Үргэлжлэл, эхлэл хэсэг нь өмнөх дугаарт
CFE гэрээний төгсгөл 2000 – 2022
2000 аад оны эхэнд CFE шинэчилсэн заалтуудын дагуу гарын үсэг зурж соёрхон баталсан 4 улс байсан нь ОХУ, Украин, Беларусь, Казахстан бөгөөд НАТО-гийн гишүүн орнууд бүгд соёрхон батлаагүй, хуучин Варшавын гэрээний байгууллагад байсан улсууд ээлж дараалан НАТО-д элссэн явдал, мөн Балтийн 3 улс ба Словени улсууд гэрээний 1990 оны, 1999 оны аль ч хувилбарт хамаарахгүй (нэгдэн ороогүй) байсан тул зэвсэглэлийн ямар ч хязгаарлалт үйлчлэхгүй дүрэмгүй бүс болж хувирсан зэрэг асуудлын улмаас CFE гэрээ мухардалд орсон.
- 1999 онд Польш, Унгар, Чех улсууд НАТО-д элсэв.
- 2002 онд АНУ 1972 оны Баллистик пуужингаас эсэргүүцэн хамгаалах системийн тоог хязгаарлах гэрээнээс дангаараа гарав.
- АНУ 2002 оноос Польш, Чех улсуудад пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем байгуулах талаар яриа хэлэлцээ хийж эхлэв.
- АНУ 2003 оноос Болгар, Румын улсуудад цэргийн бааз байгуулах судалгаа хийж эхлэв.
- 2004 онд Болгар, Румын, Словак, Словени, Латви, Литва, Эстони улсууд НАТО-д элсэв.
НАТО-гийн цэргийн дэд бүтэц, бааз хуучин Варшавын гэрээний гишүүн байсан Европын орнуудын нутгийн дорнод хэсэг рүү тэлж хуучин ЗХУ-ын хил дээр ирсэн явдал ОХУ-ын эрх баригчдыг хариу арга хэмжээ авахад хүргэсэн аж[1].
Евразийн зүрхэн газрын зааглалт бүс. Эх сурвалж: “Europe-in-Between” by Jurica Botić www.researchgate.net
2007 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин CFE гэрээний (1990 ба 1999 оны нэмэлт хувилбар аль аль нь) нөхцөлүүд тус улсын аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа тухай мэдэгдэл хийж, тус улс гэрээний үүрэг биелүүлэхээ (дата, мэдээлэл өгөх) түдгэлзүүлж зогсоов. Гэхдээ ОХУ-ын тал ЕАБХАБ-ын гишүүн 55 улсад өөрийн зэвсэгт хүчний тухай тусдаа илтгэл бэлтгэж илгээсэн ба 2015 он хүртэл CFE гэрээний хяналт, хэрэгжилтийг хариуцдаг Зөвлөлдөх бүлэгт (JCG) оролцсон хэвээрээ байв. 2011 оноос АНУ мөн гэрээний үүргийнхээ хэрэгжилтийг түдгэлзүүлж, ОХУ-тай харилцан хяналт шалгалт хийдэг процессоо зогсоосон юм. CFE гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал тодорхойгүй болсон энэ үед ОХУ-ын зүгээс 2008 онд Гүрж, 2014 оноос Дорнод Украин, Крым, 2015 оноос Сирид тус тус цэргийн ажиллагаа явуулсан бол НАТО улам өргөжиж Балканы хойгт гишүүнчлэлээ тэлж мөн 2019 онд АНУ “Ойрын ба дунд тусгалын цөмийн цэнэгт хошуу тээгч пуужинг хориглох тухай гэрээ”-ээс гарав.
2021 оны 12 дугаар сард ОХУ-ын талаас АНУ, НАТО, ЕАБХАБ-д хандан тус улсыг тойрсон бүс нутагт хамаарах (ЕАБХАБ, Евро-Атлант, Еврази) аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх шинэ яриа хэлэлцээний (Өрнөдийн хэвлэлийн тодорхойлолтоор: Тулган шаардалт) саналууд хүргүүлсэн[2]. ОХУ-ын гаргаж тавьсан саналуудыг тоймловол:
- Талууд бие биеийнхээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой эрх ашгийг харилцан хүндэтгэх
- “НАТО – ОХУ-ын суурь гэрээ” байгуулагдсан 1997 оны 5 дугаар сарын 27-оос өмнөх байдал руу түүнээс хойш нэмж тэлсэн НАТО-гийн цэрэг, зэвсэг техник, бааз, цэргийн дэд бүтцийг буцаан татах, энэ хугацаанаас хойш НАТО-д элссэн орнуудад цэрэг, зэвсэг байршуулах бол тус гэрээнд оролцогч бүх талуудаас зөвшөөрөл авах (тухайлбал ОХУ-аас)
- НАТО шинээр нэмж тэлэхгүй байх, ялангуяа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд, Украин, Гүрж улсуудыг элсүүлэхгүй байх
- НАТО-гийн гишүүн улсууд Дорнод Европ, Украин, Өмнөд Кавказ, Төв Азийн бүс нутаг ямарваа нэг цэргийн ажиллагаа явуулахгүй байх, хээрийн сургуулийн зорилгоор бригадаас дээш хэмжээтэй хүчний маневр хийхгүй байх
- Ойрын ба дунд тусгалын пуужингийн хязгаарлалтын шинэчилсэн нөхцөл (ОХУ – АНУ, ОХУ – НАТО)
- Цөмийн зэвсэг өөрийн нутгаас гадна байршуулахгүй байх хоёр талт тохиролцоо (ОХУ – АНУ)
ОХУ-ын тавьсан саналуудад 2022 оны 1 дүгээр сард АНУ, НАТО хариу санал[3] өгсөн боловч Өрнөдийн өгсөн хариуг ОХУ хүлээж аваагүй, улмаар тус оны 2 дугаар сард нь Украинд цэргийн ажиллагаа буюу дайн эхлүүлсэн.
Европын аюулгүй байдлын дараагийн 50 жил?
CFE гэрээнээс ОХУ бүрэн гарснаар 1945 онд Ялта, Потсдамаас эхэлсэн олон улсын дэг журам, Хельсинкийн Төгсгөлийн баримт бичиг, түүн дотроо Европын аюулгүй байдлын архитектур нурж, дэлхийн цөмийн их гүрнүүд АНУ – ОХУ-ын хооронд үйлчилж байсан аюулгүй байдлын олон тулгуурт тогтолцоо ганхав. Нейтрал статустай явж ирсэн Швед, Финланд улсууд ОХУ-тай дайсагнагч эвсэл рүү эргэв. Украин дахь дайны явц хэрхэн эргэх, статус-кво яаж тогтох нь Европын аюулгүй байдлын дараагийн 50 жилийн суурь дэвсгэр болох юм. Мөн НАТО-гийн тэлэлтийн үр дүнд өрсөлдөөний шинэ бүсүүд идэвхжиж, мөргөлдөөний орон зай тэлж олон шинэ талбар нээгдэх төлөвтэй байна. Үүнд:
- Скандинавын хойгтой хил залгаа ОХУ – НАТО-гийн шууд хил залгаа бүсэд талууд хүчний тэнцвэр үүсгэх зорилгоор шинээр үлэмж хэмжээний хүч татан төвлөрүүлнэ
- Умард Туйл, Арктикийн бүс нутаг стратегийн өрсөлдөөний шинэ талбар болно
- Балтийн тэнгис, Хар тэнгисийн бүс нутаг стратегийн өрсөлдөөний дундын Саарал бүс болж усан доорх дэд бүтцийн халдлага, цэрэг зэвсгийн төвлөрөл, дэд бүтэц нэмэгдэх төлөвтэй байна
- ОХУ-ын хувьд Уралын нуруунаас баруун хэсэгтээ их хэмжээний цэрэг, зэвсгийн хүч байнга байлгах хэрэгцээ үүсэх тохиолдолд Алс Дорнод, Сибирь, Монголтой хил залгаа бүсийн хамгаалалтын тогтолцоо сулрах эрсдэлтэй
- Европ, Өрнөдтэй харилцах чиглэл нь тогтворгүй, эрх зүйн үйлчлэлгүй болсон байдлаас үүдэн ОХУ дорнод талаа бэхжүүлэхээр БНАСАУ, БНХАУ-тай илүү ойртон нягтарч Зүүн Ази дахь нөхцөл байдалд нөлөөлөх магадлалтай
- Зэвсэглэлээр хөөцөлдөх явдал, цөмийн зэвсэг нэмэгдүүлэх, цөмийн туршилтын магадлал өсөж олон улсын аюулгүй байдлын орчин улам муудах төлөвтэй
- Улс орнуудын цэрэг, батлан хамгаалах зардал үлэмж хэмжээгээр өсөх нь макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлт, эдийн засгийн өрсөлдөх чадварт нь нөлөөлнө
- Олон улсын худалдаанд саад учирч тээвэр, логистик, нийлүүлэлтийн сувгуудад хүндрэл үүснэ
- Саарал бүсэд холимог дайн улам идэвхжиж кибер халдлага, терроризм, тогтворгүй байдал үүсгэгч бусад хүчин зүйлс нэмэгдэнэ
2023 оны 11 дүгээр сарын 7-нд ОХУ албан ёсоор CFE гэрээнээс гарсантай холбогдуулан АНУ, НАТО мөн тус гэрээнд заагдсан үүрэг биелүүлэхээ түдгэлзүүлж буйгаа албан мэдэгдлээр зарлав[4][5]. CFE гэрээ бүрмөсөн дуусгавар болсон эсэх талаар Өрнөдийн эвсэл одоохондоо түдгэлзэх статус руу шилжиж харзнаж байгаа бол ОХУ-ын тал энэ гэрээг бүрэн дууссан, дахин сэргэх боломжгүй, дараагийн аюулгүй байдлын архитектурыг ярьж эхлэх ёстой гэж мэдэгдэж байна[6].
Украин дахь дайны байдал хэрхэн эргэхээс үл шалтгаалан Европын холбоо Украин, Молдав, Гүрж улсуудыг элсүүлэх процессоо яаравчлуулж, 2030 онд элсүүлж дуусна гэсэн хугацаа зарлаад байна. Цаашлаад Армян улс ОХУ тэргүүтэй эвслээс холдож, Европын холбоо руу тэмүүлж эхлэхийг үгүйсгэхгүй ОХУ – Өрнөдийн сөргөлдөөн Арктикаас Өмнөд Кавказ хүртэл шугам дагуу тэлэн өргөжиж үзүүр нь Төв Ази хүрэх магадлалтай. 2023 оны байдлаар Евро-Атлантын түрэлт Днепр мөрний баруун биед ирсэн ба удахгүй Кавказын нурууны өмнөд бэлд хөл тавихад ойрхон байна. Ирэх 50 жилийн Европын аюулгүй байдлын архитектур нь зөвхөн тус тивийг хамрах ойллого биш байх ба Евразийн зүрхэн газар өөд тэмүүлэх Евро-Атлантын түрэлт, түүний эсрэг зогсох ОХУ-ын Евразийн үзэл санааны хоорондын хүчтэй харилцан түлхэлцэх хөдөлгөөн байх төлөвтэй. Энэ түлхэлцэх хөдөлгөөнд Энэтхэг, Хятадын оролцооны түвшин ямар байхаас шалтгаалж тэнцвэртэй дундын шугам тогтох магадлалтай.
Ашигласан эх сурвалж:
[1] The Conventional Armed Forces in Europe (CFE) Treaty and the Adapted CFE Treaty at a Glance https://www.armscontrol.org/factsheet/cfe
[2] Соглашение о мерах обеспечения безопасности Российской Федерации и государств-членов Организации Североатлантического договора [Проект] | 17.12.2021 https://mid.ru/ru/foreign_policy/rso/nato/1790803/?lang=ru
[3] Russia, U.S., NATO Security Proposals https://www.armscontrol.org/act/2022-03/news/russia-us-nato-security-proposals
[4] Statement from National Security Advisor Jake Sullivan on United States’ Suspension of the CFE Treaty Alongside NATO Allies | NOVEMBER 07, 2023 https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2023/11/07/statement-from-national-security-advisor-jake-sullivan-on-united-states-suspension-of-the-cfe-treaty-alongside-nato-allies/
[5] North Atlantic Council statement on the Allied response to Russia’s withdrawal from the Treaty on Conventional Armed Forces in Europe | 07 Nov. 2023 https://www.nato.int/cps/en/natohq/official_texts_219811.htm
[6] ДОВСЕ тяжкие | 16.05.2023 https://www.kommersant.ru/doc/5987071
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Европын аюулгүй байдлын архитектурын өөрчлөлт (I)Дараах нийтлэл
Эрчим хүчний эрэлт ба биотүлш, биогазСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19