Мэдээллийн технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх нь: Тулгарч буй сорилтууд
2023-11-10
“Дэлхий сүүлийн 100 жилд түүхэндээ байгаагүйгээр үсрэнгүй хувьсан өөрчлөгдсөн. Энэ нь улс төр эсвэл эдийн засаг бус технологийн хөгжилтэй шууд холбоотой ” Стивен Хокинг
Сүүлийн жилүүдэд мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглах асуудлыг тойрсон эдийн засаг, цахим гэмт хэргийн тоо хэмжээ, суурь үзүүлэлт эрс өсч байна. Цахим орчинд хууль бус үйл ажиллагаа явуулж буй этгээдүүд үйл ажиллагаагаа олон улсын аюулгүй байдлын хямралт нөхцөл байдлын үед эрчимжүүлж байгааг шинжээчид онцлоод байгаа билээ.
Энэ үйл явцтай тэмцэхэд төрийн болоод төрийн бус байгууллага, холбогдох бусад оролцогчид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, зохицуулалтын механизмыг бүрдүүлэхийг хичээж байгаа ч аюул, заналтай бүх нийтээр тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцолсоор байгаа юм[1].
Олон талт хамтын ажиллагааны хүрээнд
Бүх нийтийн өмнө тулгамдаж буй энэхүү сорилттой хамтын хүчээр тэмцэх зорилтын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг 1998 оноос НҮБ-ын хэлэлцэх хэрэгт оруулан, 2004 оноос олон улсын аюулгүй байдлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахаас үүсч буй аюул занал, түүнтэй хэрхэн тэмцэх зөвлөмж, бодлого дээр ажиллах Засгийн газрын шинжээчдийн бүлгийг байгуулсан[2].
НҮБ-ын мандаттай механизмуудын нэг болох цахим орчин дахь улс, орнуудын хариуцлагатай байдлыг дээшлүүлэх Засгийн газрын шинжээчдийн бүлэг (United Nations Group of Governmental Experts – GGE) 2019-2021 оны мандатынхаа дагуу илтгэлээ танилцуулж, илтгэлийн[3] 2 дугаар бүлэгт тулгамдаж буй болон үүсч болзошгүй сорилт, бэрхшээлийг дүгнэн танилцуулсан. Зарим анхаарал татах дүгнэлтээс товч дурдвал:
- Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглах төрийн болон төрийн бус оролцогчдын хүрээ, эрсдэлт байдлын түвшин, чиглэл нэмэгдсэн. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн аюул занал нь бүс нутгийн хүрээнд харилцан адилгүй байгаа ч хор уршиг нь дэлхий нийтийг хамрах боломжтой;
- Зарим орнууд мэдээлэл, харилцаа холбооны технологийг цэрэг дайны зорилгоор хөгжүүлж байгаа ба улс хоорондын сөргөлдөөнд дээрх технологийг ашиглах магадлал өссөөр байна; Шинжээчдийн бүлгийн энэ дүгнэлт биелэлээ олж байгаа нь сүүлийн үеийн үйл явдлаар нотлоглож байгаа.
- Зарим орнууд мэдээлэл, харилцаа холбооны технологийн боломжийг улс төр болон бусад зорилгоор ашиглаж байна. Ингэхдээ, дотоод хэрэгт технологийн тусламжтайгаар оролцож, тогтвортой байдалд бүхэлд нь нөлөөлөх оролдлого нэмэгдэж байна;
- Шинэ тутам бий болж, хэрэглэгчдэд нийлүүлэгдэж буй технологи нь түүнийг урвуулан ашиглах шинэ боломжуудыг мөн давхар бүрдүүлж байна. Цаашлаад, террорист бүлэглэл, түүний төлөөний этгээдүүд элсүүлэлт, санхүүжилт, бэлтгэл, төлөвлөлт, хэрэгжүүлэлт болон сурталчилгааны зорилгоор технологийг ашиглаад зогсохгүй мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан онц ач холбогдол бүхий дэд бүтэц рүү халдах нөхцөл бүрдээд байгаа нь энэ асуудалтай бүх нийтийн хүчээр тэмцэхгүй орхисон нөхцөлд олон улсын энх тайван, аюулгүй байдалд нэн сөргөөр нөлөөлөх аюултай болоод байна; гэж дүгнэв.
АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөлөөс[4] гаргасан Дэлхийн чиг хандлага 2040 илтгэлд “…технологийн хөгжил, хиймэл оюун ухаан, биотехнологи, зүйлсийн интернет[5] нь террорист бүлэглэл болон түүний төлөөний этгээдүүдэд халдлага хийх өргөн боломжийг олгож, тэдгээр нь хил дамнасан харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтой” гэдгийг онцолсон.
Тэгвэл тулгарч буй технологийн сорилт, бэрхшээлийг хамтын хүчээр шийдвэрлэх, бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн, заавал дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийг боловсруулахын тулд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 74/247 тоот тогтоолоороо Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх иж бүрэн Конвенц боловсруулах тусгай хороог[6] байгуулсан. Хорооны зүгээс мэдээллийн технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх чиглэлд үндэсний, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд гаргаж буй хүч чармайлт, сайн туршлага, олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг бүхэлд нь авч үзэж, эрх зүйн баримт бичиг боловсруулах зорилгыг биелүүлэхээр 2021-2023 онд нийт 6 удаа хуралдаад байна.
Ирэх 2024 оны 1 дүгээр сард тус Хороо эрх зүйн баримт бичгийг эцэслэх хуралдаанаа Нью-Йорк хотноо хийх ба олон улсын хамтын нийгэмлэг технологийн хөгжлөөс үүдэлтэй бүх нийтийн өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, цахим орчин дахь улс, орнуудын хариуцлагатай байдлыг зохицуулах бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн, иж бүрэн анхны эрх зүйн баримт бичигтэй (Конвенц) болох эсэх нь шийдэгдэх гэж байна.
Олон улсын эрхзүйн зохицуулалтад тулгарч буй хүндрэл
Мэдээллийн технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглах, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгарч буй гол асуудал нь олон улсын болоод үндэсний хууль, эрх зүйн хөгжил технологийн хөгжлөөс хэт хоцорч байгаатай холбоотой гэдэг дээр шинжээчид санал нэгддэг. Энэхүү хоцрогдлыг зохицуулахын тулд олон улсын эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын Дүрэм болон бусад холбогдох олон улсын эрх зүйн баримт бичгүүд цахим орчинд үйлчилж байгаа эсэхэд гишүүн орнууд харилцан адилгүй байр суурьтай байсаар ирсэн бөгөөд дараах асуултууд нээлттэй хэвээр байна. Үүнд:
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон улсын хууль, эрх зүйн хэм хэмжээ цахим орчинд үйлчилж байгаа эсэх;
Олон улсын хууль, эрх зүйн хэмжээ, НҮБ-ын Дүрмийн зарим зүйлүүд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолууд цахим орчин дахь гишүүн орнуудын хариуцлагатай байдлыг тодорхой түвшинд зохицуулсан гэдэг дээр дийлэнх гишүүн орнууд санал нэгддэг.
НҮБ-ын Дүрэм цахим орчинд хэрхэн үйлчилж байгаа талаар;
НҮБ-ын Дүрэм бүхэлдээ цахим орчинд үйлчлэх ёстой гэдэг дээр гишүүн орнуудын дийлэнх санал нэгддэг бөгөөд Засгийн газрын шинжээчдийн бүлэг, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн аюулгүй байдлын талаарх Нээлттэй ажлын хэсгийн[7] илтгэлүүд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолуудад мөн баталгаажсан байдаг.
Гэвч НҮБ-ын Дүрмийн тодорхой зүйл, заалтууд болоод түүний тайлбар нь зарим хүндрэлүүдийг бий болгодог байна. Тухайлбал:
Улсын бие даасан байдал цахим орчинд хэрхэн тодорхойлогдох талаар;
НҮБ-ын Дүрмийн гол зарчмуудын нэг болох өөрөө өөрийгөө тодорхойлох, гишүүн орнуудын эрх тэгш байдлыг Дүрмийн 2 дугаар зүйлд зохицуулсан. Дүрмийн дагуу нэг гишүүн орон нөгөө гишүүн орны бие даасан байдлыг хүндэтгэх үүргийг хүлээж энэ хүрээнд бие даасан байдалд халдах цахим үйл ажиллагаа явуулахгүй байх ёстой гэдэг дээр санал нэгддэг. Цаашлаад, энэхүү үүргээс үүсэх хариуцлагыг зарим гишүүн орон өөрийн улсын нутаг дэвсгэрийн хүрээнд зохицуулах эрхтэй холбодог (дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчим) мөн зарим гишүүн орон өөрийн улсын нутаг дэвсгэрийг аливаа цахим халдлага үйлдэх талбар болж ашиглагдахаас урьдчилан сэргийлэх, үл зөвшөөрөх ёстой гэж үздэг.
Мөн түүнчлэн, тодорхой асуудлаар гишүүн орнуудын дунд байр суурь зөрүүтэй байсаар ирсэн. Жишээлбэл, мэдээллийн сан руу чиглэсэн хил дамнасан цахим халдлага нь дийлэнхдээ “proxy” сервер эсвэл халдлагаа далдлах бусад арга, хэрэгслийг ашигладаг нь халдлага үйлдэгчдийг тогтооход нэн бэрхшээлтэй болгодог зэрэг байдалтай холбоотой юм. Улмаар, тухайн халдлага нь халдлагад өртсөн улсын бие даасан байдалд аюул занал учруулах боломжтой хил дамнасан үйл ажиллагаа байсан эсэхийг нотлоход хүндрэл учруулж байгаа юм.
Дотоод хэрэгт үл оролцох зарчим цахим орчинд хэрхэн зохицуулагдах талаар;
Гишүүн орны бүрэн эрхт байдлын зарчмаас үүдэлтэй дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчим нь нэг гишүүн орон нөгөө гишүүн орныхоо дотоод болон гадаад хэрэгт дарамт үзүүлэх зорилгоор хөндлөнгөөс оролцохыг хориглодог. Гэвч мэдээлэл, харилцаа холбооны технологи нь энэхүү зарчмыг үл харгалзан тухайн улсын дотоод болон гадаад хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжийг бүрдүүлж байна гэж шинжээчид үздэг. Үүнтэй холбогдуулж, дараах асуулт гарч ирж байгаа юм: Уламжлалт ойлголтоор зэвсэг хэрэглээгүй цахим халдлагыг шахалт, хүч хэрэглэх, эсвэл зэвсэгт түрэмгийллийн алинд нь харьяалуулах вэ?
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн аюулгүй байдлын асуудлаарх Нээлттэй ажлын хэсгийн оролцогч орнууд цахим халдлага ба түүний үр нөлөөг авч үзэхдээ уламжлалт болон хориглосон зөрчил/гэмт хэрэгтэй харьцуулан тухайн халдлагын цар хүрээ, учруулсан хохирол, үр нөлөөн дээр үндэслэн тодорхойлно, санхүүгийн эсвэл эдийн засгийн ноцтой хохирол учруулсан цахим халдлагын үр нөлөөн дээр суурилан хүч хэрэглэсэн гэж үзэж болохыг үгүйсгэх боломжгүй гэсэн байр суурьтай байдаг. Улмаар, оролцогч орнууд хүч хэрэглэхийг хориглох нь зүйтэй гэсэн байр суурь дээр нэгдэж, ажлын хэсгийн хэлэлцэх хэргийн гол асуудлуудын нэг гэж үзсэн байна. Харин зэвсэгт түрэмгийлэл, түүнээс үүдэх батлан хамгаалах эрхээ хэрэгжүүлэх асуудлын хувьд, зэвсэгт түрэмгийллийг зөвхөн уламжлалт байдлаар хэрэгжүүлж байж тухайн орон өөрийгөө батлан хамгаалах эрхээ хэрэгжүүлэх эсэх тал дээр Нээлттэй ажлын хэсэг нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй.
Цахим халдлагын хариуд НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлд зохицуулсан өөрийгөө батлан хамгаалах эрх хэрэглэгдэх эсэх талаар;
НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлд аль нэг гишүүн орон зэвсэгт түрэмгийлэлд өртсөн тохиолдолд тухайн орон дангаараа эсвэл хамтын хүчээр батлан хамгаалах эрхээ хэрэгжүүлэхийг зохицуулсан байдаг. Энэхүү зохицуулалт нь цахим орчин, цахим халдлагад хэрхэн нийцэж байгаа болон зэвсэгт түрэмгийллийн хэмжүүр нь зөвхөн биет хохирлоор хэмжигдэх үү эсвэл санхүү, эдийн засаг, байгаль орчин, улс төрийн хохирол учруулсан цахим халдлага үүнд багтах уу гэсэн асуулт зүй ёсоор гарч байгаа бөгөөд үүнийг тодорхойлохдоо Таллины гарын авлага[8]-д санал болгосон агуулга, зорилго, эсвэл хор уршиг зэрэг хүчин зүйлсийг тооцох шаардлагатай эсэх нь маргаантай хэвээр байна. Асуудлын гол нь, өөрийгөө батлан хамгаалах бөгөөд цахим халдлагад өртсөн орон уламжлалт буюу цэрэг, зэвсгийн хүчээр хариу арга хэмжээ авах боломжтой эсэх юм. Чухамхүү эл асуудалтай холбогдуулж Засгийн газрын шинжээчдийн бүлэг 2017 онд илтгэлээ нийтийн зөвшилцлөөр баталж чадаагүй билээ.
Харин мөн бүлгийн 2021 оны илтгэлд цахим халдлагад өртсөн нэг орон цахим халдлага үйлдсэн байж болзошгүй гэж үзэж буй нөгөө орны цахим халдлагын хариуд үзүүлэх арга хэмжээ нь НҮБ-ын Дүрэм болон олон улсын эрх зүй бусад, тэр дундаа маргааныг энхийн замаар шийдвэрлэх, олон улсын хэмжээнд хууль бус үйлдэл хийхтэй холбоотой үүрэг хариуцлагатай нийцэх ёстой гэж дүгнэсэн байдаг.
Энэ дүгнэлтийн талаарх гишүүн орнуудын байр суурь мөн л харилцан адилгүй байдаг. Нэг талаас НАТО-гийн зүгээс Гэрээ[9]-ний 5 дугаар зүйлийн дагуу гэрээний гишүүн орон цахим халдлагын хохирогч болсон тохиолдолд, ердийн зэвсгийг оролцуулан, бүхий л хариу арга хэмжээг авах эрхийг хэрэгжүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлдэг бол ОХУ-ын зүгээс, цахим халдлагын хариуд уламжлалт байдлаар хүч хэрэглсэн хариу арга хэмжээ авах нь эрх зүйн үндэслэлгүй, наандаж л НҮБ-ын Аюулгүй Зөвлөл хэлэлцэж шийдвэрлэсэн байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлдэг.
Тэгвэл цахим халдлагын хариуд өөр ямар арга хэмжээнүүдийг авах боломжтой талаар;
Цахим халдлагын хариуд батлан хамгаалах эрхээ хэрэгжүүлэх хүрээнд халдлагыг тогтоон барихын тулд батлан хамгаалах эрхээ өрсөж хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх цохилт өгөх асуудлыг авч үзэх шаардлагатай эсэх дээр мөн гишүүн орнуудын байр суурь зөрчилддөг. Тухайлбал, АНУ, ЕХ дараах үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үздэг. Үүнд: АНУ-ын кибер стратегийн[10] дагуу цахим халдлагын эсрэг хариу арга хэмжээ авахаас гадна халдлага дахин гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоон барих хариу арга хэмжээг урьдчилж авах шаардлагатай гэж үздэг. Энэ хүрээнд халдлага үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлага, тэр дундаа, хориг арга хэмжээ авах, холбоотнуудын дэмжлэгийг авах, мөн хариу цахим цохилт өгөх зэргийг хүлээн зөвшөөрч дэмжсэн байдаг.
ЕХ-ны хувьд, цахим халдлагатай тэмцэх, тогтоон барих зорилгын хүрээнд цахим дипломат ажиллагаа, хориг арга хэмжээний дэглэмийн бодлогыг[11] баталсан байдаг. Нөгөөтэйгүүр, ЕХ-ны зарим гишүүн орнууд үндэсний түвшинд байр сууриа илэрхийлэхдээ, цахим халдлагын хариуд батлан хамгаалах эрхээ хэрэгжүүлэх эрхтэй ч халдлагыг урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилж цохилт өгөхийн эсрэг байр суурь илэрхийлдэг байна.
Дю дилиженс (due diligence) нь үүрэг байх ёстой эсэх;
Цахим орчин дахь “due diligence” гэдэг нь аль нэг улс өөрийн нутаг дэвсгэрийг өөр улсын чиглэлд үйлдэгдэх цахим халдлагад ашиглагдахгүй байх арга хэмжээг авах үүрэг гэж үзэн Засгийн газрын шинжээчдийн 2015, 2021 оны илтгэл, Нээлттэй ажлын хэсгийн тогтоолд зохицуулж, гишүүн орон өөрийн улсын нутаг дэвсгэрийг өөр улсын эсрэг хэрэгжүүлэх аливаа цахим халдлагад ашиглуулахыг үл зөвшөөрөхийг уриалж, зөвлөмжилсөн.
Үүнтэй холбогдуулж, ЕХ-оо Корфу-гийн хэргийг[12] үндэслэн “due diligence”-ийг, цахим орчноор хязгаарлахгүйгээр, заавал дагаж мөрдөх үүрэг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, эс бөгөөс халдлагад өртсөн тал хариу арга хэмжээ авах нөхцлийг шууд бүрдүүлнэ гэж анхааруулсан. Харин ОХУ болон түүнтэй санаа нэгт орнууд “due diligence”-ийг үүрэг гэж ерөнхийлөн үзэхээс татгалзаж, зөвхөн Засгийн газрын шинжээчдийн бүлгийн илтгэлд зохицуулсан байдлаар дэмжсэн юм.
Ийнхүү мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглах, цахим орчин дахь улс, орнуудын хариуцлагатай байдлыг зохицуулах асуудлаар олон талт хамтын ажиллагааны хүрээнд гишүүн орнуудыг оролцуулсан яриа, хэлэлцээний механизмууд ажиллаж байгаа ч Засгийн газрын шинжээчдийн бүлгийн сүүлийн илтгэлээс хойших 2 жилийн хугацаанд нээлттэй байгаа дээрх асуултууд шийдлээ олсон эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Дүгнэлт
Мэдээлэл, харилцаа холбооны технологи, хиймэл оюун ухааны хурдтай хөгжил дэлхийн нийтэд шинэ боломжуудыг нээж байгаагийн зэргэцээ аюулгүй, эрх тэгш байдал, ёс зүй, хүний эрх, эрх чөлөө зэрэг асуудлууд нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж эхэлсэн юм. Хүн амд нийтэд нь нөлөөлөх чадвартай хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хөгжил нь улс хооронд цахим өрсөлдөөнийг бий болгох, тодруулбал, бидний мэдээллийн нэгдсэн санг олзворлох замаар эдийн засаг, эрүүл мэнд, аюулгүй байдлын давамгай байдлыг өөртөө бий болгохын тулд хүчирхэг улсууд, томоохон технологийн платформууд нээлттэй өрсөлдөөнд орох магадлал өндөр болсон. Улмаар, технологийн өндөр хөгжилтэй, хүчирхэг орнууд хиймэл оюун ухаан, биотехнологийг хөгжүүлснээр бусад орны хүн ам, эко-системийг удирдлагадаа авч “цахим колончлол”-ын хэлбэр бодит байдалд биелэлээ олох боломж бүрдээд байгааг шинжээчид онцлон тэмдэглээд байна.
НҮБ-ын гишүүн орны халдашгүй бүрэн эрхт байдал цахим орчинд мөн адил хамаарахыг улс орнууд санал нэгтэй дэмжиж байгаа боловч цахим халдлагад өртсөн улсыг бодит зэвсэгт халдлагад өртсөнтэй адилтган авч үзэх эсэх, хэрхэн зохицуулах талаар тодорхой бус хэвээр байна. Өдгөө цахим орчин дахь гэмт хэргийг олон улсын хууль эрхзүйд хэрхэн зохицуулах асуудлаар хэлэлцэж, гишүүн орнуудын хариуцлагыг нэмэгдүүлэх бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн, заавал дагаж мөрдөх эрхзүйн баримт бичигтэй болох асуудал НҮБ-ын анхаарлын нэг гол асуудал болоод байна.
“Цахим тусгаар тогтнол”-ын уг асуудлаар манай улс мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийг анхааралтай ажиглаж, сайн туршлагыг суралцаж, технологийг эх орондоо нутагшуулах, боловсон хүчнээ бэлтгэн, үндэсний чадавхиа бэхжүүлэхийг зорихын зэргэцээ мэдээллийн аюулгүй байдлын талаар үйл ажиллагаа явуулж буй болон цахим орчин дахь улс, орнуудын хариуцлагатай байдлыг зохицуулсан эрх зүйн баримт бичиг боловсруулах олон улсын механизмуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн улсын аюулгүй байдал, эрх ашиг, байр сууриа ханган хамгаалах шаардлагатай юм.
Ашигласан эх сурвалж:
[1] Upcoming negotiations on a possible cybercrime convention Microsoft’s submission https://www.unodc.org/documents/Cybercrime/AdHocCommittee/First_session/Statements/Microsoft_position_-_first_session.pdf
[2] Developments in the field of information and telecommunications in the context of international security https://disarmament.unoda.org/ict-security/#:~:text=Beginning%20in%202004%2C%20six%20Groups,these%20threats%20should%20be%20addressed.
[3] UN GGE 2021 report https://dig.watch/resource/un-gge-2021-report
[4] NATIONAL INTELLIGENCE COUNCIL (NIC) https://www.dni.gov/index.php/who-we-are/organizations/mission-integration/nic/nic-who-we-are
[5] Internet of Things буюу IoT, мөн юмсын/зүйлсийн интернет) гэдэг бол физик төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэт, дотроо электроник, програм хангамж, мэдрүүл, асаагуурыг шигтгэсэн юмсын сүлжээ.
[6] Ad Hoc Committee to Elaborate a Comprehensive International Convention on Countering the Use of Information and Communications Technologies for Criminal Purposes https://www.unodc.org/unodc/en/cybercrime/ad_hoc_committee/home
[7] Open-ended working group on security of and use of information and communication technologies
[8] THE TALLINN MANUAL 2.0: HIGHLIGHTS AND INSIGHTS https://www.law.georgetown.edu/international-law-journal/wp-content/uploads/sites/21/2018/05/48-3-The-Tallinn-Manual-2.0.pdf
[9] The North Atlantic Treaty https://www.nato.int/cps/en/natolive/official_texts_17120.htm
[10] 2023 DOD Cyber Strategy https://media.defense.gov/2023/Sep/12/2003299076/-1/-1/1/2023_DOD_Cyber_Strategy_Summary.PDF
[11] The Cyber Diplomacy Toolbox https://www.cyber-diplomacy-toolbox.com
[12] Corfu Channel (United Kingdom of Great Britain and Northern Ireland v. Albania) https://www.icj-cij.org/case/1
Мэдээлэл, харилцаа холбооны технологи, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нэмэлт мэдээлэл, материал:
Олон улсын аюулгүй байдлын хүрээнд цахим орчин дахь гишүүн орнуудын харицлагатай байдлыг дээшлүүлэх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлгийн илтгэл https://front.un-arm.org/wp-content/uploads/2021/08/A_76_135-2104030E-1.pdf
Терроризмтой тэмцэх дэлхийн стратегийн 8 дугаар хэлэлцүүлэг https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N23/189/01/PDF/N2318901.pdf
Технологийн хөгжлийн аюул занал https://www.odni.gov/files/NCTC/documents/jcat/firstresponderstoolbox/134s_-_First_Responders_Toolbox_-_Emerging_Technologies_May_Heighten_Terrorist_Threats.pdf
Майкрософт компаний “Digital defense-2023” илтгэл https://www.microsoft.com/en-us/security/security-insider/microsoft-digital-defense-report-2023
Дэлхийн кибер аюулгүй байдлын индекс
https://www.itu.int/en/ITU-D/Cybersecurity/Pages/global-cybersecurity-index.aspx
https://www.itu.int/epublications/publication/D-STR-GCI.01-2021-HTM-E
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Улс төрийн сонгууль дахь гадаадын нөлөөДараах нийтлэл
Армян – Азербайжаны хямрал (I)Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02