АНУ 2021 оны 8 дугаар сард Афганистанаас гарсны дараа Талибанууд тус улсад засгийн эрхийг гартаа авсан боловч Афганистаны дотоодод байдал тогтворжих бүү хэл сүүлийн үед террорист үйлдлүүд идэвхжих боллоо. ‘Исламын улс’ бүлэглэл төдийгүй бусад том жижиг террорист бүлэглэлүүд ч Талибаныханд асар их сорилт учруулж байна. Талибан бүлэглэл хөрөнгө мөнгө, хүний нөөц, бүтэц султай тул Афганистаны бүх нутаг дэвсгэрт үр дүнтэй хяналт тавьж, ‘Исламын улс’ бүлэглэлийг мэдэгдэхүйц сулруулж чадахгүй байна. Эдгээр дутагдал нь ‘Исламын улс’-ыг террорист үйл ажиллагаагаа Афганистанаас цааш бүс нутаг руу өргөжүүлэх боломжийг олгох аюултай. Пакистан, Иран, Узбекистан, Тажикистан зэрэг хөрш зэргэлдээ орнууд терроризмын эрсдэлтэй нөхцөлд байгаа төдийгүй цаашид Европ ч терроризмын бай болж магадгүй талаар шинжээчид бичих боллоо.
Энэ удаагийн дугаараар тус хүрээлэн Афганистаны хойд хил орчимд террорист байгууллагуудын бэхжиж буй байдал, Төв Азийн орнуудад тулгарч буй терроризмын аюул занал, түүнтэй тэмцэж буй Талибан бүлэглэл болон хөрш орнуудынх нь тэмцлийн талаар өгүүлэх болно.
Афганистан дахь терроризмын нөхцөл байдал
Афганистаны ‘Исламын улс’ (IS) бүлэглэлийн орон нутаг дахь Хорасан салбар талибануудын ‘аюулгүй байдлын хүчин’ болон энгийн иргэд рүү олон арван халдлага үйлджээ. Үүний улмаас олон зуун энгийн иргэн нас барсан. Афганистаны зүүн хэсгийн Нангархар хот болон нийслэл Кабул хотод ‘Исламын улс’ бүлэглэлийн хуучин түшиц газар олон удаа халдлага болсон ч жихадистууд Кандагар, Кундуз, Кунар зэрэг хотуудад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Афганистан дахь ‘Исламын улс’ бүлэглэлийн идэвхжил нэмэгдэж байгаа нь жихадистууд Талибан бүлэглэлд болон хөрш зэргэлдээ улс орнуудад бодит аюул заналыг авчирч магадгүй юм. 2021 оны 8 дугаар сараас хойш Ойрх Дорнод, Төв Ази, Пакистанаас олон тооны гадаадын дайчид Афганистан руу явсан бөгөөд ‘Исламын улс’ бүлэглэлийн хүчийг ихээр нэмэгдүүлсэн байх магадлалтай талаар тусгай албадаас мэдээлэл авагдаж байна.[1] Тус бүлэглэл Афганистаны хойд хэсэгт талибуудын ноёрхолд дургүйцсэн тажик, туркмен, узбек үндэстнүүдийг олноор элсүүлж, Талибаны явуулж буй бодлого үйл ажиллагааг хүчтэй шүүмжилж байгаа нь ‘Исламын улс’ бүлэглэлд элсэгчдийн тоог эрчимтэй нэмэгдүүлж байна.
Талибаны гол удирдагчид болох Пуштун үндэстнүүдийг Афганистаны хойд нутгийн үндэстэн, ястнуудын соёл, ёс заншлыг үл хүндэтгэж байна гэх байдлаар суртал ухуулгыг тогтмол явуулах болсон. Талибаны зүгээс авч хэрэгжүүлж буй хууль бус арга хэмжээг видео бичлэг байдлаар нийтэд дэлгэх, узбек, тажик хэл дээр Талибаны эсрэг материал хэвлүүлэн тараах ажлыг өргөн хүрээтэй явуулах боллоо.[2] Энэ нь ч зохих үр дүнгээ өгсөөр байна.
‘Исламын улс’ бүлэглэл жихадистуудыг өөртөө нэгтгэх, дэмжигчиддээ хүчтэй гэдгээ батлах зорилгоор 2022 оны эхний хагас жилд хэд хэдэн халдлагыг зохион байгуулаад байна. Тухайлбал, тус бүлэглэлээс Төв Азийн хилийн ойролцоох сүмүүдийг бөмбөгдөж, Узбекистан руу пуужингийн цохилт өгсөн гэж мэдэгджээ. 2022 оны 4 дүгээр сарын 18-нд ‘Исламын улсын Хорасан бүлэглэл’-ээс Афганистаны хилийн Хайратон хотоос Узбекистан руу 10 гаруй пуужин харвасан тухай нотлох баримт бүхий видео бичлэгийг интернетэд нийтэлжээ. Энэ талаар Талибан бүлэглэл болон Узбекистаны засгийн газраас үгүйсэгсэн боловч бусад эх сурвалжаар батлагдсаар байна. 2022 оны 4 дүгээр сарын 21-нд ‘Исламын улс’ бүлэглэлийн Хорасан салбараас (ISK) Узбекистантай хиллэдэг Мазари-Шариф хот, Тажикистантай хиллэдэг Кундуз хотын шийтийн сүмүүдэд бөмбөг дэлбэлж 80 орчим хүн амь үрэгджээ.[3]
‘Исламын улс’ бүлэглэлийн бас нэг бай бол Иран юм. Талибанууд өнөөг хүртэл Тегерантай сайн харилцаатай байгаа бөгөөд Исламын улс бүлэглэл Иран руу халдлага үйлдвэл Пакистан болон Арабын булангийн орнууд дахь шийтийн эсрэг хандивлагчдаас дэмжлэг үзүүлж болзошгүй юм.
‘Исламын Хорасан бүлэглэл’-ээс гадна Афганистан дахь бусад террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа Талибаны санаа зовоох бас нэг асуудал болсон. Тухайлбал, Үндэсний Эсэргүүцлийн Фронт (NRF) Талибаны эсрэг дайралт хийхээр бэлтгэж байгаагаа ил тод мэдэгдэв. NRF нь талибануудыг эсэргүүцдэг ‘Исламын улс’ бус үндсэн бүлэг бөгөөд Умардын эвслийн удирдагч Ахмад Шах Массудын хүү Ахмад Массудын удирддаг. Тус бүлэглэлээс Талибануудыг 500 гаруй энгийн иргэнийг баривчлан эрүүдэн шүүсэн гэж үзэж буруутгаж байгаа бөгөөд энэ үйлдэлд нь орон нутгийн дэмжлэг нэмэгдэж магадгүй байна. NRF 2022 оны 1 дүгээр сарын 29-нд Руха дүүрэгт Талибануудын Панжшир мужийн аюулгүй байдлын дарга Абдул Хамидийн цуваа руу гар хийцийн тэсрэх бөмбөгөөр халдаж амь насанд нь халдахыг завдсан байна. Мөн тус хүчнийхэн 2 дугаар сарын 7-нд Панжшир мужид талибуудын автомашины эргүүлийн эсрэг дайралт хийж ноцтой хохирол учруулжээ.[4]
Афганистаны хойд хэсэгт орших Панжширын хөндийгөөс цааш Талибаны эсрэг шинэ бүлэглэлүүд байгуулагдаж байна. Эдгээр шинэ зэвсэгт бүлэглэлийн нэг болох Афганистаныг чөлөөлөх фронт 2 дугаар сарын 4-нд Талибаны эсрэг тэмцэхээр эрс шийдэмгий байгаагаа илэрхийлсэн видео бичлэгийг нийтэд ил нийтэлсэн байна. Энэ бүлэг нь NRF-тэй холбоогүй юм. Тус бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Талибануудыг эмэгтэйчүүд, сэтгүүлчид, иргэний идэвхтнүүдийг хулгайлж, хөнөөсөн ‘террорист бүлэглэл’ гэж шүүмжлэхээс гадна олон сая афганчуудыг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэсэн гэж буруутгасан байна.[5]
Мөн өнгөрсөн 2 дугаар сарын эхээр Узбекийн нэрт дайчин Абдул Рашид Достумын том хүү Яр Мохаммад Достум Афганистанд нэвтэрч, ‘Чонон анги’ гэгдэх эсэргүүцлийн шинэ бүлэг байгуулахаар бэлтгэж байгаагаа зарлажээ. Яр Достум нь Жоузжан мужид олон дэмжигчтэй байгаа ч Афганистаны хойд хэсэгт Талибаныг эсэргүүцэх хүчийг цуглуулахад илүү их цаг хугацаа шаардах болно.[6]
Талибаны эсрэг бүлэг болох ‘Чөлөөт Афганистаны үндэсний фронт’ Каписа мужийн уулархаг нутгаас талибуудын эсрэг зэвсэгт эсэргүүцэл үзүүлэхээр бэлэн байгаагаа зарласан видео бичлэгийг нийтэлжээ. Бичлэгт Талибаны засгийн газрын эсрэг үг хэлж, тэднийг ‘эзлэн түрэмгийлэгчид’ хэмээн нэрлэсэн хэд хэдэн эмэгтэйчүүд багтсан байв. Илтгэгчид Дари, Пашто хэлээр ярьдаг байсан нь энэ бүлэгт олон үндэстэн байж болохыг харуулж байна.[7]
Өөр нэг зэвсэгт зэвсэгт бүлэг болох Туркестаны эрх чөлөөний барс 2 дугаар сарын 7-нд Жоузжан мужийн Шеберган хотын өмнөд талд Талибуудын шалган нэвтрүүлэх цэг рүү дайралт хийсэн. Энэ дайралтаар цөөн тооны хүний амь насыг хохирсон байж магадгүй байна.
Ийнхүү Афганистаны дотоодод засгийн эрх барьж буй Талибаныг эсэргүүцэж буй ‘Исламын улс’ бүлэглэл, Үндэсний Эсэргүүцлийн Фронт, Афганистаныг чөлөөлөх фронт, ‘Чонон анги’ бүлэглэл, Чөлөөт Афганистаны үндэсний фронт гээд олон бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхжиж, бүс нутгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байна.
Тажикистанд учирч буй аюул
Афганистаны дотоодын үймээн самуунт байдал нь Тажикистан улсад аюул занал учруулж байна. Афганистаны засгийн эрхэнд байгаа Талибан ч, Исламын улс бүлэглэл ч Тажикистаны засгийн газарт дарамт учруулдаг аж. Талибууд засгийн эрхэнд эргэн гарсны дараа Тажикистан улс Оросын дэмжлэгт нилээд найдлага тавьж буй.[8]
2021 оны 9 дүгээр сард Душанбед болсон ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр Тажикстаны Ерөнхийлөгч Э.Рахмон үг[9] хэлсний хариуд Талибанчууд Тажикистан бидний дотоод хэрэгт оролцлоо гэх үндэслэлээр хилийн хэсгүүд рүү ‘Жамаат Ансарулла’[10] бүлэглэлийн дайчдыг оролцуулсан 10 мянга гаруй цэргийн хүч илгээсэн. Энэ нь Тажикстаны засгийн газрын талибануудад дайсагналцах байдлыг улам нэмэгдүүлжээ. Жамаат Ансаруллагийн бүлэг Тажикстантай хиллэдэг Бадахшан орчимд талибуудын далбаан дор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Тажикистан дахь жихадистуудыг эгнээндээ элсүүлэх оролдлогыг байнга хийдэг. Жамаат Ансаруллагийн бүлэглэлээс Тажикистаны засгийн газрыг огцоруулахаа амлаад байгаа билээ.[11]
Тэгвэл өнгөрсөн 5 дугаар сарын 7-нд Афганистантай хиллэдэг Тажикистаны цэргийн тодорхойгүй бай руу ‘Исламын улсын Хорасан бүлэглэл’-ээс долоон пуужин харвасан байна. Пуужингуудыг Афганистаны Тахар мужийн Хожа Гар дүүргээс Тажикистан руу харвасан боловч ямар нэгэн хохирол учруулаагүй бололтой. Энэ нь ‘Исламын улсын Хорасан бүлэглэл’ Тажикистаны засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулах хүчин чадалтайгаа харуулж буй хэлбэр юм.[12] Ингэснээр Жамаат Ансаруллагийн бүлэглэлд буй жихадистуудыг эгнээндээ элсүүлэх, Тажикистаны жихадистуудыг өөртөө татах гэсэн санаа зорилгыг агуулж байна.
Ийнхүү Тажикистан улсын засгийн газрыг унагаах сонирхолтой хоёр бүлэглэл Афганистаны дотор байгаа юм. Гэхдээ тэр хоёр бүлэглэл нь хоорондоо сөргөлддөг учраас Тажикистан улсын засгийн газарт хүчтэй аюул учруулж чадахгүй болов уу.
Узбекистанд учирч буй аюул
Узбекистаны засгийн газар Афганистанд Талибанууд засгийн эрх барихыг эсэргүүцдэггүй бөгөөд эдийн засгийн тусламж дэмжлэгээ үргэлжлүүлсээр байна. Үүнийг Афганистаны ‘сөрөг хүчин’ болох ‘Исламын улс’ бүлэглэл эсэргүүцэж, Афганистан дахь узбек үндэстнүүдийн гадуурхалыг Узбекистаны засгийн газар дам байдлаар дэмжиж байна хэмээн буруутгадаг юм.
Ингээд ‘Исламын улс’ бүлэглэлийн Хорасан салбар өнгөрсөн 4 дүгээр сарын 18-нд Афганистаны хойд хэсгээс Узбекистаны Термез хот руу 107 мм-ийн 10 гаруй пуужин харвасан. Эдгээр пуужингууд Узбекистаны цэргийн байрлалыг онилсон гэж таамаглаж байгаа боловч байгаа оноогүй. Энэ нь видео бичлэгээр нотлогдож буй. Талибанууд болон Узбекистаны засгийн газар аль аль нь энэ халдлага болсон гэдгийг няцаасан.[13] Гэвч түүний дараахан Узбекистаны арми Афганистантай хиллэдэг бүсийн дагуу 35 нисдэг тэрэг, хэд хэдэн тийрэлтэт онгоц нисгэсэн байна. Өнөөдрийг хүртэл Узбекистаны арми хил орчимдоо эргүүлийн нислэг тогтмол хийж, Афганистаны нутаг дээгүүр нислэгээ үргэлжлүүлж байгаа нь Талибан-Узбекистаны хамтын ажиллагаа ойртсоны илрэл гэж үзэж болох юм.[14] Энэ байдал нь ‘Исламын улс’ бүлэглэлийн хувьд маш эмзэг асуудал байж болох магадлалтай.
‘Хорасан бүлэглэл’-ээс зохион байгуулсан дээрх халдлагыг гадаад, дотоод хоёр зорилготой байсан гэж хэлж болох юм. Гадаад зорилго нь Узбекистан улсын жихадистуудыг татахын тулд хийсэн байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Дотоод зорилго нь талибануудын узбек дайчдыг өөрийн эгнээндээ элсүүлэх зорилготой байж болзошгүй.[15] Учир нь узбекүүдээс бүрдсэн талибан ангиуд өнгөрсөн 1 дүгээр сард Талибаны удирдагчдын эсрэг богино хугацаанд бослого гаргасан. Ийнхүү узбек гаралтай Талибан командлагчид болон Талибаны төв удирдлагын хоорондын харилцаанд хурцадмал байдал[16] үүссэнийг ашиглан ‘Хорасан бүлэглэл’ талибануудыг дотор нь хагалан бутаргах сонирхолтой байж болох юм.
Талибануудын хариу арга хэмжээ
Талибанууд засгийн эрхэнд гарснаас хойш Афганистаны нутаг дэвсгэрийг террористууд Афганистаны хөрш орнуудын эсрэг дайралт хийхэд ашиглахыг зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн боловч хэд хэдэн халдлага үйлдэгдээд байгаа нь бусад орнуудаас Талибанд итгэх итгэл алдрах нөхцөл болж байна.
Талибанчууд дотоодын ‘эсэргүү’ бүлэглэлүүдийг хязгаарлах, хөрш орнууддаа амласан амлалтдаа хүрэх зорилгоор Афганистаны хойд хэсэгт цэргийн хүчээ идэвхтэй шилжүүлж, Бадахшан, Тахар, Баглан, Кундуз мужуудад 10 мянга гаруй цэрэг нэмж байршуулсан. Үүний дараагаар Талибаны 203-р корпуст нэмэлт хүч байршуулсан бөгөөд тогтмол хүчийг нь нэмэгдүүлж байна.[17] Талибаны засгийн газрын 313-р төв корпус 2 дугаар сарын 12-нд Каписа мужийн Кохистан дүүрэгт шинэ батальон байгуулсан бол Бадахшан хотод Омар Салихын нэртэй шинэ дивизийн үйл ажиллагааг нээсэн байна. Мөн Афганистаны зүүн хэсгийн аюулгүй байдлыг хангахад анхаарч Нанагархар мужид Талибаны орон нутгийн удирдлага шинэ цэргийн анги байгуулжээ. Мужийн захирагч Абдул Хамидийн хэлснээр “…шинэ сэргэж буй ‘Исламын улс’ бүлэглэлийн Хорасан салбартай тэмцэх зорилгоор тус ангийг байгуулж байна”[18] гэсэн нь тэдний хувьд ‘Исламын улс’ бүлэглэлийн Хорасан нь санаа зовоох маш том асуудал болсныг илтгэж байна.
Талибаны Агаарын цэргийн хүчин Андараб болон Панжширын хөндийд үйл ажиллагаагаа нэмэгдүүлж, Талибаны нисдэг тэргүүд Панжширын хөндийн дээгүүр тогтмол нислэг үйлдэж, цэргийн хүчийг байршуулахад удирдлагаа тагнуулын мэдээгээр хангах үүргийг гүйцэтгэж байна. Нөгөөтэйгүүр Панжширын хөндийд цэрэг байршуулахад саад болж буй сөрөг хүчнийг шууд устгах ажиллагааг явуулж байна. Тухайлбал, талибаны нисдэг тэргүүд NRF-ийн холбоотон болох “Андарабын эсэргүүцлийн фронт” руу агаараас цохилт өгсөн гэж мэдээлсэн.[19]
Талибаны засгийн газар Афганистаны хойд хэсэгт нэмэлт хүчээ байршуулахаас гадна цэргийн сургуулийг тогтмол явуулж, сөрөг хүчний удирдагчид байж болзошгүй цэг бүрт үзлэг нэгжлэг явуулж, хатуу хяналт тогтоохоор ажиллаж байна. Батлан хамгаалахын дэд сайд Мулла Фазел Мазлумаар ахлуулсан Талибан хөдөлгөөний аюулгүй байдлын хүчнийхэн 2 дугаар сараас эхлэн Кабул болон ойролцоох мужуудад талибануудын эсрэг сөрөг хүчнийхнийг хайх зорилгоор айлаас айлд нэгжлэг хийж эхэлжээ. Хаккани сүлжээ болон Кандагарт төвтэй Талибан бүлэглэлүүд эдгээр ажиллагааг дэмжин оролцож байна. Дээрх ажиллагаанд ихэвчлэн Узбек, Тажикийн байр, хорооллуудыг хамруулж байгаа нь цөөнхүүдийн дургүйцлийг хүргэх бас нэг шалтгаан болсон.[20]
Талибануудын авч буй арга хэмжээ нь өөрсдийн эсрэг үйлдэгдэх халдлагыг түр хугацаанд бууруулж байгаа ч Талибаны эсрэг тэмцэж буй бүлэглэлүүд олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх магадлалтай юм.
Цаашдын төлөв
2021 оны 8 дугаар сараас хойш Ойрх Дорнод, Төв Ази, Пакистанаас олон тооны гадаадын дайчид Афганистанд ирсэн байна. Хэдэн арван жилийн дайны дараа жихадист арабууд, пакистанчууд Төв Азийнхантай удаан хугацааны турш холбоо тогтоож, маш хүчтэй жихадист урсгал Афганистаныг дайран өнгөрөх болсон юм. Жихадистуудын зорилго бол зөвхөн Афганистанаар тогтохгүй Исламын ертөнцийн Халифат улсыг байгуулах явдал бөгөөд үүнийхээ төлөө ислам шашинт улсууд цаашлаад дэлхий даяар тэмцлийг өргөжүүлэхийг зорьдог юм.
‘Исламын улс’ бүлэглэлийн эцсийн зорилго жихадист урсгалынхтай яв цав нийцдэг учир тэднийг дагагчдын тоо буурахгүй нь тодорхой.[21] Талибануудын үндсэн бүрэлдэхүүнд 10 мянга орчим жихадист урсгалын дайчид байдаг гэх мэдээлэл бий бөгөөд тэд ‘Исламын улс’ бүлэглэлийг дэмжвэл засгийн эрх барьж буй Талибанчуудын дотоод хагарал хурцдаж, засгийн эрх ч ганхаж мэдэх юм.
Талибанчууд дээрх байдлаас үүдэн хоёрдмол бэрхшээлтэй тулгарч байна. Хэрэв Талибанчууд гадны орны тусламж, дэмжлэгийг авч, жихадистуудын эсрэг бодлого баримталбал жихадист босогчид хөдөлгөөнөөс нүүр буруулж, шинэ дэглэмийн тогтвортой байдалд аюул учруулж болзошгүй юм. Нөгөөтэйгүүр, тэд илүү илт үзэл суртлын чиглэл баримталбал Афганистаны эдийн засаг, нийгэмд тулгараад буй хүндрэлийг даван туулахад гадны тусламж, дэмжлэгийг авах боломжгүй болох магадлалтай.
Талибаны удирдагчид өөрсдийн эгнээн дэх жихадистуудыг ‘Исламын улс’-д алдахгүйгээр гадаадаас дэмжлэг авах гэсэн голч дундажыг баримталж байгааг эхний олон арга хэмжээ харуулж байна.
Дүгнэлт
Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн болон бусад бүс нутагт болж буй үйл явдлууд руу том гүрнүүдийн анхаарал чиглэж буй энэ үед Афганистаны хойд хэсэгт ‘Исламын улс’ бүлэглэл болон террорист байгууллагуудын хүчин чадал бэхжиж буй талаар тусгай албадаас тогтмол мэдээлэл авагдах болсон нь Төв Ази төдийгүй дэлхий нийтэд аюул заналыг нэмэгдүүллээ. ‘Исламын улс’ бүлэглэл болон бусад террорист байгууллагуудтай Талибан бүлэглэлийг тэмцэж чадна гэх найдвар олон улсад байсан боловч энэ итгэл улам бүр суларч байна.
Афганистан дахь ‘Исламын улс’ бүлэглэл идэвхжиж, дотооддоо төдийгүй Төв Азийн хөрш орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх магадлалтай байна. ‘Исламын улс’ бүлэглэл Узбекистан, Тажикстан улсын хилийн ойролцоо цэргийн хүчээ бэхжүүлж байгаа, энэ нь Төв Азийн орнууд ойрын хугацаанд терроризмын шууд аюул заналд өртөж болзошгүй гэсэн сэрдлэгийг төрүүлж байна.
[1] Islamic State Shows New Strength in Afghanistan https://www.swp-berlin.org/10.18449/2022C12/
[2] Perspectives | Islamic State continues anti-Taliban PR push, with Tashkent in crosshairs https://eurasianet.org/perspectives-islamic-state-continues-anti-taliban-pr-push-with-tashkent-in-crosshairs
[3]Afghanistan: Kunduz mosque attacked during Friday prayers https://www.bbc.com/news/world-asia-61191643
[4] Afghanistan war rekindles, claiming lives and sending civilians fleeing as Taliban battles Panjshir valley resistance https://www.cbsnews.com/news/afghanistan-war-taliban-resistance-panjshir-massoud-fighting-deaths-displaced/
[5] taliban and opposition groups prepare for a new spring fighting season in afghanistan https://www.understandingwar.org/backgrounder/afghanistan-review-taliban-and-opposition-groups-prepare-new-spring-fighting-season
[6] https://www.understandingwar.org/backgrounder/islamic-state-khorasan-province-expands-attacks-beyond-afghanistan
[7] Central Asia Is Keeping a Nervous Eye on Russia’s War in Ukraine https://www.worldpoliticsreview.com/articles/30491/in-central-asia-russia-s-war-in-ukraine-is-raising-anxieties
[8]Источники: «Ансоруллах» готовит нападение на Таджикистан. Таджикские силовики переведены в режим повышенной готовности https://rus.ozodi.org/a/31476419.html
[9] Талибанчууд үндэснийхээ эв нэгдлийг хангах үүднээс тэгш хүртээмжтэй засаг байгуулах шаардлагатай талаар дурдсан.
[10] Жамаат Ансарулла нь 1992-1997 оны Тажикистаны иргэний дайны үеэр Исламын сөрөг хүчний талд тулалдаж байсан Узбекчуудын байгуулсан Узбекистаны Исламын Хөдөлгөөний Тажикийн жигүүр
[11] Источники: «Ансоруллах» готовит нападение на Таджикистан. Таджикские силовики переведены в режим повышенной готовности
https://rus.ozodi.org/a/31476419.html
[12] Afghanistan war rekindles, claiming lives and sending civilians fleeing as Taliban battles Panjshir valley resistance https://www.understandingwar.org/backgrounder/islamic-state-khorasan-province-expands-attacks-beyond-afghanistan
[13] Information about rocket fire from the territory of Afghanistan on units of the Armed Forces of Uzbekistan is not true https://uzdaily.uz/en/post/72500 .
[14] Ракеты ИГИЛ не долетели до Узбекистана — «Талибан» https://www.gazeta.uz/ru/2022/04/20/afghanistan-border/
[15] 2015 онд ‘Исламын улс’-ын Хорaсан бүлэглэлээс Афганистаны Жоузжан мужид талибуудын узбек командлагчдыг элсүүлэхэд иймэрхүү алхам хийж тодорхой амжилт үзүүлж байсан.
[16] https://www.rferl.org/a/taliban-arrest-uzbek- командлагч-мөргөлдөөн/31677178.html
[17] Afghanistan war rekindles, claiming lives and sending civilians fleeing as Taliban battles Panjshir valley resistance https://www.understandingwar.org/backgrounder/afghanistan-review-taliban-and-opposition-groups-prepare-new-spring-fighting-season
[18] https://www.understandingwar.org/backgrounder/afghanistan-review-taliban-and-opposition-groups-prepare-new-spring-fighting-season
[19] https://www.gazeta.uz/ru/2022/04/20/afghanistan-border/
[20] https://www.understandingwar.org/backgrounder/afghanistan-review-taliban-and-opposition-groups-prepare-new-spring-fighting-season
[21] Central Asia Is Keeping a Nervous Eye on Russia’s War in Ukraine https://www.worldpoliticsreview.com/articles/30491/in-central-asia-russia-s-war-in-ukraine-is-raising-anxieties
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Алтны зах зээлийн чиг хандлагаСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19