Үнэт металлын зах зээл 2022 оны эхнээс хойш хөрөнгө оруулагч нарын анхаарлын төвд ороод байна. Үүний шалтгааныг ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөнтэй шууд холбон тайлбарлах болсон. Үнэн хэрэгтээ дэлхийн эдийн засгийн 2007-2009 оны санхүүгийн хямралаас хойш алтны үнэ цэн өссөн. Тухайн үеийн эдийн засгийн хямрал банк, үнэт цаас, даатгалын зах зээл эрсдэлгүй хөрөнгө оруулалт биш гэдгийг нотлон харуулсан гэж судлаачид үздэг.
Уг хямралын дараагаар “Базел III банкны зохицуулалтын дүрэм журам” гарч ирсэн билээ. АНУ-ын Алтны стандартын хүрээлэнгийн ерөнхийлөгч Кейт Вайнер: “Базел III стандарт нь алтыг нэгдүгээр ангиллын актив болгож байна. Банкууд бодит алт эзэмшин бага зэргийн ашиг нэмж фьючерс зарж болох нь. Ийм тохиолдолд алтны үнийн зах зээлийн эрсдэл даатгагдаж, банкууд алтанд зориулж нэмэлт санхүүжилт нөөцлөх шаардлагагүй гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал цаасны эсрэг бодит алтанд давуу тал байна гэх үндэслэл хий хоосон яриа төдий”[1] гэж 2019 онд Базел III-ийн тухай өгсөн ярилцлагад дурдсан байна.
Уг ярилцлагаас хойш цар тахал, олон улсын харилцааны хурцадмал асуудал, геополитикийн тааварлашгүй нөхцөл байдал бий болсон нь бодит алт бол дэлхийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт болоход нөлөөлөх магадлалтай байна. Энэхүү судалгаагаар алт хөрөнгө оруулагч нарын анхаарлын төвд орох шалтгаан цаашид үнэт металлын зах зээл чиг хандлагыг тодорхойлох болно.
Улс орнууд гадаад валютын нөөцөө ам.доллараар бус алтаар баталгаажуулж буй нь
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Орос, Турк, Энэтхэг, Польш, Хятад зэрэг орны төв банк алтны нөөцөө их хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.[2] Мөн өөрийн улсын алтны нөөцөө өөр улсад байршуулж байсан улс орнууд биет алтаа эргүүлэн татаж үндэсний валютаа хамгаалах алхмыг хэрэгжүүлж иржээ.
- ОХУ 2005 оноос хойш улсынхаа алтны нөөцийг нийтдээ 1900 гаруй тонноор нэмэгдүүлж, сүүлийн 10 жилд хамгийн том худалдан авагч улс болсон байна. 2021 оны эцэс гэхэд тус улс алтны нөөцөө 2301.6 тонн болгосон нь үнэт металлын арилжааны шинжээчдийн таамаглалаас өндөр гарчээ. 2022 оны I улиралд ОХУ алтны нөөцдөө шинэ худалдан авалт, борлуулалт хийгээгүй бөгөөд дэлхийн хэмжээнд алтны нөөцөөрөө 5 дугаарт оржбайна.
- Туркийн төв банк 2017 оноос хойш 278.5 тонн алтаар нөөцөө нэмэгдүүлжээ. 2022 оны I улиралд 36.9 тонноор нэмэгдүүлж, нийт нөөцийн хэмжээг 458 тоннд хүргэсэн байна. Турк улсын Төв банкнаас иргэдийн алтны хадгаламжийг дэмжих замаар улсын нөөцийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байна. Мөн тус улс дэлхийн хамгийн том алт, үнэт эдлэлийн үйлдвэрлэгчдийн нэг юм.
- Энэтхэг улс дэлхийн хамгийн том алт импортлогч, хэрэглэгч юм. Тус улс 2021 онд гэхэд 1067 тонн алт импортолсон байна. Импортоор авсан алтны 77.45 тонныг Төв банк, 989 орчим тонныг иргэд нь худалдан авчээ. 2022 оны I улирлын байдлаар Төв банкны мэдэлд буй алтны нөөц 769 тоннд хүрсэн байна.
- Польш улсын Төв банк 2018 онд алтны нөөцөө нэмэгдүүлэх стратеги баримталж эхэлсэн. Уг стратегийн үр дүнд 2019 онд 100.01 тонн алт худалдан авсан бол сүүлийн таван жилийн хугацаанд 125.7 тонн алтаар нөөцөө нэмэгдүүлжээ. Тус улсын алтны нөөц 2016 оны байдлаар 102.96 тонн байсан бол 2021 оны эцэст 230.84 тонн болтол нэмэгдсэн. Алтны нөөцөө нэмэгдүүлэх стратегийн ачаар тус улсын Европын холбоон дахь байр суурь улам бэхжиж байна.
- Хятадын Төв банк алтыг тогтмол хэмжээгээр худалдаж авдаг бөгөөд 2009 онд 454.11 тонн, 2015 онд 708.22 тонноор огцом нэмэгдүүлж байжээ. Хятад улс дэлхийд алтны нөөцөөр 6-д ордог бөгөөд 2022 оны I улирлын байдлаар 1948 тонн алтны нөөцтэй байна. Хятадын алтны хэрэглээ (үнэт эдлэл, гулдмай, зоос гэх зэрэг) 2017 онд 971.55 тонн, 2018 онд 994.35 тонн, 2019 онд 849.13 тонн, 2020 онд 612.65 тонн, 2021 онд 960.12 тонн тус тус байжээ. 2021 онд гэхэд 818 тонн алт импортолсон нь бараг Ковидээс өмнөх түвшинд хүрсэн байна.
Харин Герман, Итали, Румын гэх зэрэг орон өөрсдийн гадаадад хадгалуулж буй биет алтыг өөрийн улс руугаа татахад анхаарч, ажиллах болсон. Тухайлбал: Итали улс 2451.8 тонн алтны нөөцтэй бөгөөд дэлхийд 3 дугаарт жагсдаг. Уг алтны 1200 орчим тонн нь Нью-Йоркийн Холбооны нөөцийн сангийн хадгаламжид бий. Итали улс олон жил барааг нь хараагүй эдгээр алтаа буцаан татахаар ажиллаж эхлээд байна. Мөн Италийн алт Английн банк, Швецарийн Берн дахь Үндэсний банкны олон улсын төлбөр тооцооны банкинд хадгалагдаж буй юм.
Харин Румыны хувьд 103.7 тонн алтныхаа дийлэнх буюу 60 хувийг Лондон дахь Английн банканд хадгалдаг. 2018 оноос Герман, Нидерланд, Австри улсууд эх орондоо алтаа буцаан татах ажлыг эхлүүлсэн. Румын улсын Төв банк мөн адил алтаа буцаан татах ажлыг эхлүүлэх шаардлага тулгарсан юм.
Хөгжиж буй орнууд алтны нөөцөө нэмэгдүүлж үндэсний валютаа хамгаалахад анхаарч эдийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулж байна. Харин хөгжингүй орнууд өөрийн нөөц алтыг төв банкинд байрлуулах замаар үндэсний валютын дархлааг бий болгож эхлээд байна.
Алтаар баталгаажаагүй бүх валютын суурь нь ам.доллар болж байгаа. Дэлхийн тэргүүлэх эдийн засаг, хамгийн их алтны нөөцтэй АНУ-д итгэх итгэл өнгөрсөн хугацаанд суларсан дээр дурдсан Итали, Герман гэх зэрэг улсын жишээ юм. АНУ-ын Холбооны нөөцийн сан сүүлийн жилүүдэд мөнгөний зөөлөн бодлогыг баримталж зах зээлд ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх болсон. Мөн АНУ-ын эрх баригчид эдийн засгаа сэргээхэд зориулж их хэмжээний санхүүжилтийг ХНС-аар дамжуулж гаргах болсон зэрэг нь ам.долларын ханшийг алтны эсрэг сулрахад нөлөөлж байна. Тухайлбал: АНУ-ын мөнгөний М2 сүүлийн 5 жилийн дотор 2 орчим хувиар нэмэгдсэн байна. Мөн тус улсын өрийн хэмжээ 23.3 их наяд ам.долларт хүрсэн байна.
АНУ-ын өрийн хэмжээ, мөнгөний нийлүүлэлт өсөх магадлалтай байна. Үүнээс үүдэж ам.доллар алтны эсрэг сулрах эрсдэлтэй тул хөгжиж буй орнууд биет алтны худалдан авалтаа нэмж, үндэсний валютаа хамгаалах, эдийн засгийн аюулгүй байдлаа сулруулахгүйн тулд алтны нөөцөө нэмэгдүүлж байна.
Худалдааны дайн, цар тахал, зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн тогтворгүй байдал зэрэг нь хөрөнгө оруулагч нарын шийдвэрт нөлөөлж байна.
Худалдааны дайн
Дэлхийн тэргүүлэх эдийн эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны тариф болон тарифын бус хориг, технологийн хулгай гэх зэрэг олон асуудлаас үүдэж худалдааны дайн гарсан. Худалдааны дайн жил гаруй хугацаанд үргэлжилсэн ч үр дүнг үзэх жил буюу 2020 онд коронавирусийн халдвар БНХАУ-д тархаж уг асуудал түр намжмал болсон. Уг хэлэлцээр үргэлжлэх хугацаанд БНХАУ-аас 1000 гаруй компани үйлдвэрлэлийн бүсээ Зүүн өмнөд Азийн зарим орон руу шилжүүлсэн юм.
Худалдааны дайны улмаас АНУ зарим бараа бүтээгдэхүүний тарифаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын зүгээс үндэсний валютынхаа ханшийг хүчээр зохицуулах арга хэмжээ авч, үүнээс үүдэн хөрөнгө оруулагч нар эрсдэл багатай хөрөнгө оруулалт болох алтанд анхаарлаа хандуулах болсон. Хэдийгээр АНУ-ын 2020 оны сонгуулиар Ж.Байден ерөнхийлөгчөөр сонгогдсон ч худалдааны дайн зогсоно гэсэн хүлээлт байхгүй байгаа юм. Харин түүний засаглалын үед худалдааны дайнд баримтлах байр суурь зөөлрөх магадлал өндөр хэвээр байна.
Цар тахал
Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар хурдацтай тархаж, цар тахал дэгдсэнээс үүдэн хатуу хөл хориог улс орнууд авч эхэлсэн. Хатуу хөл хорионы үеэр ихэнх улс орнууд өөрсдийн дотоод нөөц бололцоонд суурилсан эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэв. Үүнд: АНУ-ын Загийн газар цар тахлын үед иргэдийн худалдан авалтад зориулагдсан санхүүжилтийг баталж, хэрэглээнд суурилсан эдийн засгийг дэмжсэн. Мөн үүнтэй адил Европын холбооны улсууд иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлэхэд зориулж тусгай санхүүжилтийн багц гаргасан. Харин манай улс иргэн бүрд 300 мянга, вакцинд хамрагдсан 50 мянга гэх зэрэг иргэдийн худалдан авалтад зориулсан санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлсэн. Уг бодлогын хүрээнд дэлхийн хэмжээнд иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэж, хүнсний хэрэгцээнээс илүү гарсан мөнгөө криптовалют, технологийн компаниудын хувьцаа, алтны зах зээлд хөрөнгө оруулах нь ихэссэн байна. Цар тахлын тархалт өндөртэй хатуу хөл хориотой үед унц алтны ханш 1600-аас 2000 гаруй ам.долларт хүрч оргилдоо хүртэл өссөн. Ийм огцом өсөлт 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралаас хойших том өсөлт болсон.
Зэвсэгт мөргөлдөөн
Коронавирусийн вакцин гарч халдварын тархалт буурч 2022 он гарснаас хойш олон улсын нөхцөл байдалд томоохон хөдөлгөөнүүд болоо. ОХУ, Украины хооронд зэвсэгт мөргөлдөөн 2 дугаар сарын 24-ны өдрөөс эхэлж, 90 орчим хоног үргэлжлээд байна. Уг нөхцөл байдлаас болж барууны орнууд ОХУ-ыг эзлэн түрэмгийлэл үйлдэж байна гэж үзэн санхүүгийн болон бусад хориг арга хэмжээг авах болсон. Мөн ОХУ-ын эрх баригч, нөлөө бүхий хүмүүсийн төрийн данс, мөнгөн гүйлгээг царцаах хүртэл алхам хийсэн. Рублийн ам.доллартай харьцах ханш 75-аас 135 болтлоо огцом суларсан юм. Рубль хэдийгээр түүхэнд байгаагүйгээр суларсан ч ердөө 3 сарын дараа 1=53 болтлоо чангарсан юм. Уг үзэгдлийг санхүүгийн шинжээчид алттай холбон тайлбарлаж байгаа юм. ОХУ-ын Төв банкнаас үндэсний валютаа хамгаалах үүднээс рублийг алттай холбож өгснөөр оросын иргэд рублийг ам.доллараар солих бус алтаар солих боломжтой болов. Үүнээс үүдэж тус улсын иргэд үндэсний мөнгө тэмдэгтэд итгэх итгэл нэмэгдэж валютын зах зээлд ам.долларын эсрэг 5 сарын байдлаар 23 хувиар чангарч чадсан цор ганц валют болоод байна.[3]
Хөрөнгө оруулагч нар үнэт металлыг сонгож буй нь
Дээр дурдсан нөхцөл байдлаас болж хөрөнгө оруулалтын урсгал эрсдэлгүй хөрөнгө оруулалт болох үнэт металлыг сонгож байгаа нь тодорхой байна. Цаашид хөрөнгө оруулагч нар доор дурдах асуудлууд хэр хурдан намжаахаас үүдэж үнэт металлын зах зээлээс гарах үгүйгээ шийдвэрлэх юм. Үүнд:
- Худалдааны дайны өрнөл хэрхэн шийдвэрлэгдэх
- БНХАУ-ын “0 ковид” бодлого хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байна.
- Цар тахлын үед хэрэгжүүлсэн иргэдийн худалдан авалтыг дэмжсэн эдийн засгийн бодлогын үр дагавар инфляцыг өсгөсөн эсэх
- ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, цаашид ямар өрнөлтэй байх, барууны орнууд Украиныг дэмжин оролцох эсэх
- Дэлхийн эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх хямрал болох эсэх гэх зэрэг тодорхой бус байдал байсаар байна.
Хөрөнгө оруулагч нар олон улсын нөхцөл байдалд олон тогтворгүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбоотойгоор эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг сонгож алтны салбарт хөрөнгө оруулалт хийх магадлал өндөр байна. 2020 онд иргэдийн дунд явуулсан санал асуулгаар алт худалдан авсан иргэдийн 75 гаруй хувь нь ирээдүйд дахин худалдан авахаар төлөвлөж байгаа бол борлуулахаар төлөвлөж байгаа хүний тоо 7.8 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн тогтворгүй байдал, худалдааны дайн, эдийн засгийн хориг, зэвсэгт мөргөлдөөн зэрэг нь ард иргэдийг хадгаламжаа алт хэлбэрт шилжүүлэх үйл явцын гол хүчин зүйл болж байна.
ОХУ-ын алтан баталгаат рубль
ОХУ-ын Төв банк 2022 оны 3 дугаар сарын 28-наас 6 сарын 30-ны өдөр хүртэл рублиэр худалдан авах алтны тогтмол үнийг тогтооно гэж 3 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэв.[4] Кремлийн зорилго нь тэд барууны орнуудаас ирж буй хориг арга хэмжээний улмаас огцом үнэгүйдсэн үндэсний валютаа хамгаалах үүднээс рублийг алттай холбосон юм. Үүнээс гадна эрчим хүчний түүхий эд, үр тарианы түүхий эдийг худалдан авахад рублиэр тооцоогоо хийх эсвэл алтны арилжаандаа ашиглах шаардлага тавьсан нь ам.долларын эсрэг рубль чангарахад нөлөөлсөн юм. Нэг грамм тутмыг 5000 рубль гэж тогтоосон нь үнэт металлын зах зээлийн шинжээчдийн анхаарлыг татсан юм. Мөн ОХУ өөрсдийн холбоотон орнуудаас бусад орнуудтай хийх гадаад худалдаандаа рубль эсвэл алт гэсэн сонголт өгсөн нь валютын зах зээлд рубль хомсдоход хүргэсэн байна.
ОХУ-ын иргэд дотоодоо биет болон биет бус алт худалдан авах нь нэмэгдэж, импортын бараа бүтээгдэхүүн захиалах, худалдан авалт хийхдээ алтыг ашиглах эсвэл тухайн өдрийн алтны ханшаар гүйлгээгээ хийж эхэлсэн. Тус улсын эрх баригчид улс төрийн хувьд ээлтэй улс орнуудтайгаа илүү таатай нөхцөлөөр худалдалдаа хийхээр төлөвлөж байна.[5]
Үнэт металлын зах зээлийн чиг хандлага
Дэлхийн 2009 оны санхүүгийн хямралаас хойш Базел III стандартыг баримталснаар алтны үнэ аажим өсөж эхэлсэн. 2018 оноос эхэлсэн худалдааны дайн, 2020-2021 оны цар тахал, 2022 оны зэвсэгт мөргөлдөөн зэрэг нь үнэт метал, алтны хөрөнгө оруулалт, биет худалдан авалт эрс нэмэгдсэн. Алтны зах зээлийг эрсдэл багатай найдвартай хөрөнгө оруулалт гэдгийг улам нотолж байна.
Одоогоор геополитикийн нөхцөл байдал төдийлөн тогтвортой бус, таамаглахад бэрх, шинэ төрлийн халдварт өвчний тархах эрсдэл буураагүй, олон улсын харилцаа хурцдаж, зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж буй зэрэг нь дэлхийн эдийн засагт хямрал болох эрсдэлийг дагуулж байна. Уг дурдсан эрсдэлээс үүдэж хөрөнгө оруулагч нар алтнаас бусад төрлийн салбарт хөрөнгө оруулах сонирхол одоогоор төдийлөн харагдахгүй байна.
Ашигласан материал:
[1] http://monetary-metals.com/will-basel-iii-send-gold-to-the-moon-report-2-apr/
[2] https://www.nasdaq.com/articles/which-nations-have-been-buying-gold
[3] https://www.bloomberg.com/news/articles/2022-05-11/russian-ruble-surpasses-brazilian-real-as-world-s-best-currency#xj4y7vzkg
[4] https://www.kitco.com/news/2022-03-28/Russia-sets-fixed-gold-price-as-it-restarts-official-bullion-purchases.html
[5] https://www.aier.org/article/a-note-on-the-new-russian-gold-standard/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Төв Ази дахь шинэ өрнөлДараах нийтлэл
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены Азийн орнуудад хийсэн айлчлалСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19