Олон улсын харилцаанд тектоник хөдөлгөөн гарахад гол хүчнүүдийн хязгаар хэсэгт, өөрөөр хэлбэл их гүрнүүдийн нөлөөний зааг буюу уулзвар бүс нутагт “чичиргээн” доргио үүсдэг. Хүчнүүдийн зааг дахь эмзэг бугшмал асуудал чичиргээнд тэсэрдгийн нэг жишээ нь Армян-Азербайжаны хямрал болж байна. 2023 оны 9 дүгээр сарын 19-20-нд Азербайжаны зэвсэгт хүчин гэнэтийн ажиллагаа явуулж салан тусгаарлахаар тэмцэж байсан Уулын Карабахын (Арцахын БНУ) Бүгд Найрамдах Улсын нутаг руу нэвтэрч Арцахын өөрийгөө хамгаалах хүчин болон Степанакерт хотод төвтэй тус БНУ-ын засаг захиргааг буулгаж авсан билээ. Энэ дайралтыг Азербайжаны тал “Терроризмтэй тэмцэх ажиллагаа” гэж нэрлэсэн бол Армян, Карабахын эрх баригчид “Зэвсэгт түрэмгийлэл, угсаатны цэвэрлэгээ, геноцид” гэж зарласан юм.
1991 онд ЗХУ задрах үеийн нутаг дэвсгэрийн харьяаллаар бол Уулын Карабахын өөртөө засах муж нь ЗСБН Азербайжан улсын нэг хэсэг байсан тул олон улсын эрх зүй, НҮБ-ын дүрмийн дагуу энэ нь Азербайжаны харьяа нутаг гэж үздэг. Гэтэл Уулын Карабахт армян үндэстэн зонхилон оршин суудаг бөгөөд Азербайжаны нутаг дэвсгэр дэх армянчуудын өөртөө засах эрх өмнөх засаг захиргааны статуст (ЗХУ-ын үед) нь өвлөгдөн үлдсэн хийгээд цаашид бие даасан бүрэн эрхт тусгаар улс болох эрмэлзлийг нь дэлхийн хамтын нийгэмлэг дэмжиж болох олон улс дахь практик жишиг (Тухайлбал Югославын задралын жишээ) бийг харгалзан үзвэл тус нутагт Арцахын БНУ гэж шинэ улс бий болох боломжтой байв. Гэвч газарзүйн чухал байршил, угсаатны асуудал, түүхэн зангилаа зэрэг олон асуудлын огтлолцол Уулын Карабахын хувь заяаг хэдхэн хоногт эргүүлж 2023 оны 10 дугаар сарын эхээр тус бүс нутгаас армян үндэстэн 100 мянган хүн дүрвэн Армян улс руу гарснаар маргаанд бүрмөсөн цэг тавигдлаа[1]. Энэ үйл явдлын цаана ОХУ, АНУ, Турк, Франц, Иран зэрэг орнуудын ашиг сонирхол хэрхэн сүлжилдэж буйг авч үзье.
Уулын Карабах хэний эзэмшил вэ?
Уулын Карабахын түүхэн сурвалжийг авч үзвэл МЭӨ I зуунд Их Армян улсын Арцах муж гэж түүхэнд тэмдэглэгджээ. Хожим олон зууны турш хил залгаа Персийн нөлөө, Түрэг аймгуудын түрэлт, Османы эзэнт гүрний тэлэлтийн дундын бүс болж явсан ч язгуур армян хэл соёл, шашнаа алдалгүй үргэлжлүүлж оршсоор 1828 онд Оросын Эзэнт гүрний харьяанд шилжжээ. Дэлхийн I дайн дуусаны дараа 1918-1920 онд Карабахын хяналтыг түр авсан Британичууд тус бүс нутгийг Азербайжаны харьяа гэж зарласан бол 1921 онд Өмнөд Кавказад орж ирсэн Зөвлөлт засаг “Өөртөө засах Уулын Карабах муж” байгуулж ЗСБН Азербайжан улсын бүрэлдэхүүнд оруулжээ[2].
Уулын Карабахын I дайн: ЗХУ-ын задралын өмнөхөн 1988 оноос эхлэн Карабахын армянчууд жагсаал хийж, ЗСБН Армян улстай нэгдэхээр шаардаж эхэлсэн ба нутгийн ардын хурал нэгдэх санал хурааж тогтоол баталсан ч Москва энэ шаардлагыг зөвшөөрөөгүй байна. 1988-1991 онд нутгийн армян, азербайжан угсаатнуудын дунд мөргөлдөөн, зөрчил ужгирч явсаар 1991 онд ЗХУ задрах мөчид зэвсэгт мөргөлдөөн болж улмаар 1994 оны 5 дугаар сард ОХУ-ын зуучлалаар гал зогсох хүртэл Уулын Карабахын I дайн өрнөсөн. Энэ дайнаар Армяны тал Уулын Карабахын нутгийг хяналтадаа авахын зэрэгцээ Азербайжаны нутгийн 14%-ийг эзлэж талууд харилцан хүнд хохирол амссан ба хоёр талаас нийт 1 сая гаруй хүн оршин сууж байсан нутгаасаа дүрвэсэн байна.
1994 оны гал зогсоох хэлэлцээ болоод түүнээс хойш өрнөсөн дипломат яриа хэлэлцээ, хүчин чармайлт сөргөлдөгч талуудын үндсэн асуудлыг шийдээгүй бөгөөд маргаант бүсэд галын шугам дагуу дунджаар 2 жил тутмын давтамжтай зэвсэгт мөргөлдөөн үүссээр 2020 он хүрсэн байна.
Уулын Карабахын II дайн: 2020 оны 9-11 дүгээр сар хүртэл хугацаанд Уулын Карабахын II дайн явагдаж, энэ дайнд сайтар бэлтгэсэн Азербайжаны зэвсэгт хүчин Армяны талд хүнд цохилт өгч 1991 онд ЗХУ-аас өвлөсөн Азербайжаны нутаг дэвсгэрийн хилийн шугамд хүрсэн[3].
Уулын Карабахын II дайнаар Арцахын салан тусгаарлах БНУ-ын асуудал бүрэн шийдэгдээгүй өндөрлөсөн. 2020 оны 11 дүгээр сарын 10-нд ОХУ-ын зуучлалаар байгуулагдсан гал зогсоох хэлэлцээрээр Азербайжаны тал Агдам, Кальбажар, Гадрут, Лачин мужууд мөн хил орчмын бусад жижиг дүүргүүдийг хяналтадаа авч Армяны арми заагдсан газруудаас бүрэн гарсан ба Уулын Карабахыг Армянтай холбох Лачины хонгилыг нээлттэй байлгах үүргийг ОХУ-ын байршуулах 2,000 энхийг сахиулагч (5 жилийн мандаттай) хариуцахаар тохирсон.
2020 оны 12 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл Лачины хонгилыг нээлттэй байлгах үүрэг хүлээсэн хугацаанд ОХУ-ын энхийг сахиулагчид зарим тохиолдолд санаатайгаар орхиж Азербайжаны талд тус хонгилыг боож Карабахчуудад шахалт үзүүлэх боломж олгож байв. Мөн хугацаанд Оросын энхийг сахиулагчдын бүртгэлээр сөргөлдөгч хоёр талаас гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн 59 удаагийн тохиолдлыг бүртгэсэн байна.
Азербайжаны цэрэг-улс төрийн холбоотон Туркийн тал Карабахын хямралд оролцож 2021 оны 1 дүгээр сараас эхлэн Агдам мужид ОХУ-Туркийн хамтарсан Мониторингийн төв байгуулсан юм.
Шинэ байдал үүссэн нь: 2023 оны 9 дүгээр сарын 19-20-нд явагдсан Азербайжаны талын өргөн хэмжээний цэргийн ажиллагаагаар Уулын Карабахын салан тусгаарлах БНУ бүрэн эзлэгдэж, ерөнхийлөгч Самвел Шахраманян 9 дүгээр сарын 28-нд тус БНУ-ыг татан буулгах, төрийн бүх институцийг нь 2024 оны 1 дүгээр сарын 1 гэхэд татан буулгасан байх зарлигт гарын үсэг зурсан[4]. Азербайжаны армийн довтолгооны дараа 2023 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 100 мянга гаруй армян гаралт карабахчууд төрөлх нутгаасаа дүрвэн Армяны нутагт орж ирээд байна. Ийнхүү Азербайжан улс сүүлийн 100-аад жил оршин тогтносон Уулын Карабахын өөртөө засах гэх статусыг бүрэн үгүй болгож улс төр-геополитикийн шинэ нэр томьёо “Баруун Азербайжан” гэх ойлголтыг дэвшүүлж геополитикийн дараагийн тоглолтдоо шилжлээ[5].
Турк – Азербайжаны стратегийн зорилт
Армяны газарзүйн түүхэн байршил их гүрнүүдийн ашиг сонирхлын уулзвар дээр ямагт байж иржээ. Умард талаасаа Орос, Өрнөд талаасаа Турк, Өмнөд ба Зүүн өмнөд талаасаа Ираны ашиг сонирхолд хашигдаж хэл, соёл шашны сондгой бүс нутаг болсоор ирсэн онцлогтой. Шашны холбоогоо дагаж Оростой холбоолж өмөг түшиг хайж ирсэн боловч түүхэн мөчлөгөөс харвал Москва нь Ереваныг Өмнөд Кавказ, Ойрх Дорнод дахь стратегийн түшиц газар гэсэн утгаар харж ашиглах, нөлөөндөө байлгахаас бус Армяны түүхэн эрх ашиг гэдэг ойлголтыг үргэлж хойш тавьж ирсэн байдаг. Энэ ч утгаараа 1900-аад оны эхэн үе, хожим 1991, 1994 онуудад ч мөн адил Уулын Карабахын асуудлыг бүрэн шийдэхгүй, байнга маргаант цэг байлгах, үүгээрээ дамжуулан тус бүс нутагт дундын зуучийн үүрэг гүйцэтгэх, нөлөөгөө хадгалж байх нь Оросын бодлогын гол зорилго нь байж иржээ.
2018 онд Армянд өрнөсөн “Хилэн хувьсгал”-ын дараа бий болсон өрнөдийн чиг баримжаат Пашиняны засгийн газарт Москва дарамт шахалт үзүүлсээр ирсэн. 2020 онд Карабахын II дайн өрнөхөд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ОХУ, Армян гишүүнчлэлтэй тул цэргийн холбоотон болдог) хүрээнд Москва өөрт ашигтай зуучлалаас өөр цэрэг-улс төрийн дэмжлэг үзүүлээгүйн дээр 1992 онд байгуулагдсан Карабахын асуудалд шийдэл олох “Минскийн бүлэг”-ийн байнгын гурван гишүүний (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын санаачилсан Минскийн бүлгийн байнгын гурван гишүүн нь ОХУ, АНУ, БНФУ) нэгийн хувиар ч сүүлийн 30 жилийн хугацаанд дорвитой алхам хийгээгүй, мөн бусдыг ч хийлгээгүй юм[6].
Сүүлийн 200 гаруй жил өөрийн түшиг гэж харж ирсэн Орос улсын стратегийн оппортунист байр суурь Армяныг сүүлийн жилүүдэд илүү Өрнөдийн чиг баримжаа руу эргэхэд түлхэц болсон гэж ажиглагчид үздэг. 2018 оноос хойш Пашиняны либерал шинэчлэлийн оролдлогуудыг Москва өмнөх гэрээ, хэлэлцээрүүд, эдийн засгийн ба аюулгүй байдлын хамаарлаараа дамжуулан (Армяны хилийн хамгаалалтын үлэмж хэсгийг ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын алба – ФСБ хариуцдаг, Оросын цэргийн баазууд Армянд байрладаг гм) хязгаарлаж байсан[7]. 2022 оны төгсгөлд Пашинян ОХУ-д төгссөн кадруудаас бүрддэг Тагнуулын байгууллагаа задлаж Оросын нөлөөгүй Гадаад тагнуулын алба шинээр байгуулах болсон[8], мөн 2023 онд NATO-той хамтран цэргийн дадлага сургууль хийсэн, Европын холбоо, АНУ, Их Британитай ойртон дотносох болсон зэрэг нь Москвагийн стратегийн эрх ашигт харшилж байна гэж ОХУ-ын тал олонтаа мэдэгдэл хийж сануулга өгч байв[9]. Москва, Ереваны хооронд үүссэн харилцааны эрс хүйтрэлийн нөхцөл тохиолыг Турк – Азербайжаны холбоотнууд чадамгай ашиглаж 2023 оны 9 дүгээр сард стратегийн нэг зорилтоо биелүүлэв.
Карабахын анклавын харалдаа Армяны хилийн нөгөө талд (Армян улс Иран, Турктэй хил залгадаг хэсэгт) Азербайжаны харьяа Нахичеваний өөртөө засах БНУ оршдог.
Зураг 1. Азербайжаны Нахичеваны газарзүйн байршил
Нахичеван нь Турктэй хил залгаж хэл, соёл, угсаатан, эдийн засгийн хувьд Азербайжан улсын Турктэй ойртон хамаарах гүүр, гарц болдог. Гэвч Армяны Сюник муж Азербайжан, Нахичеванийг зааглаж дунд нь байрших ба энэ мужийн нутгаар дайрч Азербайжаны салангид хоёр нутгийг холбох “Зангезурын хонгилыг нээх” явдал нь Баку төдийгүй Анкарагийн геостратегийн гол зорилт болно.
Нахичеван нь Турктэй 11 км хилээр нийлдэг бол Нахичеваниас Азербайжан хүрэх Зангезурын хонгил (Армяны Сюник мужаар дайрах) нь 43 км урттай. Одоогийн байдлаар Азербайжаны Турктэй холбогдох үндсэн дэд бүтэц нь Гүржийн нутгаар дайрч буй Баку-Тифлис-Карсын төмөр замын шугам бөгөөд хэрвээ Зангезурын хонгилыг нээж чадвал Евразийн дунд хонгилоор Өрнө-Дорныг холбох гол гүүр болох ач холбогдолтой.
Зангезурын стратегийн ач холбогдлыг харгалзан Карабахын хямралыг шийдэхэд оролцогч талууд бүр 1992 оноос “Хос хонгилын концепц” дэвшүүлж байсан ч Армяны тал хүлээн зөвшөөрөөгүй. Хос хонгил гэдэг нь Армяны тал Лачины хонгилоор Уулын Карабахтай холбогдох, хариуд нь Зангезурын хонгилоор Нахичеванийг Азербайжантай холбох тухай тохирооны тухай байсан ч Ереваны зүгээс энэ чиглэлд алхам хийхээс түдгэлзэж ирсэн. 2001 ба 2002 онуудад талууд нутаг солилцох, Уулын Карабахыг Лачин хонгилын хамт Армянд шилжүүлж хариуд нь Мегри хотын харалдаа хилийн бүсийг (Зангезурын хонгил нээх) Азербайжан улс авах тухай (land swap) асуудлыг хөндөн ярилцсан ч аль аль нь дотооддоо улс төрийн шийдвэр гарах хэмжээнд дэмжлэг авч чадаагүй юм.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Ашигласан эх сурвалж:
[1] Azerbaijan’s president raises national flag in Nagorno-Karabakh capital | France-24. 15/10/2023 https://www.france24.com/en/asia-pacific/20231015-azerbaijan-president-raises-national-flag-in-nagorno-karabakh-capital
[2] Nagorno-Karabakh region, Azerbaijan | Britannica /Last Updated: Nov 8, 2023/ https://www.britannica.com/place/Nagorno-Karabakh
[3] The Nagorno-Karabakh conflict explained | Politico.eu Sep.19.2023 https://www.politico.eu/article/nagorno-karabakh-conflict-azerbaijan-armenia-south-caucasus-russia/
[4] Nagorno-Karabakh Republic will cease to exist from Jan 1 2024 | Reuters. September 28, 2023 https://www.reuters.com/world/asia-pacific/nagorno-karabakh-republic-will-cease-exist-jan-1-2024-nagorno-karabakh-2023-09-28/
[5] Azerbaijan eyes southern Armenian border province of Syunik: Ilham Aliyev claims Syunik and much of Armenian territory is historically Azerbaijani, referring to it as “Western Azerbaijan”. | France-24. 17/10/2023 https://www.france24.com/en/tv-shows/focus/20231017-azerbaijan-eyes-southern-armenian-border-province-of-syunik
[6] OSCE Minsk Group: The Minsk Group, the activities of which have become known as the Minsk Process, spearheads the OSCE’s efforts to find a peaceful solution to the Nagorno-Karabakh conflict. It is co-chaired by France, the Russian Federation, and the United States. | OSCE https://www.osce.org/mg
[7] Russia’s Increasing Military Presence in Armenia | EVN Report. Mar 4, 2021 https://evnreport.com/politics/russia-s-increasing-military-presence-in-armenia/
[8] Foreign Intelligence Service mission is to effectively respond to modern-day threats, challenges – PM’s spokesperson | Armenpress. 4 October 2023 https://armenpress.am/eng/news/1121143/foreign-intelligence-service-mission-is-to-effectively-respond-to-modern-day-threats-challenges–pms-spokesperson.html
[9] Armenia Kicks Off Joint Military Exercises With U.S. Despite Russian Opposition | RFE/RL’s Armenian Service. September 11, 2023 https://www.rferl.org/a/armenia-military-exercises-us-russian-opposition/32587572.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Мэдээллийн технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх нь: Тулгарч буй сорилтуудДараах нийтлэл
Армян – Азербайжаны хямрал (II)Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23