Технологийн хөгжил хүн төрөлхтний амьдралд үлэмж өөрчлөлтийг дагуулсаар байна. Үүний тод жишээ “Мэдээллийн хурдны зам” хэмээн нэрлэгддэг интернэт сүлжээ юм. Дэлхий нийтэд Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш интернэтийн хэрэглээ огцом өсч, нийгмийн олон салбарын харилцаа цахим хэлбэрээр явагдах болсон.
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын мэдээлэлд дурдсанаар 2019 онд дэлхийн хүн амын 54 хувь буюу 4.1 тэрбум хүн интернэт ашиглаж байсан бол 2021 онд энэ тоо 4.9 тэрбум болж нийт хүн амын 63 хувьд хүрсэн байна. Түүнчлэн цар тахлын эхний жил болох 2020 онд интернэт хэрэрглэгчдийн тоо 10.2 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр өсөлт бөгөөд хөгжиж буй орнуудад интернэтийн хэрэглээ 13.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Интернэт технологийн энэхүү үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэн интернэт мэдээллийн цензур, зохицуулалтын тогтолцоог оновчтой хөгжүүлэх асуудал шийдвэр гаргагч нарт томоохон сорилт учруулж байна. Энэ нь нэг талаас иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нөгөө талаас нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангах аюулгүй байдлын хэрэгцээ, хувь хүний нууцыг хамгаалах асуудалтай нягт уялдсан байхыг шаарддаг.
Интернэтийн мэдээлэлд цензур тавих гэдэг ойлголт нь засгийн газар болон бусад байгууллагуудын зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслийг удирдан чиглүүлэхэд ашигладаг ‘хэвлэл мэдээллийн зохицуулалт’ гэсэн нэр томъёоны нэг хэсэг юм.
Интернэт технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Япон, Өмнөд Солонгос, Хятад, Америк, Герман зэрэг орнуудад интернэтэд цензур тавих 2 үндсэн аргыг өргөн ашиглаж байна. Энэ нь мэдээллийн агуулгыг хаах /blocking/ болон шүүлтүүр хийх /filtering/ арга юм.
Мэдээллийг хаах буюу блоклох арга нь хар жагсаалтад орсон тодорхой вэб сайт, домейн, IP болон протоколд хандахаас урьдчилан сэргийлэх зорилго агуулдаг бөгөөд блоклох үндэслэлд ихэвчлэн хууль бус болон нийгмийн хэв журмын эсрэг контент багтдаг. Контент шүүлтүүрийн арга нь тухайн нутаг дэвсгэрийн хувьд хууль бус, нийгмийн хэв журмыг зөрчсөн эсвэл тодорхой хэрэглэгчдэд үл нийцэх мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлахад чиглэнэ. Эдгээр аргуудыг хэрэглэгчдэд ил тод буюу нээлттэй, ил тод бус буюу чимээгүй хэлбэрээр ашиглаж болдог.
Интернэт мэдээллийн энэхүү зохицуулалт нь зорилгоосоо хамаарч улс орон бүрт харилцан адилгүй байна. Зарим улсад ‘нийтийн ашиг сонирхлыг’ хамгаалах эсвэл техникийн нийтлэг стандартыг бий болгох зорилгоор интернэтийн контент шүүлтүүр хийдэг бол зарим улсад улс төрийн зорилгоор хэрэгжүүлдэг байна. Жишээлбэл, Өмнөд Солонгос улс зөрчилдөөн, аюулгүй байдлын шалтгаантай холбоотой онлайн контентыг хаах зорилгоор интернэт зохицуулалтын системийг ашигладаг бол Сингапур, Судан, Оман улс нийгмийн онцгой асуудлуудтай холбоотой контентод анхаарлаа хандуулдаг, Бирм, Судан, Катар, Йемен зэрэг улсуудад цахимаар танилцах болзохыг хориглодог аж.
БНСУ дахь интернэт цензурын талаар
Өмнөд Солонгост интернэт сүлжээгээр цацагдаж буй мэдээ, мэдээлэлд цензур тавих нь /internet censoring/ өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад илүү нарийн зохицуулалттай байдаг. Энэ нь дараах хэрэгцээ, шаардлагуудаас урган гардаг байна.
- 2022 оны эхээр интернэт сүлжээний хэрэглээнд хийсэн судалгаагаар Өмнөд Солонгосын нийт хүн амын 98% буюу 50.29 сая хүн интернэт ашиглаж байна. Үүнээс 91.2% нь олон нийтийн мэдээллийн сүлжээ ашигладаг. Тус улс интернэт холболтын дундаж хурдаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд НҮБ-ын мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийг гаргаж эхэлснээс хойш тогтмол нэгдүгээрт жагссаар ирсэн.
- Өмнөд Солонгост интернэт орчин дахь гүтгэлэг, дарамт зэрэг нь иргэдийн хувьд томоохон асуудал бөгөөд үүнээс үүдэлтэй олны танил хүмүүсийн амиа хорлолт өсөн нэмэгдэж буй.
- Иргэдийн зүгээс интернэтэд цензур тавьж, хуулийн хариуцлагыг чангатгахыг шаардсаар ирсэн. /Сүүлийн жишээ дурдахад 2022 оны 2 дугаар сард олны танил хоёр хүн амиа алдсаны дараа Өмнөд Солонгост 150 мянга орчим хүн цахим хүчирхийллийн эсрэг арга хэмжээ авахыг уриалсан цахим өргөдөлд гарын үсэг зуржээ./
- Түүнчлэн Умард Солонгосыг дэмжигч вэбсайт болон тодорхой тооны Японы вэбсайтуудыг хаах шаардлага байнга тулгарч байдаг зэрэг болно.
1995-2002 онд Өмнөд Солонгосын засгийн газар дэлхийн хамгийн анхны интернэтийн хяналтын тухай хууль болох Харилцаа холбооны бизнесийн тухай хуулийг баталсан. Уг эрх зүйн баримт бичиг батлагдсанаар Интернэтэд хяналт тавьж, контентыг устгах талаар зөвлөмж гаргах эрх бүхий Интернэт харилцаа холбооны ёс зүйн хороо (ICEC) байгуулагдаж, 1996 оны эхний найман сард интернэт сайтууд дээрх 220,000 орчим мессежийг устгаж, гадны хэд хэдэн цахим хуудсыг хааж байв.
2008 онд Ли Мён Бак ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа өргөн нэвтрүүлэг, интернэтийн хяналтыг эрс нэмэгдүүлж, Интернэт харилцаа холбооны ёс зүйн хорооны оронд Солонгосын харилцаа холбооны стандартчлалын хороо (KCSC) хэмээх шинэ бие даасан байгууллагыг байгуулж, интернэтийн хяналт, зохицуулалтыг хариуцах болсон.
Өнөөдөр БНСУ-д интернэтийн хяналтыг Солонгосын харилцаа холбооны хороо (СХХХ, Korea Communications Commitee) болон Солонгосын харилцаа холбооны стандартчлалын хороо (СХХСХ, Korean Communication Standarts Committee) гэсэн хоёр хороогоор дамжуулан хэрэгжүүлж байна. СХХХ нь анх 2008 онд байгуулагдсан бөгөөд бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг зохицуулах үүрэгтэй бол СХХСХ нь зөвхөн интернэтийг хянах чиг үүрэгтэй юм.
СХХХ нь насанд хүрээгүй хүүхдэд хор хөнөөлтэй мэдээ материал, кибер гүтгэлэг, Умард Солонгосыг магтан сайшаах зэрэг агуулгад хяналт тавьж, шаардлагатай аливаа контентыг судалж үздэг. Дээрх агуулга бүхий контент илэрвэл СХХСХ-д тухайн контентыг хаах хүсэлт гаргадаг байна.
Эдгээр хоёр хорооноос гадна засгийн газрын бус Солонгосын Интернэтийн Өөрийгөө Удирдах Байгууллага (Korean Internet Self-Governance Organization) байдаг бөгөөд дээрх хоёр байгууллагатай нягт хамтран ажилладаг. Энэхүү байгууллага нь Naver, DaumKakao, SK Communications, KT зэрэг Солонгосын томоохон интернэт платформуудаас бүрддэг ба засгийн газартай хамтран ажиллах хүрээнд ихэнх нь “жинхэнэ нэрийг шалгах” аргыг ашигладаг. Энэ нь аливаа мэдээллийг онлайн байршуулахын өмнө жинхэнэ нэрийг баталгаажуулахыг шаарддаг арга юм.
Мэдээллийн цензурын талаарх эрхзүйн зохицуулалт
Солонгосын харилцаа холбооны стандартчлалын хороо (KCSC) нь Солонгос дахь интернэтийн контентыг хянаж, цензур тавих чиг үүрэг бүхий захиргааны байгууллага бөгөөд 9 гишүүнээс бүрдэнэ. Гишүүдийг ерөнхийлөгч томилдог бөгөөд СХХСХ нь интернэтийн зохицуулалтыг Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хэвлэлийн тухай хууль, Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг ашиглах, мэдээлэл хамгаалах тухай болон бусад хуулиудад үндэслэн хэрэгжүүлдэг байна.
Эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан авч үзвэл:
Солонгосын харилцаа холбооны хорооны бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд Солонгосын Харилцаа холбооны стандартчлалын хорооны үүргийг заасан байна. Тус хороо юуны өмнө өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан хориглосон болон хязгаарласан мэдээлэлд хамаарах асуудлыг хэлэлцэх, хууль бус болон хориглосон мэдээлэл тараагч этгээдэд шийтгэл оногдуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, олон нийтэд ил болгож, харилцаа холбооны шугамаар тараасан мэдээллийн дотроос шаардлагатай гэж үзвэл засварлах хүсэлт гаргах зэрэг үндсэн чиг үүрэгтэй аж.
Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг ашиглах, мэдээлэл хамгаалах тухай хуулийн 44-7 дугаар зүйлд хууль бус мэдээлэл солилцохыг хориглох талаар тусгагдсан байна. Үүнд дараах зүйлсийн аль нэгэнд хамаарах мэдээллийг цахим харилцаа холбооны сүлжээ ашиглан солилцохыг хориглодог байна.
1. Садар самуун тэмдэгт, үг, дуу авиа, зураг, видеог түгээх, худалдах, түрээслэх, олон нийтэд түгээхийг уриалах агуулга бүхий мэдээлэл;
2. Бусдыг гүтгэх зорилгоор баримт, худал мэдээг олон нийтэд дэлгэж, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл;
3. Нөгөө талдаа айдас, түгшүүр төрүүлсэн тэмдэгт, үг, дуу авиа, дүрсийг удаа дахин дамжуулсан мэдээлэл;
4. Мэдээлэл, харилцаа холбооны систем, өгөгдөл, программыг гэмтээсэн, устгасан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, үйл ажиллагаанд нь саад учруулсан;
5. Хүүхэд хамгаалах тухай хуульд заасан насанд хүрээгүй хүүхдэд хор хөнөөлтэй мэдээ, материалыг нөгөө талын насыг баталгаажуулах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр ашиг олох зорилгоор өгсөн мэдээлэл;
6. Хууль тогтоомжоор хориглосон бооцоот болон мөрийтэй тоглоом
- 6-2. Энэ хууль болон Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг зөрчиж хувийн мэдээлэл худалдсан агуулга бүхий мэдээлэл
- 6-3. Буу, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис (амь нас, хүний биед хор хөнөөл учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх бусад материал) үйлдвэрлэх арга, зураг төсөл гэх мэт мэдээлэл
7. Нууцын зэрэглэлд хамаарах төрийн нууцыг задруулсан мэдээлэл
8. “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль”-аар хориглосон үйлдлийн талаарх мэдээлэл
9. Гэмт хэрэг үйлдэхэд чиглүүлэх, туслах агуулга бүхий бусад мэдээлэл
БНСУ-ын Харилцаа холбооны хорооноос 1-ээс 6, 6-2, 6-3 дахь хэсэгт заасан мэдээллийн талаар Солонгосын харилцаа холбооны стандартчлалын хорооноос гаргасан дүгнэлтийг үндсэлэн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч эсвэл мэдээллийн самбарын оператор, хариуцагчаас тухайн мэдээллийг устгах, хязгаарлахыг хүссэн албан шаардлага хүргүүлж болно хэмээн хуульчилан байна.
БНСУ-ын Харилцаа холбооны хороо 7-9 дэх хэсэгт заасан мэдээлэл нь дараах дэд зүйлд хамаарах бол мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч эсвэл мэдээллийн самбарын оператор, хариуцагчид мэдээллийг устгах, түдгэлзүүлэх, хязгаарлах албан шаардлага хүргүүлэх үүрэгтэй аж. Үүнд:
1.Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тухай хуульд заасны дагуу баримтжуулсан болон хуулбарласан материал;
2. ‘Солонгосын Харилцаа холбооны хорооны бүтэц зохион байгуулалт, удирдлагын тухай хууль’-д заасны дагуу хүсэлт хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор Солонгосын Харилцаа холбооны стандарчлалын хороогоор хэлэлцүүлж, залруулга хийх хүсэлт гаргасан;
3. Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн самбарын оператор, хариуцагч мэдээллийг залруулах хүсэлтийг биелүүлээгүй;
БНСУ-ын Харилцаа холбооны хороо нь мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн самбарын менежер, оператор эсвэл холбогдох хэрэглэгчдэд мэдээлэлтэй холбоотой санал эрхийг мөн хуулиар олгосон байна. Харин дараах тохиолдлуудын аль нэгэнд заасан нөхцөлд санал гаргах боломж олгохгүй хэмээн хуулинд заасан байна. Үүнд:
1. Олон нийтийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө яаралтай арга хэмжээ авах шаардлагатай үед
2. Санал сонсоход хүндрэлтэй эсвэл шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоосон журмын дагуу
3. Санал өгөх боломжоос татгалзах тухай тодорхой илэрхийлсэн тохиолдолд
Түүнчлэн Харилцаа холбооны бизнесийн тухай хуулийн 53 дугаар зүйлд олон нийтийн амгалан тайван байдал, дэг журам, нийгмийн ёс суртахуун, зан заншилд хохирол учруулсан агуулга бүхий мэдээллийг хориглох ба нийтийн амгалан тайван байдал, нийгмийн ёс суртахуун, зан заншилд хор хөнөөлтэй гэж үзсэн агуулгыг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтооно хэмээн хуульчилсан байна. Харилцаа холбооны яам дээрх агуулгад хамаарах мэдээллийг түдгэлзүүлэх, хязгаарлахыг харилцаа холбооны бизнес эрхлэгчдээс шаардаж болох ба шаардлага биелүүлээгүй операторыг хоёр жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл хорин сая вон хүртэл торгууль оногдуулахаар хуульчилсан байна.
Интернэт зохицуулалтын явцад илэрсэн зөрчлийг шинж чанараас нь хамаарч Харилцаа, холбооны бизнесийн тухай хууль, зөрчлийн хууль, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
БНСУ-д интернэтийн агуулгад зохицуулалт, шүүлтүүр хийх эрх зүйн үндэслэл нь ийнхүү холбогдох хуулиудад тодорхой тусгагдсан байдаг. Хуулийн зохицуулалт хийхэд тулгарах эмзэг асуудал нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахгүй байх явдал бөгөөд гагцхүү интернэтийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, бусдын нэр төр, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэх учиртай. БНСУ-ын хэрэгжүүлж буй интернэт хэрэглээний эрхзүйн зохицуулалт энэ нарийн тэнцвэрийг боломжийн хангасан гэж тооцогддог бөгөөд технологид суурилсан цахим үндэстэн загвар амжилттай хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд түлхэц болж байна.
БНСУ нь 2021 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 42-т бичигдэж Ази тивийг 3 дахь жилдээ тэргүүлж байгаа. Гэсэн хэдий ч хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, хэвлэлийн эрх чөлөөг тэнцвэртэй хадгалахыг шаардсан иргэдийн дуу хоолой өсөн нэмэгдсээр байна.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Хятадын интернэт сүлжээний удирдлага, бодлого зохицуулалтСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19