Үргэлжлэл, эхлэл хэсэг нь өмнөх дугаарт
Армян – Азербайжаны хямрал дахь Туркийн ашиг сонирхол
Азербайжаныг Нахичеваны орон нутагтай нь холбох Зангезурын хонгилыг нээх зорилт нь Туркийн хэрэгжүүлж буй Пан-Туркизмын стратегийн гол зангилаа юм[1]. 2021 оны 11 дүгээр сард Анкарад явагдсан Түрэг хэлт улсуудын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтаар дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:
- Түрэг хэлт улсуудын зөвлөлийг Түрэгийн улсуудын байгууллага болгох
- XXI зууныг Түрэгийн зуун болгох (Түрэгийн хэл соёл, шашин, ард түмнүүд, эдийн засгийг интеграц хийх)
- “Түрэгийн ертөнц – 2040” алсын харааг хэрэгжүүлэх; 300 сая хүн амтай, 4.5 сая кв.км нутагтай, 2 их наяд ам.долларын эдийн засагтай Түрэгийн ертөнцийг хоёр гүүрээр холбож нээх: Каспийн тэнгисийн гүүр, Зангезурын хонгил[2]
Пан-Туркизмын стратегийн зорилт нь зөвхөн Уулын Карабахыг авах явдал биш бөгөөд Турк улсыг Төв Азитай цаашлаад Дорнод Азитай холбох Зангезурыг (Армяны Сюник мужийн нутаг) авах явдал гэдгийг нээлттэй, ил зарлаж эхэлсэн нь Армян – Азербайжаны хямрал Уулын Карабахаар зогсохгүй гэдгийг бүх талуудад ойлгуулаад байна.
Зураг-2. Ази-Европыг Төв Ази, Туркээр дамжуулан холбох Middle Corridor төлөвлөгөө. Эх сурвалж: SWP-Berlin
Зураг-3. Түрэгийн улсуудын байгууллагын одоогийн газарзүйн байршил. Зааглаж буй хоёр цэг нь Каспийн тэнгис, Армяны Сюник муж (Зангезурын хонгил). Эх сурвалж: SWP-Berlin
Зураг-4. Зангезурын хонгилоор Турк, Азербайжан улсуудыг холбох дэд бүтцийн төлөвлөгөө. Эх сурвалж: SWP-Berlin
Цаашдын төлөв
2023 оны 11 дүгээр сард Азербайжаны тал Армянд үзүүлэх шахалтаа дахин нэмэгдүүлж “Армяны хяналтад байгаа Азербайжаны 8 тосгоныг буцааж өгөх ёстой. Эдгээр нь Азербайжаны түүхэн нутаг болно”[3] гэсэн мэдэгдэл хийж эхлээд байна.
АНУ-ын байр суурь: 2023 оны 10 дугаар сарын 3-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Конгрессийн гишүүдэд өгсөн хаалттай мэдээлэлдээ “Ойрын хугацаанд Азербайжаны тал Армяны өмнөд муж руу халдан довтлох магадлалтай байна” гэжээ[4]. Мэдээллийн үед Конгрессийн гишүүн Нэнси Пелоси, Анна Эшоо, Фрэнк Паллоне нар байлцжээ. Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев 2021 оноос эхлэн “Зангезурын хонгилыг нээх нь цаг хугацааны асуудал. Армян хүссэн ч эс хүссэн ч бид Зангезурыг хүчээр нээх болно. Энэ нь манай үндэсний ашиг сонирхол, түүхэн даалгавар”[5] гэж ил зарлаж эхэлсэн.
АНУ-ын Конгрессоос 2023 оны 11 дүгээр сарын 15-нд Сенатад “Armenian Protection Act of 2023” батлагдаж Азербайжанд терроризмтэй тэмцэхэд нь зориулж АНУ-аас үзүүлж ирсэн цэргийн тусламжыг зогсоолоо[6]. 2023 оны 11 дүгээр сарын 20-нд Вашингтонд АНУ-ын зуучлалаар эхлүүлэхээр урьсан Армян – Азербайжаны яриа хэлэлцээнд оролцохоос Баку татгалзав[7].
Францын байр суурь: 2023 оны 10 дугаар сард Франц – Армян улсууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа яаралтай өргөжүүлж эхлэв. Армяны батлан хамгаалах төсөв 2022 онд 800 сая ам.доллар байсан бол 2024 онд энэ салбарын зардлаа 1.5 тэрбум ам.доллар хүртэл өсгөхөөр боллоо. Франц улс Армянд зэвсэг нийлүүлэх гэрээ, хэлцлүүд байгуулснаас, Ground Master 200 радарын систем, агаарын довтолгооноос хамгаалах Mistral систем нийлүүлэхээр ил зарласан[8]. Мөн Францын цэргийн атташе, цэргийн зөвлөхүүд Армяны талд сургалт, зөвлөгөө өгөх мэдээлэл гараад байна. Албан бус мэдээллээр Францын нийлүүлж буй хуягласан байлдааны машинууд Гүржийн боомтод буусан тухай фото зургууд гарч буй боловч албан мэдээллээр баталгаажаагүй. Бакугийн зүгээс Baku Initiative Group гэх төрийн бус байгууллага байгуулж Өмнөд Кавказын бүс нутагт Францын явуулж буй Армяныг дэмжих бодлогыг “Францын неоколоничлол, неоимпериализм” гэж зарлаж медиа дайн эхлүүлээд байна[9].
Европын холбооны байр суурь: 2023 оны 10, 11 дүгээр саруудад Армян – Азербайжаны хооронд зуучилж уулзалт хийлгэхээр ЕХ санаачилга гаргасан ч Гранада, Брюсселийн уулзалтын урилгын алинд ч Азербайжаны тал оролцохоос татгалзаад байна[10]. Европын холбоо, Евро консул, Евро парламент, ХБНГУ, БНФУ-ын удирдагчид Армянтай эв санаа нэгтэй байгаа, тусламж үзүүлнэ гэж мэдэгдэл хийхийн хамт Азербайжаныг түрэмгийллийн үйлдлээ зогсоох, Армяны газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалсаар байна. 2022 онд Европын холбоо – Азербайжаны хооронд байгуулагдсан эрчим хүч, байгалийн хийн мега хэлцлүүд[11] нь Бакугийн эсрэг Европын удирдагчдыг шууд арга хэмжээ авах явдлыг хязгаарлаж байгаа ба энэ давуу талаа ашиглан Алиев, Эрдоан нарыг дараагийн түрэмгийлэлдээ шуурхайлан орох вий гэх болгоомжлол өрнөдийн бодлого тодорхойлогчдыг түгшээж байна.
ОХУ-ын байр суурь: ОХУ-ын хувьд энэ хямралыг ашиглан Ереваны өрнөдийн чиг баримжааг эргүүлэх, шахалт үзүүлэх чиглэл барьж байгаа, гэхдээ нөгөө талаас Украин дахь цэргийн ажиллагааны хажуугаар тус улс бусад талбарт анхаарал хандуулах боломж хомс байна.
Ираны байр суурь: Ираны талаас өрнөдийн хэт нөлөөг Армянд оруулахгүй байх, мөн Армяны нутгаар Зангезурын хонгил үүсэж Турк улс Төв Азитай холбогдох нь Ираны ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг ойлгуулж ирсэн. Хэрвээ Армяны нутаг дэвсгэрт Азербайжаны арми орвол Ираны тал цэргийн арга хэмжээ рүү орж Армяныг дэмжих хувилбар ч үүсэж болзошгүй юм[12].
Өрнөдийн эвсэл Украин дахь дайны явц, Ойрх Дорнодын хямрал, БНХАУ-тай өрнүүлж буй стратегийн өрсөлдөөн зэрэг олон талбарт хүч тарамдсан энэ цаг үеийг Турк – Азербайжаны холбоотнууд хоорондоо хуурай газраар гарц нээх цонх үе гэж харж аливаа дипломат яриа хэлэлцээнд оролцохгүй тойрсоор дараагийн ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байна.
Азербайжаны болзошгүй дараагийн алхмаас урьтаж Армяны эрх баригчид олон талбарт шуурхай, шийдэмгий алхмууд хийж байна. Армян улс 2023 оны 11 дүгээр сарын 14-нд Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд нэгдэн орж 124 дэх гишүүн орон боллоо. 2023 оны 9 дүгээр сарын 28-нд Армян улсын гаргасан өргөдлийн дагуу Олон улсын Эрүүгийн шүүх 11 дүгээр сарын 17-ны өдөр Уулын Карабахад үүсээд буй асуудлаар “Арьс үндсээр ялгаварлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын Конвенц”-ийг хэрэгжүүлэх тухай шийдвэр гаргаад байна[13]. Мөн түүнчлэн Армян улс Франц улстай батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, ЕХ, АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх, Ирантай тээврийн дэд бүтцийн холболтоо шуурхай хийж (60 км автозам барих) Умард-Өмнөд хонгилийн төсөлд оролцох алхмуудыг хэрэгжүүлж эхлэв[14]. Армяны засгийн газар өөрийн хилийг олон гарцаар нээж, хөрш 4 улсынхаа дунд дэд бүтцийн зангилаа болох саналыг 2023 оны 10 дугаар сарын 26-нд албан ёсоор дэвшүүлэв. Армяны дэвшүүлсэн “Crossroads of Peace project” санал нь[15]:
- Армян, Азербайжаны хилийн шугам, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын бүртгэлд буй (Армян улс 29.800 кв.км, Азербайжан улс 86.600 кв.км) хэмжээг баримтлан харилцан хүлээн зөвшөөрөх
- 1991 оны Алма-Атийн тунхагийг баримтлан дундын асуудлаа улс төрийн арга замаар шийдвэрлэх
- Цаашид бий болох улс хоорондын тээврийн харилцааг олон улсын хууль, эрх зүйн хүрээнд эрх тэгш зарчмын дагуу хөгжүүлэх (Энэ хүрээнд Армяны талаас хөрш орнуудаа холбосон автозам, төмөр замын гарцууд нээж өгөх санал дэвшүүлсэн)
Армяны талын шуурхай алхам, дэвшүүлж буй саналуудыг Турк – Азербайжаны тал хүлээн авах эсэх нь эргэлзээтэй. Армяны талыг батлан хамгаалах чадамжаа бэхжүүлж Сюник мужид хориглон хамгаалалтын систем байгуулахаас өмнө амжиж цэргийн ажиллагаа явуулахыг Баку болон түүний холбоотон Анкарагийн стратегчид яаравчилж байж болзошгүй. Зангезурын хонгил нээгдэж Түрэг хэлт улсууд хоорондоо дэд бүтцээр холбогдвол Төв Ази дахь геостратегийн орчин хэлбэр, агуулгын хувьд өөрчлөгдөж Туркийн нөлөөллийн орон зай (зөөлөн ба хатуу хүч хосолсон) бодитоор, биетээр Сибирь, Алтайн нуруунд хүрэх магадлалтай юм.
Зураг-5. Армяны засгийн газрын санал болгосон “Crossroads of Peace project” зураглал
Ашигласан эх сурвалж:
[1] South Caucasus deal echoes plan from 30 years ago | Al-Monitor. November 12, 2020 https://www.al-monitor.com/originals/2020/11/turkey-russia-nagorno-karabakh-deal-armenia-azerbaijan.html
[2] ANALYSIS – From Turkic-speaking countries to Turkish states | Anadolu. 16.11.2021 https://www.aa.com.tr/en/analysis/analysis-from-turkic-speaking-countries-to-turkish-states/2422657
[3] Blinken warned lawmakers Azerbaijan may invade Armenia in coming weeks | Politico.eu 10/13/2023 https://www.politico.com/news/2023/10/13/blinken-warned-lawmakers-azerbaijan-may-invade-armenia-in-coming-weeks-00121500#:~:text=Blinken%20responded%20that%20the%20State,Armenia%20in%20the%20coming%20weeks.
[4] Aliyev threatens to establish ‘corridor’ in Armenia by force | Open Caucasus Media. 21 April 2021 https://oc-media.org/aliyev-threatens-to-establish-corridor-in-armenia-by-force/
[5] France sends weapons to Armenia amid fears of new conflict with Azerbaijan | Politico.eu OCTOBER 23, 2023 https://www.politico.eu/article/france-armenia-fear-conflict-azerbaijan-nagorno-karabakh-zangezur/
[6] Stop French neocolonialism: an international call from Azerbaijan | AzeMedia. OCTOBER 21, 2023 https://aze.media/stop-french-neocolonialism-an-international-call-from-azerbaijan/
[7] Pashinian-Aliyev Meeting In Brussels Canceled, New Date Sought | RFERL October 25, 2023 https://www.rferl.org/a/pashinian-aliyev-brussels-meeting-canceled-karabakh-armenia-azerbaijan/32653368.html
[8] EU signs deal with Azerbaijan to double gas imports by 2027 | 18 Jul 2022 https://www.aljazeera.com/news/2022/7/18/eu-signs-deal-with-azerbaijan-to-double-gas-imports-by-2027
[9] Azerbaijan says 8 villages under Armenian occupation still have not handed over | Anadolu. 07.11.2023 https://www.aa.com.tr/en/asia-pacific/azerbaijan-says-8-villages-under-armenian-occupation-still-have-not-handed-over/3046550
[10] S. 3000 (IS) – Armenian Protection Act of 2023 | GovInfo.gov 11/15/2023 https://www.govinfo.gov/app/details/BILLS-118s3000is/summary
[11] Azerbaijan refuses to take part in peace talks with Armenia in US | Anadolu 17.11.2023 https://www.aa.com.tr/en/asia-pacific/azerbaijan-refuses-to-take-part-in-peace-talks-with-armenia-in-us/3056045
[12] Iran Says It Opposes ‘Geopolitical Changes’ in Caucasus | VOANews. October 02, 2023 https://www.voanews.com/a/iran-says-it-opposes-geopolitical-changes-in-caucasus/7293664.html
[13] THE HAGUE – The International Court of Justice (ICJ) delivers an Order in the case Armenia v. Azerbaijan | United Nations. 17 Nov 2023 https://media.un.org/en/asset/k19/k19hh394h2
[14] Iran and Armenia facilitate transit along the INSTC | Iran Press. Monday, 23 October https://iranpress.com/iran-and-armenia-facilitate-transit-along-the-instc
[15] Prime Minister presents the “Crossroads of Peace” project and its principles | PrimeMinister.am 26.10.2023 https://www.primeminister.am/en/statements-and-messages/item/2023/10/26/Nikol-Pashinyan-Speech/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Армян – Азербайжаны хямрал (I)Дараах нийтлэл
Европын аюулгүй байдлын архитектурын өөрчлөлт (I)Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19