Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу

2025-05-19

https://niss.gov.mn/wp-content/uploads/2025/05/uranium-1140x640-1.jpg

2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны бүтээгдэхүүн импортолсон нь нийт 22 тэрбум еврогийн эрчим хүчний  импортын багахан хувийг эзэлж буй боловч Оросын уранаас хамааралтай байдал нь стратегийн ноцтой эрсдэл үүсгэх тул ураны импортыг үе шаттайгаар зогсоох, илүү тодорхой стратеги боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн ЕХ-оос үзэж байна.

Боловсруулсан, боловсруулаагүй, баяжуулсан уран болон түлшний элементүүд нь Европын Холбооны цахилгаан эрчим хүчний дөрөвний нэг орчим хувийг үйлдвэрлэдэг цөмийн эрчим хүчний реакторуудыг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай байдаг. Гэвч ОХУ байгалийн хийн экспортоо геополитикийн хэрэгсэл болгон ашигладаг мөн Украинд халдан довтолсон зэрэг асуудалтай уялдуулан авч үзвэл Европын холбоо Росатом компанитай бизнесээ үргэлжлүүлж буй нь тус холбооны бодлого тодорхойлогчдын өмнө дөрвөн гол сорилтыг учруулж байна хэмээн “Бругл” судалгааны хүрээлэнгийн нийтлэлд дурджээ. Үүнд:

  • Эрчим хүчний аюулгүй байдлын эрсдэл

ОХУ нь найдвартай худалдааны түнш биш бөгөөд байгалийн хийн экспортоо огцом бууруулсны улмаас Европын холбооны орнууд хэсэг хугацаанд хүнд нөхцөлд орсон. Хэрэв Орос ураны экспортоо гэнэт зогсоовол нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Үүнээс сэргийлэх зорилгоор Европын эрчим хүчний компаниуд нөөц бүрдүүлж эхлээд байна.

  • Улс төрийн хуваагдал үүсгэж, нэгдсэн гадаад бодлогод саад учруулах эрсдэл

Оросоос ураны бүтээгдэхүүн импортолдог ЕХ-ны зарим гишүүн орнуудтай Оросын тал харилцаагаа гүнзгийрүүлэх нь нэгдсэн гадаад бодлогод саад учруулж байна. Энэ нь Кремлийн хувьд ЕХ-ны дотоод эв нэгдлийг сарниулах, нөлөөллөө тэлэх боломжийг олгож байна. Тухайлбал, Росатом компани Унгарт шинэ цөмийн станц барьж байгаа бөгөөд Унгар ЕХ-оос Орост хориг тавихыг эсэргүүцэж байсан.

  • Росатом компанитай холбоотой тодорхой эрсдэлүүд

Уг компани нь Оросын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын нэгэн хэсэг бөгөөд цөмийн зэвсэг үйлдвэрлэлд гүнзгий оролцдог. Тус компани нь Ростек зэрэг хоригт орсон батлан хамгаалахын олон компанитай хамтран ажилладаг  ба цэрэг-эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй мэдлэг, технологи, нөөцөө хуваалцдаг байна. Росатомын төлөөлөгчид 2023 онд батлан хамгаалахын захиалгыг амжилттай биелүүлж байгаагаа мэдээлж байсан юм.

  • Хоригийн цоорхой, дайны санхүүжилт

ЕХ-ны нэг талаас Росатом зэрэг Оросын төрийн өмчит компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, нөгөө талаас хориг арга хэмжээг гүнзгийрүүлж буй хоёрдмол бодлого нь хоригийн цоорхой үүсгэж байна. Росатом гуравдагч орнуудад цөмийн станц барих, түлш нийлүүлэх олон гэрээтэй бөгөөд эдгээр нь хориг арга хэмжээг тойрч санхүүгийн гүйлгээ хийх хэрэгсэл болж болзошгүй юм.

Тодруулбал, ЕХ Оросын Украинд явуулж буй дайныг санхүүжүүлж байна гэж үзэж болох нэг үзүүлэлт нь зөвхөн Росатомын 2024 оны гадаад орлого 18 тэрбум долларт хүрсэн явдал юм. Мөн онд ЕХ Оросын ураны бүтээгдэхүүнд 700 гаруй сая ам.доллар төлснөөс гадна жил бүр 15 тэрбум еврогийн байгалийн хий худалдан авдаг. Уг эдийн засгийн эргэлт нь харьцангуй бага ч богино хугацаанд Кремлийг санхүүжүүлж буй. Гэхдээ энэ нь бусад гурван стратегийн эрсдэлтэй харьцуулахад ач холбогдол багатай гэж үзэж болно.

ЕХ-ны ураны импортын хамаарал

Европын ураны бүтээгдэхүүн нь импортоос бүрэн хамааралтай тул тус холбоо тээвэр-логистикт шинэ хөрөнгө оруулалт хийж, Канад, Австрали, Намиби зэрэг тогтвортой уран олборлогч орнуудтай түншлэлийг бэхжүүлж, Казахстан болон бусад Төв Азийн үйлдвэрлэгчдээс өөр нийлүүлэлтийн чиглэлүүдийг хөгжүүлэх шаардлагатай гэж судлаачид үзжээ.

Эх сурвалж: Европын атомын эрчим хүчний хамтын ажиллагааны хангамжийн агентлаг, зах зээлийн ажиглалтын төв

ЕХ Оросын ураны импортыг даруй бүрэн зогсоох боломжгүй

Европын Холбоо болон холбоотон орнуудад үйл ажиллагаа явуулж буй компаниуд нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа хангалттай нэмэгдүүлэх технологийн болон эдийн засгийн боломжтой ч төслүүд хэрэгжихэд хугацаа шаардлагатай бөгөөд ашиглалтад оруулахад 7 жил хүртэлх хугацаа шаардагдаж болзошгүй байна.

Байгалийн хийн хувьд, ОХУ нийлүүлэлтээ гэнэт урьдын адил зогсоох эрсдэл бодитой хэвээр байна. Хэрэв ЕХ Оросын нийлүүлэлтийг үе шаттайгаар бууруулах бодлого баталбал, энэ нь Оросоос түргэн шуурхай, гэнэтийн хариу арга хэмжээ авах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Гэхдээ эрчим хүчний компаниудын бүрдүүлсэн ураны нөөц нь богино хугацааны эрсдэлийг зөөлрүүлж чадах ч урт хугацаанд сөрөг нөлөөллөөс бүрэн зайлсхийхийн тулд өөр нийлүүлэлтийн сувгийг эрэлхийлэх нь хамгийн үр дүнтэй шийдэл юм.

Дүгнэлт

Европын Холбоо нь Оросын ураны импортоос хараат байдлаа бууруулахын тулд зохион байгуулалттай, үе шаттай арга хэмжээ авах шаардлагатайг судлаачид онцолж байна. Ингэхдээ энэхүү стратеги нь дараах хоёр үндсэн зорилгод чиглэгдэх ёстой гэж үзжээ. Үүнд:

  1. Дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх

ЕХ дотоодын нийлүүлэлтийг өргөжүүлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж эхлээд байгаа тул үүнд зохих ёсоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

2. ОХУ-ын төрийн өмчит Росатом компанийн Европын зах зээлд нэвтрэх боломжийг аажмаар хязгаарлах

Эхний шатанд баяжуулсан ураны импортын хязгаарлалтыг одоо байгаа нөөцөөр тасалдал багатай даван туулах боломжтой гэж үзэж байгаа бол хоёрдугаар шатанд VVER төрлийн реакторт зориулагдсан боловсруулсан түлшний импортод хориг тавих шаардлагатай гэжээ. Үүний тулд Европын хориг арга хэмжээнд үндэслэн Росатомтай байгуулсан урт хугацааны гэрээнүүдийг давагдашгүй хүчин зүйлийн заалтаар (force major) зогсоох шаардлагатай бөгөөд хэрэв хойшид Оросоос уран импортлох зайлшгүй шаардлагатай гэж үзвэл компаниуд АНУ-ын ураны хоригт мөрдөгддөг зарчмын адил үндэсний аюулгүй байдлыг үндэслэн өргөдөл гаргах боломжийг нээлттэй үлдээх аж.

Ашигласан материал:

  1. IAEA (2023) ‘Global Inventories of Secondary Uranium Supplies’, IAEA TECDOC Series 2020, International Atomic Energy Agency,available at https://www-pub.iaea.org/MTCD/Publications/PDF/TE-2030web.pdf
  2. IAEA (2024) ‘Nuclear Power Reactors in the World’, Reference Data Series No. 2, International Atomic Energy Agency,available at https://www-pub.iaea.org/MTCD/Publications/PDF/p15748-RDS-2-44_web.pdf
  3. Rosatom (2023) Performance of State Atomic Energy Corporation Rosatom, Annual Report,available at https://www.report.rosatom.ru/go_eng/go_rosatom_eng_2023/rosatom_2023_eng.pdf

Ангилал: Долоо хоногийн тойм