ОХУ Украины зэсвэгт мөргөлдөөний асуудлаар Төв Азийн орнууд байр сууриа илэрхийлэхдээ маш болгоомжтой хандаж байна. Донецк, Луганск мужуудын тусгаар тогтнолыг Казахстан, Узбекистаны засгийн газрууд хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдлээ. Казахстан, Узбекистаны зүгээс Украин дахь цэргийн ажиллагааг зогсоохыг уриалж, Украин руу хүмүүнлэгийн тусламжаа илгээсэн. Гэсэн хэдий ч Оросын талаар байр сууриа илэрхийлээгүй билээ. [1]
Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикистан, Туркменистаны удирдлага Оросын Украин дахь цэргийн ажлагааг шүүмжлэхгүй байх олон шалтгаан бий. Төв Азийн бүс нутагт ОХУ-ын нөлөө байр суурь хамгийн бөх бат оршдог бөгөөд тус бүс нутгийн аюулгүй байдлын баталгаа хэвээр байсаар байна. Түүнчлэн эрчим хүчний хараат байдал, хөдөлмөрийн цагаач дээр тулгуурласан эдийн засгаас хамааралтай улс төрийн нөхцөл байдал нь тус бүс нутгийн орнуудыг Оросын талаар байр сууриа илэрхийлэхдээ болгоомжтой хандахад хүргэдэг юм.
ОХУ-ын Украин дахь цэргийн ажиллагаа амжилттай болсон эсэхээс үл хамааран Төв Ази ойрын ирээдүйд Оросоос хамааралтай хэвээр байх учраас тус орнуудын одоо баримталж буй байр суурь чухал ач холбогдолтой.
Энэ удаагийн дугаараар Төв Азийн орнуудаас Орос-Украины сөргөлдөөнд баримталж буй байр суурь, ОХУ-аас ямар хамааралтай болох, хоёр талын мөргөлдөөнөөс үүдэн зарим орнуудын баримталж буйр суурийг танилцуулахыг зорьлоо.
Төв Азийн орнуудын хувьд ОХУ нь аюулгүй байдлын баталгаа бөгөөд Украины хямрал олон улсын дайны хэмжээнд хүргэхийг хүсэхгүй байна
Төв Ази нь Оросын эзэнт гүрэн, ЗХУ-ын үед ч Оросын нэг хэсэг байсан бөгөөд хүйтэн дайны дараа Төв Азийн таван улс тус бүрдээ тусгаар тогтнолоо зарлаж бие даасан боловч өнөөдөр аюулгүй байдлын хувьд ОХУ-аас ихээхэн хамааралтай хэвээр байна.
Өнгөрсөн жил буюу 2021 оны 8 дугаар сарын 15-нд АНУ-ын цэрэг Афганистанаас цэргээ гаргаж Талибанууд хяналтаа тогтоосноос хойш Төв Азийн орнууд руу терроризм тархах эрсдэл нэмэгдэж, тус бүс нутгийн аюулгүй байдалд Оросын зэвсэгт хүчний бодит туслалцаа зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал бүрэлдэн бий болсон гэж дүгнэж болох юм. Төв Азийн улсуудын дийлэнх нь Талибантай найрсаг яриа хэлцэл байгуулсан ч Афганистан дахь террорист бүлэглэлүүд, “Исламын улс”-ын Хорасан бүлэглэлд Талибанууд хяналт тавьж чадахгүй байна. Цаашид нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй талаар шинжээчид анхааруулсаар байна. “Исламын улс”-ын Хорасан бүлэглэлийн дийлэнх дайчид нь тажик, узбек үндэстэн иргэдээс бүрддэг бөгөөд Афганистантай хил залгаа хэсэгт тус бүлэглэлээс өнгөрсөн хавар хэд хэдэн томоохон халдлага зохион байгуулаад байгаа билээ.[2] Талибанууд хойд хил рүүгээ хэдэн мянган дайчид илгээж, хөрш орнууддаа аюулгүй байдал, тайван байдлын баталгаа өгөхийг оролдож буй боловч эсэргүүцлийн хүч улам бүр хүрээгээ тэлсээр байна.
Террорист бүлэглэлүүдээс ирэх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Төв Азийн орнууд ОХУ-тай хамтарсан цэргийн сургуулийг тогтмол зохион байгуулсаар байна. Тухайлбал, Талибануудыг засгийн эрхэнд гарсны дараа Тажикийн засгийн газар Афганистаны хилийн дагуу цэргийн хүчээ бэхжүүлж, хилийн ойролцоо Орос, Узбекистаны хүчнийхэнтэй хамтран хэд хэдэн цэргийн сургууль хийжээ.[3]
Тажикистан болон Узбекистаны тусгай албадаас Афганистаны хойд хэсэгт хилийн ойролцоо хэдэн мянган гадаадын (Афганистаны бус) дайчид байгаа гэж мэдэгджээ.[4]
Афганистанаас ирэх терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, тогтвортой байдлыг хангахад Тажикистаны нутаг дэвсгэрт байрлах Оросын 201 дүгээр дивизийг чухал үүрэгтэй гэж үздэг бөгөөд, Орос-Тажикистаны хооронд 201 дүгээр дивизийг 2042 он хүртэл байрлуулах гэрээ байгуулсан байдаг. Оросын 201 дүгээр дивиз нь зөвхөн Тажикистаны төдийгүй Төв Азийн аюулгүй, тогтвортой байдлын баталгаа гэж шинжээчид үздэг юм.[5]
Мөн Казахстан, Киргизстан, Тажикистан улсууд Орос тэргүүтэй Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) гишүүн юм. Бишкек хотоос 40 км-ийн зайд Киргизийн Кант хотод Оросын удирдлага дор ХАБГБ-ын бааз байрладаг. Талибанууд Афганистаныг эргүүлэн эзэлсэнтэй холбогдуулан ХАБГБ Төв Азийн гишүүн орнуудтайгаа цэргийн сургууль хийж, тэр дундаа Афганистаны хилийн ойролцоо Тажикистанд цэргийн сургууль тогтмол явуулж буй нь аюулгүй байдалдаа нилээд санаа зовж буйн илрэл юм.
2022 оны 1 дүгээр сард Казахстанд эмх замбараагүй байдал үүсч, ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг түлхэн унагах оролдлого гарч байх үед ХАБГБ Казахстан дахь стратегийн объектуудыг хамгаалахаар цэргээ илгээсэн. Энэхүү цэрэг илгээсэн явдал нь Орос тэргүүтэй ХАБГБ-ын ач холбогдлыг Төв Азийн орнуудад сануулсан үйл явдал байв.
Гэхдээ нөгөө талаас Төв Азийн орнууд ХАБГБ-ын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу дайнд татагдан орох эрсдэлтэй байгаа тул Украины хямралыг томоохон дайны хэмжээнд хүргэхгүй байхыг эрмэлзэж байна. Хэдийгээр Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага нь дээр дурдсанчлан байгуулагдсан цагаасаа эхлэн Төв Ази руу чиглэсэн Оросын аюулгүй байдлын бодлогын хамгийн чухал механизм болж Төв Азид Афганистанаас ирж болзошгүй аливаа эрсдэлийн баталгаа байсаар ирсэн боловч өнөөдрийн нөхцөл байдалд Төв Азийн иргэдийн хүсээгүй дайнд татан оруулах эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн.
ХАБГБ-ын гишүүн орнууд бие биеийнхээ эсрэг хүч хэрэглэхгүй байх, аюулгүй байдлын чиглэлээр бодлогоо уялдуулах нийт 11 зүйл заалтад тусгагдсан үүргийг хүлээдэг.[6] Тодруулбал гэрээний эхний зүйлд аливаа гишүүн орныг бусад гишүүн улсын эсрэг байр суурьтай ямар нэгэн цэргийн эвсэлд нэгдэхийг хориглосон байдаг, мөн гэрээний 2-р зүйлд гишүүн орнууд олон улсын аюулгүй байдлын бүхий л асуудлаар бие биетэйгээ зөвлөлдөж, гишүүн орнуудын аюулгүй байдалд заналхийлэл үүсэх үед аюулыг нэн даруй арилгах арга хэмжээг хамтран авах, хамтарсан зохицуулалтын механизмыг бий болгохыг тусгасан. Харин тус гэрээний 4-р зүйлд “Аливаа гадны улс аль нэг гишүүн орны эсрэг түрэмгий арга хэмжээ авсан тохиолдолд Гэрээнд оролцогч бусад бүх Талууд шаардлагатай бүх тусламж, түүний дотор цэргийн туслалцаа үзүүлэх бөгөөд НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд заасан нийтээр хамтран батлан хамгаалах эрхээ хэрэгжүүлж гишүүн улсыг дэмжих болно.” хэмээн заасан байдаг. Чухамдаа энэ заалтын дагуу Украины хямрал олон улсыг хамарсан дайны хэмжээнд хүрч ОХУ руу Украины арми, түүний холбоотон цохилт өгсөн тохиолдолд Төв Азийн 3 орон нэг бол гэрээний дагуу дайнд ОХУ-ын талд орон цэргийн дэмжлэг үзүүлж барууны орнуудын хориг арга хэмжээнд орох, дайнд хохирол амсах, нэг бол Узбекстан шиг ХАБГБ-аас гарч ОХУ-аас хөндийрч аюулгүй байдал, эдийн засгийн гол түншээ алдах хүндхэн сонголттой нүүр тулах юм.
Нэг. Төв Азийн орнуудаас үзүүлж буй хариу үйлдэл
ОХУ-ыг Төв Азийн орнуудын тогтвортой, аюулгүй байдлын баталгаа гэж үздэг байсан бол Украин дахь Оросын арми өнөөг хүртэл ямар үр дүнтэй ажиллаж байгааг дэлхий нийт мэдэж байгаа билээ. Энэ байдал нь Оросыг Төв Азийн аюулгүй байдлын баталгаа эсэхэд эргэлзэх нөхцөл байдлыг бий болгоод байна.[7]
Украин дахь Оросын хохирол санаанд оромгүй өндөр байгаа бөгөөд Оросын армид итгэх итгэл Төв Азид асар их буурсан. Афганистаны хойд хэсгээр төвлөрөөд буй зэвсэгт этгээдүүд Төв Азийн орнууд руу халдлага үйлдвэл Орос улс ямар цэргийн тусламж үзүүлж чадах вэ гэх асуудал Төв Азийн орны удирдагчдын санааг зовоож байна.
Орос-Украины цэргийн мөргөлдөөний эхний өдрүүдэд Төв Азийн засгийн газрууд Украинд болж буй үйл явдлын талаар ямар нэгэн тайлбар хийхээс аль болох зайлсхийж байв. Зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, үр дүн нь тодорхойгүй болохын хэрээр Казахстан, Узбекстаны албаны хүмүүс төвийг сахисан байр сууриа илэрхийлж эхлэн, Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.[8]
Украины хямрал сунжирахын хэрээр Төв Азийн орнууд дундаас Казахстан, Узбекстан улсууд ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг дэмжихгүй байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан нь олон улсын харилцаанд маш онцгой үзэгдэл болсон юм. Тухайлбал 2022 оны 3 дугаар сарын 17-нд Узбекстаны Гадаад хэргийн сайд Абдулазиз Камилов Сенатын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Украинд өрнөж буй цэргийн ажиллагаа, хүчирхийллийг нэн даруй зогсоох ёстой. Узбекистан улс Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрдөг. Бид Луганск, Донецкийн бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрөхгүй’[9] гэсэн бол Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр Казахстан улсын байр суурийг албан ёсоор зарлаж Украины салан тусгаарлагч ‘ДНР’, ‘ЛНР’ гэгдэх улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарласан юм[10].
Харин Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров 2 дугаар сарын 26-нд Кремлийн хэвлэлийн албанаас “В.Путинтай ярилцахдаа Донбассын энгийн ард иргэдийг хамгаалах талаар ОХУ-ын явуулж буй үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол 3 дугаар сарын 9-нд Киргизийн парламентад үг хэлэхдээ “Киргиз улс Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнд төвийг сахисан байр суурь баримтална” гэжээ.[11]
Төв Азийн орнуудын Оросоос болгоомжлох бас нэг асуудал бол Оросын засгийн газар тогтвортой байдлыг авчирах зорилгоор цэргийн ажиллагаа явуулахдаа хот сууринд асар их сүйрэл, хор хохирлыг учруулдаг болохыг ойлгож буй явдал юм.
Хоёр. Төв Азийн орнуудын дотоод улс төрийн тогтвортой байдал дахь Оросын нөлөө
Төв Азийн орнуудад засгийн эрх шилжиж солигдоход Оросын дэмжлэг маш чухал байдаг. Тухайлбал, 2022 оны 3 дугаар сарын 12-нд Туркменистанд ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү Сердар ялалт байгуулав. Энэ нь тус улсад ЗХУ-ын дараах үеийн эрх мэдлийг шилжүүлсэн анхны тохиолдол байсан бөгөөд Сердар Орост хэд хэдэн айлчлал хийсний дараа Кремлийн дэмжлэгийг авсан гэж шинжээчид үздэг.[12]
Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон ч мөн адил том хүү Рустам Эмомалигаа ерөнхийлөгчийн албан тушаалд томилуулахаар бэлтгэж байсан бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд Рахмоны гэр бүлийн авлигын улмаас эцгээс хүүд эрх мэдлийг шилжүүлэх олон нийтийн дэмжлэг багатай байгаа юм. Рустамыг ерөнхийлөгчөөр амжилттай томилоход Оросын дэмжлэг зайлшгүй шаардлагатай талаар шинжээчид бичиж байна.[13]
Энэ оны 1 дүгээр сард ХАБГБ Токаевыг дэмжсэн нь ямарваа хүндрэлтэй тулгарсан улс төрч, засгийн газрыг Орос хэрхэн дэмждэг, ямар чухал ач холбогдолтой болохыг харуулсан үйл явдал болов.
Ийнхүү Төв Азийн орнуудын улс төрийн амьдрал, эрх мэдлийн замналд нь чухал нөлөөтэй Кремлийг Украинд явуулж буй үйл ажиллагаагаар нь ил тод, хатуу зэмлэн буруушаах нь ОХУ-ын уур хилэнг хүргэж, Төв Азийн орнуудад хүсээгүй үр дагавар авчирж болзошгүй юм. Тийм ч учраас тэд маш болгоомжтойгоор асуудалд хандаж байна.
(үргэлжлэл дараагийн дугаарт)
[1] https://eurasianet.org/uzbekistan-calls-for-an-end-to-aggression-in-ukraine
[2] https://www.fpri.org/article/2022/05/northern-afghanistan-and-the-new-threat-to-central-asia/
[3] https://rus.ozodi.org/a/31476419.html
[4] https://rus.azattyq.org/a/afghanistan-taliban-tajikistan-border-truck-seizures/31861163.html
[5] https://tj.sputniknews.ru/20220518/tajikistan-ugrozy-obekt-1048544434.html
[6] Төв Азийн Геополитик, П.Нямбаяр, 120-р хуудас, 2022 он
[7] https://cabar.asia/ru/obzor-zarubezhnyh-smi-o-tsentralnoj-azii-za-maj-2022
[8] https://www.aljazeera.com/news/2022/3/25/ukraine-war-is-central-asia-loosening-ties-with-russia
[9] Ukraine war: Is Central Asia loosening ties with Russia?, 2022.03.25 https://www.aljazeera.com/news/2022/3/25/ukraine-war-is-central-asia-loosening-ties-with-russia
[10] «Ушел от прямого ответа на вопрос о “спецоперации”». Токаев в Петербурге повторил позицию Нур-Султана по «Л/ДНР»,
[11] https://cabar.asia/en/foreign-press-digest-of-central-asia-in-march-2022
[12] https://www.fpri.org/article/2022/03/understanding-central-asias-cautious-approach-to-russias-invasion-of-ukraine/
[13] https://www.fpri.org/article/2022/03/understanding-central-asias-cautious-approach-to-russias-invasion-of-ukraine/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Европын Холбоо, НАТО Нордикийн орнуудаар хүч нэмж байнаДараах нийтлэл
Төв Азийн орнуудын байр суурь (II)Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19