Тайваний цэргийн хүчин чадал
Тайваний Зэвсэгт хүчний тухай товч танилцуулга
Тайваний Зэвсэгт хүчин 1949 онд үүсэн байгуулагдсан. Тайваний “Үндсэн хууль”-ийн 36 дугаар зүйл, “Батлан хамгаалах хууль”-ийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Ерөнхийлөгч нь ХЗЦ, АЦХ, ТЦХ-ний Ерөнхий Командлагч байна. Ерөнхий Командлагч нь Зэвсэгт хүчинг удирдан чиглүүлж, Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын удирдлагыг шууд захирах эрхтэй. Цэргийн бэлтгэлийг хангах стратеги нь “урьдчилан сэргийлж, батлан хамгаалах” зарчим дээр тулгуурладаг. Тайваний Зэвсэгт хүчин ХЗЦ, ТЦХ, АЦХ болон цэргийн цагдаа гэсэн төрөл мэргэжлийн цэргээс бүрддэг.
Ерөнхийлөгч буюу Ерөнхий Командлагч Цай Инвэнь;
Батлан хамгаалахын сайд Цюй Гуожэн.
Цэргийн алба хаах нас 18-64. 2022 оны байдлаар цэргийн байнгын алба хаагчдын тоо 170.000, нөөц хүчний цэргийн тоо 150.000 байгаа ажээ.
Батлан хамгаалах зардал нь 2021 онд 366.3 тэрбум тайвань доллар байсан бөгөөд энэ нь ДНБ-ий 2 хувийг эзэлдэг ажээ.[1] Эрх баригчид 2022 онд батлан хамгаалах зардлаа 372.6 тэрбум тайвань доллар байхаар төсөвлөсөн нь түүхэнд хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн. Хэрэв 66 нэгж “F-16V” сөнөөгч онгоц худалдан авах тусгай төсөв болох 40.1 тэрбумыг нэмбэл 2022 оны батлан хамгаалах төсөв 412.7 тэрбум Тайвань долларт хүрэх юм.
Тайвань цэргийн хүчин чадлаа эрс зузаатгаж байна. 2021 онд Швейцарийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компани болох “CreditSuisse”-ийн гаргасан судалгаагаар Тайвань цэргийн хүчин чадлаараа дэлхийд 13 дугаар байранд жагсажээ. Тус судалгаагаар 1-т АНУ; 2-т ОХУ; 3-т Хятад; 4-т Япон жагссан бол 13 дугаар байранд Тайвань орсон бөгөөд довтлогч нисдэг тэрэгний тоогоор 5 дугаар байранд орсон байна.[2]
Өдгөө Тайваний Зэвсэгт хүчин Израиль, ХБНГУ зэрэг хүчирхэг орныг ардаа орхисон ба цэргийн хүч, танк, зэвсэглэсэн нисдэг тэрэг, цэргийн зориулалттай нисэх онгоц, нисэх онгоц тээгч хөлөг онгоц, шумбагч завь зэрэг 6 зүйлээр цэргийн хүчин чадлыг тооцдог аж. Тайвань эх газрын Хятадын зүгээс ирэх аюул заналаас сэргийлэхийн тулд өөрийн цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шалтгаан болдог байна.[3]
Харин Украинд цэргийн ажиллагаа эхэлсэнээс хойш Украин болон Тайваний цэргийн хүчин чадлыг АНУ-ын “Globalfirepower” дэлхийн цэргийн хүчин байгууллагаас 140 улс орны ердийн зэвсэглэлийн хүчин чадлыг хүн ам, АЦХ, ХЗЦ, ТЦХ, байгалийн баялаг, ар тал хангалт, эдийн засаг, газар нутаг зэрэг 8 үзүүлэлтээр (үүнд цөмийн зэвсэг багтаагүй) тооцож эрэмблэхэд 2022 онд Тайванийг 21 дүгээр байранд жагсааж бичсэн бол Украин 22 дугаар байранд жагсажээ.[4]
Тус байгуулагаас гаргасан судалгаагаар 2021 онд Тайвань цэргийн хүчин чадлаараа 22 дугаар байранд,[5] 2020 онд 26 дугаар байранд жагсаж байсан бөгөөд тухай онд гаргасан үзүүлэлтээр дараах хэмжээтэй байна. Үүнд:
Тайваний зэвсэгт хүчний хүчин чадал
№ | Агуулга | Тоо хэмжээ | Нэмэлт тайлбар |
1. | Цэргийн хүчний индекс | 0.4008 | |
2. | Хүн ам | 23 545 000 | |
3. | Нийт цэргийн алба хаагчдын тоо | 1 822 000 | үүнээс байнгын цэргийн алба хаагч 165.000 |
4. | Агаарын цэргийн байлдааны хүч | 744 | 138 орноос 14-р байранд |
5. | Байлдааны онгоцны тоо | 289 | 8-р байранд |
6. | Нисдэг тэрэгний тоо | 210 | 21-р байранд |
7. | Довтлогч нисдэг тэрэгний тоо | 91 | 7-р байранд |
8. | Танкны тоо | 1180 | 18-р байранд |
9. | Хуягт машины тоо | 2000 | 34-р байранд |
10. | Өөрөө явагч артиллерийн тоо | 482 | 16-р байранд |
11. | Чирэгч артиллерийн тоо | 1160 | 14-р байранд |
12. | Артиллерийн тоо | 115 | 29-р байр |
13. | Хөлөг онгоцны тоо | 117 | 22-р байранд |
14. | Мина тээгч хэлэг онгоц | 4 нэгж | |
15. | Хамгаалалтын хөлөг онгоц | 22 нэгж | |
16. | Бага оврын хамгаалалтын хөлөг онгоц | 1 нэгж | |
17. | Шумбагч завь | 4 нэгж | |
18. | Эргүүлийн хөлөг онгоц | 39 нэгж | |
19. | Мина хайгч хөлөг онгоц | 10 нэгж |
Тайваний Зэвсэгт хүчин 5 байлдааны тойрог, Зиньминь болон Мазү хамгаалалтын командлалаас бүрддэг аж.[7]
Тайваний Зэвсэгт хүчний явуулж буй дадлага сургууль
Тайваний Зэвсэгт хүчин 2022 он гарснаас хойш буюу 1 дүгээр сарын 5-7-ны өдөр “Хаврын баярыг угтаж байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх” дадлага сургууль явуулсан нь хоёр эргийн харилцаа хурцадмал байгаа энэ үед Тайвань гадаад ертөнцөд өөрийн цэргийн сүр хүчийг харуулахыг зорьсон хэрэг юм.[8]
Тайваний Зэвсэгт хүчин жил бүр байлдааны бэлэн байдал болон цэргийн алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ханьгуан” хэмээх нэртэй хээрийн сургууль явуулдаг. Анх 1984 онд “Ханьгуан-1” хээрийн сургуулийг явуулж байсан бөгөөд тухайн үеийн Тайваний ЗХЖШ-ын дарга, хурандаа генерал Хао Байцүнь удирдан явуулж байжээ.[9]
Жил бүр зохион байгуулдаг тус хээрийн сургуулийг өнгөрсөн 2021 онд “Ханьгуан-37” нэртэй зохион байгуулсан. Энэхүү хээрийн сургууль нь цар тахлын үед явагдсан нь онцлог байсан бөгөөд 4 ба 9 дүгээр сард хоёр үе шаттай явагдсан. Эхний үе шат нь 4 дүгээр сард долоо хоногийн хугацаатай команд-штабын хэлбэрээр явагдсан бол хоёрдугаар үе шат нь 9 дүгээр сард тав хоногийн хугацаатай бодит цагийн байдалд ойртуулсан дадлага хийсэн бөгөөд тус хээрийн сургуулийн онцлог нь Тайваний АЦХ нутгийн өмнөд хэсгийн Пиндун хотод байлдааны онгоцоор яаралтай хөөрөх, буух дадлага хийж, мөн ХЗЦХ десантаар буух байлдааны ажиллагааг эсэргүүцэх дадлага хийсэн юм. Энэ удаагийн хээрийн сургуулийг Тайваний цэргийн шинжээчид амжилттай болж, байлдааны чадвараа аажмаар сайжруулж байна гэж үзсэн. Гэвч уг хээрийн сургууль дуусахтай зэрэгцээд ХАЧА-ийн “Дорнод” байлдааны тойрог Тайваний баруун өмнөд хэсгийн агаарын хилд хамтарсан эргүүлийн нислэг үйлдэж дайн бүхий байдалд ойртуулсан дадлага явуулсан байна.[10]
Үүний зэрэгцээ Тайваний Зэвсэгт хүчин дайчилгааны нөөц хүчний дадлага сургуулийг эрчимжүүлэх болсон. Тухайлбал, ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус арал нөөц хүчний бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх болсон. Үүнтэй холбоотойгоор Тайваний Зэвсэгт хүчин анх удаагаа 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай “түүхэндээ хамгийн хатуу чанга” гэж хэлж болох нөөц хүчний сургалт явуулсан. Тайваний Зэвсэгт хүчин сүүлийн үед цэргийн дадлага сургуулийг эрчимжүүлснээр цэргийн алба хаагчдын ачаалал ихсэж, сэтгэл зүйд нөлөөлж гэмтэж бэртэх, осол аваар их гарах болсон юм.
Тайваний БХЯ-наас 2022 оны 3 дугаар сард Хууль тогтоох байгууллагад өргөн барьсан илтгэлдээ, Хятад Улсын зүгээс Тайваний орчим явуулж буй бодит дайны байдалд ойртуулсан хээрийн сургуулийн цар хүрээ, давтамж аажмаар нэмэгдэж буйн сацуу иргэний зориулалттай хөлөг онгоц ашиглаж “саарал бүсийн ажиллагаа” явуулах болсон нь Тайваний аюулгүй байдалд ноцтой сорилт бий болгож байна хэмээн дурдсан.[11]
Хамгийн сүүлийн байдлаар буюу 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Тайваний Тэнгисийн явган цэрэг “хамтарсан байлдааны сургалтын шалгалт-111-2” хэмээх нэртэй байлдааны буудлагатай хээрийн сургууль явуулж, “Жавелин” пуужинг ашиглажээ. Уг хээрийн сургуульд “F-16” сөнөөгч онгоц болон “OH-58D” байлдааны нисдэг тэргнээс 70 мм-ийн пуужингаар харавсан бол M109A2 өөрөө явагч артиллер болон 120 миномет зэрэг артиллерийн зэвсгээр буудалга хийсэн байна.[12]
Тайвань батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж буй байдал
Тайваний тал эх газрын Хятадын цэргийн бодит аюул занал нэмэгдэж байна гэдэг үндэслэлээр Тайваний цэргийн хээрийн сургууль, цэргийн алба хаагчдын байлдааны чадварыг нэмэгдүүлэхээс гадна Батлан хамгаалах хүчин чадлаа зузаатгах тал дээр анхаарч АНУ-тай хэд хэдэн зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулж, тодорхой тооны зэвсэг худалдан авахаар тохиролцсон. АНУ 40 гаруй жилийн өмнө “Тайваньтай харилцах хууль”-ийг боловсруулж, энэ хүрээнд Тайваньд хамгаалалтын зэвсэг тогтмол нийлүүлж ирсэн. Ялангуяа 2010 оноос хойш Тайваньд 23 тэрбум гаруй долларын өртөг бүхий зэвсэг худалдсан байдаг. Зөвхөн Ерөнхийлөгч асан Д.Трампыг засгийн эрхэнд байх хугацаанд АНУ Тайваньтай 11 удаа зэвсгийн худалдаа хийжээ.[13]
Тайваний АЦХ 2021 оны сүүлчээр анхны “F-16V” эскадерилийг албан ёсоор байгуулсан бөгөөд Тайвань АНУ-аас “F-16V” сөнөөгч онгоц худалдан авсан. 2026 он гэхэд тус арал 207 нэгж “F-16V” сөнөөгч онгоцтой болохоор төлөвлөж байгаа ба ингэснээр дэлхий дээр ийм төрлийн онгоц хамгийн ихтэй бүс нутаг болох аж.
Хамгийн сүүлийн мэдээллээр буюу 2022 оны 4 дүгээр сард АНУ-аас Тайваньд 95 сая ам.долларын өртөг бүхий зэвсэг техник худалдахаар болсон. Үүнд, “Патриот” Агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем /АДХПС/-ийг ажлуулах боловсон хүчин болон техикийн туслалцаа үзүүлэх зэрэг багтаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулж Хятадын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд АНУ-ын зүгээс Тайваньд зэвсгийн худалдаа үзүүлж буй явдал нь “нэг Хятад” зарчим болон “8 дугаар сарын 17”-ны өдрийн хамтарсан мэдэгдлийг ноцтой зөрчиж, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, Хятадын бүрэн эрхт аюулгүй байдлын ашиг сонирхлыг ноцтойгоор хохироож буй үйлдэл хэмээн онцолсон. Цаашид Бээжин Тайваний тусгаар тогтнолын төлөөх салан тусгаарлагчдын оролдлогыг таслан зогсоохын тулд холбогдох арга хэмжээг авч, Хятадын үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах болно гэдгээ мэдэгдээд байгаа юм.[14]
Тайваний БХЯ-ны мэдэгдэлд, эх газрын Хятадын арми цэргийн ажиллагаа явуулах, эсвэл Тайвань руу халдахыг оролдсон тохиолдолд Тайваний Зэвсэгт хүчин холбогдох арга хэмжээг авч төрөл бүрийн байлдааны төлөвлөгөө боловсруулсан тухай дурдсан юм. Түүнчлэн Тайваний Батлан хамгаалахын сайд Цюй Гуожэн “… 2025 он гэхэд эх газрын Хятад Тайвань руу цэргийн түрэмгийлэл хийнэ. Одоо хоёр эргийн нөхцөл байдал сүүлийн 40 жилийн хугацаанд байгаагаагүй хүнд цаг үедээ байна. Бид ямар ч үед бэлэн байдалд байх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч Тайваньчууд хэр эсэргүүцэл үзүүлж чадах эсэхийг одоогоор мэдэх аргаггүй.[15] Ерөнхийлөгч Цай Инвэнь “Тайвань өөрийнхөө эрх чөлөөт ардчилсан хэв маягаа хамгаална” хэмээн удаа дараа мэдэгдэж буй. Ард иргэдийн санал асуулга болон хамгийн сүүлийн сонгуулийн үр дүнгээс харахад, Тайваний 23.5 сая хүн амын дийлэнх нь өөрсдийгөө Хятад гэхээсээ илүү Тайвань хүн гэж үздэг бөгөөд АНУ-тай эдийн засаг, улс төрийн нягт харилцаа холбоо тогтоох хүсэлтэй байгаа нь харагдсан.
АНУ болон бүс нутгийн орнууд дэмжлэг үзүүлэх үү?!
Америкийн хувьд Тайванийг Хятадуудад алдвал Ази-Номхон далайд байр сууриа алдах эрсдэлийг дагуулна. Өөрөөр хэлбэл, АНУ Тайванийг хамгаалах хүсэлгүй эсвэл боломжгүй байвал түүний Ази-Номхон далайн бүс нутгийн холбоотны сүлжээ, тухайлбал Токио, Сөүл, Канберра нэг шөнийн дотор л Хятадын цэрэг эдийн засгийн дарамтанд өртөх болно. Ийм үед зарим нь Бээжинд үнэнч байж магадгүй бол зарим нь өөрийн аюулгүй байдлаа хамгаалж цөмийн зэвсэгтэй болохыг эрмэлзэж болзошгүй юм.
Гэвч АНУ-ын цэргийн зарим командлагч нар “… АНУ арлыг хамгаалах сонголт хийвэл өдрөөс өдөрт хүчирхэгжиж буй ХАЧА-г ялна гэх баталгаа байхгүй. Иймээс АНУ Хятадын цэргийн өсөлтөд хариу үзүүлэхийн тулд Ази-Номхон далайн бүс нутагт шинэ зэвсэг, стратеги нэвтрүүлэх шаардлагатай юм” гэжээ. Үүний тод жишээ нь АНУ-ын Их Британи, Австрали Улстай байгуулаад байгаа “АУКУС” гэрээ юм.
Өдгөө АНУ-д “Тайванийг хамгаална” гэх байр суурь нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байденаас “Хятад цохилт өгвөл АНУ Тайванийг хамгаалах уу?” хэмээн асуухад тэрээр: “Тиймээ. Бидэнд ийм амлалт бий” хэмээн хариулсан байна. Тэгвэл Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Мартин Майнерс бодит ажиллагаа, оролцоо болон Тайваньд хийж байгаа сургалтын талаар ямар ч тайлбар хийгээгүй. Тэрээр зөвхөн “Хятад Улс Тайвань ба бусад улс орнуудыг айлган сүрдүүлж, дарамтласаар байгаа нь “буруу тооцоо хийх эрсдэлийг” нэмэгдүүлж байна” хэмээн хэлжээ.
Японы хувьд Хятад улсын худалдааны замд саад учирах нь хамгийн амин чухал асуудал. Хятадын Зэвсэгт хүчин Тайваниас Японы өмнөд хэсгийн арал хүртэл заналхийлж, түүний импорт, экспортын далайн замд ноёрхож магадгүй юм. Японы өндөр албан тушаалтнууд, АНУ Тайванийг хамгаалахад Токио зайлшгүй дэмжлэг үзүүлэх шаардлагатайг олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн аж.[16]
[1] 中華民國軍事 https://zh.wikipedia.org/wiki/中華民國軍事
[2] 世界軍力強度排行曝光!台灣名列前茅超越1國家,網友一看數據驚喊「怎麼可能」 https://www.storm.mg/lifestyle/4216762
[3] 台媒:台湾军力排世界第13 超德国以色列 https://m.sohu.com/n/446040571/
[4] 乌克兰第22, 台湾地区第21, https://www.jfdaily.com/news/detail?id=455619
2022年世界军力排名,美国第一,俄罗斯第二,中国第三 https://www.163.com/dy/article/GURQLULI0552IAE0.html
[5] 2021軍力排行!台灣第22名 網驚「比北韓強?」https://www.ettoday.net/news/20220129/2146991.htm
[6] 2020年军事实力排名 https://zhuanlan.zhihu.com/p/138057339
[7] 台湾陆 https://baike.baidu.com/item/台湾陆军/3910877
[8] 两岸紧张局势下 台湾展开军事演习 https://www.bbc.com/zhongwen/simp/chinese-news-59911107
[9] 漢光演習 https://zh.wikipedia.org/wiki/漢光演習
[10] 台军公布汉光军演安排 连续两年无美军观摩 http://www.xinhuanet.com/mil/2021-04/08/c_1211102386.htm
[11] 中共軍隊加大實體演訓 台國防部:形成嚴峻挑戰 https://hk.epochtimes.com/news/2022-03-22/56001863
[12] 台军演:射击多枚“标枪”导弹 F-16战机施放热焰弹 https://mil.news.sina.com.cn/2022-04-05/doc-imcwipii2501706.shtml
[13] 边叩谢边掏钱最后只能被榨干 台军首支F16V机队成军 https://mil.sina.cn/2021-11-20/detail-iktzqtyu8527401.d.html?vt=4&pos=108
[14] 美国向中国台湾地区出售武器 国防部回应 https://news.sina.com.cn/c/2022-04-07/doc-imcwipii2880148.shtml
[15] 台湾“国防部长”称当前台海局势是40多年来最严峻 https://m.medcom.id/cn/international/read/2021/10/06/22654
[16] T-DAY: The Battle for Taiwan https://www.reuters.com/investigates/special-report/taiwan-china-wargames/?fbclid=IwAR0KJxPurLnKE0epmnRQZ5OOEzhwiF2gI84_I-mAOTRTpe2nWQJy_EeMjWo
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Эх газрын Хятад ба Тайваний цэргийн хүчин чадал /эхлэл/Дараах нийтлэл
Казахстаны үймээний дараах Туркийн гадаад бодлогын идэвхжилСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23