АНУ-аас Азийн бүс нутаг болон манай хөрш орнуудад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Монгол Улсын гадаад бодлогын орчныг тодорхойлдог. Тус улсын Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй бодлогоос Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогод ирэх шууд болон шууд бус нөлөө тусгалыг нь судлах шаардлагын үүднээс АНУ-ын ерөнхийлөгчийн Азийн орнуудад хийсэн айлчлалыг онцолж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден албан ажлаа хүлээн авснаасаа хойш анх удаа Азийн орнуудад 2022 оны 5 дугаар сарын 20-24-ний өдөр айлчиллаа. Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Вашингтоны анхаарал Европт чиглээд байсан боловч Цагаан ордоны тэргүүн Өмнөд Солонгос, Япон улсад айлчилж, “Дөрвөл”-ийн төр засгийн тэргүүн нарын уулзалтад оролцсон явдал “Энэтхэг-Номхон далайн стратеги” АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байна гэдгийг нотлон харуулав. Ж.Байдены Азийн орнуудад хийсэн айлчлал болон түүний эргэн тойронд болж буй үйл явдлыг доорх байдлаар хураангуйлан хүргэж байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн БНСУ-д хийсэн айлчлал
БНСУ-д ирсэн даруйдаа Цагаан ордоны тэргүүн дэлхийд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Самсунг корпорацийн үйлдвэрийг зорьсон. Энэ бол АНУ тэргүүлэн Хятадын эсрэг “хагас дамжуулагчийн эвсэл”-ийг байгуулах алхам хэмээн ажиглагчид үзэж байна. Самсунгийн үйлдвэртэй танилцсан нь хагас дамжуулагчийн салбарт хамтран ажиллах замаар АНУ-БНСУ-ын холбоотны харилцаа хэрхэн өргөжин тэлж байгааг харууллаа хэмээн БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёол онцлон тэмдэглэсэн. Ж.Байдены айлчлалын дараа Самсунг компани чип үйлдвэрлэл, био эмийн бүтээгдэхүүн гэх зэрэг үндсэн үйл ажиллагаандаа 2026 он хүртэл 450 их наяд воны (356 тэрбум ам.долларын) хөрөнгө оруулалт хийнэ хэмээн мэдэгдэв. Энэ удаагийнх нь өмнөх 5 жилийн хугацаанд зарцуулсан хөрөнгө оруулалтаас нь 30 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг буюу 360 их наяд вон буюу 285 тэрбум ам.долларыг БНСУ-д оруулах бол үлдсэн хэсгийг аль улсад байрлах салбартаа зарцуулах нь тодорхойгүй байна.[1] Бидний өргөн хэрэглэдэг гар утсаас авахуулаад компьютер, робот, хиймэл оюун ухаан зэрэгт чипийг ашигладаг.
Сүүлийн жилүүдэд хагас дамжуулагчийн зах зээлд нүүрлэсэн хомсдолоос үүдэн нийлүүлэлтийн сүлжээ тасалдах явдал гарах болсон. Энэ үед АНУ-ын тал хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд хяналтаа эргүүлэн тогтооход анхаарч эхлээд байна. Дэлхийн хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт АНУ-ын эзлэх хувь хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй буурч байгаа бөгөөд 1990 онд ойролцоогоор 40 хувийг хангадаг байсан бол 12 хувь болж бууржээ. Хагас дамжуулагчийг үйлдвэрлэхэд өртөг өндөр, нарийн түвэгтэй ажиллагаа шаарддаг учраас Америкийн хагас дамжуулагч үйлдвэрлэгчид техник хангамж, хагас дамжуулагчийн чипийг өөрсдөө зохион бүтээгээд зах зээлд нийлүүлдэг боловч түүнд ашигладаг цахиуран ялтас, чипийг үйлдвэрлэхээ зогсоож, Зүүн Азийн компаниудаас аутсорсинг хийх үйлдвэрлэлийн загварыг ашиглаж байна. Үр дүнд нь Өмнөд Солонгос, Япон, Тайвань зэрэг газар дэлхийн хагас дамжуулагчийн 80 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Google, Apple, Amazon зэрэг Америкийн томоохон технологийн компаниуд чип үйлдвэрлэлийнхээ бараг 90 хувийг дан ганц Тайваний TSMC компанид тулгуурлан хангаж байна.[2]
Цагаан ордон Самсунг зэрэг томоохон компанийн удирдлагуудтай хагас дамжуулагчийн хомсдолын асуудлаар дээд хэмжээний уулзалтыг 2021 оны 4 дүгээр сард зохион байгуулсан бөгөөд Ж.Байден АНУ хагас дамжуулагчийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийхэд зориулан “Америкт хагас дамжуулагч үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх урамшуулал бий болгох тухай” (CHIPS) хуулийг батлахыг АНУ-ын Конгресст уриалсан. Энэ хууль батлагдвал АНУ-д хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж төрөөс 52 тэрбум ам.долларын татаас толгох юм.[3] Түүнчлэн Ж. Байден Японы ерөнхий сайд Фумио Кишидатай уулзалт хийхдээ хагас дамжуулагчийн чиглэлээр хоёр талын судалгаа-хөгжүүлэлтийн чадавхыг өргөжүүлэх замаар үйлдвэрлэлээ нэмэхээр тохирсон бөгөөд ирэх 7 дугаар сард АНУ-Японы эдийн засгийн бодлогын зөвлөлийн хорооны сайд нарын түвшний уулзалтыг зохион байгуулах замаар энэ чиглэлийн хамтын ажиллагаагаа уялдуулан зохицуулахаар тохиролцсон байна.[4]
АНУ бүс нутгийн холбоотнууд болох Өмнөд Солонгос, Японтой хамтран “хагас дамжуулагч”-ийн эвслийг байгуулахдаа Хятадыг гадна үлдээж байгаа юм. Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны үед Хятадтай хийсэн “худалдааны дайн” даамжирч, технологийн дайн болж өргөжсөнийг ерөнхийлөгч Ж.Байдены энэ удаагийн айлчлал нотлон харуулж байна. 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор “бүрэн хөгжсөн, чинээлэг, хүчирхэг” үндэстэн болно гэх зорилго тавьсан бөгөөд ОУВС-гийн тооцоогоор 2049 он гэхэд Хятадын эдийн засаг Америкийн эдийн засгаас 3 дахин их болох төлөвтэй байгаа билээ. Харин АНУ дэлхийд манлайлагчийн байр сууриа хадгалж, тэрхүү байр сууринд нь сорилт учруулах аливаа гүрний хүч нөлөөг хязгаарлах бодлого явуулж байгаа учраас Хятадтай эдийн засгийн хүрээнд хүчтэй өрсөлдөхийг эрмэлзэж байна. Бээжин өндөр технологи шаарддаггүй үйлдвэрлэлийн салбарт хэдийн АНУ-ыг гүйцэж түрүүлсэн бол технологийн салбарт зарим талаараа АНУ болон бусад аж үйлдвэржсэн орнуудаас хоцорч байгаагийн нэг нь хагас дамжуулагчийн салбар юм. АНУ технологийн салбарт өөрийн болон түншүүдийнхээ монополь байдлыг хадгалах замаар дэлхийн эдийн засаг дахь давамгайллаа хэвээр үлдээхийг эрмэлзэж байна. Энэ утгаараа, “хагас дамжуулагч”-ийн эвслийг технологийн салбарт Хятадын “өсөлт”-ийг хязгаарлах далд зорилготой хэмээн дүгнэж болно. Алсдаа АНУ, Хятадын хооронд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээний төлөө дайн гарах магадлалтай байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлал ба “Дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалт
Ерөнхийлөгч Ж.Байден Японд хийсэн айлчлалынхаа хүрээнд “Дөрвөл”-ийн уулзалтад оролцсон байна. Энэ удаагийн уулзалт нь АНУ, Япон, Энэтхэг, Австралийн удирдагчид дөрөв дэх удаагийнх юм. Австралийн шинээр сонгогдсон Ерөнхий сайд Антони Албанезе “дөрвөл”-ийн уулзалтад анх удаа оролцож, Номхон далайн орнуудад илүү дэмжлэг үзүүлэхийг амласны дотор батлан хамгаалах, далай тэнгисийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудал багтжээ.
Ерөнхийлөгч Ж.Байден “Дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Хятадын нөлөө улам бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан бүс нутгийн орнуудыг татан оролцуулах зорилготой эдийн засгийн урт удаан хугацааны төлөвлөгөөг танилцуулсан. “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо” хэмээн нэрлэгдсэн энэхүү төлөвлөгөө нь уламжлалт худалдааны гэрээ биш буюу зах зээлд нэвтрэх, гаалийн тарифтай холбоотой тодорхой заалтуудыг тусгаагүй юм. Харин санаачилгад худалдааны асуудал нэг “тулгуур” болон орсноос гадна нийлүүлэлтийн сүлжээг илүү уян хатан болгох, цэвэр эрчим хүчийг дэмжих, авлигатай тэмцэх зэрэг бусад салбарыг хамруулжээ.[5]
Ерөнхийлөгч асан Д.Трамп албан тушаалдаа орсон эхний өдрөө өмнөх ерөнхийлөгчийн үед хэлэлцэж тохирсон, 12 улсыг эгнээндээ нэгтгэсэн “Номхон далай дамнасан түншлэл”-ийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргаснаас хойш Вашингтон энэ бүс нутгийн орнуудыг эдийн засгийн хувьд талдаа татах эдийн засгийн төлөвлөгөөгүй явж ирсэн. Энэ “цоорхой”-г нөхөх зорилгоор Ж.Байден “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо”-г санал болгож байгаа юм.
АНУ-ын зүгээс “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо”-нд Австрали, Бруней, Энэтхэг, Индонез, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам зэрэг 12 улсыг эхний ээлжинд нэгтэх бөгөөд эдгээр улс нь нийлээд дэлхийн ДНБ-ий 40 хувь, хүний амын 60 хувийг бүрдүүлж байна.[6] Энэхүү санаачилгын үүд хаалга улс орнуудад нээлттэй хэмээн Вашингтоны зүгээс мэдэгдэж байна. Энэ санаачилга Хятадын эсрэг чиглэсэн хэмээн Бээжин хардаж байгаа бөгөөд Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Глобал таймст “Ж.Байдены Өмнөд Солонгос, Японд хийсэн айлчлалын гол зорилго нь Ази Номхон далайн бүс нутагт Вашингтоныг тойрсон эвсэл байгуулах замаар Хятадын эсрэг шинэ улс төрийн байр суурийг бий болгоход чиглэсэн” хэмээн шүүмжилсэн байна.
Түүнчлэн бүс нутагт Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах хүчин чармайлтынхаа хүрээнд АНУ, Япон, Энэтхэг, Австралийн удирдагчид хууль бус загас агнууртай тэмцэх далай тэнгисийн санаачилга гаргаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэхэд 50 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар амлав.[7] Дөрвөн улсын удирдагчид АНУ, Австрали, Энэтхэг, Японы 100 оюутныг шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлээр магистрын зэргээр АНУ-д суралцахад нь тэтгэлэг олгох “Quad Fellowship” хөтөлбөрийг санаачилснаа зарласан.
Украин Оросын зэвсэгт мөргөлдөөн нь “Дөрвөл”-ийн уулзалтын нэг гол сэдэв байв. Ж.Байден, Ф.Кишида, А.Албанезе, Н.Моди нар энэ асуудлаар нэгдсэн байр суурьтайгаа илэрхийлэхийг эрмэлзсэн боловч “хөшиг”-ний ард нөхцөл байдал өөр байсан юм. “Дөрвөл”-ийн орнуудаас ганцхан Энэтхэг улс Украин дахь Оросын “үйл ажиллагаа”-г зэмлэн буруушаасан мэдэгдэл гаргаагүй байна. Энэ нь ОХУ-д үйлдвэрлэсэн зэвсэг-техник Энэтхэгийн зэвсэглэлийн 85 хувийг бүрдүүлдэгтэй холбоотой.[8] Мөн Өрнөдийн орнуудаас тавьсан хоригийн нөлөөгөөр Энэтхэг нь Оросоос хямд газрын тос худалдан авч эхэлсэн бөгөөд Украин дахь зэвсэгт мөргөлдөөнөөс хойших 2 сарын хугацаанд Энэтхэг нь 2021 онд Оросоос авснаасаа 2 дахин их түүхий газрын тосыг худалдан авсан хэмээн Ройтерс агентлаг тооцоолжээ.[9]
Японы ерөнхий сайд Ф.Кишидатай хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Цагаан ордоны тэргүүн “Хятадын зүгээс Тайванийг халдан түрэмгийлсэн тохиолдолд тус арлыг цэргийн хүчээр хамгаална” хэмээн мэдэгдсэн.[10] Энэ нь Ж.Байденаас өмнөх ерөнхийлөгчид Тайванийн талаар “стратегийн хувьд тодорхойгүй байх” бодлого баримталдаг байсныг өөрчилсөн алхам байв.[11] АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдлийг Тайваньд талархан хүлээн авсан боловч Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбинь “үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах гэсэн Хятадын ард түмний эрс шийдэмгий байдал, чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй” хэмээн анхааруулжээ.[12] Цагаан ордоны зүгээс ерөнхийлөгч Ж.Байдены хийсэн мэдэгдлийг үгүйсгэж, АНУ-аас Тайванийн талаар 34 жилийн туршид баримталсан бодлого хэвээр байгааг тодотгосон байна. Гэвч АНУ-ын төрийн тэргүүний энэхүү мэдэгдэл зүгээр “санамсаргүй” тохиолдол биш гэдэг нь АНУ-ын ерөнхийлөгчийн зүгээс 2022 онд ийм агуулгатай мэдэгдлийг өмнө нь 2 удаа хийгээд байснаас харагдана. Энэ бол Хятадад анхааруулга өгөх зорилготой үйлдэл юм.
АНУ-ын мэдэгдлийн хариу болгон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 4-ний өдөр Номхон далайн өмнөд хэсгийн Соломоны арлууд, Кирибати, Самоа, Фижи, Тонга, Вануату, Папуа Шинэ Гвиней, Зүүн Тимор зэрэг улсад биечлэн айлчилж, Микронезэд видео байдлаар хүрэлцэн очиж, Кукийн арлууд, Ниуэгийн удирдагчидтай виртуал уулзалт хийхээр төлөвлөж байна. Эдгээр улсаас Соломоны арлууд нь Номхон далайн стратегийн чухал ач холбогдолтой учраас БНХАУ тус улстай аюулгүй байдлын гэрээ байгуулсан нь АНУ-ыг түгшээгээд байгаа билээ. Энэхүү аюулгүй байдлын гэрээний хүрээнд Соломоны арлуудад Хятадын байнгын ажиллагаатай цэргийн бааз байгуулагдах тохиолдолд АНУ-ын холбоотон Австралиас 2000 хүрэхгүй километрын зайд Хятадын цэргийн бодитой аюул нүүрлэх юм.
Нөгөөтэйгүүр, АНУ, Хятадын эдгээр арлуудтай харилцах харилцаа нь Тайваний статустай шууд холбогдоно. Хэдэн арван жилийн туршид тус бүс нутаг Тайваний асуудлаарх дипломат өрсөлдөөний голомт байсаар ирсэн юм. Маршаллын арлууд, Науру, Палау, Тувалу гэх Номхон далайн арлын 4 улс Тайваньтай дипломат харилцаатай байгаа бол Соломоны арлууд болон Кирибати нь 2019 онд Тайбэйгээс харилцаагаа таслан, Бээжинтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар хөрөнгө оруулалт, зээл тусламж татаж байна. Хятадын Номхон далайн арлын орнуудад оруулсан шууд хөрөнгө оруулалт 2013 онд 900 сая ам.доллар байсан бол 2018 онд 4.5 тэрбум ам.доллар болж, 400 хувиар өссөнөөс үзэхэд Тайваньтай дипломат харилцаатай орнуудын тоо дахин буурах төлөвтэй байна.
Дүгнэлт
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены БНСУ, Японд хийсэн айлчлал бүхэлдээ Энэтхэг-Номхон далайн бүс нутаг тус улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр гэдгийг нотлон харуулахад чиглэгдлээ. “Энэтхэг-Номхон далайн стратеги” нь олон улсын харилцаанд Америкийн давамгайллыг хадгалах, шинээр хүчирхэгжиж буй Хятадын тэлэлтийг хязгаарлах гэсэн Вашингтоны геополитикийн далд сонирхлын илэрхийлэл юм. Хэдийгээр Европт өрнөж буй үйл явдалтай холбогдуулан АНУ тус бүс нутагт онцгой анхаарал хандуулж байгаа боловч “Энэтхэг-Номхон далайн стратеги”-ийг тууштай хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаа нь АНУ-Япон-Өмнөд Солонгосын “хагас дамжуулагчийн эвсэл”, 12 улсыг эгнээндээ нэгтгэсэн “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо”-г үүсгэн байгуулж, зарлан мэдэгдснээс харагдаж байна. Ийнхүү Вашингтоны зүгээс Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хазаарлах бодлогыг эрчимтэй явуулж буй нь алсдаа их гүрнүүдийн хооронд зөрчлийг хурцатгах, улмаар Ази, Номхон далайн бүс нутагт “шинэ хүйтэн дайн”-ы хуваагдал үүсгэх, улс орнуудыг хооронд нь талцуулсан блокууд үүсэхэд хүргэж болзошгүй байна.
Ирээдүйд бүс нутгийн аюулгүй байдлын орчин тогтворгүй болох төлөв ажиглагдаж байгаа нь манай улс мэт жижиг улсууд их гүрнүүдийн аль нэгийг нь сонгохыг шаардсан “стратегийн дилема”-тай нүүр тулгарах цаг хугацааг улам ойртуулж байна. Үр дүнд нь, энэхүү шинэ маягийн хуваагдал жижиг орнууд гадаад бодлогын хувьд манёврлах орон зайг хумиж, сонголт хийх хувилбаруудыг цөөрүүлэх аюулыг өдөөж байна. Энэ нөхцөлд Монгол Улс идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэх, бодлогын “бүтээлч” санаачилгуудыг гарган дэвшүүлэх, олон улсын харилцааны оролцож чадалгүй түгжигдэхээс сэргийлсэн бодлого явуулах шаардлагатай байна. Мөн хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцахын зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн орнуудаар тэдний нөлөөг тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх шаардлага хэзээ хэзээнээс чухал болж байгаа юм.
[1]CNN “Samsung plans to create 80,000 new jobs with $356 billion investment” (May 24, 2022) https://edition.cnn.com/2022/05/24/tech/samsung-jobs-chips-biopharma-intl-hnk/index.html
[2]CNBC “Tough road ahead for U.S. firms trying to cut reliance on Taiwan chipmakers” (April 13, 2021) https://www.cnbc.com/2021/04/13/semiconductor-shortage-us-tech-companies-and-their-reliance-on-taiwan.html
[3] https://www.csis.org/blogs/perspectives-innovation/chips-america-act-why-it-necessary-and-what-it-does
[4]Japan Today “Japan, U.S. to deepen semiconductor alliance amid supply crunch” (May 24, 2022) https://japantoday.com/category/tech/japan-u.s.-to-deepen-semiconductor-alliance-amid-supply-crunch
[5] Мөн тэнд
[6]White House “FACT SHEET: In Asia, President Biden and a Dozen Indo-Pacific Partners Launch the Indo-Pacific Economic Framework for Prosperity” https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2022/05/23/fact-sheet-in-asia-president-biden-and-a-dozen-indo-pacific-partners-launch-the-indo-pacific-economic-framework-for-prosperity/
[7]Aljazeera “At Tokyo summit, Quad offers ‘tangible benefits’ to counter China” https://www.aljazeera.com/news/2022/5/24/quad-leaders-meet-in-japan-to-discuss-china-russia-tensions
[8]Stimson “The Influence of Arms: Explaining the Durability of India–Russia Alignment” https://www.stimson.org/2021/the-influence-of-arms-explaining-the-durability-of-india-russia-alignment/
[9]Business Standard “India buys more than double ’21 total of Russian oil since war” https://www.business-standard.com/article/economy-policy/india-buys-more-than-double-21-total-of-russian-oil-since-war-122042500873_1.html
[10]New York Times “Biden Pledges to Defend Taiwan if It Faces a Chinese Attack” https://www.nytimes.com/2022/05/23/world/asia/biden-taiwan-china.html
[11]BBC “Biden vows to defend Taiwan in apparent US policy shift” https://www.bbc.com/news/world-asia-china-61548531
[12]CNBC “Biden says his Taiwan comments don’t reflect a change in U.S. policy after drawing ire from China” https://www.cnbc.com/2022/05/24/biden-says-his-taiwan-comments-dont-reflect-a-change-in-us-policy.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Алтны зах зээлийн чиг хандлагаСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19