Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцооны талаарх Австралийн байр суурь
2022-06-03
АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден энэ оны 5 дугаар сард Азид хийсэн айлчлалынхаа хүрээнд Япон улсад “Дөрвөл”-ийн уулзалтад оролцох үеэрээ тус бүс нутагт хэрэгжүүлэх эдийн засгийн удаан хугацааны “Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо” хэмээх хөтөлбөрийг танилцуулсан юм. Уг тогтолцооны талаарх Австралийн байр суурь, оролцооны тухай “Австралийн стратегийн бодлогын хүрээлэн”-гийн судлаачдын хийсэн судалгааны тайланг товчлон хүргэж байна.
Австрали улс Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоог (IPEF) бүс нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өндөр стандарт тогтоох, нийлүүлэлтийн гинжин хэлхээний эрсдэлийг шийдвэрлэх хамтын шийдлийг бий болгох, цэвэр эрчим хүчний дэд бүтцийг өргөжүүлэх боломж гэж үзэж байна. Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо нь АНУ-ын зах зээлд нэвтрэх гэх мэт худалдааны хэлэлцээрийн ердийн агуулгыг бэхжүүлэх механизм биш харин бүс нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэлэг арга зам юм.
Энэ тогтолцоо нь Австралийн нэгдэн орсон, АНУ нэгдээгүй Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл (RCEP) болон Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр (CPTPP) зэрэг бүс нутгийн эдийн засгийн хэлэлцээрээс давсан үр дүн үзүүлж чадвал онцгой ач холбогдолтой механизм болно.
Энэхүү судалгааг хийхдээ Австралийн засгийн газар болон Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцооны дөрвөн тулгуурт хамаарах салбарын байгууллагуудын албан тушаалтнуудтай хийсэн ярилцлагад дүн шинжилгээ хийсэн. Судалгааны энэ тайлан нь Канберрагийн шинэ засгийн газарт Австрали улсад Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх боломжийг санал болгох боломжтой. Оролцогч улс орнууд Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцооны дөрвөн тулгуурт хэлэлцээрийг эхлүүлэхийг эрмэлзэж байгаа тул бид дараах зөвлөмжийг гаргалаа.
1. АНУ энэ бүс нутагт Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцоог хэрэгжүүлэхийн тулд Австралийн туршлагад түшиглэх хэрэгтэй. Австрали улс Зүүн өмнөд Ази, Номхон далайн өмнөд хэсэгт чадавхийг бэхжүүлэх сургалт сургуулилтыг зохион байгуулж ирсэн арвин түүхтэй. Үүний нэг жишээ нь Австралийн Номхон далайн дэд бүтцийн санхүүжилтийн хөтөлбөр (AIFFP) юм.
2. Оролцогч улс орнууд дөрвөн тулгуур тус бүрд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулсан яриа хэлэлцээг яаралтай зохион байгуулж эхлэх хэрэгтэй. Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцооны ач холбогдлыг бэхжүүлэхийн тулд оролцогч улс орнууд төр болон хувийн хэвшлийн хоорондын дөрвөн тулгуур тус бүрийн өөр өөр үзэл бодлыг ойлгох нь чухал юм. Уг тогтолцоо эхлэл шатандаа байгаа тул оролцогч улс орнуудад үүнд оролцох гол ашиг сонирхол, алсын хараагаа тодотгох боломжийг олгохын тулд дөрвөн тулгуур тус бүр дээр төвлөрсөн тодорхой механизмыг бий болгох нь чухал юм.
3. Бүс нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх эмзэг байдал, нэн чухал хэсгүүдийг тодорхойлохын тулд оролцогч улс орнууд болон тэдгээрийн хувийн хэвшил, корпорацуудтай хамтран ажиллах шаардлагатай. Австралийн Их Британи, Япон, Энэтхэг улстай байгуулсан ханган нийлүүлэлтийн сүлжээний санаачилгатай адил засгийн газар хоорондын болон засгийн газар-аж үйлдвэрийн шинэ форумуудыг Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцоогоор дамжуулан байгуулж болно. Зорилго нь ижил төстэй улс орнуудын хамтын ажиллагааны гарцыг бий болгох юм.
4. Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцооны түншүүдийн хооронд хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх механизмыг судлах. Хэрэв уг тогтолцооны гол давуу тал нь бүс нутагт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг дээшлүүлэх юм бол хоёр талын албан ёсны хандивлагч, зээлдүүлэгчдийн харилцаа, хувийн хэвшлийн оролцоог сайжруулах стратегийг баримтлах нь зүйтэй. АНУ-Австрали-Японы Хөх цэгийн сүлжээ, G7-ийн дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэл зэрэг зарим санаачилга нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой тул Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцоо эдгээр санаачилгыг судалж, боломжтой бол нөхөх ёстой.
Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцоо Австралийн гадаад бодлоготой уялдах нь
Инфляци, Европ дахь дайн, автократ дайсагнал зэрэг олон хямралт нөхцөл байдал нь дэлхийн эдийн засгийн цаашдын төлөвийг хурцатгахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг арилгахад яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болж байгаа нь Австралийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчидад Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдлын талаар яаралтай арга хэмжээ авах сануулгыг өгч байна.
АНУ 2017 онд Номхон далай дамнасан түншлэлийн (TPP) гэрээнээс гарсны дараа тус бүс нутгийн эдийн засагт оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь АНУ-ын тулгамдсан асуудал болсон. Байдены засаг захиргаа 2022 оны 5-р сард тус бүс нутагтай дахин харилцах механизм бий болгохоор Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоог (IPEF) албан ёсоор зарлалаа. 6-р сард G7-ийн уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхийн эрүүл мэнд, жендэрийн эрх тэгш байдал, дижитал дэд бүтцийг сайжруулах зорилгоор 600 тэрбум ам.долларын санхүүжилттэй “Дэлхийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын түншлэлийн сан” байгуулах тухай зарласан нь G7-гийн эдийн засгийн чадавхийг Энэтхэг-Номхон далайн бүс нутагт татан авчрах боломж юм.
Австрали улс АСЕАН-тай хийсэн AANZFTA иж бүрэн хэлэлцээр шиг хоёр талын болон бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Хятад (2015)-тай байгуулсан хоёр талын хэлэлцээрээс гадна Сингапур (2003), Тайланд (2005), Малайз (2013), Өмнөд Солонгос (2014), Япон (2015), Индонези (2020) зэрэг олон улсуудтай худалдааны хэлэлцээр байгууллаа. Мөн дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны гэрээ гэгддэг Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлд (RCEP) нэгдэн оров. 2020 онд Австрали улс Номхон далайн өмнөд хэсгийн улсуудтай Эдийн засгийн нягт харилцаа тогтоох тухай Номхон далайн хэлэлцээрийг (PACER) санаачилсан.
Австралийн үе үеийн худалдааны сайд нар худалдааг өргөжүүлэх, төрөлжүүлэх талаар байнга мэдэгдэл хийдэг. Шинээр байгуулагдсан засгийн газар бүс нутаг даяар илүү өргөн хүрээтэй, идэвхтэй оролцоотой ажиллахын зэрэгцээ худалдааг төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаагаа мэдэгдлээ.
Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцоонд анхдагч болж 13 улс (дэлхийн ДНБ-ий 40%-ийг бүрдүүлдэг) гарын үсэг зурсан нь бүс нутгийн улс орнууд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн Хятадын нөлөөг сөрөх хүсэл эрмэлзэл өндөр байгааг харуулж байна. Мөн АНУ-ын санаачилсан энэхүү санаачилгад нэгдэх нь Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр (CPTPP) зэрэг бүс нутгийн бусад хэлэлцээрүүд хэрэгжиж, Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэл (RCEP) эрч хүчээ авч байгаа ч тус бүс нутагт АНУ-ын оролцоог үргэлжлүүлэх хүсэл хэвээр байгааг харуулж байна.
Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцооны дөрвөн тулгуурыг хэрэгжүүлэх Австралийн стратеги
Шинэ засгийн газар өмнөх засгийн газрын богино хугацааны хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ялангуяа дижитал эдийн засгийн санаачилга, уур амьсгалын өөрчлөлтийн талаар шинэ бодлого боловсруулах төлөвтэй байна.
Австралийн бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчид Энэтхэг-Номхон далайн Эдийн засгийн тогтолцоог стратегийн чухал асуудлуудын талаар бүс нутгийн тоглогчидтой үр дүнтэй, тогтмол яриа хэлэлцээ өрнүүлэх хэрэгсэл болгон ашиглана гэж найдаж байна. Эдгээр чухал асуудлууд нь богино хугацаанаас (Ковид-ын дараах эдийн засгийн сэргэлт) дунд хугацааны (нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, дэд бүтэц, мэдээлэлд тулгуурласан эдийн засгийн өсөлт) цаашлаад урт хугацааны (уур амьсгалын өөрчлөлт) асуудлуудыг ч хамарна.
Хятад улс Австралийн хилийн чанх хойд хэсэгт орших улс орнуудтай аюулгүй байдлын гэрээ байгуулах төлөвтэй байгаа нь шинээр сонгогдсон засгийн газрыг Номхон далайн өмнөд хэсэг, Зүүн өмнөд Ази, цаашлаад Энэтхэгийн далай, Зүүн Ази руу чиглэсэн бодлогод түлхүү анхаарч ажиллахад хүргэнэ. Энэ нь тус улс Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоотой өөрийн стратегийг уялдуулах шаардлагыг үүсгэж байна.
Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо нь:
- Нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдлыг хангах;
- Нүүрстөрөгчөөс татгалзан цэвэр эрчим рүү шилжих;
- Авлигатай тэмцэх, татварын бодлого;
- Худалдааны асуудлуудыг шийдвэрлэх зорилгыг хангах дөрвөн тулгууртай байна.
1-р тулгуур: Уялдаа холбоотой эдийн засаг
Ж.Байдены засаг захиргаа Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцооны нэгдүгээр тулгуур (уялдаа холбоотой эдийн засаг) нь бизнес хийх, онлайн мэдээлэл солилцох таатай орчин бүхий дүрэм журамд суурилсан дижитал экосистемийг эрэлхийлэх явдал гэж тодорхойлон хил дамнасан дата урсгалыг стандартчилах, хувийн нууцлал, хиймэл оюун ухааны зохисгүй хэрэглээ зэрэг сорилтуудыг шийдвэрлэх, корпораци компаниудыг хөдөлмөр, хүрээлэн буй орчны өндөр стандарт хангасан байх асуудлаар хэлэлцээ хийхийг уриалж байна.
Австралийн дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны үзэл баримтлал нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн өргөн хүрээтэй байдаг. Одоогийн байдлаар Австрали улс дижитал технологийн чиглэлээр хоёр талт хэлэлцээр наймыг байгуулсны долоо нь Энэтхэг-Номхон далайн орнуудтай хийсэн байна. Эдгээр нь дижитал худалдаанд тулгарч буй саад тотгорыг арилгах, кибер орон зай дахь мэдээллийн солилцоог стандартчилах, Энэтхэг-Номхон далайн орнуудад чадавхийг бэхжүүлэхэд туслах зорилготой юм.
Австрали Олон талт хамтын ажиллагааны хүрээнд форумуудад (ялангуяа чухал ашигт малтмал, кибер аюулгүй байдал, үүлэн тооцоолол, Олон улсын стандартчиллын байгууллага дахь өгөгдлийн менежмент болон АСЕАН-Австралийн дижитал стандартын хамтын ажиллагааны санаачилга) идэвхтэй оролцох замаар дэлхийн дижитал стандартчилалд нөлөөлөх, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд мэдээлэл, бараа, үйлчилгээг илүү чөлөөтэй, аюулгүй нэвтрүүлэхийг эрмэлздэг.
Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо нь дижитал худалдаа, хөрөнгө оруулалт, стандартыг хэлэлцэх форумыг санал болгож байгаа нь тус бүс нутагт эрчимтэй хөгжиж буй дижитал зах зээлтэй хамтран ажиллах боломжийг Австралид олгож байна. Цаашилбал, кибер аюулгүй байдлын чадавхи, шинжлэх ухааны судалгааны үр дүнг бэхжүүлэхийн тулд Австралитай хамтран ажиллах нь Энэтхэг-Номхон далайн олон улсуудад ашигтай. Австрали нь кибер аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх, мэдээллийн менежмент, хил дамнасан гүйлгээг хөгжүүлэх чиглэлээр нилээд туршлагатай. Гадаад харилцаа, худалдааны яамны Кибер ба чухал технологийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь тус бүс нутагт 23 сая долларын буцалтгүй тусламж үзүүлсэн ба найман жилийн хугацаанд 74 сая долларын буцалтгүй тусламж үзүүлэхээ зарлав.
Мөн Австрали улс оролцогч улс орнуудад нээлттэй дижитал эдийн засгийг хөгжүүлэх, хил дамнасан мэдээллийн урсгалыг нээлттэй байлгах чиглэлээр чадавхийг бэхжүүлэхэд туслах, дижитал сургалт, их дээд сургууль, мэргэжлийн сургуульд тусгай техникийн сургалтад хамрагдах тэтгэлэг олгодог. Австрали улс Номхон далай дахь дэд бүтцийг санхүүжүүлэхийн тулд Австралийн Номхон далайн дэд бүтцийн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоонд оролцогч бусад орнууд, ялангуяа Зүүн өмнөд болон Өмнөд Азийн орнуудад үүнтэй ижил төстэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж болно.
2-р тулгуур: Уян хатан эдийн засаг
Дэлхийн олон удирдагчдын нэгэн адил ерөнхийлөгч Ж.Байден нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдлыг АНУ-ын гадаад бодлогын хөтөлбөрийн эн тэргүүнд анхаарах асуудал болгон тавьсан. АНУ-ын хувьд цар тахалтай холбоотой тасалдал, Хятадын нийлүүлэлтээс хамааралт байдал, холбоотнууд болон түншүүдийнх нь эсрэг үзүүлж буй эдийн засгийн шахалт, Орос Украинд хийж буй түрэмгийлэл зэрэг нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс 2021 оны 6-р сард АНУ-ын зүгээс холбоотнууд болон түншүүддээ нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулахын тулд олон талт оролцоог өргөжүүлэх зэргээр хамтран ажиллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалав. Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцооны “уян хатан эдийн засаг” тулгуур нь энэ тэргүүлэх чиглэлийн талаар юм.
Австрали ч мөн ижил төстэй асуудалтай тулгарч байна. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдал нь эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын вектор юм. Австралид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт, дарамт харьцангуй бага байсан ч ажилгүйдэл урьд өмнө байгаагүй дээд түвшиндээ хүрч, инфляци өсөж байна. Австралийн импортын гуравны хоёр нь Хятадаас хамааралтай байдаг. Нийлүүлэлтийн гинжин хэлхээний эмзэг байдлыг арилгах үүднээс шинэ засгийн газар дотоодын аж үйлдвэрийн баазыг сайжруулах, бизнесийн гүйлгээ, худалдааг хамгаалахын тулд дижитал технологийг ашигладаг олон улсын төвлөрсөн санаачилгад оролцох, итгэмжлэгдсэн түншүүдийн хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэхээр зорьж байна.
Австрали мөн 2020 оноос Япон, Энэтхэгтэй нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдалд чиглэсэн өөр нэг санаачилгыг хэрэгжүүлж байна. Энэ механизм нь нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих шилдэг туршлагуудаа хуваалцах замаар нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдлыг дэмжих асуудлаар засгийн газар хоорондын нягт хамтын ажиллагааны платформыг бий болгох боломжийг гурван улсад олгож байна. Нийлүүлэлтийн уян хатан сүлжээг бий болгох нь нарийн төвөгтэй ажил юм. Учир нь үргэлж гэнэтийн зүйл тохиолдох боломжтой байдгийг Оросын Украинд түрэмгийлсэн дайнаас харж болно.
Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо нь Австралид гадаадын шууд хөрөнгө оруулалтыг багтаасан нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдлын талаар Энэтхэг-Номхон далайн бусад орнуудтай хэлэлцээг гүнзгийрүүлэх боломжийг олгож байна.
3-р тулгуур: Цэвэр эдийн засаг
Ж.Байдены засаг захиргаа Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцооны “цэвэр эдийн засаг”-ийн тулгуурын хүрээнд цэвэр үйлдвэрлэл, инноваци ашиглан цэвэр эрчим хүч, дэд бүтэц, ажлын байр нэмэгдүүлэхийг чухалчилж байна. Энэ нь эрчим хүчний хэмнэлттэй стандартыг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчөөс татгалзах, нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулахад чиглэнэ.
Австрали болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хувьд уур амьсгалын өөрчлөлт нь үндэсний аюулгүй байдлын тогтолцоо, тэр дундаа гадагш болон дотогш чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах арга замд улам бүр нөлөөлж байна. Австралид цар тахалтай зэрэгцсэн 2019-2020 оны ойн түймэр, 2022 онд болсон хүчтэй үер зэрэг нь уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, нийлүүлэлтийн хэлхээнд учруулж буй хохирлыг харуулж байна. Австрали бол нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалт өндөртэй орон бөгөөд нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжих томоохон сорилттой тулгарч байна. Цэвэр эрчим хүчний дэд бүтэц, ногоон технологи нь Хятад болон дэлхийн бусад орнуудын хооронд зөвхөн эдийн засгийн төдийгүй стратегийн өрсөлдөөний шинэ вектор юм.
Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан орны хувьд Австрали улс 2050 он гэхэд дэлхийн дундаж температурыг 2 хэмээс дээш нэмэгдүүлэхгүй байхаар чармайн бүс нутгийн бусад орнуудтай “цэвэр эдийн засаг”-ын тулгуур дээр дипломат ажиллагаа хэрэгжүүлж байна. Уг дипломат ажиллагааг хоёр багц стратегиар хэрэгжүүлдэг гэж хэлж болно. Эхний багц нь найдвартай, хямд эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, эрчим хүчний дэд бүтцэд үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд чиглэнэ. Хоёр дахь нь уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагааны стратеги бөгөөд Австрали улс Энэтхэг-Номхон далайн бүсийн хөгжлийн тусламжийн хөтөлбөртөө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудлыг нэгтгэхийг эрмэлздэг. Түүнчлэн Австралийн хөрөнгө оруулалтад учирч буй уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг удирдах, уур амьсгал, байгаль орчны хамгаалалтыг бэхжүүлэх, мэдлэг хуваалцах, чадавхийг бэхжүүлэх түншлэлийг дэмжих зэрэг бусад багц зорилтууд бий.
Түүнчлэн Австрали улс бусад улс орнуудтай цаг уурын өөрчлөлтийн асуудлаар сайд нарын болон өндөр албан тушаалтнуудын түвшинд мэдээлэл солилцох, шилдэг туршлагыг хөгжүүлэх, хамтын хүчин чармайлт гаргах зорилгоор тогтмол хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Индонез, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Вьетнам зэрэг улстай утаа багатай шийдлүүдийг, тэр дундаа шинэ болон шинээр гарч ирж буй утаа багатай технологиудыг хөгжүүлэх бодит төсөл, санаачлагуудыг дэмжих замаар ногоон эдийн засгийг бий болгох асуудлаар тохиролцоонд хүрч байна. Австрали мөн биологийн олон янз байдал, ширэнгэн ой, далай тэнгист тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхийг эрэлхийлж буй улсуудад чадавхийг бэхжүүлэх тусламж үзүүлдэг.
4-р тулгуур: Шударга эдийн засаг
АНУ “шударга эдийн засаг”-ын тулгуураар дамжуулан одоо байгаа олон талт, тодорхой үүрэг хариуцлага бүхий тогтолцоонд нийцсэн “татвар, мөнгө угаах, авилгын эсрэг үр дүнтэй дэглэм”-ийг баталж, хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна.
Татварын үр дүнтэй, хатуу зохицуулалт, авилгын эсрэг хатуу дэглэм, мөнгө угаах гэмт хэргийг үр дүнтэй таслан зогсоох замаар эдийн засгийн шударга практикийг хэрэгжүүлэх ёстой гэж Австрали улс үзэж байна.
Австралийн Энэтхэг-Номхон далайн орнуудад хэрэгжүүлж буй дипломат ажиллагаа нь энэ тулгуур баганатай холбоотой чадавхийг бэхжүүлэх, олон талт форумд тодорхой стандартыг сурталчлахад голлон анхаардаг. Австралийн Дотоод хэргийн яамны харьяа тодорхой нэгжүүд, тухайлбал Австралийн Гүйлгээний Тайлан, Шинжилгээний Төв (AUSTRAC)-аар дамжуулан мөнгө угаах гэмт хэргийг таслан зогсоох, авилгын эсрэг хатуу дэглэмийг бий болгох чиглэлээр хөгжиж буй орнуудад сургалт явуулах чадавхийг бэхжүүлэх санаачилгад оролцдог.
Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоо нь Австрали-Номхон далайн орнуудад эдийн засгийн шударга ёсыг сурталчлах боломжийг олгоно. Уг тогтолцоотой хамтран ажиллах замаар Австрали улс авлигатай тэмцэх байгууллагуудтай институцийн харилцаагаа гүнзгийрүүлэн мэдлэг, шилдэг туршлагыг оролцогч бусад улс орнуудтай хуваалцах боломжтой болж байна.
Цаашид
Ханган нийлүүлэлтийн сүлжээний чухал болон эмзэг хэсгүүдийг тодорхойлох, түншүүдийн хамтын хариу арга хэмжээг бий болгоход туслах хамтарсан санаачилгууд нь Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцоог бэхжүүлэх гол түлхүүр болно. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн оролцоог дэмжих хэрэгсэл болгон ашиглах арга замыг тодорхойлох нь уг тогтолцоог амжилттай хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Мөн Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцооны талаар өргөн хүрээтэй бодлогын мэдэгдэл гарсны дараа холбогдох төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудыг оролцуулсан яриа хэлэлцээг зохион байгуулах нь чухал юм. Ийм хэлэлцээ нь талуудын үзэл бодлыг харгалзан үзэх мөн Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцооны бүс нутагт үзүүлэхээр төлөвлөж буй үр нөлөөг бий болгоход зайлшгүй шаардлагатай.
Эцэст нь Австрали улс Зүүн өмнөд Ази, Номхон далайн өмнөд бүсийн улс орнуудад чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн олон жилийн түүхтэй. Эдгээр хөтөлбөрүүдээр дамжуулан нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан байдал, дижитал эдийн засгийг дэмжих, стандарт тогтоох, нүүрстөрөгчөөс татгалзах зэрэг тэргүүлэх чиглэлийн талаар Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх загварыг гаргавал уг тогтолцоо бүс нутгийн нэгэн чухал механизм болон гарч ирнэ.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Европын Холбоо, НАТО Нордикийн орнуудаар хүч нэмж байнаСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19