Европын Холбооны терроризмтой тэмцэх бодлого, эрх зүйн зохицуулалт

2022-05-06

https://niss.gov.mn/wp-content/uploads/2022/05/eu-terr.jpg

Европын Холбоо (ЕХ) нь 4.233.255.3 хавтгай дөрвөлжин км газар нутагт 447 гаруй сая хүн амтайгаар эрх зүй, зах зээлийн хэм хэмжээний нэгдсэн зохицуулалттайгаар хөгжихийн зэрэгцээ улс төр, эдийн засгийн нягт хамтын ажиллагаа бүхий “нээлттэй хил”-ийн бодлогыг (1985 он) нэвтрүүлж, 27 орныг гишүүнчлэлдээ нэгтгээд байна. ЕХ-ны үүслийг эдийн засгийн хамтын ажиллагааны “Европын нүүрс, төмрийн нийгэмлэг”-ийг 1951 онд Бельги, Герман, Франц, Итали, Люксенбург, Голланд зэрэг улс хамтран байгуулснаас эхлэлтэй гэж үздэг.

Терроризмын аюул занал нь ЕХ-нд тулгамдаж буй асуудлуудын нэг бөгөөд терроризмтой тэмцэх үндсэн чиглэлийг гадаад, дотоод нягт хамтын ажиллагаа, эрх зүйн чадварлаг зохицуулалт, эдийн засгийн арга хэмжээ болон хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэх ажилд тулгуурлан явуулахыг чухалчилдаг юм.

“ЕХ-ны терроризмын нөхцөл байдлын тайлан”-д мэдээлснээр 2019 онд 55 террорист халдлага бүртгэгдсэн бол 2020 онд зургаан гишүүн оронд 57 террорист халдлага үйлдэгдсэн гэжээ. Террорист халдлагыг жихад бүлэглэл, хэт барууны, хэт зүүний болон үндсэрхэг-салан тусгаарлах үзэлтнүүдээс  голчлон үйлдсэн байна.

Терроризмтой тэмцэх эрх зүйн эх сурвалж

ЕХ-ноос терроризмтой тэмцэх ажиллагааг явуулах эрх зүйн үндсэн зохицуулалтыг Европын Холбооны үйл ажиллагааны тухай гэрээ (TFEU)-ний 3 дугаар бүлгийн Эрх чөлөө, аюулгүй байдал, шудрага ёс хэмээх 5 дугаар зүйлд  тусган баталгаажуулсан байдаг. Тухайлбал, тус гэрээний 83 дугаар заалтад хил дамнасан хүнд гэмт хэрэгт террорист халдлагыг багтаан оруулсан байна. Түүнчлэн Европын Холбооны тухай гэрээ (TEU)-ний 4 дүгээр заалтын 2-т “Гишүүн улс бүр үндэсний аюулгүй байдлаа дангаар хариуцна”, Европын Холбооны үйл ажиллагааны тухай гэрээний 72 дугаар заалтад “Терроризмын эсрэг хариу арга хэмжээг үйл ажиллагааны олон талт бодлогоор хэрэгжүүлж хууль, эрх зүйн орчныг хөгжүүлэх замаар дотоод аюулгүй байдлыг хангана” гэж тусгасан нь терроризмтой тэмцэх ажиллагааны эрх зүйн үндсэн зохицуулалт болдог байна.

ЕХ-ноос терроризмын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Европын Холбооны үндсэн эрхийн дүрэм (EU Charter of Fundamental Rights)-д тусгасны дагуу хувь хүний нууц, мэдээллийг хамгаалахыг эрхэмлэн үздэг. Үүнтэй уялдуулан 2018 оноос “Үндсэн өгөгдөл хамгаалах зохицуулалт (GDPR)”, “Өгөгдөл хамгаалах цагдаагийн үйл ажиллагаа (DPPD)” гэх эрх зүйн чухал 2 баримт бичгийг гарган мөрдөн ажилладаг байна. Мөн гишүүн орнуудыг Хүний эрхийн тухай европын конвенц болон Европын хүний эрхийн шүүхийн үйл ажиллагааны хүрээнд ажиллахыг шаарддаг.

Европын парламентаас гаргасан зөвлөмжийн дагуу Европын комиссоос 2020 оны 12 дугаар сард ЕХ-ны терроризмтой тэмцэх шинэ бодлогыг урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалах, хариу үйлдэл үзүүлэх гэсэн 4 чиглэлээр тодорхойлсон байдаг. Мөн хор хөнөөлийг бууруулах, хохирлыг чадвартай даван туулах замаар нийтийн аюулгүй байдлыг хангах, Европолийн холбооны бүрэн эрхийг бэхжүүлэх, мэдээлэл солилцох арга хэлбэрийг сайжруулах, ЕХ-ны түвшинд терроризмын гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлэх ажлыг тусгасан байна.

Түүнчлэн ЕХ-ны гэмт хэрэгтэй тэмцэх олон талт хамтын ажиллагааны алба (EMPACT)-наас болзошгүй аюул, заналын талаарх мэдээллийг харилцан солилцох, мэдлэг, мэдээллийг шуурхай түгээх, терроризмтой тэмцэх үйл ажиллагааг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (INTERPOL), Европын холбооны Хууль сахиулагчдын сургалт, бэлтгэлийн агентлаг (CEPOL), Европын холбооны Хууль сахиулах агентлаг (EUROPOL), Европын холбооны Терроризмтой тэмцэх координатор (EU CTC), Европын холбооны Тагнуулын мэдээлэл, дүн шинжилгээний алба (INTCEN), Европын холбооны Терроризмтой тэмцэх алба (TWP) зэрэг олон улсын байгууллага, гишүүн орнуудын үндэсний хууль сахиулах байгууллага болон ЕХ-ны  бусад холбогдох байгууллагуудтай хамтран явуулж байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бодлого, зохицуулалт

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлөөс 2005 онд баталсан “Хилийн аюулгүй байдал, менежментийн үзэл баримтлал” нь гишүүн орнуудын хилийн аюулгүй байдлын хамтын ажиллагааг зохицуулах бодлогын баримт бичиг юм. Энэхүү үзэл баримтлалд олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд харилцан итгэлцэх, түншлэх, эрх тэгш, нээлттэй, байх зарчмуудыг баримтлан ажиллахыг тунхаглаж Холбооны хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд гишүүн орнуудын хүлээх үүргийг дэлхий, тив, бүс нутгийн болон хоёр талын хэмжээнд хэрхэн уялдуулж, зохицуулах талаар дараах байдлаар нарийвчлан тусгасан байдаг. Үүнд:

Дэлхийн хэмжээнд: гишүүн орнууд хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа олон улсын хууль, хүний эрх, дүрвэгсэд, хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг баримталж, Дэлхийн гаалийн байгууллага, Шилжилт хөдөлгөөний олон улсын байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын дүрвэгсдийн дээд хороо болон зарим олон улсын байгууллагаас гаргасан үйл ажиллагааны зөвлөмж, стандартыг  мөрдлөгө болгоно;

ЕАБХАБ-ын хэмжээнд: гишүүн орнууд Хельсинкийн эцсийн тайланд туссан эрх тэгш, нээлттэй байх зарчим, нийтлэг хэм хэмжээг баримтална. Ингэхдээ Копенгагены баримт бичиг (1990), Хельсинкийн баримт бичиг (1992), Европын аюулгүй байдлын тунхаг бичиг (1999) болон ЕАБХАБ-аас хүлээн зөвшөөрсөн хилийн аюулгүй байдлыг хангах талаар гаргасан бусад эрх зүйн баримт бичгийг удирдлага болгоно;

Бүсийн болон дэд бүсийн хэмжээнд: гишүүн орнууд бүсийн болон дэд бүсийн хэмжээнд хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хилийн аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, стандартыг мөрдөн ажиллах бөгөөд үйл ажиллагааны хэрэгжилтэд аливаа давхардал үүсгэхээс татгалзана;

Хоёр талын хэмжээнд: гишүүн орнууд сайн хөршийн харилцааг эрхэмлэх, хилийн асуудлаар байгуулсан хоёр талын гэрээ, хэлэлцээрийг хүндэтгэх, харилцан туршлага хуваалцаж ажиллахыг эрмэлзэнэ гэжээ.

Эдүгээ батлагдан гарсан эрх зүйн баримт бичиг, зохицуулалтын арга хэрэгсэлд терроризмын гэмт хэрэг, түүнд үзүүлэх хариу арга хэмжээг уялдуулах, мэдээ, мэдээлэл солилцох, гадаад хил хязгаарыг хамгаалах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, зэвсэг, галт хэрэгслийн хууль бус эргэлтийг зохицуулах зэргийг багтаан үзэж байна. Гэсэн хэдий ч олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнийг үнэлэхэд олон бэрхшээл тулгардаг байна. Европын Парламентаас зөвхөн хууль тогтоомжийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгээд зогсохгүй Терроризмын эсрэг тусгай зөвлөл (TERR)-ийг 2018 онд байгуулж, хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог байна.

Терроризмтой тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Сүүлийн 10 жилийн хугацаанд ЕХ-ноос терроризмын эсрэг эрх зүй, бодлого зохицуулалтын дараах олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:

Эрх зүйн зохицуулалтын хүрээнд: Европын Парламент болон Зөвлөл 2017 оны 3 дугаар сард хамтран 2002 оны тогтолцоог шинэчлэх, олон улсын шинэ стандартуудыг хэрэгжүүлэх зорилгоор “Терроризмтой тэмцэх тухай зөвлөмж”-ийг  баталсан. Тус баримт бичигт террорист халдлага үйлдэх зорилгоор аялах эсвэл террорист ажиллагааны сургалтад хамрагдах, цахим халдлага, цахим терроризмын асуудлыг хөндөн тусгасан байна.

Терроризмын хохирогчдод туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд: Террорист халдлагад өртсөн иргэдийн эрхийг хангах, хохирогчийг хамгаалах чиглэлээр Европын эрх зүйн баримт бичгүүдэд 2012 оноос түлхүү тусгах болсон. Ялангуяа Терроризмтой тэмцэх тухай зөвлөмжид хохирогчдын эрх тэгш байдлыг хангах, эх орондоо буцахад туслалцаа үзүүлэх зэргийг нэмэлтээр тусган оруулсан.

Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд: “Мөнгө угаах болон Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөмж” нь ЕХ-ны одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, тогтолцоонд үр дүнтэй нийцэж байгаа гэж үздэг. Энэ нь ил тод байдлыг илэрхийлэх, гүйцэтгэх албаны ажлыг хөнгөвчлөх, эзэмшигчдийг тодорхойлох, банкны дансны нэгдсэн бүртгэлийг бий болгох, виртуал валют, эзэнгүй кредит карттай холбоотой эрсдэлийг шийдвэрлэхэд чухал алхам болсон. Энэ хүрээнд эрүүгийн хуулийг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах тухай,  бэлэн мөнгөний эргэлт болон Холбооны улсаас гарч буй мөнгөний урсгалд тавих хяналтын тухай, Холбооны улсын хэмжээнд гүйлгээг царцаах, мөнгийг хураах харилцан ойлголцлын тухай гэсэн гурван зохицуулалтыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэхээр тогтоосон байна. Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудад терроризм мэт ноцтой гэмт хэргийг мөрдөн шалгах зорилгоор шаардлагатай санхүүгийн мэдээллийн сүлжээнд нэвтрэх боломжийг олгосон.

Зэвсэг, галт хэрэгслийн хууль бус эргэлтийн хүрээнд: Террорист халдлага үйлдэгчид зэвсэг, галт хэрэгслийг хялбар аргаар олж авах, идэвхгүй болсон зэвсгийг дахин идэвхжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Холбооны хууль тогтоогчдоос “Зэвсэг олж авах, эзэмшихэд хяналт тавих тухай”, “Зэвсэг, галт хэрэгслийг идэвхгүйжүүлэх стандарт” гэсэн эрх зүйн баримт бичгийг батлан гаргаж 2018 оноос эхлэн мөрдөн ажиллах болсон.

Европын холбооны гадаад хилийг хамгаалах ажлын хүрээнд: ЕАБХАБ-аас гаргасан үзэл баримтлалын хүрээнд хил дамнасан зохион байгууллаттай гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Хилийн нэгдсэн менежментийн загвар (Integrated Border Management Model)-ыг ЕХ-ны гишүүн орнуудын гадаад хил хариуцсан агентлаг Фронтекс (FRONTEX)-ээс нэвтрүүлж, Холбооны хэмжээнд хилийн албадын харилцаа, хамтын ажиллагааг уялдуулах, туслалцаа үзүүлэх, хамтарсан операци, сургалт, судалгаа, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг. ЕХ-ны гадаад хилийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг эрх зүйн хэм хэмжээний хүрээнд буюу хуулийн дагуу зохион байгуулах, иргэдийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, гадаад хилийн аюулгүй байдлыг хангах замаар дотоодын болон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн үндсэн зарчимд тулгуурладаг. Гадаад хил хамгаалалтын үйл ажиллагааг ЕХ-ны мэдээллийн нэгдсэн сантай холбон нягт харилцан ажилладаг бөгөөд агаарын, усан болон хуурай газрын боомтоор нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтын талаар Шенгений хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Сүүлийн үед ЕХ-ны гишүүн биш орны иргэдийн улсын хилээр орох, гарах мэдээллийг бүртгэх Нэвтрэлтйин систем (EES), Европын аялал, жуулчлалын мэдээлэл, хяналтын систем ( ETIAS) гэх 2 шинэ системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Харилцан мэдээлэл солилцох ажлын хүрээнд: Өнөө цагт терроризмтой тэмцэх чухал арга хэрэгсүүдийн нэг нь мэдээлэл хэмээн үзэх болсон. Тиймээс гишүүн орнуудын тусгай чиг үүрэг бүхий болон хууль сахиулах байгууллагууд өөр хоорондоо мэдээллийг шуурхай солилцох ажлыг чухалчилж байна. Энэ чиглэлээр  2016 оноос эхлэн нислэгийн зорчигчдын мэдээллийг цуглуулах, гадаад террорист тэмцэгчийг болон сэжиг бүхий аялагчийг илрүүлэх зорилгоор ЕХ-ны систем (EU PNR Directive)-ийг нэвтрүүлсэн. Цагдаа болон шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Шенгений мэдээллийн систем (SIS)-ийг шинэчлэн ашиглах болсон. SIS нь эрэн сурвалжлагдаж буй этгээд, хулгайлагдсан, алдагдсан эд хөрөнгийн талаарх мэдээллийг агуулах бөгөөд  цагдаагийн болон хил хамгаалах байгууллагын албан хаагчид түлхүү ашигладаг. Мөн ЕХ-ны гишүүн бус орны иргэдийн  эрүүгийн гэмт хэргийн бүртгэлийн нэгдсэн систем (ECRIS-TCN)-д хөгжүүлэлт хийж сайжруулан ашиглаж байна.

Цахим аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд: ЕХ-ны хууль тогтоогчдоос ЕХ-ны цахим халдлагаас хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх чухал алхмуудыг хийж байна. Сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын удирдамж (NIS)-ийг  халдлагын талаарх мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шуурхай хүргэх зорилгоор боловсруулан 2018 оны 5 дугаар сараас эхлэн мөрдөж байгаа бөгөөд  2019 оны 4 дүгээр сараас эхлэн ЕХ-ны Кибер аюулгүй байдлын агентлаг (EU Cybersecurity Agency)-ийг байгуулсан.  

Байгууллагын тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд: ЕХ нь аюулгүй байдал, хууль сахиулах, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын албаны үйл ажиллагааны эрх мэдлийг дээшлүүлснээр аюулгүй байдлыг хангах шинэ дүр төрхийг бүрдүүлсэн гэж үздэг. Европын Холбооны Хууль сахиулах агентлаг (Европол)-ийг 1995 онд байгуулсан бөгөөд 2017 оны 05 дугаар сараас эхлэн ЕХ-ны хэмжээнд терроризмтой тэмцэх, мэдээлэл солилцоо, зохицуулалтын Европолын тусгайлсан нэгж Европын терроризмтой тэмцэх төв (ECTC)-ийг байгуулсан. Энэхүү байгууллага нь стратегийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх интернетийн лавлагааны нэгж (IRU), Цахим терроризмыг сурталчлах, санхүүжүүлэх ажлыг хянах хөтөлбөрийг (TFTP) давхар хариуцдаг. Түүнчлэн ЕХ-ны эрх зүйн хамтын ажиллагааны агентлаг (Eurojust), Шүүхийн мэдээллийн нэгдсэн бүртгэлийн сан (CTR) байгуулснаас гадна Фронтекс байгууллагыг Европын хил, эргийн хамгаалалтын агентлаг (EBCG) болгон өөрчилснөөр 2027 онд албан хаагчдын тоог 10000 болгохоор ажиллаж байна. Түүнчлэн ЕХ-ны мэдээллийн системийг хамтран ашиглах, боловсруулах, удирдах чиг үүрэгтэй Их өгөгдлийн мэдээллийн технологийн ажиллагааны систем (eu-LISA) шинэчлэн байгуулжээ.

Радикал үзэлтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд: Террорист бүлгэмд элсүүлэх, радикал үзэлтэй тэмцэх анхны бодлогын баримт бичгийг 2005 батлан, 2014 онд шинэчлэн найруулсан байдаг. ЕХ-ноос радикал үзэлтэй шууд болон шууд бус аргаар тэмцэх хэд хэдэн алхамыг хийгээд байна. Тухайлбал, 2011 оноос Радикализмыг таних сүлжээ (RAN)-г бий болгож Европын хэмжээнд 6000 гаруй цагдаа, дадлагажигч, шүүхийн шийдвэр гшйцэтгэх албаны ажилтнууд, багш, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийг холбон ажилладаг. Тус сүлжээг 2015 оны 10 дугаар сараас эхлэн ЕХ-ны мэдлэг, оюуны төв болгон өөрчлөн зохион байгуулсан нь сайн туршлагыг хуримтлуулах, түгээх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн Европын комисоос (2018) террорист агуулга бүхий цахим контентыг устгах тухай эрх зүйн зохицуулалтын саналыг дэвшүүлэн ажиллаж байна.

Эх сурвалж:

https://home-affairs.ec.europa.eu/counter-terrorism-and-radicalisation_en

https://www.unodc.org/e4j/zh/terrorism/module-5/key-issues/european-region.html

https://www.avrupa.info.tr/en/fighting-terrorism

https://data.consilium.europa.eu/doc/document/ST-7906-2004-INIT/en/pdf

https://www.swp-berlin.org/10.18449/2021C20/https://www.osce.org/


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА