын онол 2.0” бий болсон. 2019 оны нөхцөл байдал бол 2-р сард нь АНУ дангаараа “Ойрын ба Дунд тусгалын пуужинг хориглох тухай гэрээ”-нээс (INF treaty) гарсан бөгөөд ОХУ нь шинэ төрлийн Авангард, Сармат, Пересвет, Кинжал, Посейдон, Буревестник, Циркон пуужингуудаа зарласан үе юм. Нэг талаас зэвсэглэлээр хөөцөлдөх явдал дахин стратегийн өрсөлдөөнд эрс идэвхжиж эхэлсэн бол нөгөө талаас гибрид дайн, цэргийн бус арга технологиор геополитикийн зорилтуудаа биелүүлэх явдал маш үр дүнтэй, зардал хямд, хохирол бага байх нь ойлгомжтой болсон юм.
Зураг-3. Герасимовын онол: Улс төрийн тавьсан зорилтыг биелүүлэхэд зэвсэгт хүчнийг ашигладаг уламжлалт арга хэлбэрээс шинэ ассиметрик арга хэлбэрт шилжих нь.
Герасимов, Шойгу нарын үед ОХУ-ын Зэвсэгт хүчинд өргөнөөр нэвтрүүлсэн байлдааны бүлгийн тогтолцоо нь Батальонная тактическая группа (БТГ) юм. Чечений I, II дайн, Гүржийн дайнаар аливаа ажиллагаанд голцуу гэрээт цэргээс бүрдсэн байлдааны чадамж бүхий БТГ батальоныг бүрдүүлж байлдуулах нь илүү үр дүнтэй байсан туршлагаас үүдэн бий болсон нэгж юм. Донбассын ажиллагааны дараа 2016 онд ОХУ нь байлдаанд бэлэн 96 БТГ байгаа тухай мэдээлэл гарсан бол 2018 онд энэ тоо 126, 2019 онд 136, 2021 онд 168 БТГ -тэй болсон байна.[14] БТГ нь мото-буудлагын зэвсэг техниктэй 700-900 бие бүрэлдэхүүн (үүнээс 200 нь явган цэрэг), танкийн суман, гаубицийн болон тийрэлтэт артиллери, агаараас эсэргүүцэн хамгаалах нэгж, агаарын дэмжлэг, ар тал хангалттай бөгөөд бие даан 8 км урт, 5 км гүнтэй газар оронд ажиллагаа явуулж 250 хүртэл км зайд маневр хийх боломжтой.[15]
Украин дахь ажиллагаа ба ОХУ-ын Зэвсэгт хүчний өөрчлөлтийн цаашдын төлөв
2022 оны 2-р сарын 24-нд ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины нутаг руу ороход 190,000 хүртэл тооны цэрэг оролцсоноос дайны эхний саруудад хүнд хохирол амсаж зарим чиглэлд ухарсан бөгөөд дараа нь хүчээ сэлбээд 4-р сараас Донбассын чиглэлд дахин давшилт өрнүүлж эхэлсэн. 2022 оны 6-р сар орчимд Украин дахь Оросын армийн бүлэглэл байлдааны чадамжтай 110 БТГ, бие бүрэлдэхүүн нь 142,000 болсон байв.[16]
Зураг-4. 2022 оны 6-р сарын байдлаар Украины фронт дахь талуудын хүчний хуваарилалт. (CSIS)
Оросын цэргийн 2022 оны зуны ерөнхий давшилт тавьсан зорилгодоо хүрээгүйн дээр 9-р сараас нь Украины тал сөрөх давшилтад орж үлэмж хүч суларсан Оросын ангиудыг Зүүн-Хойд Украин, Днеприйн баруун биеэс шахан гаргасан. 2022-2023 оны өвөл-хаврын хугацаанд Оросын тал фронтыг тогтворжуулж олон цувраа хориглон хамгаалалтын систем байгуулж чадсаны ачаар 2023 оны Украины зуны ерөнхий давшилтыг амжилттай тогтоон барьж улмаар 2023-2024 оны өвөл, 2024 оны хаврын байдлаар стратегийн санаачилгыг гартаа аваад байв.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Ашигласан эх сурвалж:
[1] Указом Президента утверждено новое военно-административное деление Российской Федерации | Указ № 141. Москва, Кремль. 26 февраля 2024 года http://www.kremlin.ru/acts/news/73569
[2] Шойгу заявил, что НАТО вплотную приблизилась к границам России | ТАСС. 26 апреля, 2024 https://tass.ru/armiya-i-opk/20658363
[3] NATO cannot take Russia’s weakness in the Baltic theater for granted | Brookings. March 20, 2024 https://www.brookings.edu/articles/nato-cannot-take-russias-weakness-in-the-baltic-theater-for-granted/
[4] Путин заявил, что в зоне боевых действий находится свыше 600 тыс. человек от РФ | ТАСС. 26 января, 2024 https://tass.ru/armiya-i-opk/19828683
[5] Russian Offensive Campaign Assessment, March 20, 2024 | ISW. Mar 20, 2024 https://www.understandingwar.org/backgrounder/russian-offensive-campaign-assessment-march-20-2024
[6] Генерала выселили с Арбата | «Независимой газеты». 20.06.2008 https://www.ng.ru/politics/2008-06-20/3_serdukov.html
[7] Сердюков: перевооружение российской армии обойдется в 19 трлн рублей | Forbes.ru. 21 сентября 2010 https://www.forbes.ru/news/57009-serdyukov-perevooruzhenie-rossiiskoi-armii-oboidetsya-v-19-trln-rublei
[8] Syria: Russia’s Military Proving Ground: The first stage of Russian military reform launched immediately after the Russian-Georgian War. Nikolay Makarov, Chief of the General Staff from 2008 to 2012, compared the armament program with the military reforms of Peter of Great. | U.S. Naval Institute. March 2018 https://www.usni.org/magazines/proceedings/2018/march/syria-russias-military-proving-ground
[9] Russia’s Conventional Armed Forces and the Georgian War | The US Army War College. 2009 https://press.armywarcollege.edu/parameters/vol39/iss1/7/
[10] Three years later: the evolution of Russia’s military intervention in Syria | Atlantic Council. September 27, 2018 https://www.atlanticcouncil.org/blogs/syriasource/three-years-later-the-evolution-of-russia-s-military-intervention-in-syria/
[11] Ценность науки в предвидении | ВПК. 27.02.2013 https://vpk.name/news/85159_cennost_nauki_v_predvidenii.html
[12] The Value of Science is in the Foresight | Military Review – Army U Press. January-February 2016 https://www.armyupress.army.mil/portals/7/military-review/archives/english/militaryreview_20160228_art008.pdf
[13] Начальник российского Генштаба формулирует программу подготовки к масштабной войне | Новая Газета. 10 марта 2019 https://novayagazeta.ru/articles/2019/03/09/79808-dobitsya-prevoshodstva-nad-ostalnym-chelovechestvom
[14] Шойгу заявил, что в армии России насчитывается 168 батальонно-тактических групп | ТАСС. 10 Авг, 2021 https://tass.ru/armiya-i-opk/12099255
[15] Getting to Know the Russian Battalion Tactical Group | RUSI. 14 April 2022 https://rusi.org/explore-our-research/publications/commentary/getting-know-russian-battalion-tactical-group
[16] Russia’s Ill-Fated Invasion of Ukraine: Lessons in Modern Warfare | CSIS. June 1, 2022 https://www.csis.org/analysis/russias-ill-fated-invasion-ukraine-lessons-modern-warfare
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)Дараах нийтлэл
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19