БНКазУ-д энэ оны 1 дүгээр сард болсон үймээн самуун хийгээд түүний дараах өрнөлүүд нь Төв Ази судлаач нарт бүс нутгийн нөлөө бүхий гүрнүүдийн гадаад бодлогод дүн шинжилгээ хийх боломжийг олгоод буй. Нэн ялангуяа бүс нутгийн гол тоглогчдийн нэг болох Турк улс үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Казахстаны нийгэм, эдийн засаг, улс төрийн үндсийг нарийвчлан судлах замаар зөөлөн хүчний бодлогоо тэлэх бодлого боловсруулж байна. Иймд Турк улс үйл явдлыг хэрхэн тайлбарлаж буй болон тус үймээний дараах Туркийн гадаад бодлогын хандлага зэргийг ажиглах нь цаашид бүс нутгийн геополитикийн өрсөлдөөний өрнөлийг таамаглахад ихээхэн ач холбогдолтой.
Казахстан улсын түүхэнд “Цуст нэгдүгээр сар” хэмээн тэмдэглэгдээд буй 2022 оны 1 дүгээр сарын үймээн самууны шалтгааныг шинжээчид чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үеэс эхлэн тус улсын улс төрийн элитүүд баялгийг дангаар хүртэж нийгмийн тэгш бус байдал даамжирснаас үүдсэн хэмээн үзэж буй. Чингэхдээ бослого болох шалтгааныг илүү сайн тайлбарлахын тулд Казахстаны улс-төр, нийгэм, эдийн засгийн амьдрал дахь уламжлалт омгийн холбоо, бизнесийн бүлэглэл, шинэ залуу үеийн үзэл бодол, мөн геополитикийн дотоод, гадаад хүчин зүйлийг харгалзан үзэх ёстой.
Казахстаны үйл явдалд Н.Назарбаевын талынхан эрх мэдлээс хөндийрч ОХУ-ын бүс нутаг дахь нөлөө өргөжиж, ХАБГБ-ын гэрээний хүрээнд Армени улсын арми Казахстанд тусгай үүрэг гүйцэтгэсэн явдал нь Турк улсын Төв Ази дахь гадаад бодлогын гол хэрэгсэл болох Түрэг угсаатны хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг улам нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай болохыг нотлов.
“Цуст нэгдүгээр сар” нэртэй үймээний өрнөл
Казахстаны засгийн газар 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн байгалийн хийд тогтоосон үнийн дээд хязгаараа цуцалсны дараа зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, үүнд бухимдсан иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн юм. Бухимдсан иргэд Казахстан улсын газрын тос олборлодог Жанаозен хотод тайван замаар жагсаж эхэлсэн бөгөөд эсэргүүцлийн өнгө аяс хоромхон хугацаанд бусад хотуудад тархаж, эцэстээ эдийн засгийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн нийтийг хамарсан үймээн самуун болж хувирав.
Жагсаал хэдхэн өдрийн дотор ширүүсэн том хотуудад тархаж иргэний дайныг санагдуулам дүр зураг, сүйтгэл, дээрэм, хүчирхийлэл энгийн үзэгдэл мэт болов. Тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2022 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн Мангистау муж болон Алматы хотод онц байдал зарлаж, засгийн газраа огцруулж, Н.Назарбаевыг Аюулгүйн зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлөөд зогсохгүй түүний зарим хамаарал бүхий этгээдүүдийг улс төрийн эрх мэдлээс түлхэв. Удалгүй онц байдлын дэглэмийг орон даяар сунгасан ба К.Токаевын хүсэлтийн дагуу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ[1]) Казахстанд цэргээ оруулсан. Зөвхөн энхийг сахиулах зорилготой гэж мэдэгдсэн ХАБГБ-ын цэргүүд эхлээд нийслэл Нур-Султан хотын засгийн газрын байруудад байрлаж, дараа нь Алматы хотын дэд бүтцийн гол объектуудыг хамгаалж эхэлсэн ба нөхцөл байдал намжтал буюу 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн тусгай ажиллагаанд оролцсон юм.
Долоо хоногийн турш үргэлжилсэн эмх замбараагүй байдалд албаны мэдээллээр 227 хүн амиа алдаж, 9900 гаруй хүн баривчлагджээ.[2] Үймээн самууны үеэр К.Токаев цэргүүдэд жагсагчдын эсрэг сануулгагүйгээр ‘устгах зорилгоор буудах’ зөвшөөрлийг өгч жагсагчдыг ‘дээрэмчид, террористууд’ хэмээн зарлаж байв. Нөхцөл байдлыг намжаахын тулд К.Токаев иргэддээ хандан орлогын тэгш бус байдалд олон нийт дургүйцэж байгааг Төрийн тэргүүний хувиар ойлгож байгаагаа цохон тэмдэглээд шинэчлэл хийнэ гэдгээ амласан. Мөн тэрбээр удаа дараа өмнөх ерөнхийлөгч Н.Назарбаев болон түүний хамтрагчдыг хөрөнгө орлогын талаар нийтэд шүүмжилсэн байна.
Бослого гарах болсон суурь шалтгаан
Төв Азийн хамгийн том газар нутагтай, байгалийн баялаг ихтэй, ДНБ-ий хэмжээгээр тэргүүлдэг Казахстанд яагаад бослого гарах болсон талаар судлаачид дотоод нөхцөлийг дүгнэн авилгын гүн сүлжээ, улс орны баялгийг зөвхөн хэсэг бүлэг ашиглаж, тэдгээр бүлэг эрх мэдлээ зөвхөн өөрийн хүрээллийнхээ төлөө ашиглах болсноос үүдэлтэй хэмээн тодорхойлсон. Тус улс тусгаар тогтносноос хойш баялгийн дийлэнх хэсэг нь Н.Назарбаев болон түүний хүрээлэлд олон жил ил далд хэлбэрээр очиж, ард түмэн нь эх орныхоо баялгаас багахан хувийг хүртсээр ирсэн. Эдийн засаг харьцангуй сайн байсан үед Н.Назарбаевын засаг захиргааны эсрэг зориглож дуугарах иргэд байгаагүй ба нэг хүний удирдлага дор улс төрийн тогтвортой байдлын уур амьсгал ноёлж байсан. Гэсэн хэдий ч Ковид-19 тахал эдийн засгийг удаашруулж, ган гачиг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бууруулж, инфляц өсөж, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт үе үе гарч, ядуурал нэмэгдэж эхэлсэн нь иргэдийн эсэргүүцлийг өдөөх хүчин зүйл болжээ.
Мөн олон арван жил үргэлжилсэн улс төрийн тогтолцоо, омог аймаг, бүлэглэлийн тэгш бус хуваарилалт ч үүнд хамгийн их нөлөө үзүүлсэн нь анхаарууштай. Тухайлбал Казахстаны улс төрийн хүрээлэлд омогийн харьяалал маш чухал нөлөөтэй байдаг. Казах үндэстэн 3 омог бүлэгт хуваагддаг. Тус улсын зүүн өмнөд хэсэгт голдуу нутаглан суудаг Улу жүз буюу Их жүзийнхэнд Н.Назарбаевын гэр бүл харьяалагддаг. Тэд улс төрийн гол эрх мэдлийг гартаа атган 30 жилийн турш хамгийн хүчтэй элит давхаргыг бий болгосон. Харин хүний тоогоор хамгийн их бүлэг болох Дунд жүзүүд улсынхаа төв болон зүүн хэсэгт амьдардаг бөгөөд Улу жүзүүд шиг улс төрийн элит түвшинд очиж чаддаггүй. Улс төрийн эрх мэдэл хамгийн багатай Жижиг жүзүүд нь тус улсын баруун хязгаарт байрладаг. ЗХУ-аас хойш тусгаар тогтносон Казахстан улсыг байгуулах явцад Жижиг, Дунд жүзүүд төдийлөн эрх мэдэлд хүрч чадаагүй ажээ.
2022 оны 1 дүгээр сарын бослого Казахстаны баруун хойд бүс болох жижиг жүзүүдийн амьдардаг Мангистав, Йениөзен, Актау зэрэг хотын оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн явдал ч омог бүлэглэлүүдийн хоорондох баялаг, эрх мэдлийн тэгш бус хуваарилалтаас шалтгаалсан гэж үзэх үндэслэл болж байна. Нөгөө талаас Казахстаны бослогыг дэмжих болсон нийгмийн хоёр дахь бүлэг бол тус улсын хойд хэсэгт голлон оршин суудаг орос үндэстэн, мөн коммунизмын үеийг санагалзсан орос соёлд ууссан бүлэг юм. Н.Назарбаевын гэр бүлийн казах хэлийг албан ёсны төрийн хэл болгох замаар аажмаар орос хэлний нөлөөгөө багасгах, латин үсэгт шилжих, Түрэгийн соёлын нөлөөллийг нэмэгдүүлснээр улс төр нийгэм эдийн засаг дахь Орос соёлын нөлөө багассан нь эсэргүүцэх нэг шалтаг болсон байх магадлалтай юм.
Турк улсын гадаад бодлогын зүгээс бослогыг дүгнэх нь
Туркууд Казахстаныг Төв Ази дахь стратегийн түнш төдийгүй Орос, Хятадтай харилцах харилцаанд гүүр болохуйц орон гэж үздэг. Казахстан нь Евразийн эдийн засгийн холбоо, Түрэгийн зөвлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад үүрэг гүйцэтгэдэг нь Турк-Казахстан-Орос-Хятадын хамтын ажиллагаанд дундын яриа хэлэлцээг өрнүүлэх, итгэлцэл бий болох боломжийг бий болгодог.
Туркийн хувьд Төв Азид эдийн засгийн нөлөөгөө тогтоох хамгийн том зах зээл нь Казахстан юм. Иймээс тус улстай эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх ихээхэн сонирхолтой. Өдгөө Турк улс Казахстаны 6 дахь том худалдааны түнш юм. 2020 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 3 тэрбум ам.долларын хэмжээтэй байгаа бөгөөд цаашид энэ тоог 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт[3] тавиад байна. 2020 онд Казахстаны нийт экспортын 4.5%, импортын 2.4%-ийг Турк эзэлсэн. Казахстанаас Турк руу зэс, хөнгөн цагаан, нефть, байгалийн хий, цайр экспортолдог бол эргүүлээд машин механизм, бэлэн хувцас, эм, моторт тээврийн хэрэгслийн авдаг. Туркийн худалдааны яамны вебсайтад[4] дурдсанаар хоёр орны худалдаанд Турк 195 сая ам.долларын гадаад худалдааны алдагдалтай боловч цаашид эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх амбицтай байгаа.
Турк улс эрчим хүчний нийлүүлэгчээ төрөлжүүлэх чиглэлд Казахстанаас авч буй газрын тос, байгалийн хийн хэмжээгээ нэмэгдүүлэх, нэн ялангуяа Каспийн тэнгисийн баялгийг хамтран хүртэх сонирхолтой. Иймд эдийн засгийн ач холбогдол талаасаа Каспийн тэнгисийн орнууд болох Түрэг угсаат Казахстан, Туркменстан, Азербайжан орнуудтай давхар харилцаагаа хөгжүүлэхийг эрмэлздэг юм.
Туркийн Төв Азид баримталдаг гадаад бодлогын хамгийн том механизм бол Түргүүдийн зөвлөл (Түрэг хэлт орнуудын хамтын ажиллагааны зөвлөл) гэж нэрлэгддэг Түрэг угсаат улсуудын хамтын ажиллагааны байгууллага юм. Тус байгууллагад Азербайжан, Казахстан, Киргизстан, Турк, Узбекистан зэрэг тусгаар тогтносон түрэг угсаатай улсууд багтдаг. Түрэг хэлт орнуудын иж бүрэн хамтын ажиллагааг дэмжих үндсэн зорилго бүхий тус Зөвлөл нь засгийн газар хоорондын байгууллага хэлбэрээр ажилладаг учраас Туркийн гадаад бодлогын талаас нилээд чухал механизм юм. Учир нь орчин цагийн Турк улсыг байгуулах үндсэн үзэл баримтлал Османы эзэнт гүрний суурь дээр Турк үндэстний түүх, хэл, соёлд суурилсан Бүгд найрамдах улсыг байгуулах явдал байсан ба гадаад бодлогод Туранизм, Пантуркизм (Түрэг угсаат улсуудын нэгдэл) зэрэг өнгө аяс салшгүй нэг хэсэг болсон билээ.
2009 оны 10 дугаар сарын 3-нд Нахчиван хотод байгуулагдаж байсан тус байгууллагыг байгуулах хэлэлцээрт Түрэг угсаат улсууд хоорондын байгууллагын үндсэн зорилтыг Түрэг хэлтэн орнуудын иж бүрэн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх гэж тодорхойлсон ба байгууллагын үндсэн зорилго, зорилтуудыг дараах байдлаар тодорхойлжээ.
· Талуудын хооронд итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх;
· Гадаад бодлогын асуудлаар нэгдсэн байр суурь боловсруулах;
· Олон улсын терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизм, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулах;
· Бүс нутгийн болон хоёр талын хамтын ашиг сонирхлын бүхий л салбарт үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих;
· Худалдаа, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх;
· Эдийн засгийн цогц, тэнцвэртэй өсөлт, нийгэм, соёлын хөгжлийг эрхэмлэх;
· Шинжлэх ухаан, технологи, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх;
· Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, бусад харилцааны хэрэгслийн харилцааг дэмжих;
· Холбогдох хууль эрх зүйн мэдээлэл солилцох, эрх зүйн хамтын ажиллагааг сайжруулах[5] зэрэг болно.
Дээрх үйл ажиллагааны чиглэлээс харахад Туркийн хувьд Түрэгийн зөвлөл нь бүс нутгийн улсуудтай зөвхөн соёл, түүхэн харилцааг дэмжихээс илүү олон талтай зөв бодлого хэрэгжүүлж чадах аваас бүс нутагт нөлөөллөө тогтоох арга хэрэгсэл болох боломжтой байгууллага болох нь харагдаж байна.
Түрэгийн зөвлөлийг анх 2006 онд Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев санал болгож байсан нь Туркийн Османы дараах Түрэгийн ертөнцөд манлайлах гадаад бодлогод нэг талаараа дэмжлэг үзүүлсэн явдал болсон тул зөвлөлийн үйл ажиллагаанд Турк, Казахстаны харилцаа ихээхэн ач холбогдолтой. Туркийн хувьд Н.Назарбаевын Түрэг улсуудын байгууллагад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн нь бүс нутгийн улсууд дахь Орос болон Оросыг дагасан уламжлалт засаг захиргааны төвийг халахад манлайлал үзүүлсэн гэж үзэх шалтгаан болдог.
Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд Казахстаны үндэсний үнэт зүйлийг чухалчилж буй бодлого, албан ёсны бичиг үсгээ латин болгосон явдал, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд бие даасан бодлого баримталж буй байдал, Түрэгийн улсуудын байгууллага дахь манлайлал оролцоо зэрэг нь бүс нутаг дахь Оросын нөлөөллийг багасгаж өөрсдөд нь нөлөөллийн илүү орон зайг бий болгож байгаа гэж үздэг.
Харин “Цуст нэгдүгээр сар”-ын үйл явдал Туркийн гадаад бодлогод томоохон дохио өгсөн үйл явдал болов. Туркийн зүгээс харахад Казахстаны дотоод факторуудаас казахын 3 омгийн баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдэлтэй бүлэглэл хоорондын зөрчил ихээхэн анхаарал татахуйц хүчин зүйл мөн. Гадаад факторуудаас ОХУ-ын нөлөө том хүчин зүйлд тооцогдож байна. Бослогын үр дүнд Н.Назарбаев улс төрийн эрх мэдлээсээ нэг мөсөн хөндийрч, К.Токаевийн Арменийн ерөнхий сайд Никол Пашинянын даргалж буй ОХУ-ын тэргүүлсэн НАТО-той төстэй байгууллага болох Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын төрийн тэргүүнүүдэд ‘терроризмын аюулын эсрэг туслах’ хүсэлт илгээсэн явдал нь Оросыг ЗХУ-ыг санагдуулам бүс нутгийн томоохон оролцогч болгож Туркийн Түрэгийн нөлөөллийн бүсийг байгуулах гадаад бодлогод эрсдэл бий боллоо гэж үзэх нөхцөл бий болов.
Нэн ялангуяа Турктэй дайсагнадаг Армени улсын цэрэг ХАБГБ-ын хүрээнд Казахстанд цэргийн ажиллагаанд оролцсон нь Түрэг угсаатны улсуудад Карабахын ялалтаас үүссэн угсаатны давуу байдлын нөлөөг сулруулах боллоо гэж үзэх шалтгаан болж хувирсан. Учир нь Турк улс 2020 онд Армени-Азербайжаны хооронд өрнөсөн Уулын Карабахын мөргөлдөөнд Түрэг угсаат улсаа хамгаалж бүс нутгийн гол тоглогч гэдгээ харуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байдаг. Үүнийг нотлох зүйл нь Турк улс Түрэгийн зөвлөлийн улсуудад зэвсэг нийлүүлэх тал дээр эрчимтэй ажиллаж байгаа ба 2021 оны 5 дугаар сард Казахстан улстай байгуулсан цэргийн хамтын ажиллагааны гэрээнд заасан “Тагнуул, довтолгооны нисгэгчгүй нисэх онгоцны тактик, туршлага солилцох” зүйлийн хүрээнд ANKA загварын нисгэгчгүй бөмбөгдөгч дроноос 3-ыг ANKA, Газрын удирдлагын станцаас 2 нийлүүлэхээр болсон.[6] Турк улс Байрактар TB2-ыг (Украины арми хэрэглэж буй) Азербайжан, Туркменстан, Казахстанд нийлүүлээд байгаа нь Туркийн Төв Ази дахь аюулгүй байдалд нөлөөллөө тогтоох эрмэлзлийг харуулна.
Казахстаны бослогын үеэр Түрэгийн зөвлөлийн даргаар ажиллаж байгаа Туркийн ерөнхийлөгч Эрдоган зөвлөлийн гишүүн орнуудын ерөнхийлөгч нартай утсаар ярьж шаардлагатай тохиолдолд зөвлөлөөс Казахстаны засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн[7] нь Турк улсыг аюулгүй байдлын хувьд нөлөө бүхий тоглогч гэдгээ сануулж буй мэдэгдэл гэж үзэж болно.
Хэдийгээр Турк, Казахстаны манлайлдаг Түрэгийн зөвлөл үүсгэн байгуулагдсанаас хойш болон одоогийн чадавхаараа Төв Азид ОХУ, БНХАУ-ын нөлөөллийн эсрэг шууд тэнцвэржүүлж чадахгүй нь илт боловч Турк улсын Исламт Османы дараах Бүгд Найрамдах үзэл санаанд суурилсан гадаад бодлогод Төв Азийн геополитикийн нөлөөний тэмцэлд ашиглах гол арга хэрэгсэл болох нь ойлгомжтой. Энэ ч утгаараа Казахстан улс Түрэгийн ертөнцөд манлайлж байгаа нь Оросын санааг зовоож буй асуудлын эхэнд бичигддэг. Туркийн зөөлөн хүчний нөлөө Төв Ази дахь Орос, Хятадын хүчний тэнцвэрийг солонгоруулна гэж барууны орнууд ч үздэг тул бүс нутгийн геополитикт чухалд тооцогдож байна.
Дүгнэлт
Казахстанд ХАБГБ шууд цэргийн үйл ажиллагаа явуулсан нь Төв Азид хэн хамгийн их нөлөөтэй гүрэн болохыг дэлхий нийтэд харуулав. Өнгөрсөн арван жилийн турш Туркийн Төв Азид баримталж буй гадаад бодлогын гол арга хэрэгсэл болох Түрэгийн зөвлөл нь Казахстаны үймээн самууны үеэр хамгийн идэвхтэй гишүүн орны аюулгүй байдалд огт нөлөө үзүүлж чадаагүй ‘цаасан дээр’ л аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн зорилттой идэвхгүй байгууллага мэт харагдуулсан.
Иймд дээрх сул тал нэгэнт ил болсон нь Украины хямрал болон “Цуст нэгдүгээр сар”-ын дараах Казахстан руу чиглэх Туркийн гадаад бодлогод Түрэгийн зөвлөл илүү эрчимжих төлөвтэй байна. Ингэхдээ бүс нутгийн улсуудын Түрэг гэх нийтлэг адил төстэй тал дээр тулгуурласан олон улсын яриа механизм, дипломат харилцааг үргэлжлүүлэх бодлого үргэлжилнэ.
Турк Улсын гадаад бодлого АНУ, ЕХ-ны бодлоготой уялдах ба ингэхдээ Казахстаны 3 жүзүүдийн хоорондох эрх мэдэл баялгийг тэгш хүртээх тогтолцоог бий болгох, улс төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулж ардчилсан зарчим баримтлахад дэмжлэг үзүүлэх, ОХУ-ын нөлөөг багасгах, дахин бослого хөдөлгөөн гаргахгүй байх, ХАБГБ-ын цэргийг дахин Казахстанд оруулахгүй байлгахад хамтран ажиллана хэмээн харагдаж байна. ХАБГБ-ын нөлөөллийг тэнцвэржүүлэх зорилгоор Түрэгийн зөвлөлийн үйл ажиллагааг батлан хамгаалах салбарт улам хөгжүүлэх магадлалтай.
Цаашид Туркийн Казахстанд баримталж буй гадаад бодлого Түрэгийн зөвлөлд төвлөрч Түрэг угсаат соёл түүх, Исламын шашны нэгдмэл үнэт зүйлийг хөгжүүлэх талаар зөөлөн хүчний бодлогоо идэвхжүүлэх нь гарцаагүй. Үүнд Туркийн Соёл, Аялал Жуулчлалын Яамны харьяа Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн үүрэг оролцоо их байж, хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрүүд нэмэгдэх төлөвтэй байна. Мөн Турк Улсад Түрэгийн ертөнцийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт зэрэг зөөлөн хүчний нэр агуулгатай уулзалт зөвлөлдөөнийг зохион байгуулах замаар эдийн засгийн нөлөөллөө нэмэгдүүлэх, Каспийн тэнгисийн байгалийн баялгаас хүртэх чиглэлд гадаад бодлого урьд өмнөхөөсөө илүү эрчимжих болно.
[1] Орос, Армени, Беларусь, Киргизстан, Тажикстан, Казахстан улсуудын цэргийн холбоо
[2] https://www.rferl.org/a/kazakhstan-csto-troops-withdrawal-security/31661294.html
[3] https://www.deik.org.tr/basin-aciklamalari-turkiye-ile-kazakistan-10-milyar-dolarlik-ticaret-hacmi-hedefliyor
[4] Туркийн Худалдааны яам, Казахстаны тайлан-2022 https://ticaret.gov.tr/data/5ee21c4a13b876e308cc15c5/Kazakistan_2022.pdf
[5] https://www.turkkon.org/tr/turk-konseyi-hakkinda
[6] https://www.aa.com.tr/tr/bilim-teknoloji/milli-iha-ankadan-kazakistana-ihracat-basarisi/2432096
[7] https://www.aa.com.tr/tr/dunya/turk-devletleri-teskilati-kazakistana-destek-vermeye-hazir-oldugunu-yineledi/2470845
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
БНСУ-ын цахим хэрэглээ ба эрх зүйн зохицуулалтСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19