ОХУ-ын Украин руу халдан довтолсон үйлдэл нь Европын аюулгүй байдлын архитекторыг үндсэнд нь өөрчилж байна. Энэ нь урт хугацааны туршид төвийг сахих бодлого баримтлаж ирсэн Нордикийн орнуудыг цэрэг-улстөр, аюулгүй байдлын эвслүүдэд нэгдэх шийдвэр гаргах болсноос харагдана. Тухайлбал, төвийг сахих, эвсэлд үл нэгдэх гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн Финлянд, Швед улсууд ОХУ-Украины зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн байр сууриасаа татгалзан НАТО-д элсэх түүхэн шийдвэр гарган 5 дугаар сарын 18-ны өдөр тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йэнс Столтенбергт гишүүнээр элсэх хүсэлтээ гардууллаа. Нордикийн дээрх хоёр улс НАТО-д элсэх өргөдлөө гаргасны дараахан буюу 6 дугаар сарын 2-ны өдөр Дани улс ЕХ-ны Аюулгүй байдал батлан хамгаалах нэгдсэн бодлогод нэгдэхээр болсон нь ЕХ-г улам хүчирхэгжүүлж байна. Өрнөдийн хүчирхэгжилт, НАТО-гийн тэлэлтийг ОХУ үргэлж эсэргүүцэн, хариу арга хэмжээ авахаа илэрхийлж ирсэн юм. ОХУ-ын хариу арга хэмжээ нь богино хугацаандаа цэргийн хүч, цөмийн зэвсгийг нутаг дэвсгэрийн баруун хэсэгт төвлөрүүлэх, НАТО-гийн гишүүн орнуудад кибер халдлага үйлдэх нь олшрох зэргээр илэрч байна гэж ажиглагчид үзэж байгаа бол урт хугацаандаа дэлхийн дэг журмыг өөрчилж, улс орнуудыг блокт хуваах, шинэ хүйтэн дайныг үүсгэх эрсдэлтэй гэжээ.
Нөгөө талаас ЕХ хүчирхэгжих нь ОХУ-ыг Ази руу тэр дундаа Хятадыг түшсэн цэрэг, улс төр, эдийн засгийн бодлого явуулахад түлхэц болж байна. Энэ нь урт хугацаанд манай улсын гуравдагч хөршийн бодлогод сорилт учруулж, блокын сонголт хийх нөхцөл байдалд хүргэж болзошгүй юм. Иймд бид гуравдагч хөршийн бодлогоо ухаалгаар эрчимжүүлэх, өргөжүүлж хөгжүүлэх шаардлага тулгарч байна.
НАТО, Европын Холбоонд хүч нэмж буй Нордикийн орнууд
Хүйтэн дайны эхнээс Нордикийн таван улс (Швед, Норвеги, Финланд, Дани, Исланд) төвийг сахих, эвсэлд үл нэгдэх бодлого баримталсаар ирсэн. Гэхдээ уг бодлогын талаарх улс төрийн ойлголт, амьдралд хэрэгжүүлэх байдал нь харилцан адилгүй, өөрчлөгдөн хувирч иржээ. Гэвч одоо Орос-Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас эдгээр орнууд цэрэг, улс төр, аюулгүй байдлын бодлогодоо түүхэн өөрчлөлт хийж байна.
Швед улс: Тус улс 1834 онд дэлхийд анх удаа төвийг сахисан улс болсон боловч хэд хэдэн удаа энэ статусаа алдаж байв. Шведийн төвийг сахих байр суурь нь олон улсын эрх зүй болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажаагүй, зөвхөн Парламентаас гаргасан тунхаглалтай, уян хатан тайлбарлах боломжтой байжээ. Швед хэлбэрийн төвийг сахих байр суурь нь энхийн цагт эвсэлд нэгдэхгүй, дайны цагт төвийг сахих явдал юм. 1946 онд НҮБ-д элсэхдээ тус байгууллага үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болсон тохиолдолд хатуу төвийг сахих эрхээ эргэн сэргээх нөхцөлтэйгээр гишүүн болсон байна. Швед улс 1991 оны 7 дугаар сарын 1-нд ЕХ-нд элсэхээр өргөдөл гаргахдаа төвийг сахих тухай заалт оруулаагүй байдаг. Гэвч 2000 оны 10 дугаар сард тухайн үеийн ерөнхий сайд Гёран Перссон хүйтэн дайн дуусч, их гүрнүүдийн сөргөлдөөн үгүй болсон тул төвийг сахих нь ач холбогдолгүй болсон гэж үзжээ. Мөн тухайн үеийн Батлан хамгаалахын сайд Бёорн фон Сюдов 2000 оны 11 дүгээр сард “Швед эвсэлд үл нэгдэх улс, цаашид ч ийм байх болно. Харин төвийг сахих нь хүйтэн дайнтай холбоотой тул одоо ач холбогдолгүй болсон” хэмээжээ. Улмаар 2002 оны 2 дугаар сарын 11-нд тус улсын засгийн газар сөрөг хүчний гурван намтайгаа зөвшилцсөний эцэст төвийг сахих үзэл баримтлалаасаа албан ёсоор татгалзжээ.[1] Өдгөө Швед улс эвсэлд үл нэгдэх статусаа хадгалсан улс юм.
Финлянд: Тус улс төвийг сахих болсон нь Дэлхийн II дайны дараа ЗХУ-аас хамааралтай байсны үр дагавар юм. 1948 оны 4 дүгээр сарын 6-нд ЗХУ-тай “Найрамдал, хамтын ажиллагаа харилцан туслах тухай гэрээ”-г байгуулснаар тус улс төвийг сахисан биш боловч бодлого нь төвийг сахихад чиглэсэн байсан гэж хэлж болно. 1956 онд ЗХУ-ын нам, төрийн удирдагч Никита Хрущёв ЗХУКН-ын XX их хурал дээр “энх тайвнаар зэрэгцэн орших” номлолын дагуу, “энх тайванч санаачилгаа” харуулж, ЗХУ болон түүний дагуул улсуудад заналхийлээгүй тул тус улсыг “сайн” гэж үзэн төвийг сахисан байр суурьтай гэж хэлснээр тухайн улсыг ийн үзэх болсон. Харин ЗХУ задран унасны дараа 1992 оны 1 дүгээр сард Финлянд улс хоёр талын харилцааны үндсэн зарчмын тухай гэрээг ОХУ-тай байгуулахдаа 1948 оны гэрээний ямар ч заалтыг дурьдаагүй байна. Улмаар 1995 оны 1 дүгээр сарын 1-нд ЕХ-нд элссэн бөгөөд 2 дугаар сарын 14-нд тус улсын ерөнхий сайд Еско Ахо гадаад бодлогын чиг шугамаа танилцуулж, “Финлянд улс бие даасан найдвартай батлан хамгаалахтай, эвсэлд үл нэгдэх орны хувьд ЕХ-нд элслээ. Төвийг сахих язгуур шугамаа цаашид үргэлжлүүлэх болно” гэж онцлон тэмдэглэжээ. Тэгэхээр Финляндын үзэж байгаагаар 1995 оноос эхлэн тус улсын гадаад бодлого, аюулгүй байдлын бодлого нь эвсэлд үл нэгдэх явдал агаад аюулгүй байдлын бодлогын статусын хувьд төвийг сахисан гэдэг нэр томьёо дахин хэрэглэгдэхгүй болсон.[2]
Ингэснээр Финлянд, Швед улсууд 1995, 2002 онд төвийг сахихаас улс төрийн аргаар татгалзсан байна. Төвийг сахих бодлого нь 1907 оны Хаагийн V, XIII конвенцид заасан эрх зүйн зарчимд тулгуурладаг бол эвсэлд үл нэгдэх бодлогод эрх зүйн ямар нэгэн хязгаарлалт ерөнхийдөө үгүй юм. Тухайн улс хамтын аюулгүй байдал, батлан хамгаалахын ямар нэг эвсэлд нэгдэх, түүний дэмжлэг авах тохиолдолд төвийг сахих, эвсэлд үл нэгдэх статус нь олон улсын эрх зүй, аюулгүй байдлын хувьд хүчин төгөлдөр бус болдог байна.[3]
Дани: Тус улс хэдийгээр ЕХ, НАТО-гийн аль алиных нь гишүүн боловч Аюулгүй байдал батлан хамгаалах нэгдсэн бодлогод нэгдээгүй ЕХ-ны цорын ганц гишүүн орон байлаа. Финлянд, Швед хоёр хөрш нь энэ оны 5 дугаар сард НАТО-д элсэх өргөдлөө өгсний дараа Дани улс бүх нийтийн санал асуулга явуулж нийт сонгогчдын 2/3 нь дэмжсэнээр тус улс ийнхүү ЕХ-ны Аюулгүй байдал батлан хамгаалах нэгдсэн бодлогод нэгдэж байна. Санал асуулгын дүн гарсны дараа Данийн ерөнхий сайд Метте Фредериксен “Эрх чөлөөнд заналхийлсэн аюул Европын хаалгыг тогшиж, манай тивд дахин дайн гарахад бид төвийг сахиж чадахгүй” гэж мэдэгдсэн нь Европын орнуудын батлан хамгаалах бодлогод томоохон өөрчлөлт авчирч байна хэмээн ажиглагчид үзэж байна.[4]
Нордикийн бусад улс буюу Норвеги, Исланд улсууд 1949 онд НАТО-г анх байгуулагдахад элсэн орсон анхны гишүүн улсууд юм. Харин эдгээр улс ЕХ-нд багтдаггүй. Швед, Финлянд улсууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасны дараа буюу 5 дугаар сарын 24-нд Нордикийн улсуудын Батлан Хамгаалахын сайд нар Данид уулзан Нордикийн аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Уг уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ дээрх хоёр улс НАТО-гийн гишүүн болох хүртэл хугацаанд аюулгүй байдлын баталгааг хангахаар болжээ. Өөрөөр хэлбэл тэднийг НАТО-гийн гишүүнээр элсэхээс өмнө түрэмгийлэлд өртөх тохиолдолд шаардлагатай бүхий л арга хэрэгсэлээр тусгайлан туслах болно гэсэн үг юм.
Сорилт
НАТО, АНУ-ын зүгээс эвсэлийн гишүүнээр элсэх Финлянд, Швед улсын хүсэлтийг маш тааламжтай хүлээн авч цаг алдалгүй шийдвэрлэх хүсэлтэй байна. Эс бөгөөс гишүүнээр элсүүлэх үйл явц өрнөж байх хугацаанд Оросын талаас хариу арга хэмжээ авч болзошгүй гэж зарим судлаачид бичжээ.
Скандинавын хоёр улсыг НАТО-д элсэх асуудалд бас нэг сорилт тулгарч буй нь Турк улс болж байна. Гэхдээ тус улс Финлянд, Швед улсуудыг НАТО-д элсэхийг болзолтойгоор дэмжиж байна гэж судлаачид үзжээ. Турк улсаас сорилт учруулж буй шалтгаан нь 1) 1980-аад оны дунд үеэс Туркийн төрийн эсрэг бослого гаргаж байсан, АНУ, ЕХ-ны зүгээс алан хядах байгууллага гэж үздэг Курдистаны ажилчны намын үйл ажиллагаанд дээрх хоёр улс ялангуяа Швед улс хүлээцтэй ханддаг, 2) Турк улс террорист хэмээн зарласан Фетхуллах Гюлений дэмжигчдийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг, 3) 2019 онд Туркийн эсрэг зэвсгийн хориг тавьсан зэрэг явдал юм. Хэрэв Финлянд, Швед улсууд Курдын ажилчны нам болон түүний салбар бүлэглэлийн эсрэг хатуу байр суурь баримтлаж, зэвсгийн хоригийг цуцалвал НАТО-д элсэхийг нь дэмжинэ гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ бол дээрх хоёр улсад бус АНУ-д хандаж буй явдал гэж ажиглагчид үзэж байна. Учир нь 2023 онд болох Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд Р.Эрдоан ялалт байгуулахад АНУ-тай хийх уг тохиролцоо томоохон нөлөө үзүүлнэ гэж мэргэжилтнүүд үзжээ.[5] Туркийн зүгээс Курдистаны ажилчны намын нэг бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг Курдын Ардын Хамгаалах ангийг дэмждэг Сирийн Ардчилсан Хүчинд АНУ цэргийн дэмжлэг үзүүлж байгаа нь томоохон асуудал юм. АНУ тус ангийг Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцдэг гэдэг утгаар нь дэмжлэг үзүүлдэг гэж тайлбарладаг юм. Үүний зэрэгцээ F-16 онгоцны шинэчлэлийн иж бүрдлийг худалдаж авах талаар Конгрессийн шийдвэрт нөлөөлөх оролдлого байж болох юм гэж шинжээчид харж байна. Энэ утгаараа Турк улс НАТО-г өргөжүүлэхийг эсэргүүцээгүй, болзолтойгоо дэмжиж байна гэж судлаачид үзэж байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Иэнс Столтонберг санаа зовниж буй асуудлыг шийдвэрлэж хоёр улсыг эвсэлд элсүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.[6]
АНУ-ын тухайд эвсэлд нэгдэх хүсэлт гаргаж буй орнуудын удирдлага нэгдэн орох протоколд гарын үсэг зурсны дараа Сенатад илгээнэ. Ингэхдээ Сенатад Гадаад харилцааны хороогоор дамжуулан танилцуулж Сенатын гуравны хоёр нь зөвшөөрснөөр соёрхон батална. Соёрхон баталсан тогтоолыг ерөнхийлөгчид танилцуулж тэрээр АНУ-ын өмнөөс гэрээнд нэгдэх эсэхийг шийднэ. Одоогоор хоёр улсын элсэхийг дэмжих тухай НАТО-гийн тогтоолыг хоёр танхимд танилцуулаад байна.
Эрсдэл
НАТО хүчирхэгжиж, ЕХ-ны Аюулгүй байдал, батлан хамгаалахын нэгдсэн бодлого бэхжих нь ОХУ-д таатай зүйл биш юм. Хүйтэн дайны үеэс өнөөг хүртэл дээрх хоёр улс НАТО-тай хамтран ажиллаж байна. Хоёр улс хоёулаа НАТО-гийн өргөтгөсөн боломжит түнш бөгөөд 1994 онд Энхийн төлөөх түншлэлд нэгдэн орж олон үйл ажиллагаа, хээрийн сургуульд оролцож иржээ. Скандинавын хоёр улс НАТО-д элсэх тухай яриа 2003 оны сүүлээр гарч байсан бөгөөд ОХУ тухай бүр анхааруулсан мэдэгдэл хийж байв. 2012 оны 7 дугаар сард тухайн үеийн ОХУ-ын Жанжин штабын дарга Николай Макаров Хельсинкэд албан ёсны айлчлал хийх үеэрээ Финлянд НАТО-г сонгосон тохиолдолд “улс төр, эдийн засгийн хүндхэн үр дагавартай тулгарч болзошгүй”-г анхааруулж байв. Үүний дараа 2013 онд ОХУ-ын ерөнхий сайд Димитрий Медведев “хэдийгээр Швед, Финлянд НАТО-д элсэн орох хэтийн төлөвлөгөө нь “тэдний дотоод хэрэг” боловч НАТО Оросын хилд тулж ирэх нь манай улсын хувьд эерэг зүйл гэж бид үзэхгүй байна” гэж Риа Новостид өгсөн ярилцлагадаа дурьдаж байв. Саяхан мөн тэрээр Калининградад ОХУ цөмийн зэвсгээ байрлуулж болзошгүйг анхааруулсан байна. Одоо ч ОХУ-ын энэ байр суурь өөрчлөгдөөгүйг Москвагаас анхааруулсан “цэрэг, улс төрийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй” гэх анхааруулгаас харж болно.
Судлаачдын байр суурь
Судлаачдын үзэж буйгаар энэ өөрчлөлт нь НАТО-ЕХ-АНУ-ын холбоотны харилцааг ойртуулан нягтруулж байна. Тэдний хувьд энэ нь талархууштай түүхэн өөрчлөлт бол ОХУ-ын хувьд эсрэгээрээ юм. Кремлийн зүгээс авах хариу арга хэмжээ нь эрчим хүчний экспортоо танахаас эхлээд кибер халдлага үйлдэх, тактикийн, бага хүчин чадалтай цөмийн зэвсгээ Калининградад байршуулах зэрэг байх боломжтой. Тэгвэл Балтийн орнуудын хувьд эвслийн бусад орнуудаас харьцангуй тусгаарлагдсан, задгай газарзүйн байршлын сул талыг нөхөж, аюулгүй байдлыг бэхжүүлэх давуу талыг үүсгэж байна.[7]
Дүгнэлт
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл төвийг сахих, эвсэлд үл нэгдэх гадаад бодлого баримталж ирсэн Нордикийн орнууд ЕХ-ны Аюулгүй байдал батлан хамгаалах нэгдсэн бодлогод нэгдэх, НАТО-д элсэх зэргээр эвсэлд үл нэгдэх бодлогоосоо татгалзаж байгаа нь ЕХ-г бэхжүүлж, НАТО-г хүчирхэгжүүлж байна. Энэ нь ЕХ бие даасан геополитикийн хүчтэй тоглогч болох нөхцлийг бүрдүүлж буй юм. ЕХ ийнхүү хүчтэй тоглогч болох нь ОХУ-ын хувьд таатай зүйл биш бөгөөд “аюулгүй байдлаа баталгаажуулах”-ын тулд өрнөдөөс улам холдох бодлого баримталж болох юм. ОХУ ийнхүү өрнөдөөс холдвол Хятадтай цэрэг-улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, эрчим хүч зэрэг олон салбарт илүү ойртох бодлого явуулах магадлалтай. Ингэх нь “шинэ хүйтэн дайн”-ыг өдөөх улмаар улс орнуудыг блокт хуваахад хүргэж болзошгүй юм. Энэ нь манай улсын гуравдагч хөршийн бодлогод сорилт болж гадаад бодлогын маневр хийх орон зайг багасгах, оролцоог хязгаарлах, блокийн сонголт хийх нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй. Иймээс бид гуравдагч хөршийн бодлогоо илүү ухаалгаар эрчимжүүлэн хөгжүүлэх, олон улсын харилцаанд оролцоогоо нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
[1] Гунтер Хаузер “Европын орнуудын төвийг сахих, эвсэлд үл нэгдэх бодлого” Стратегийн судалгааны хүрээлэн 2016. Улаанбаатар
[2] Мөн тэнд
[3] Мөн тэнд
[4] https://edition.cnn.com/2022/06/01/europe/denmark-eu-defense-policy-intl/index.html
[5] https://smallwarsjournal.com/jrnl/art/blocking-nato-expansion-could-mean-far-reaching-implications-turkey
[6] https://www.businessinsider.com/russia-react-finland-and-sweden-joining-nato-2022-5
[7] https://www.usip.org/publications/2022/05/putins-war-backfires-finland-sweden-seek-join-nato
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Төв Азийн орнуудын байр суурь (I)Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19