АНУ-д 1994 онд Netscape анхны хөтөчийн бүтээгдэхүүнээ гаргасан нь зах зээлд маш их амжилтанд хүрч, интернэт технологийн хөрөнгийн зах зээлд бүүм үүсгэжээ. Б.Клинтоны засаг захиргаа “Мэдээллийн супер зам’-ын төлөвлөгөөг анх удаа санал болгосноор дэлхий даяар мэдээллийн технологи хөгжиж, Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос зэрэг голлох орнууд уг чиг хандлагыг дагасан юм.
Эдийн засгийн хөгжлийн хоцрогдсон байдлыг яаралтай арилгах шаардлагатай байсан Хятадын хувьд мэдээлэл, харилцаа холбооны салбарт бий болсон технологийн хувьсгал нь түүхэн томоохон боломж байв. 1997 оны 9 дүгээр сард Хятадын Коммунист намын XV их хурлын тайланд “Үндэсний эдийн засгийг мэдээлэлжүүлэн хөгжүүлэх’ стратегийн үзэл санааг дэвшүүлсэн. Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлогын хүрээнд зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэхэд мэдээлэлжүүлэлт нь хөгжлийн тэргүүлэх чиглэл хэмээн дээд түвшинд анхаарсан нь энэ аж.
Америкийн интернэт бизнесийн үлгэр домгийг хуулбарлах мөрөөдлийн дагуу Хятадын орон нутгийн Sina, NetEase, Sohu порталууд дараалан гарчээ. Интернэт хэрэглэгчдийн бааз, вэб сайтын тоо том биш ч 1997 онд 620 мянга буюу 1500 байсан бол 1999 онд 8,9 сая буюу 15 мянга гаруй болж, гурван жилийн дотор арав гаруй дахин нэмэгдэж, хөгжлийн боломж нь гарч ирсэн.
Хятад улс интернэтийн агуулгын хяналт удирдлагын тогтолцоог системтэйгээр бий болгохын зэрэгцээ дэд бүтцийн аюулгүй байдал, спамын удирдлага, интернэтэд зохиогчийн эрхийг хамгаалах гэх мэт асуудлуудыг үе шаттайгаар хөгжүүлж, холбогдох хууль тогтоомж, хяналтын тогтолцоог нэвтрүүлжээ.
2001 онд Хятад улс ДХБ-д элссэний дараа Намын төв хорооны удирдлагууд “Мэдээллийн сүлжээний эрүүл хөгжлийг хангах, дэмжихэд хууль эрх зүйн арга хэрэгслийг ашиглах нь’ гэсэн хуулийн лекцийг сонсож, интернэтийн менежментийн талаар 16 ханз бүхий “Идэвхтэй хөгжүүлэх, удирдлагыг бэхжүүлэх, давуу талыг эрэлхийлэх, сул талуудаас зайлсхийх, өөрийн хэрэгцээнд ашиглах’ хэмээх бодлогыг дэвшүүлэв.
Энэхүү зарчим нь “хөгжил ба менежмент’-ийн харилцааг анх удаа тодорхой болгож, хөгжил бол нэгдүгээрт, менежмент бол зайлшгүй баталгаа нь болж өгнө хэмээгээд менежментээр дамжуулан ашиг тусыг нь дээд зэргээр нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцолсон нь өнөө ч хэвээр байна.
Дэд бүтцийн түвшинд 2001 онд China Telecom, China Netcom, China Unicom, CATV болон бусад компаниуд өргөн зурвасын сүлжээг эрчимтэй байгуулж эхлэв. 2001 оны 8 дугаар сард Хятадын цахилгаан холбоо дангаараа орон даяар найман босоо, найман хэвтээ шугам бүхий асар том сүлжээг бүрдүүлж, өргөн зурвасын сүлжээ нь нийгмийн амьдралд нэвтэрч эхэлсэн бөгөөд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүч болжээ.
Үүний зэрэгцээ, өргөн зурвасын хандалтын дэмжлэгтэйгээр интернэтийн үйлчилгээ WEB1.0-ээс WEB2.0 руу шилжиж, шуурхай мессеж, форум, видео, хайлт бүрэн хөгжиж, хэрэглэгчид контент үйлдвэрлэгч болж, интернет медиа шинжтай чанар болов.
Олон улсын 2008 оны ипотекийн зээлийн хямралын дор өргөн зурвасын сүлжээ нь эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг болжээ. Улс орнуудын эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөнд мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох бөгөөд сүлжээний дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай өргөн зурвасын стратегийг дэвшүүлж байв.
Хятадад 2008 он гэхэд нийт интернэт хэрэглэгчдийн тоо 253 саяд хүрч, дэлхийд анх удаа тэргүүлжээ. CN домэйн нэрийн бүртгэлийн тоо 12.188 сая болж, мөн тэргүүлэв. Хөдөлгөөнт интернэтийн өсөлт нь интернэтийг хөгжлийн шинэ шатанд гаргаж, Хятадын интернэтийн компаниуд дэлхийн зах зээлд гарч ирэв.
Олон улсын кибер аюулгүй байдлын хурцадмал нөхцөл, дотоодын эдийн засгийн шинэ хэвийн төлөв зэрэг нь интернэтийн хяналтад шинэ дүр зураг бий болгосон нь аюулгүй байдалтай холбоотой хяналтыг чангатгах, зах зээлтэй холбоотой хяналтыг сулруулах явдлын чухлыг ойлгосон явдал байжээ.
Олон улсын кибер орон зайн аюулгүй байдлын үүднээс авч үзвэл 2013 онд Сноудены хэрэг явдал илчлэгдэж, улс орнууд өөрсдийн цахим аюулгүй байдлын асуудлаа дахин шалгахад хүргэсэн юм. 2014 оноос хойш Европын холбоо хувийн мэдээллийг хамгаалах системээр дамжуулан хамгаалалтын шугамыг байгуулж, Орос, Бразил болон бусад улсууд аюулгүй байдлын хяналтаа сайжруулж, өгөгдлийг нутагшуулах бодлого бий болгосон.
Хятад улсын тухайд интернэт нь эдийн засаг, нийгмийн янз бүрийн салбаруудтай гүнзгий уялдаатай, “Интернет+’ эдийн засаг, нийгмийн хөгжлийн шинэ хэлбэрийг бүрдүүлж байна. Зөвхөн 2015 онд Төрийн зөвлөлөөс интернэтийн хөгжлийг дэмжихтэй холбоотой 12 баримт бичиг гаргажээ.
Хятад улсын интернэтийн хяналт удирдлагын тогтолцоо
1994 оны 4 дүгээр сарын 20-нд Хятад улс интернэтэд бүрэн нэвтэрч, интернэтийн хяналт удирдлагыг (监管) мөн нэгэн зэрэг нэвтрүүлжээ. Үүний өмнө 1993 оны сүүлчээр Төрийн зөвлөл “Үндэсний эдийн засгийн мэдээлэлжилтийн нэгдсэн хурал” гэх механизмыг байгуулж, уг бүтцээр дамжуулан үндэсний компьютерийн сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлын менежментийн томоохон асуудлыг зохицуулах болов. Хяналт удирдлагын түвшинд интернэт сүлжээний дөрвөн үндсэн байгууллага (Шуудангийн яам, Цахим яам, Боловсролын хороо, Хятадын Шинжлэх Ухааны Академи) болон НАХЯ нь интернэтийн хандалтын удирдлага, агуулгын менежментийг шууд хариуцдаг болжээ.
2000-аад оны үед удирдлагын механизмд хоёр өөрчлөлт орсон. Эхний удаад 2001 онд хуучин Төрийн зөвлөлийн бүлэг гэгдэж байсан “Үндэсний мэдээлэлжилтийн удирдлагын бүлэг’-ийг шинээр эмхлэн Намын төв хороонд харьяалуулж ранкийг нь өсгөжээ. Харин Төрийн зөвлөлд Төрийн зөвлөлийн Мэдээллийн ажлын албыг давхар байгуулав. Хоёр дахь нь 2003 онд интернэт сүлжээ ба мэдээллийн аюулгүй байдлыг илүү сайн хангахын тулд Үндэсний Мэдээлэлжилтийн удирдлагын бүлгийн дэргэд “Үндэсний сүлжээ ба мэдээллийн аюулгүй байдлыг зохицуулах бүлэг”-ийг байгуулжээ. Энэ хоёр зохицуулалт орсноор Намын төв хорооноос интернэтэд тавих хяналт, удирдлага, зохицуулалтыг улам бэхжүүлсэн аж.
Мөн энэ үед хяналт тавих үндсэн статустай байгууллага нь Мэдээллийн яам, Нийгмийг аюулаас хамгаалах яам гэдэг нь илүү тодорхой болж өгсөн, харин суртал ухуулгын байгууллагууд нь мэдээ, соёл урлаг, хэвлэн нийтлэх, радио телевиз зэрэг салбарыг хянаж зохицуулах үүрэгтэй байв. Гэхдээ ерөнхийдөө хяналтын загвар нь “хамтарсан удирдлага, тус тусын хариуцлага’ гэсэн шинж чанартай байв. Хяналт удирдлагын тогтолцоог цогцоор нь бий болгохын зэрэгцээ хяналт удирдлагын давхцал, зөрчлийг зохицуулах үндэс суурийг 2000-аад оны эхэн үед тавьжээ.
2008 онд томоохон тогтолцооны шинэчлэл хийсэн нь Төрийн зөвлөлийн Мэдээллийн ажлын албыг татан буулгаж, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамыг шинээр байгуулжээ. “Үндэсний Мэдээлэлжилтийн удирдлагын бүлэг”-ийг хэвээр үлдээсэн ба өдөр тутмын ажлыг нь Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам хариуцах болов. Зарим судлаачдын тэмдэглэснээр Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам нь чиг үүргийн байгууллага тул салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахад хүндрэлтэй байжээ.
Ийм дэвсгэр дээр 2010 он гэхэд Хятадад интернэтийн удирдлагыг зохицуулах “гурамсан” тогтолцоо бий болжээ. Үүнд: Үндэсний интернэт мэдээллийн алба нь интернэт мэдээллийн агуулгыг голлон хариуцаж, бусад байгууллагуудаас интернэт мэдээллийн агуулгад тавих менежментийн ажлыг нь зохицуулж өгөх үүрэгтэй байна. Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам нь интернэтийн салбарын менежментийг хариуцдаг. НАХЯ нь интернет дэх хууль бус, гэмт хэргийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй байна. Энэхүү ‘гурамсан’ тогтолцооны зохицуулалтаар интернэтийн хяналт удирдлагын өмнөх үеэс үүссэн олон тооны давхцал, зөрчилдөөнтэй холбоотой асуудлуудыг цэгцэлж өгчээ.
Ийнхүү Хятад улсын мэдээлэлжилт, сүлжээний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо аажмаар бүрэлдэн тогтсон байна. Эхэн үед Төрийн Зөвлөлөөс шууд удирдаж байснаа Намын төв хорооны түвшинд хүргэн дээшлүүлж, улмаар зохицуулалт давхцал хийдлийг аажим арилгах зэрэг замыг туулсан. Хятад улс интернэтэд холбогдсон 20 дахь жилд сүлжээний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг болж албан ёсоор “Сүлжээний аюулгүй байдал үгүй бол үндэсний аюулгүй байдал үгүй, мэдээлэлжээгүй бол орчин үеийн шинэчлэл байхгүй’ гэсэн уриаг дэвшүүлжээ.
Бодлогын зохицуулалт, хяналтын тогтолцоо
Интернэтийн менежменттэй холбоотой Хятадын анхны захиргааны зохицуулалт нь “Компьютерийн мэдээллийн системийн аюулгүй байдлыг хамгаалах журам” (Төрийн зөвлөлийн 147 тоот тушаал) аж. Улмаар Хятад улс олон улсын сүлжээг бий болгоход чиглэсэн хэд хэдэн журам, бодлого гаргаж, Хятадын интернэт хяналтын үндсэн тогтолцоог бий болгосон байна. Жишээ нь: олон улсын оролт гаралтын сувгийн тусгай үйлчилгээний тогтолцоо; сүлжээнд нэвтрэх лиценз, файлын систем; компьютерийн системийн шаталсан хамгаалалтын систем гэх мэт. Эдгээр удирдлагын системүүд нь олон улсын сүлжээг удирдаж, хянах боломжтой болгодог бөгөөд дамжуулах сувгийн хяналтаар дамжуулан агуулгын хяналт тавих боломж олгодог ажээ.
Хятадын интернэтийн хяналт удирдлагын суурь зохицуулалт болсон “Интернэт мэдээллийн үйлчилгээний удирдлагын аргачлал’ баримт бичгийг мөн баталж, сувгаас эхлээд хэрэглээний давхарга хүртэлх хяналтыг гүнзгийрүүлжээ. Уг баримт бичгийг баталснаар яам, хороод илүү нарийвчилсан зохицуулалтын хэм хэмжээ бүхий журмуудыг тогтоох эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Үүн дээр үндэслэн хэлтэс бүр дүрэм, журмаа тогтоож, зохицуулалтын хил хязгаарыг мөн тогтоож өгснөөр хяналт удирдлагын байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, өрсөлдөөнийг тодорхой болгожээ.
Хууль, журам бий болсноор интернэтийн контентын хяналтын цогц системийг бий болов.
(1) Мэдээлэл, хэвлэл, боловсрол зэрэг интернэт мэдээллийн үйлчилгээнд хяналт шалгалт хийх өмнөх ба дараах давхар лицензийн системийг хэрэгжүүлэв (өөрөөр хэлбэл холбогдох удирдлагын байгууллагаас урьдчилан хяналт тавьж, улмаар харилцаа холбооны удирдлагын байгууллага лиценз эсвэл бүртгэлийг хийдэг болов);
(2) “Есөн хориг’ буюу хязгаарлалтыг тодорхой зааж өгөв;
(3) Интернет контентын хяналт удирдлагын оновчтой механизмыг бий болгов. Үүнд: Үйл явдлын өмнөх (лиценз олголтыг голлосон), үйл явц дахь (гол төлөв аж ахуйн нэгжийн хяналтад суурилсан) болон үйл явдлын дараах (гол төлөв вэб сайтыг хааж, лицензийг хүчингүй болгох) зэрэг бүрэн үйл явцын менежментийн аргыг нэвтрүүлжээ.
Интернэтийн зохицуулалтын тогтолцоог улам боловсронгуй болгох үүднээс 2010 онд “Интернэт мэдээллийн үйлчилгээний удирдлагын аргачлал” баримт бичгийг шинэчлэв. Мөн зарим яам, хороод интернэтийн хяналтын журмыг үе үе шинэчлэн боловсруулсаар байв.
Ийнхүү “боловсронгуй болгох’-с гадна зохицуулалтыг сайжруулав. Гол төлөв агуулгад суурилсан хяналт удирдлагаас ялгаатай нь эдийн засаг, зах зээлийн хяналтын субьект, хяналтын механизмыг түлхүү нэвтрүүлжээ. Жишээ нь:
(1) Шударга бус өрсөлдөөний хяналт. Салбар хөгжиж, өсөхийн хэрээр интернэтийн зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүссэн тул салбарын эрх бүхий байгууллагууд “Интернэт мэдээллийн үйлчилгээний зах зээлийг зохицуулах журам’-ыг яаралтай гаргасан, ингэснээр анх удаагаа интернэтийн өрсөлдөөний хил хязгаарыг тогтоожээ.
(2) Цахим худалдаа, онлайн төлбөр, онлайн татвар зэрэг эдийн засгийн зохицуулах шаардлагатай асуудлууд гарч ирэв. Урьдчилсан зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Үйлдвэр, худалдааны ерөнхий газар, Төв банк, Татварын ерөнхий газар тус тус холбогдох журам, нормативын баримт бичгийг гаргажээ.
(3) Хувийн мэдээллийг хамгаалах асуудал. Сүлжээний мэдээллийн хамгаалалтыг бэхжүүлэх тухай 2012 оны Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын шийдвэрт үндэслэн Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас хувийн мэдээллийг хамгаалах захиргааны хяналтын механизмыг судлах зорилгоор интернэт дэх хувийн мэдээллийг хамгаалах журам гаргасан.
2010 оны 6 дугаар сард Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба “Хятадын интернэтийн цагаан ном’-ыг нийтлэв. Цагаан номд анх удаа Хятадын интернэт зохицуулалтын үндсэн зарчмуудыг гадаад ертөнцөд албан ёсоор, ил тод зарласан байна.
Хятадад интернетийн хууль эрхзүйн тогтолцоог бий болгох нь агуулгын хяналт гэх мэт харьцангуй дан элемент дээр суурилж байсан бол 2013 оноос хойш аюулгүй байдалтай холбоотой хяналт, зах зээлд суурилсан хяналт хоёрын институцийн ялгаа улам бүр тодорхой болж ирэв. Аюулгүй байдалтай холбоотой хяналт чангарч, гүнзгийрч байна. Сүлжээний шатнаас өгөгдлийн шат хүртэл аюулгүй байдлыг иж бүрэн хангаж, дэд бүтцийн хамгаалалтын систем, сүлжээний аюулгүй байдлын хяналтын систем, хил дамнасан мэдээллийн урсгалын үнэлгээг бий болгожээ. Зах зээлд суурилсан хяналт нь онлайн худалдаа, интернет санхүү зэрэг шинээр гарч ирж буй салбарт чиглэж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тогтвортой байдлыг хангах үндсэн дээр зах зээлийн дэг журам, дижитал эдийн засгийн шинэ загвар бүхий хууль эрх зүйг бүрдүүлжээ.
Хятадын интернэтийн хяналт зохицуулалтын онцлог
Интернэт нь анхандаа бизнесийн хөгжлийн дагуу технологийн хувьд мэдээлэл, харилцаа холбоо, зугаа цэнгэл зэрэг мэдээллийн үйлчилгээг голчлон үзүүлж байсан бөгөөд мэдээлэл түгээх хүчирхэг функц нь үзэл суртлын аюулгүй байдалд сорилт үүсгэж, хяналт удирдлагын гол цөм нь аяндаа агуулгыг тойрон үүсч хөгжжээ. Хурдацтай хөгжихийн хэрээр интернетийн салбар нь хэвлэл мэдээлэл, зугаа цэнгэл, худалдаа болон бусад үйлчилгээний салбараас эхлээд илүү нарийн төвөгтэй төрийн үйлчилгээ (санхүүгийн даатгал, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, сургалт) хүртэл өргөжсөн. Хяналтын агуулга, чиг хандлагад дотоод, гадаад улс төр, эдийн засгийн орчин тодорхой хэмжээгээр нөлөөлж болох ч мөн чанартаа интернэт технологи, салбарын хөгжил нь хяналтад гарч буй өөрчлөлтийг тодорхойлох шийдвэрлэх хүчин зүйл юм.
Хятад улсын интернэтийн хяналт удирдлага нь хүчирхэг эрх мэдлийн шинж чанарыг илэрхийлдэг онцлогтой. Үүнд:
1) Засгийн газрын удирдлага. Олон улсын интернэтийн засаглалд чухал ач холбогдолтой олон талын оролцооноос ялгаатай нь Хятадын засгийн газар интернэтийн засаглалд засгийн газар тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстойг үргэлж дэмжиж ирсэн. Бодлого боловсруулахаас эхлээд тодорхой зохицуулалтын практик хүртэл засгийн газар зохицуулалтын дүрмийг гол зохион бүтээгч, хэрэгжүүлэгч юм. Засгийн газар хяналт тавихад зонхилох байр суурьтай байгаа учраас хууль тогтоомж, шүүх эрх мэдэл, олон нийтийн санаа бодол гэх мэт янз бүрийн нөөцийг ашиглан хяналт тавих боломжтой байдаг. Ер нь аж үйлдвэрлэлийн бие даасан байдлыг хамгийн сайн тусгасан салбарын холбоод хүртэл засгийн газрын удирдлага дор ажилладаг.
2) Төлөөллийн маягийн хяналт удирдлага. Их хэмжээний мэдээллээс үүдэлтэй контентын хяналтын асуудлыг шийдэхийн тулд Хятад улс интернэтийн хяналтыг нэвтрүүлснээс хойш прокси хяналтын санааг бий болгосон, өөрөөр хэлбэл интернэтийн компаниуд мэдээлэл түгээх цензурыг хариуцдаг. Блоклох, хадгалах бүртгэж, эрх бүхий байгууллагад цаг тухайд нь мэдээлэх гм. Платформууд бусдын гаргасан мэдээллийн хариуцлагыг хүлээхгүй гэсэн интернэт хөгжлийн эхний үед АНУ болон Европын тогтоосон зарчимтай харьцуулахад Хятадын интернэт компаниуд байгуулагдсан цагаасаа эхлэн хяналт тавихад туслах үүрэг хүлээсэн.
(3) Кампант ажил маягийн төвхнүүлэлт. Хэд хэдэн хяналт удирдлагын байгууллагууд хамтран оролцсон тусгай арга хэмжээгээр зохицуулж байжээ. Анх интернэт кафег цэгцэлснээс эхлээд интернэтийн аудио, дүрс бичлэгийн хөтөлбөр, порно сайт, онлайн мөрийтэй тоглоом, онлайн тоглоомууд зэргийг тусгайлан цэгцэлдэг.
Ийнхүү Хятад улс интернэтийн хяналт удирдлагын өөр өөр хэв маягийг бий болгожээ. Интернэтийн хяналтад олон субьект оролцдог. Статистик мэдээллээс үзэхэд Намын төв хорооны түвшинд сүлжээний хяналтад янз бүрийн түвшин, чиглэлээр оролцдог 50 гаруй байгууллага байдаг гэж үздэг ч одоогийн байдлаар ‘гурамсан’ бүтэц буюу НТХ-ны Интернэтийн аюулгүй байдал мэдээлэлжилтийн ажлын алба, Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам, НАХЯ гэсэн гурван үндсэн хяналтын байгууллагын тогтолцоо ажиллаж байгаа. Нэмж дурдахад, интернэт нь хэвлэл мэдээллийн шинж чанараас үйлдвэрлэлийн шинж чанартай болж хөгжихийн хэрээр зах зээлд суурилсан зохицуулалтын байгууллагуудын нөлөө нэмэгдсээр байгаа ажээ.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
БНСУ-ын цахим хэрэглээ ба эрх зүйн зохицуулалтСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23